Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 282

 

                                                            Г.Х-д холбогдох

                                                     эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар  сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/921 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811 00827 0822 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-н Х, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ..............................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус шийтгүүлсэн;

Г.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 1-5 тоот хашааны орчим А.А-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, савхин куртик, “Айфон 4” загварын гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар байрны 70 тоотод иргэн А.Х-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, “Айфон 7” загварын гар утсыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдсэн,

2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 82-1174 ж тоотод оршин суух иргэн С.О-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж мөнгөний гахайг эвдэж дотор нь байсан 372.200 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан,  

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулах Х.А-с “Самсунг Эс-5” загварын 176.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яриад өгнө” гэж хуурч залилж авсан,

2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 1-5 тоот хашааны орчим иргэн А.А-н эд зүйлийг дээрэмдэх явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2  дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн орж, мөнгөний гахайг эвдэж, дотор нь байсан 372.200 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч залилах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Г.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, 5 жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгасан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Х-н цагдан хоригдсон нийт 182 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах болсон шалтгаан нь: Би өөрийн үйлдсэн дээрэм, залилан, хөнгөн гэмтэл гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байна. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байрны хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тус хэрэг гарсан 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвийн эсрэг талд өөрийн түрээслэн амьдарч байсан нийтийн байранд байсан. 2019 оны 4 дүгээр сарын үед Ардын эрхийн писи тоглоомын газар байхад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Т намайг барьж, огт мэдэхгүй цагдаагийн газар намайг аваачин зодож, доромжилж, сүрдүүлж, “нийтийн байранд оруулж өгнө, ямар нэгэн байдлаар хоригдох юм бол тамхи болон мөнгөөр таслахгүй” гэж хэрэг хүлээлгэсэн. Намайг цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж мэдүүлэг өгүүлсэн. Улмаар Т нь “маргааш залгаарай, нийтийн байранд оруулж өгнө” гээд дугаараа үлдээсэн. Маргааш нь би залгахад “шинэ зам дээр гараад ир” гэсэн. Би утсаар ярихдаа нийтийн байранд орох талаар ярьсан ба өөрийн эгчийн 91760101 утсаар ярьсан бичлэг нь байгаа. Т уулзаад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ард талын тоосгон хоёр давхар нийтийн байранд ирж, тус нийтийн байрны эзэнтэй нь ярьж байгаад нэг давхарын өрөөнд оруулж өгсөн. Нийтийн байрны эзний дүү жижүүр эмэгтэй гэрчилнэ. Мөн Цагдан хорих 461 дүгээр ангид танихгүй байцаагч ирж, тус хулгайн хэрэгт байцаалт авна гэхэд би өгөхгүй гэсэн. Уг танихгүй байцаагч Т-тай утсаар яриулаад “дүү, ах нь ажилтай байна, мэдүүлгээ өгчих, ах нь маргааш хүн явуулж тамхи өгүүлье, дансанд чинь мөнгө хийе” гэж хэлээд мэдүүлэг өгүүлсэн. Миний бие эрүүгийн төлөөлөгч Т-д гомдолтой байна. Орон байрны хулгайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, уг үйлдэлд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хасаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Х-н өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Г.Х-тай очиж уулзахад “Авлигатай тэмцэх газраас Т-г шалгаж, түүнийг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон” гэж хэлсэн. Гэхдээ хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. ... Г.Х-н 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хохирогч Х.А-г залилсан үйлдэл нь Г.Х-г насанд хүрээгүй буюу 18 насанд хүрээгүй байхад үйлдэгдсэн. Иймд өмгөөлөгчийг зүгээс Г.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хоёр дахин багасгах боломжтой гэж үзэж байна.  ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Х  нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны явцад хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүхээс завсарлага авч, хохирогчид учруулсан 372.200 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс Г.Х-г хохирол, төлбөрөө барагдуулсан учир гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн. ... 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Авилгатай тэмцэх газраас Т-д холбогдуулан 1911300038 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Г.Х-г хохирогч С.О-н гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлд эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан” гэх гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Х-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Х нь А.А-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, савхин куртик, “Айфон 4” загварын гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа А.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Х-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, “Айфон 7” загварын гар утсыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдсэн,

С.О-н хүн байнга амьдрах, зориулалттай монгол гэрт нэвтрэн орж, мөнгөний гахайг эвдэж, дотор нь байсан 372.200 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан,

Х.А-с “Самсунг Эс-5” загварын 176.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яриад өгнө” гэж хуурч залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2  дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Анхан шатны шүүх Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгогджээ.

Шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Анхан шатны шүүх хуралдааны явцад Г.Х нь хулгайлах болон дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг хүлээн зөвшөөрөөгүй байх ба шүүх түүнийг гэм буруутайд тооцсоны дараа хохирогчид хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулж, уг хугацаанд хохирогч С.О-д 372.200 төгрөг /1 хх 204/, хохирогч Х.А-д 176.000 төгрөгийн /1 хх 205/ хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.” гэж заасан хуулийн зохицуулалтын уг агуулгаас үзвэл шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх ойлголтод хамааруулах боломжгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Х  нь гэм буруугийн болон ял оногдуулах шүүх хуралдааны аль ч шатанд “... хохирогч А.Х-г дээрэмдэхдээ хутга хэрэглээгүй, С.О-н гэрээс эд зүйл хулгайлаагүй. ...” гэх байдлаар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ ямар нэг дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Г.Х-г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар түүнд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, хэргийн үйл баримтын талаар маргаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж үзэв. 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/921 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Х холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.