Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0045

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-26240000215 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4 дахь хэсгийг хүчингүй болгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 838 дугаар шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Э, Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0582/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК нь “2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-26240000215 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0838 дугаар шийдвэрээр: “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 18 дугаар зүйлийн 18.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.6, 14.6.2 дахь хэсгийг тус тус баримтлан “Т” ХХК-иас Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч  Ц.А,Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-26240000215 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1,2,4 дахь хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. “...Газрын эрхийн шилжилт хөдөлгөөн 2021 оны 05 дугаар сард хийгдсэн нөхцөл байдлыг шүүх үзэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримталж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

3.2. Т ХХК-ийн хувьд газрын эрхийг анх дуудлага худалдаанд оролцож 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэж үнэлээгүй.

3.3. Нэхэмжлэгчийн хувьд газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд гэрээний үнээр тохиролцсон үнэд татварын улсын байцаагч нар татвар ногдуулаагүйд гомдолтой байгаа бөгөөд олоогүй орлогод татвар ногдуулж төлөх нөхцөл байдлыг үүсгэсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой хөндөж байна.

3.4. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн газрын эрхийг шилжүүлэхтэй холбоотой дүүргийн газрын алба, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-д “Энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”-ийг тодруулсны үндсэн дээр газрын эрхийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэхийг тодруулах, улмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Энэхүү шалтгаан нь татварын улсын байцаагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбартай холбоотой байсан бөгөөд анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж аваагүй.

3.5. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасан албан татвар, хураамж төлсөн баримтыг үндэслэж эрхийн шилжилт хөдөлгөөн хийгдэх бөгөөд төлбөл зохих албан татвар, хураамж төлөгдөөгүй нөхцөлд газрын эрхийн шилжилт хөдөлгөөн хийгдэх боломжгүй. Нэхэмжлэгч нь газрын эрхийг 1,200,000,000 төгрөгөөр шилжүүлснийг тухайн үед төлбөл зохих албан татварыг төлсөн гэж үзэж эрхийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн.

3.6. Энэхүү нөхцөл байдал нь татвар төлөхөөс зайлсхийх, зугтах санаа зорилгыг агуулаагүй талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлцлийн үр дүнд хийгдсэн ажиллагаа юм. Энэ тохиолдолд татвар төлөгч нь дүүргийн газрын албаны зохих ёсоор тодруулаагүй ажиллагааны улмаас хожим нь татварын хяналт шалгалтаар их хэмжээний албан татвар, торгууль, алданги төлөх эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан зохицуулалт нь дүүргийн газрын алба, Засаг даргад үүрэг болгосон агуулгатай байх тул эдгээр албан тушаалтны эс үйлдлээс  үүссэн хариуцлагыг татвар төлөгчид хариуцуулах нь зохимжгүй байна.

3.7. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-26240000215 дугаар актын 1 дэх хэсгийг буюу газрын эрх шилжүүлсэнтэй холбоотой татвар нөхөн ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн авсан боловч шүүх хуралдааныг 20 минутын хугацаатай завсарлуулж, хариуцагч нараас бичгээр тайлбар гаргуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хангалттай тайлбар хийж, мэтгэлцэх, нотлох баримтыг цуглуулж үнэлүүлэх боломжийг олгоогүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны 128/ШШ2025/0838 дугаар шийдвэрийн гомдолд дурдсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.

3. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Нэхэмжлэгч Т ХХК-иас, анх Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан  “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-26240000215 дугаар актын тэмдэглэх хэсгийн 2, 4 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар”-аар маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-26240000215 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлсэн байна.

Ингэхдээ нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “...“Т” ХХК-ийн хувьд газрын эрхийг анх дуудлага худалдаанд оролцож 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ...газар эзэмших эрхийг “Б” ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21/02 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжүүлсэн бөгөөд гэрээний үнэ 1,200,000.00 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөг байсан. Уг үнийн дүнгээс татвар ногдуулан төлсөн, энэ нь Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.2-т “Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэж заасантай нийцсэн. ...гэтэл татварын улсын байцааг нар худалдах худалдан авах гэрээний үнийг үл харгалзан үндэслэлгүйгээр татвар ногдуулсан. ...” гэж,

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно”, Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан аргачлалд мөн гэрээний үнэ дуудлага худалдааны анхны үнийг аль өндөр дүнгээр газрын эрхийн үнэлгээг тогтооно гэж заасан.  ...Т ХХК-ийн борлуулсан 2 га газрын дуудлага худалдааны анхны үнэ 1,843,120,320 төгрөг /дундын мэдээллийн сан egazar.gov.mn/ байгаа. ...итгэлцүүр болон суурь үнэлгээгээр авч үзэх юм бол 2018 онд ч одоо ч 1,8 тэр бум төгрөг байгаа бөгөөд  нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан дүн хууль журам, аргачлалын дагуу үндэслэлтэй тогтоогдсон. Нэхэмжлэгч нь эрх шилжүүлж, төрийн байгууллагаас эрх хүлээж авч байгаа харилцааны мөнгө 180,000,000 төгрөг биш 166,000,000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл өөрсдөө дуудлага худалдааны анхны үнээр авсан гэж тайлбарлаад байдаг. Уг 166,000,000 төгрөгийг акт тогтоохдоо хасч тооцсон...” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж,

Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.1-д “Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна”, 2.2-т “Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэж тус тус заажээ.

6. Дээрх хуулийн зохицуулалт болон талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн борлуулсан нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар шийдвэртэй, 1681910302 нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрх анх хэрхэн үүссэн, нэхэмжлэгч уг газрыг дуудлага худалдаагаар авах үед дуудлага худалдааны анхны үнэ хэдэн төгрөг байсан, нэхэмжлэгч дуудлага худалдаагаар хэдэн төгрөг төлж авсан талаар баримтууд нь хэрэгт чухал ач холбогдолтой байна.    

7. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар аваагүй атлаа уг маргааны үйл баримтын талаар “...Дээрхи хууль болон аргачлалын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн бусдад худалдсан газар нь Баянгол дүүргийн 5 дугаар бүсэд /үнэлгээний бүсийн/ хамаарч, тухайн газрын суурь үнэ 1 га нь 1,088,000,000 төгрөг, м2-ын үнэ 108 800 төгрөг, итгэлцүүр 1,73-аар тооцоход 1 848,120,320.00 төгрөг болохоор...,  Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээний худалдан авагч талтай тохиролцон үнийг 1 200 000 000 төгрөгөөр тогтоосон байх боловч газрын эрхийн хувьд тухайлан тогтоосон аргачлалаар тооцох, Газрын тухай хуулийн 38.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг 648,120,320.00 төгрөгийн газрын эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь хууль бус болохыг тогтоосон нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

8. Тодруулбал, нэхэмжлэгч “...газрыг анх дуудлага худалдаагаар 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж, хариуцагчаас уг төлбөр нь дуудлага худалдааны анхны үнэ биш газрын эрх шилжүүлж авахад улсад төлж байгаа төлбөр болохоос дуудлага худалдааны анхны үнэ биш” гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа бөгөөд газрын хувийн хэрэг, газрыг дуудлага худалдаагаар худалдсантай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байх тул эдгээр баримтуудыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр маргааны бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна.  

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах буюу нотлох баримтыг нөхөн бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

 

      ШҮҮГЧ                                                 М.ЦЭЦЭГМАА

 

      ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН