Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 215

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 523 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр магадлалтай, 201726011172 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос  Д.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Д.Г-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Холбогдогч Д.Г-т улсын яллагч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэлийг өөрчлөн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байгаа болно.

Учир нь Д.Г-ын үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх хууль зүйн боломжгүй бөгөөд түүний үйлдэл нь хэн, нэгнийг цохих гэсэн үйлдэлдээ шууд санаатай үйлдэл юм. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Д.Г-ын үйлдэл нь найз амь хохирогч Я.Ш-ыг өмөөрч н.Б гэх этгээд рүү чиглэсэн идэвхтэй үйлдэл байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдах бөгөөд н.Б нь биеэ хамгаалан гэмт халдлагаас бултаж холдож амжаагүй байсан бол түүний амь, бие халдлагад өртөх нөхцөл байдал үүсэх нь тодорхой байна.

Өөрөөр хэлбэл Д.Г-ын үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэнд рүү халдах гэсэн шууд санаатай үйлдэл юм. Д.Г-ын бусдын амь нас, эрүүл мэнд рүү чиглэсэн шууд санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөвтгөн шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Д.Г-ын бусдын амь, бие рүү чиглэсэн хууль бус үйлдлийн улмаас Я.Ш-ын амь хохирч түүний гэр бүлд хүнд гарз, нөхөж баршгүй хохирол учраад байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ш оршуулгын зардалд 5,326,987 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсний зардалд одоогийн байдлаар 2,000,000 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөг, нийт 13,326,987 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс оршуулгын зардлыг 4,400,000 төгрөг болгон багасгаж, уг зардлыг төлөгдсөн гэж дүгнэсэн бөгөөд өмгөөлөгчийн хөлсний 2,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн ба энэ төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэх 1,000,000 төгрөгийн хохирол үлдээд байна. Харин анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг хууль ёсны нотлох баримтаа цуглуулан дахин нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.”, мөн зүйлийн 3-д “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасан. Я.Ш-ийн гаргасан сэтгэл санааны хохирлыг үнэлэх боломжгүй ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Д.Г нь сэтгэл санааны хохирол болон бусад холбогдох зардлыг төлөхөө илэрхийлсэн. Тийм учраас сэтгэл санааны зардалтай холбоотой асуудлыг дахин нотлох баримт цуглуулан иргэний журмаар нэхэмжлэх шаардлагагүй бөгөөд иргэний нэхэмжлэгчийн хувьд амь хохирогч Я.Ш-ын амь хохирсон асуудлыг хэргээс тусад нь дахин баримт цуглуулан шийдвэрлүүлэх боломж ч хязгаарлагдмал юм. Амь хохирогч Я.Ш нь бие муутай ээж н.Ян эм тарианы мөнгийг өгч, ах Я.Ш-г ажлын байраар ханган, гэр бүлээ авч явдаг байсан нь амь хохирогч Я.Ш-ын хувийн байдлыг тогтоосон баримтуудаас тодорхой харагдаж байна. Амь хохирогч Я.Ш-ын амь хохирсон асуудал нь нотлох шаардлагагүй үнэн бөгөөд үүний улмаас Я.Ш-ийн гэр бүл өвөө, ээж, өөрт нь, амь хохирогчийн найз бүсгүй, хамаатан садан, найз нөхдөд эд зүйл болон сэтгэл санааны хохирол учирсныг нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Нэгэнт Д.Г-ын зүгээс сэтгэл санааны хохирол учирсан болохыг зөвшөөрч, уг хохиролд нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Энэ хэрэг анх 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхээр шийдвэрлэх үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улсын иргэн В Т гэрчээр оролцсон. Шүүх энэ хэргийг хянаж үзээд тухайн гэмт хэрэг нь бусдыг алах гэмт хэрэг бус харин бусдыг болгоомжгүйгээр алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Хохирлын тухайд шүүгдэгчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд 1,000,000 төгрөг үлдсэн байсныг хяналтын шатны шүүх хуралдааны өмнө нь төлж барагдуулсан. Иймд хяналтын шатны шүүх хуралдаанаас хүсэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан уг хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Мөн хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотолсон байна. Прокуророос Д.Г-ын үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтууд тухайлбал гэрч В Т-ны мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Г нь гартаа 55 см урттай, 3.4 дм, 0.4 см зузаантай төмөр хоолой барьж, Р.Б-г санаатай цохих үйлдэл хийх гэж байгаад амь хохирогч Я.Ш-ын толгойн тус газарт нь цохиж, түүний амь насыг хохироосон үйлдэл хийсэн байна. Өөрөөр хэлбэл хүний амь бие эрүүл мэнд руу чиглэсэн Д.Г-ын санаатай үйлдлийн улмаас амь хохирогч Я.Ш-ын амь нас хохирсон үр дагавар бий болсон байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, болгоомжгүй үйлдэл гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Д.Г-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамба 1 дүгээр гудамжны 03 тоотод үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Р.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг домкратны холбоос төмрөөр цохиход Р.Б хойш бултаж зайлснаас түүний хажууд зогсож байсан Я.Ш-ын толгой руу цохиж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “Д.Г нь өөр хүнийг алсан боловч хүн алах нэг санаа зорилготой байсан тул гэм буруугийн санаатай хэлбэр хадгалагдана” гэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр хүсээгүй үр дагавар дээр үргэлжлэн тусдаг объектын андуурлын тохиолдолд хамаарах санал юм. Өөрөөр хэлбэл, үйлдлээ төгс хэрэгжүүлж зорилгоо гүйцэлдүүлсэн боловч тэр нь төлөвлөсөн этгээд биш байх нь объектын андуурал гаргасанд тооцогддог билээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 523 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН