Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0709

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын

Ардчилсан намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Цэнгэл сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.5, 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цэнгэл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Цэнгэл сумын Сонгуулийн хорооны дарга Б.******* давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2016/0034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг үл тоож нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.

Тухайлбал, Иргэн М.******* нь Монгол Ардын намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу МАН-ын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, намын үүр анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгөх үйл ажиллагаагаа огт хийгээгүй байгааг анхан шатны шүүх ойшоож үзсэнгүй.

М.******* нь МАН-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасанчлан тус намын гишүүн өөр намын сурталчилгаанд оролцвол намын гишүүнээс гарсанд тооцно гэснийг удирдлага болгосныг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл ийм гишүүнийг намын гишүүнээс гаргах эсэх нь тус намын дотоод асуудал байх ба МАН М.*******ийг энэ үйлдлээр нь намын гишүүнээс гаргаагүй төдийгүй сумын Сонгуулийн хороонд хүсэлт гаргаж, манай намын гишүүн өөр намаас нэр дэвшиж байна гэж хандсанаар нотлогдож байна.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын сонгуулийн эрхтэй иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй” гэснийг М.******* зөрчиж, тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэлгүй улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгааг анхан шатны шүүх үл ойшоож М.*******ийн хийсэн үйлдэл зөв гэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх “Сонгуулийн хороо нь энэхүү үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...”, 4.2.7-д заасан “...ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах...” гэсэн тусгай зарчмуудыг баримтлаагүй гэж шүүх үзлээ гэж шүүх бидний хийсэн үйлдлийг үгүйсгэжээ.

Эрх ашиг нь хөндөгдөж байгаа М.*******ийг Сонгуулийн хороонд дуудаж ирүүлэн түүнээс Сонгуулийн хорооны гишүүн Ы.Күлтай “Та аль намын гишүүн бэ?” гэж асуудах М.******* нь “би МАХН-ын гишүүн, одоо Ардчилсан намын гишүүн” гэж гарын үсэг зурж өгсөн тухай мэдээлэл шүүх хуралдааны үед яригдсан. Б.Амаркелдид өөрийн асуудлын тухай албан тоотоор удаа дараа хандаж байсан зэргийг тэдэнд урьдчилан мэдэгдээгүй оролцоог нь хангаагүй гэж үзэж байгаад гайхаж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Сонгуулийн хорооны дарга Б.******* нь өөрийн төрсөн дүү 8 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Байболатаас гаргасан М.*******ийн нэрийг хасуулах тухай өргөдлийг хэлэлцэхдээ хуралдааныг удирдаж, асуудлыг шийдвэрлэсэн нь Сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийн 2.2.5-д заасан “...өөрийн гэр бүл, төрөл садан сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд ... сонгуулийн хороогоор асуудал хэлэлцэгдэх, шийдвэр гаргахад оролцохыг хориглоно...” гэснийг зөрчжээ гэж буруу дүгнэлт гаргасан байна.

Сумын Сонгуулийн хорооны гишүүдийг аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 01 тогтоолоор баталсан байдаг ба Сонгуулийн хорооны дарга Б.******* би өөрийн төрсөн дүү Б.Байболатын талаар асуудал хэлэлцэхдээ ашиг сонирхолын зөрчил үүсэж болзошгүй байна гэж аймгийн Сонгуулийн хорооны даргад 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ашиг сонирхол үүсэж болзошгүй тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болно. Үүнийг анхан шатны шүүх урьд өмнө огт ярилцаж байгаагүй болно.

Анхан шатны шүүх Сонгуулийн хороо шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “...хууль дээдлэх...”, 5.1.2-т “...ил тод байдлыг хангах...”, 5.1.3-д “...шударга ёсыг сахих...”, 5.1.5-д “...маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх...” гэж заасан зарчмуудыг баримтлаагүй гэж илт худал дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Сонгуулийн хороо дээрх зарчмуудыг бүрэн төгс биелүүлж ажилласан болно.

Улмаар анхан шатны шүүх дээрх байдлаар сумын Сонгуулийн хороог хууль дүрэм зөрчигч байгууллага мэтээр үзэж, шийдвэр гаргаж нэхэмжлэгч нь гаргасан шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ хугацаат албан хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх гэсэн заалт бол аливаа иргэн Сонгуульд нэр дэвших материалаа бүрдүүлж дуусаад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагт дуусах ёстой.

Гэтэл иргэн Б.Аманкелди цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хааж дууссаныг анхан шатны шүүх зөв гэж үзсэн нь ямар ч хуулийн үндэслэлгүй шийдвэр байна. Ингэж үзэх байсан бол Сонгуулийн тухай хууль гаргаад ямар хэрэг байсан юм бэ?

Монгол Улсын Үндсэн хуульд аливаа иргэн хуулийн өмнө адил тэгш байна гэсэн зарчмыг анхан шатны шүүх зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэх нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүхийн 110/ШШ2016/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчээс “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 “өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх”, 154 дүгээр зүйлийн 154.3.5 “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх”, 154.6 “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно”, 158 дугаар зүйлийн 158.1.2 “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 158.1.3 “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол”, 159 дүгээр зүйлийн 159.1 “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”-д заасныг тус тус үндэслэн “нэр дэвшигч М.*******ийг Монгол Ардын намын гишүүнээс гараагүй атлаа Ардчилсан намаас нэр дэвшсэн, нэр дэвшигч Б.Аманкелдийг цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй” гэж үзэн тэднийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан нь буруу байна. Учир нь:

            1. Нэр дэвшигч Б.Аманкелди нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан баримтуудыг бүрэн бүрдүүлж, сонгуулийн хороонд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон төдийгүй эдгээр баримтуудыг бүрэн гүйцэд гэж үзэн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэн авчээ.

            Б.Аманкелди нь цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хааж, нийт 673 000 төгрөг төлөх ёстойгоос эхний төлбөр 200 000 төгрөгийг төлсний дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас олгосон цэргийн үүрэгтний үнэмлэхийг Сонгуулийн хороонд бүрдүүлэн өгсөн баримтууддаа хавсарган өгснийг хуурамч бичиг баримт гэж үзэх үндэслэлгүй төдийгүй Б.Аманкелди нь түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол гарахаас өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгасан байсан тул түүнийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

2. М.******* нь Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн байсан гэдэгтэй талуудын хэн аль нь маргаагүй ба улмаар 2012 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэл сумын Монгол Ардын Хувьсгалт намын үүрийн 11 дүгээр тогтоолоор Монгол Ардын Хувьсгалт намын гишүүнээс чөлөөлөгдсөн байна. Харин 2010 онд Монгол Ардын Хувьсгалт нам нь нэрээ Монгол Ардын нам болгон өөрчлөхөд М.******* нь сайн дурын үндсэн дээр МАН-ын гишүүнээр шинэчлэн бүртгүүлсэн гэх өөрийнх нь хүсэлт эсхүл гарын үсэг бүхий баримтгүй төдийгүй 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ардчилсан намд элсэж, үүнээс хойш тус намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-д зааснаар хүн бүр сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй тул М.*******ийн уг эрхээ эдлэн Ардчилсан намд элсэн, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож, улмаар тус намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн байхад түүнийг Монгол Ардын намын гишүүн гэж үзэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасантай нийцэхгүй байна.

Дээрхээс үзвэл Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолоор Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Аманкелди, М.******* нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан нь Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                        ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН