Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1144

 

 

 

 

 

 

 

 

 

 2023            9            26                                       2023/ШЦТ/1144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Б.Энэрэл,

            шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Огийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108020011*** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1***оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, ***** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо * дүгээр гудамжны ** тоотод оршин сууж байгаа, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 132 цагийг биеэр эдэлж, 108 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай  захирамжаар  өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Огийн Э /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ:  - 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс Есүй” ХХК-ийн үүдэнд “архи авч явлаа” хэмээн хохирогч Ш.Эын баруун нүд рүү чулуугаар цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, задрал, агуулагдахуун гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

-Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 9 дүгээр гудамжинд хохирогч Б.Мийг “явах гэлээ” хэмээн уурлаж, түүнийг газарт унаган өшиглөх, толгойн хэсэгт чулуугаар цохих зэргээр зодсоны улмаас түүний биед дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацар, тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “..Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь: “...шүүгдэгч О.Э нь  гэм буруу хийгээд зүйлчлэл дээр маргахгүй байгаа” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс Есүй” ХХК-ийн үүдэнд хохирогч Ш.Эыг “ууж байсан архи авч явлаа” хэмээн түүний баруун нүд рүү чулуугаар цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, задрал, агуулагдахуун гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Иргэн Ш.Эоос гаргасан: “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгс Есүй ХХК-ийн хашааны гадаа 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бусдад зодуулсан...” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

2. Хохирогч Ш.Эын: “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 8-50 тоотод байх гэртээ байж байтал өглөө 09 цагийн үед Гэрэлмандах гэх найз маань манайд ирсэн. Удалгүй араас Мөнхбат нь “би Цагаадайд гуяндаа хутгалуулчихлаа” гээд ороод ирсэн. Тэрний араас Цагаадай мөн манай гэрт ирэхээр нь нэг шил 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи аваад Мөнбатын хөл дээр архиа асгаж өвчнийг нь намдаагаад тал шил архийг нь Цагаадай, Мөнхбат бид 3 хувааж уусан. Гэрэлмандах өмнөх өдөр нь архи уучихсан тул тэр өдөр уухгүй ажилтай гэсэн. Тал шил архиа дуусчхаад Мөнхбат, Цагаадай хоёрыг гэртээ харь гээд Гэрэлмандах, Мөнхбатад 20.000 төгрөг, Цагаадайд 10.000 төгрөг өгөөд өөрөө машин руугаа явсан. Бид 4 салчхаад гэртээ би орж хэсэг байж байгаад “Төгс Есүй” ХХК-ийн ойролцоо амьдардаг таньдаг эгчийнхээ гэрт орчхоод яг хаалгаар нь гараад иртэл Цагаадай надтай таараад “архи аваад ир” гэж хэлээд асгачихсан байсан хайрга чулууг миний баруун нүд рүү шидсэн чинь оночихсон. Тэгтэл “Төгс Есүй” ХХК-ийн захирал Алтанпүрэв гарч ирээд боль гээд салгасан чинь Цагаадай цаашаа яваад өгсөн. Би гэртээ ирээд нүүр гараа угаагаад толинд хартал нүд хавдчихсан байхаар нь эгч дүү нартаа хэлтэл дүү Эрдэнэбаяр цагдаагийн байгууллагад хандсан. Цагаадай гэдэг нь яг жинхэнэ нэр нь биш, арай өөр нэртэй. Би тэр нэрийг нь мэдэхгүй. 1992 оны залуу байх гэж бодож байна. Япон, Монголын хамтарсан эмнэлгийн нүдний эмчид үзүүлтэл баруун нүд 100 хувь сохролттой, яаралтай нөгөө нүднээс мэдрэл салгах хагалгаанд орохгүй бол нөгөө нүдэндээ нөлөөлнө гэсэн. Одоогийн байдлаар хагалгааны тов гараагүй,  хүлээлтийн байдалтай байна. Одоо толгойны эм цагаар ууж байгаа. Эмч хэлэхдээ баруун нүдний алимыг цэвэрлэж салгаад хиймэл нүд хийж суулгац хийлгэх хэрэгтэй гэж байна лээ. Тэгэхгүй бол нүд нь ширгээд байхгүй болчихдог гэж байна лээ. Нэг нүд харахгүй байхаар баримжаа алдагдаад байдаг юм байна. Мөн толгой бага зэрэг өвдөөд ирж чадаагүй. Гэрт байх хугацаанд найзууд эргэж ирж байна гээд хэд хоног архи уусан асуудал байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагаас удаа дараа холбогдоход өөрийн биеэр ирж чадаагүй. Өнөөдөр дүү Эрдэнэбаяраа дагуулаад ирлээ. Цагаадай л миний нүүр рүү хайрга шидэж гэмтээсэн. Түүнээс өмнө эсхүл дараа нь би хүнтэй зодолдож гэмтсэн зүйл байхгүй...” (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б: “...Би Сонгинохайрхан  дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт  байрлах  Их Наран 8-50 тоотод хүү Эын хамт амьдардаг байсан. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр миний  хүү Э нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр  Их наранд байрлах Төгс Есүс ХХК-ийн үүдэнд Цагаадай хочтой О.Эд зодуулсны улмаас баруун нүд хараагүй болж хүнд гэмтэл авсан. Үүнээс хойш хэрэг шийдэгдэхгүй их удаж байна. Миний хүү Э нь 2023 онд нойр булчирхайн архаг үрэвсэл оноштойгоор гэртээ нас барсан. Хүү маань энэ жилүүдэд хараагүй явсан. Гомдолтой байна. Надад баримттай нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

 

4. Шүүх эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7814 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:  “Ш.Эын биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, задрал, агуулагдахуун гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

5.Шүүгдэгч О.Эы мөрдөн байцаалтад өгсөн: “...2021-07-29-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их Наран 8-58 тоотод Этой  хамт архи уугаад согтсон, сүүлдээ Э миний ууж байсан шилтэй  архийг аваад  явахаар нь  араас нь гараад  Төгс Есүй ХХК-ийн буюу  тавилгын үйлдвэрийн үүдэнд  Этой  тааралдаад  газраас чулуу  аваад  архи  хаана байна гэж хэлээд барьж  байсан чулуугаараа баруун  нүдний орчим нь нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

II. Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 9 дүгээр гудамжинд хохирогч Б.Мд “хамт архи ууя гэхэд явах гэлээ” гэж уурлан, улмаар түүнийг газарт унаган өшиглөх, толгойн хэсэгт чулуугаар цохиж зодсоны улмаас түүний биед дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацар, тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Иргэн Б.Мэс гаргасан “Огийн Эд зодуулсан” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 72 дахь тал),

 

2. Хохирогч Б.Мийн: “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 7 цагийн орчимд гэрээсээ гадуур ажилтай явж байгаад 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 9 дүгээр гудамжинд танил Цагаадай буюу О.Этай таарсан. Э нь зүс мэдэх 2 залуутай байсан. Тэгээд намайг айлд очиж хамт ууя гээд дагуулж яваад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр гудамжинд байх нэг айлд ороод буцаад гарах гэтэл гартаа чулуу атгасан байсан болохоор нь би зугтаад гэрийнх нь араар ортол ирээд намайг газарт унагаагаад өшиглөөд зодсон. Тэгээд би босоод хашаанаас нь зугтаж гартал араас дахин ирээд толгойн баруун дагзны хэсэгт, хамар луу чулуугаар цохисон. Би эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дэх тал),

           

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16061 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “... Б.Мийн биед дагзанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацар, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 85-86 дахь тал),

 

4. Шүүгдэгч О.Эы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 12-13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо их наран 10 дугаар гудамжинд зүс таних Мтэй хамт гэрт нь очиж архи уусан юм. Тэгээд сүүлдээ согтоод М архи уухгүй гээд байхаар нь би дургүй хүрээд баруун нүд, хацар хэсэгт нь гараараа цохиж “чи зайл, пизда минь” гэж хэлээд гэрээс гудамжинд гараад газраас чулуу аваад Мийн толгой ар хэсэг рүү чулуугаар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Дээрх хэргүүдийн үйл баримтаас үндэслэн дүгнэвэл, шүүгдэгч О.Э нь бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, энэ үедээ бие  хянадаггүй, бусад руу агсарч архи нэхэх, хамт архи уухыг шаардах зэргээр бусдаас өө хайн шалтаг шалтгаан гарган дайрдаг, ингэж дайрч довтлохдоо чулуу ашиглаж хүний  нүд болон нүүр, толгой гэх мэт ил харагдах хэсэгт  цохиж гэмтэл учруулдаг болох нь хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Улмаар хохирогч нарын мэдүүлсэн шүүгдэгчид цохиулсан гэх газарт нь гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдэд дурдагдсан ба хохирогч Ш.Э нь өөрт учирсан баруун нүдний хараагүйдэл гэмтлийн улмаас баримжаа алдагдах, явж суухад хүндрэлтэй байсан талаар мэдүүлсэн нь түүний хууль ёсны төлөөлөгч Г.Бадамгаравын мэдүүлгээр давхар нотлогдсоноос гадна шүүгдэгч О.Э нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь хохирогч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байх тул хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна.

Энэ бүгдээс үзвэл, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч нарын эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Эы хохирогч нарт халдаж гэмтэл учруулсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.

Иймээс шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Ш.Эын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч нар нь өөрт учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “ .... шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоох” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч О.Э нь өөрийн гэм буруу зүйлчлэл дээр маргаагүй, хохирол нэхэмжлэх тохиолдолд төлөхгүй гэсэн зүйл байхгүй байгаа. Мөн өмнө гэмт хэрэг үйлдсэн ч эрүүгийн хариуцлагаа хүлээлгээд дуусгавар болгосон байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санал болгосон ял дээр хэлэх тайлбаргүй байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...буруу хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Эы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн  нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр согтуурсан үедээ бусад руу дайрч  чулуу ашиглан бусдад гэмтэл учруулдаг нь нийгмийн аюулын шинжийг ихээр агуулсан, түүний үйлдлээс шалтгаалан хохирогч Ш.Эын нэг нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэгийн урагдал, задрал, агуулагдахуун гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд гэмтэл учирсан, түүнээс улбаатай  хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар тогтонги алдагдуулсан хор уршиг учирсан, мөн хохирогч Б.Мд хөнгөн хохирол учирсан атал шүүгдэгч О.Э нь хохирогч нарт хохирол төлбөр төлсөн зүйлгүй,  мөн дээрх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүнчлэн шүүгдэгчийн хувьд байдал /өмнө  нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь түүний  өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж засарч хүмүүжээгүй болохыг харуулсан/ зэргийг харгалзан шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн О.Эы биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Иймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг аль алиныг нь хүлээн аваагүй болохыг  тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт  5 хоног цагдан хоригдсон байх түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Огийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоо зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 90 хоног буюу 3 сарын  хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 (тав) жил 3 (гурав) сарын  хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Эы цагдан хоригдсон  5 (тав)  хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Хохирогч нар нь өөрт учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ