Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1159

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           10            02                                      2023/ШЦТ/1159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч П.Эрдэнэбат,

            шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг ,

            шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эгэм овогт Дын Жыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бы Аг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208030480243 дугаар хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шинэ эргэлт транс” ХХК-д жолооч, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж, 429 тоотод оршин суух, нэг удаагийн шийтгэлтэй, Эгэм овогт Дын Ж (РД:ХЙ64101077)

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Ленд пойнт ХХК-д геодезийн инженер, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 07-826-1 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Бы А (РД:УС88021007)

 

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын эцсийн автомашины зогсоол дээр:

- Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Атай маргалдаж, “Хуавэй нова 9” маркийн гар утсыг цохиж унагаан гэмтээж, 1,020,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.А нь иргэн Д.Жтай маргалдах явцдаа биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

I. Шүүгдэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын эцсийн автомашины зогсоол дээр такси үйлчилгээнд явахаар зогсож байх үед иргэн Д.Ж ирж, тэдгээр нь такси үйлчилгээний үнэ төлбөрийн асуудлаас үүдэн маргалдаж,  Д.Жы зүүн хөл рүү өшиглөсний улмаас  зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Хохирогч Д.Жы: “...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7-431 тоотод 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний машиныг зассан хүн болох Баяраатай 0,5 литрийн хэмжээтэй Хараа архи хувааж ууж дуусаад Баяраа “гэр лүүгээ явна” гэхээр нь би Тахилтын эцсийн буудал руу дөхүүлж өгөхөөр 18 цаг өнгөрч байхад гарсан. Би Баярааг суулгаж өгөөд буцаад гэр лүүгээ харих гэхэд манай гэр буудлаас дээшээ өгсүүр хол байдаг болохоор такси барих гээд автобусны буудлын хажууд байдаг таксины зогсоол дээр 19 цагийн үед нэг эмэгтэй, цагаан өнгийн Акуа машин дотор байхаар нь би очтол хаалга онгойлгоод гараад ирэхээр нь би “шатсан гахайн байр луу явах уу” гэсэн чинь тэр эмэгтэй “мөнгө чинь байгаа юм уу” гэж хэлсэн. Би тэгэхээр нь гэрийнхээ гадаа ирээд “эхнэр хүүхдээсээ аваад өгье” гэсэн чинь “за муу архичингууд минь битгий тэнэгтээд бай” гээд гар утсаараа бичлэг хийгээд эхлэхээр нь би гар утсыг цохиход утас нь суудлын хажуугаар унасан. Тэгэн тэр эмэгтэй уурлаад миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөөр нь “за больё” гэж бодоод гэр лүүгээ алхсан. Тэр эмэгтэй хойноос дагаад бичлэг хийгээд, хэрүүл хийгээд яваад байхаар нь би эргэж хараад “пизда минь зайлаач” гэхэд “чамаас би санасан утсаа авхуулна, чи миний утсыг хагалсан муу архичин” гээд байсан. Би “чиний утсыг хагалаагүй” гээд цаашаа алхахад нойноос дагаад салахгүй байхаар нь нэг жалга таарахаар нь би ороод нуугдсан. Тэгсэн чинь араас хүрч ирэхээр нь тэр жалганаас гараад зугтаасан. Дараа нь би дээшээ гэр лүүгээ гүйж байгаад манай урд гудамжинд байдаг ацтай шонгийн модны голд би өвсөн дотор хэвтээд нуугдсан чинь тэр эмэгтэй намайг олоод “босооч архичин минь, чамайг харахгүй хэн байгаа юм бэ” гээд миний зүүн талын бөөр, зүүн талын өвдөг хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байхад доор жалга дагасан зам дээр хэсэг хүмүүс дуугарсан чинь А нь тэр хүмүүс рүү “та нар энэ архичныг таних уу” гээд алхаад надаас холдохоор нь энэ байдлыг ашиглаад би гэр лүүгээ гүйгээд орсон. Миний хөл рүү өшиглөснөөс үүдэн өвдөг хэсэгт язарсан, түүнээс би унаж ойчоод хөлөө гэмтээсэн асуудал байхгүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12770 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: хэсэг газрын үзлэгт “...зүүн өвдөгт 4х0,8 см хэмжээтэй ангайсан зах ирмэг тэгш бус шархтай, зүүн шилбэний  урд дунд  хэсэгт 7х0,5см, 5х0,6см, 3х0,5см хэмжээтэй хүрэн өнгийн тав бүхий зулгаралттай.

Дүгнэлт хэсэгт: “....Д.Жы биед зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэж дурдагдсан. (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

3. Гэрч Б.Э өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орой цагийг нь сайн санахгүй байна. Би гудамжинд самар зарж байсан юм. Автобусны буудлын таксины зогсоол дээр зүс таних тэр хавиар таксинд явдаг А гэх эмэгтэй машинтайгаа зогсож байсан чинь согтуу бүдүүн эрэгтэй машиных нь хаалгыг онгойлгож юм ярьж байх шиг байсан. Тэгээд тэр эрэгтэй гараараа таксины эмэгтэйг цохиод байх шиг харагдсан. Үүний дараа таксинаас тэр эмэгтэй буугаад бүдүүн эрэгтэйн гуя хавьцаа өшиглөж байх шиг харагдсан. Дараа нь дахиад нэг өшиглөхөд оноогүй. Үүнээс цааш би ажлаасаа буух гэж байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

4. Шүүгдэгч Б.Агийн: “...Би Д.Жыг өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна, маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын эцсийн автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явахаар зогсож байх үед хохирогч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж үйлчилгээ авахыг хүссэн байх ба тухайн үед эдгээр хүмүүсийн хооронд, нэг нь “согтуу, мөнгө байхгүй хүнд үйлчлэхгүй гэсэн бол нөгөө талаас мөнгийг чинь очоо өгчихнө” гэх асуудлаас үүдэлтэйгээр маргаан өрнөж, бие биеэ хэл амаар доромжилсон болох нь хохирогч болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

Хохирогч Д.Ж нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Б.А нь миний зүүн хөл рүү  2-3 удаа өшиглөснөөс үүдэн гэмтэл учирсан” гэсэн мэдүүлгийг өгсөөр ирсэн ба хохирогчийн энэхүү мэдүүлэг нь хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 12770 дугаартай дүгнэлтээр, мөн  гэрч Б.Энхцэцэгийн өгсөн  Б.А нь хохирогч Д.Жыг өшиглөж байхыг харснаа гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон тул хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй, хохирогчийн өгсөн мэдүүлэг нь дээрх хэд хэдэн нотлох баримтуудаар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.Агийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Жы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

II. Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын эцсийн автомашины зогсоол дээр иргэн Б.Атай маргалдаж, “Хуавэй нова 9” маркийн гар утсыг цохиж унагаан, хууль бусаар гэмтээж, 1,020,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Хохирогч Б.Агийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн автобусны буудлын автомашины зогсоол дээр 2022 орны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цагийн үөд таксинд явах гээд өөрийн эзэмшлийн 65-49 УАА улсын дугаартай Тоёота Акуа автомашин дотроо сууж байхад үл таних 60 орчим насны махлаг ах зогсоолын хажууд зогсож байсан. Тэр ах миний машин дээр ирээд миний талын хаалга буюу баруун урд талын хаалгыг онгойлгоод надад хандаж “таксинд явах уу” гэж асуусан. Тэр хүн согтуу байсан болохоор “явахгүй” гэж хэлээд хаалгаа хаасан чинь  тэр хүн дахиж хаалга онгойлгоод “чи явдаг биз дээ” гэж хэлэхээр нь би “согтуу хүнд үйлчлэхгүй” гэж хэлээд хаалгаа хаасан. Тэр хүн бас миний машины хаалгыг нээгээд “чи яагаад явдаггүй юм” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би машинаасаа буугаад тэр хүнийг “согтуу хүнд үйлчлэхгүй, чи уусан идсэн юмаа шингээгээч” гэж хэлээд машинаасаа холдуулах гээд хүчрэхгүй байсан болохоор буцаад машиндаа суусны дараа миний машины хаалгыг тэр хүн онгойлгоод хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод, миний баруун талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохихоор нь би бууж ирээд баруун хөлөөрөө 1 удаа зүүн гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр хүн гараа далайхаар нь би дахиад хөл хэсэг рүү нь өшиглөх гэхэд миний хөл хүрэлгүй өмд хэсгийг нь шүргээд, өмд нь шувтарсан ба өмдөө татчихаад намайг цохих гэж дайрсан. Тэр үед зогсоол дээр байсан таксинд явдаг залуу болох Баяраа ирэхэд тэр хүн дайрахаа больсон. Би цагдаад дуудлага өгөөд нөгөө үл таних хүн намайг мөн л хэл амаар доромжлоод байхаар нь гар утсаараа бичлэг хийхэд тэр хүн надад хандаж “чи яагаад бичлэг хийгээд байгаа юм” гээд миний гар утсыг баруун гараараа цохиод унагаасан. Би газар унасан утсаа аваад хартал дэлгэц болон арын шил нь хагарсан байсан. Тэр хүн Тахилтын эцсээс арагшаа харанхуй гудамжаар ороод алхахаар нь би хохирлоо барагдуулна гээд араас нь бичлэг хийгээд дагасан. Тэр үед тэр хүн намайг мөн л хэл амаар доромжилж байсан ба алхах үедээ хэд хэд газар унасан. Хэдэн минутын дараа тэр гудамжны хажууд байх жалганы эсрэг талд нэг машин ирээд зогссон. Тэр машинаас нэг залуу бууж ирээд тэр үл таних хүнийг “аав та энд юу хийж байгаа юм бэ” гэж байсан. Хүү нь юм шиг байна лээ. Тэр үл таних согтуу хүн хүүгээ харчхаад бүр асаад дайраад хэд хэдэн удаа чулуу шидээд, намайг хэл амаар доромжлоод байхаар нь аав гэж байсан машинтай залуу нь яваад өгсөн. Тэр үл таних согтуу хүн цаашаа 7, 8 гудамж тойроод алхсан. Би хойноос нь дагасан. 22 цагийн үед нэг айлаас 2 нохой гарч ирээд тэр үл таних хүн рүү дайраад, тэр хүн газар унаж байгаа харагдсан. Би “нохойгоо аваарай, хүн байна уу” гэж орилоход тэр айлаас нэг жижигхэн залуу гарч ирээд нохойгоо гэртээ оруулаад уясан. Үүний дараа тэр үл таних хүн босоод уг гудмын үзүүрт ирээд шонгийн модны хажууд газар хэвтээд өгсөн. Тэр хүн 23 цаг хүртэл хэвтсэн. Би очиж шалгахад амьсгалж байсан. Үүний дараа миний дуудлага өгсөн цагдаа над руу ярихаар нь би байгаа гудамжаа зааж өгч байгаад нөгөө үл таних хүн рүү харахад гудамжны үзүүрийн дэргэд байх жалга руу бууж байгаа харагдсан. Энэ үед 2 цагдаа ирсэн. Тэр үл таних хүнийг зааж өгөх гээд бид 3 жалга руу ороход тэр үл таних хүн байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1694 дүгээр хөрөнгийн үнэлгээний “Huawei nova 9 see гар утас арын шил, урд шил хагарч, их бие корпус гэмтсэн - 1,020,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

3. Шүүгдэгч Д.Жы өгсөн: “...Би тэр эмэгтэйн утсыг бичлэг хийгээд байхаар нь машин дотор нь цохисон бөгөөд цохиход суудлын хажуугаар унаж байгаа харагдсан. Би 700,000 төгрөг төлсөн, тэгээд үлдэгдэл хохирлын хувьд хоорондоо  тохиролцоод хэн хэндээ өгөө аваагүй болсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “такси үйлчилгээнд явсангүй, бичлэг хийлээ” гэх шалтгаанаар хохирогч Б.Агийн  эзэмшлийн Huawei nova 9 see гар утсыг цохисны улмаас унаж гэмтсэн болох нь хохирогч Б.Агийн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Жы өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон болно.

            Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.Агийн Huawei nova 9 see гар утсанд учирсан эвдрэл гэмтлийн зардлыг нийт 1020,000төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч .Жы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухай: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Жы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба Д.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно гэх гараар бичсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүйд,

Хохирогч Б.Ад “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.020.000 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирлоос 700,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг хохирогч нь өөрөөс гарах зардалд тооцон хассан, өр төлбөргүй, цаашид  гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Жыг бусдад төлөх төлбөргүйд тус тус тооцов.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, түр бүрд нь 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Отгончимэг нь “...Б.Агийн хувьд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Жы өмгөөлөгч Г.Батцэцэг нь “....Улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Д.Ж нар нь: “...зөвшөөрч байна, саналгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хохирол төлбөр төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохир ол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулсан болон барагдуулаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

-Шүүгдэгч Д.Жы согтуурсан үедээ бусдын эд хөрөнгөд халдаж гэмтээсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нь хувийн байдлын хувьд Шинэ эргэлт транс” ХХК-д ажилладаг, орлого олдог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогын хэмжээ, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлын хувьд Ленд пойнт ХХК-д геодезийн инженер, цалин хөлс авдаг, орлоготой байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгож ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогын хэмжээ, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Д.Ж, Б.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Ж, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эгэм овогт Дын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын  эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Бы Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж, Б.А нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж, Б.А нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ