Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1170

 

 

 

 

 

 

 

 

   2023          10           02                                       2023/ШЦТ/1170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2308019131*** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ***********************************************    

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 10 дугаар гудамжны 173 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож эрүүл мэндэд нь “баруун дээлд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дух, баруун дээд зовхинд шарх, хамар, уруул, хацарт зулгаралт, дээд уруулд язрал, 2 нүдний дээд зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Хохирогч П.Эы: “... Сонгинохайрхан дүүргийн 6 дугар хороо, Тоосгоны 10-173 тоотод 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Эрдэнэтуяагийн хуучин нөхрийн хүүхэдтэй цуг 1 шил 0,75 граммын архи уугаад Эрдэнэтуяагийн хуучин нөхрийн хүүхэд /Б.Ттай/ маргалдсан байсан. Тэгээд намайг цохиж зодсон ба эхнэр хүүхдэдээ хэлээд цагдаагийн байгууллагад хандсан асуудал болсон. Одоо миний нүүрэн хэсэгт 2 нүд хавдсан, 2 хөмсөгний дээд талд шалбарсан, сэтэрсэн гэмтэл шархтай байна. Тухайн үед эхнэр Эрдэнэтуяа, Эрдэнэтуяагийн хуучин нөхрийн хүүхэд бид 3 байсан. Эрдэнэтуяагийн хуучин нөхрийн хүүхэд бид 2 архи уусан. Би нэрийг нь мэдэхгүй, хаана амьдардаг талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

 

2. Гэрч Ж.Э: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж 173 тоотод гэртээ хамтран амьдрагч П.Э болон миний хуучин нөхрийн бага охиных нь хүүхэд болох Т /ээж нь Цэгмид гэж байдаг/ бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байхдаа хамтран амьдрагч П.Э, Ттай яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Маргалдаад байхаар нь би гэрээс гараад зугтаачихсан юм. Тэгээд удалгүй буцаад ороод ирэхэд Эыг Т цохиж зодсон гээд Эы нүүрнээс цус гарч байсан юм. Би яг ямар шалтгааны улмаас маргалдаж муудалцсан талаар мэдэхгүй байна. Тын биед тухайн үед гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Болсон явдлаа сайн санаж байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 7264 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “П.Эы биед баруун дээлд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дух, баруун дээд зовхинд шарх, хамар, уруул, хацарт зулгаралт, дээд уруулд язрал, 2 нүдний дээд зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

            4. Яллагдагч Б.Тын: “...2023 оны 6 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ ажлаа тараад гэр лүүгээ харъя гэхэд түлхүүр байхгүй болохоор нь ээжтэй холбогдоход Э ахынд чинь байна гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын тийшээ байдаг гэрт нь очиход тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд тэнд байхад Э гэх ах агсам согтуу тавиад байсан, юунаас болсныг нь мэдэхгүй байна, над руу агсраад байхаар нь нүүрэн тус газар нь 1-2 удаа цохичихсон юм. Тэгээд тэндээс салаад гэр лүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч П.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, санал хүсэлтгүй, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд санал хүсэлтгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй. (хавтаст хэргийн 74 дэх тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч З овогт Бийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ