Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00666

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00666

 

 

Абмади ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01119 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1244 дүгээр магадлалтай,

Абмади ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрдэнийн босго ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт нийт 76,354,838 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Абмади ХХК нь хариуцагч Эрдэнийн босго ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 76,354,838 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01119 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Эрдэнийн босго ХХК-аас 76,354,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Абмади ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 550,000 төгрөгийн 539,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10,276 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Эрдэнийн босго ХХК-аас 539,724 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Абмади ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1244 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 1244 тоот магадлалын зарим хэсгийг буюу 3,354,838 төгрөгийг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Зохигчдын хооронд байгуулагдсан 2019.10.27-ны өдрийн 19/21 тоот гэрээний төлбөр нэг сарын 26,000,000 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 73,000,000 төгрөг байхад тооцоо нийлсэн дүн 76,354,838 төгрөг гэх үндэслэлгүй дүгнэлтийг шүүх гаргасан. "Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд талуудын нягтлан бодогчид гарын үсэг зурж баталгаажуулсан боловч гэрээ байгуулагдаагүй үеийн тооцоо буюу 2019.10.04-ний өдрийн тооцоог оруулж тооцсон, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар зохигчдын хоорондын гэрээг 2019.10.27-ны өдөр байгуулсан энэ гэрээний хөлсийг нэхэмжлэгч тал нэхэмжилсэн байхад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад тусгагдаагүй гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн тооцоо орсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Дээрх 19/21 тоот гэрээнд заасны дагуу 1 харуул хамгаалагчийн ажлын хөлсийг 2,000,000 төгрөгөөр тооцох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд нийт 13 хамгаалагч ажилласан байгаа тул 3 сарын хугацаанд дээрх гэрээний дагуу хариуцагчид төлбөл зохих төлбөр 78,000,000 төгрөг юм. Энэ үнийн дүнгээс 2019.12.31-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Иймд нэхэмжлэгч талд 3 сарын ажлын хөлс буюу дээрх гэрээнд зааснаар 73,000,000 төгрөгийн хөлсийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3,354,838 төгрөгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үидэслэлгүй тул энэхүү гомдлыг гаргав. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 1244 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 3,354,838 төгрөгийг хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч Абмади ХХК нь хариуцагч Эрдэнийн босго ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 76,354,838 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэсэн гэдэгт маргаагүй ба харин хариуцагч компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани харуул хамгаалалтын гэрээний төлбөрийг төлөхөөр хариуцагч компанитай тохирсон боловч уг компани хөрөнгө оруулалтаа тогтоосон хугацаанд олгоогүй нь санхүүгийн хүндрэл учруулсан, мөн нэхэмжлэлд дурдсан үнийн дүн бодитой эсэхийг нягтлан бодогчоороо шалгуулна гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Эрдэнийн босго ХХК-аас 76,354,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Абмади ХХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ-г байгуулж, Абмади ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 3 сарын хугацаанд Эрдэнийн босго ХХК-ийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хулман нуур нэртэй газар орших нүүрсний уурхайн талбай, уг талбайд байрлах эд хөрөнгө, ажилчдын байрлах кемпийг нийт 13 хамгаалалтын ажилтантайгаар хамгаалах, нэг хамгаалагчийн сарын төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцох, Эрдэнийн босго ХХК нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. (хх-8-13)

 

9. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тухай хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

 

10. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд талуудын нягтлан бодогчид гарын үсэг зурж баталгаажуулсан боловч гэрээ байгуулагдаагүй үеийн тооцоо буюу 2019.10.04-ний өдрийн тооцоог оруулж тооцсон, нэхэмжлэгч талд 3 сарын ажлын хөлс буюу дээрх гэрээнд зааснаар 73,000,000 төгрөгийн хөлсийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3,354,838 төгрөгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэх гомдлыг хангах боломжгүй.

 

Учир нь хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд талуудын хооронд нийт 76,354,838 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа талаар тусгаж, хоёр талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6-д заасантай нийцсэн. Мөн уг баримтад хоёр байгууллага хооронд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ ... нэг бүрчлэн нийлж үзэхэд... гэж дурдагдсан байх тул хариуцагчийн дээрх гомдол үндэслэлгүй болно.

 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 76,354,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

12. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01119 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1244 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 68,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН