Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 06

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Намдаг,

Нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Ганзориг, Гал овогт Бадарчийн Ганзориг нарт холбогдох 201615000318 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 31 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сум 3 дугаар баг Шивээ Овоо Жаргалантын 38-402 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Онгийн 15-22 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батсүхийн Ганзориг /РД: ЙМ86041611/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 31 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг Өлт жаргалант 11-155 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг Онгийн 14-05 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Гал овогт Бадарчийн Ганзориг /РД: ЙО86020411/ 

Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д иргэн Д.Батбаатартай байшингийн цонхоор пиздаануудаа ороод ир гэж доромжиллоо гэж маргалдан зодож биед тархины доргилт, 2 нүдний алимны доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 бугалга, цээж, зүүн ташаан цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Батсүхийн Ганзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хохирогчид бид хоёр нийт 1.200.000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Бадарчийн Ганзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Бид хоёр хохирогчид эмчилгээний зардалтай нийлээд нийт 1.200.000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй гэв.

Хохирогч Д.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Найдандорж, Гантогтох нартай суман дээр таараад нэг шил архи, нэг ширхэг пиво хувааж уусан. Тэгээд Найдандоржийнд бид 3 нэлээн халамцуу юм яриад сууж байтал 23 цагийн орчимд байх намайг цонхоор гадагшаа юм харж байтал гадаа  машинтай 3 хүн зогсож байгаа харагдахаар нь согтуугаараа тэр хүмүүст хандаад та нар чаддаг юм бол ороод ир пиздаануудаа гээд хэлчихсэн юм. Гэтэл гаднаас нөгөө машинтай хүмүүс орж ирсэн. Тэр машинтай хүмүүс Найдандоржийнд орж ирэхэд нь би хоёр Ганзоригийг байна гэдгийг нь таньсан. Тэр хэд бас жаахан согтуу байсан. Тэгтэл Бадарчийн Ганзориг нь намайг чи муу юу гээд байгаа юм бэ? гээд барьж аваад цохиод авахаар нь зөрүүлж барьж аваад ганц хоёр удаа зөөлхөн цохиж авсан. Тэгтэл хажуугаас Батсүхийн Ганзориг нь боль гээд нөгөө Ганзоригоосоо салгах гээд намайг бас цохиж авсан. Тэгэхээр нь би болиход тэр хоёр миний нүүрэнд хэд цохиод, цээжинд бас хэд цохиж авсан. Тэгээд тэр хоёр хамт байсан Найдандорж, Гантогтох хоёрыг зодох гээд байгаа юм шиг болохоор нь би та хоёрыг гаднаас пиздаа минь гэж дуудсан, наад хоёр чинь яагаа ч үгүй, зодох гээд байгаа бол намайг зод гэтэл чи муу юу гээд байгаа юм бэ? гэхээр нь би өөдөө нь жаахан маргасан чинь тэр хоёр дахиад хэд хэд цохиж зодсон. Тэгээд сүүлд нь Найдандорж нэг шил архи аваад хоёр Ганзориг, Найдандорж нар уусан байх. Гэтэл гаднаас Тулга орж ирээд Найдандоржоос модны гоожин авсан. Тэгээд Тулга орж ирж гоожин аваад гарахдаа цагдаа дуудсан байх. Би ч тэгс гээд гэр рүүгээ явсан. Сүүлд нь цагдаа ирсэн гэсэн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед бүгд согтуу байсан. Тэр хоёр ч согтуу байсан. Бид нар ч согтуу байсан. Намайг цонхоор пиздаа минь чаддаг юм бол ороод гэж дуудсанаас болж Бадарчийн Ганзориг, Батсүхийн Ганзориг хоёр орж ирээд маргаж тэгээд намайг зодсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 43-44 хуудас/

Гэрч П.Гантогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Найдандоржийнд би Батбаатартай хамт хоёр шил архи, нэг том пиво аваад гэрт нь орсон. Тэгээд Найдандоржийн гэрт бид нэг архиа нэг пивотой уучихаад байж байтал Батбаатар согтуугаараа Найдандоржийн байшингийн цонхон дээр зогсож байснаа хөөе пиздаануудаа чаддаг юм бол ороод ир гээд хашгираад байсан. Тэгтэл гаднаас хоёр Ганзориг нэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд Бадарчийн Ганзориг нь Батбаатарыг чи муу юу гээд байгаа юм бэ? гээд бариад автал Батбаатар өөдөөс нь бариад авсан. Тэгээд тэр хоёр нэг нэгнийгээ цохиж аваад байхаар нь би салгах санаатай боссон чинь тэр хоёр салсан. Тэгснээ Бадарчийн Ганзориг та нар юу гээд байгаа юм бэ? гэснээ намайг түлхэхэд нь би газар суучихсан. Тэр үед бид нар нэлээн согтчихсон байсан болохоор бөөн зодоон болох байх гэж бодоод би дахиж босоогүй. Тэгтэл нөгөө Батсүхийн Ганзориг нь Бадарчийн Ганзоригийг Батбаатараас салгах гээд Батбаатартай өөрөө маргаад байснаа цохиж авсан. Тэгээд тэнд бөөн пижигнээд байсан. Тэгтэл хоёр Ганзоригтой явсан хүн тэд нарыг салгасан. Тэгээд дараа нь ноцолдохоо болиод тэр хэд нөгөө үлдсэн архийг Найдандоржийнд уусан. Тэгээд би тэр архинаас ганц татчихаад гар гэхээр нь гараад явчихсан. Би нэлээн байж байгаад буцаад ороход нөгөө хүмүүс явчихсан, Найдандорж ганцаараа гэртээ байж байсан. Намайг гарснаас хойш дахиж ноцолдсон эсэхийг мэдэхгүй. /хх-ийн 46-47 хуудас/

Гэрч Д.Мөнхтайван мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би хоёр Ганзоригтой Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт гэх газар машинаар хамт яваад шөнө ирэх замдаа бид 3 айлаар орж монгол архи уусан. Тэгээд намайг сумын Бизнес хөгжлийн төвийн гадаа хүргэж ирээд зогсож байтал Найдандоржийн цонхоор нэг согтуу хүн пиздаануудаа чаддаг юм бол ороод ир алаад өгье гээд хашгирсан. Тэгэхээр нь бид гурав орсон. Тэгээд Найдандоржийн гэрт ороод Бадарчийн Ганзориг чи муу юу гээд байгаа юм бэ? гээд маргахад тэр Батбаатар гэх залуу өөдөөс нь юу гэдэг юм гээд маргаад тэр хоёр барилцаж аваад бие биенээ цохиж аваад байхаар нь би салгасан. Тэгээд салсныхаа дараа Ганзориг чи яахаараа цонхоор орилдог юм бэ? гэхэд нөгөөх нь чи яахаараа намайг цохидог юм гээд маргаад байсан. Гэтэл Батсүхийг Ганзориг тэр Батбаатар гэх залууд би чамд тус болж байсан, чи ингэж болохгүй гэхэд Батбаатар өөдөөс нь маргасан. Тэгтэл Батсүхийн Ганзориг Батбаатарын бие рүү хэд хэд цохиж авсан. Тэгээд маргалдаад байхаар нь салгахад тэр хэд тайвширахаар нь би Найдандоржтой хамт гараад нэг шил архи авчирсан. Тэгээд авчирсан архиа ууж байхад Бадарчийн Ганзориг Найдандоржийнд байсан залууг яв гээд явуулсан. Тэр залууг Гантогтох гэдэг гэсэн. Тэгээд эвлэрээд байж байтал гаднаас Тулга гэх залуу орж ирээд Найдандоржоос бичиг аваад явсан. /хх-ийн 48-49 хуудас/

Гэрч Ж.Тулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цагийн орчимд байгаль хамгаалагч Найдандоржоос мод бэлтгэх эрхийн бичиг авахаар гэрт нь ороход Батбаатар, өндөр Ганзориг /Батсүхийн Ганзориг/, бондгор Ганзориг /Бадарчийн Ганзориг/, Найдандорж, Мөнхтайван нар сууж байсан. Гаднаас ороод харахад хоорондоо маргалдаж зодолдсон байх гэмээр сууж байсан ба Батбаатарын нүд хавдаж хөхөрсөн харагдаж байсан. Тэгээд би Найдандоржоос мод бэлтгэх эрхийн бичгээ аваад гартал Найдандорж араас гарч ирээд энэ хүмүүс дээрэлхээд байна. Та ойролцоо байж байгаарай. Надад их хэцүү байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирэх үед тухайн хүмүүс байхгүй байсан. Найдандорж гэртээ ганцаараа байсан. Найдандоржтой цагдаа нар уулзахад надад гомдол санал байхгүй. Бид нар өөрсдөө учраа олно гээд байсан. /хх-ийн 51 хуудас/

Гэрч Ч.Найдандорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр гэртээ байсан. Гэтэл гаднаас Гантогтох, Батбаатар хоёр нэг том пиво, хоёр шил “Харзтай” архи аваад ороод ирсэн. Тэр хоёр манайд орж ирэхдээ жаахан халамцуу орж ирсэн. Тэгээд Гантогтох, Батбаатар хоёр манайд нэг шил архиа хувааж уусан. Би тэр архинаас уугаагүй. Тэр хоёр архиа хоёулханаа уусан. Тэгээд мөн пивоо хувааж уусан. Би тэр пивоноос хоёр удаа татсан. Тэгээд үлдсэнийг нь тэр хоёр хуваагаад уусан. Тэр хоёр архи пивоо уучихаад дараагийнхаа архийг уух гэж байхдаа Батбаатар согтуугаараа манай байшингийн цонх онгойлгоод гадагшаа харж зогсож байснаа цонхоор хөөе пиздаануудаа чаддаг юм бол ороод ир, үзье гээд хашгиртал удалгүй гаднаас хоёр Ганзориг, Мөнхтайван нар ороод ирсэн. Тэр хоёр Ганзоригийн Бадарчийн Ганзориг манайд дөнгөж орж ирэнгүүтээ Батбаатарыг чи муу юу гээд байгаа юм бэ? гэж хэлээд Батбаатар Бадарчийн Ганзориг хоёр барилцаад авсан. Тэгээд нэг нэгнийгээ цохиж аваад байсан. Тэгтэл хажуугаас нь Батсүхийн Ганзориг нь салгаад Батбаатартай маргаж байснаа Батбаатарыг цохиод авсан. Тэр хэд гэрт ноцолдоод юм тараагаад хаячихаар нь би тэр эд зүйлсийг нь янзалсан. Тэр үед хоёр Ганзориг Батбаатартай ноцолдоод зодоод байгаа бололтой байсан. Гэтэл хажуугаас нь Мөнхтайван тэр хэдийг салгасан. Тэгэхээр нь би Мөнхтайвантай хамт гадагшаа гараад нэг шил архи авчираад тэр хэдтэй хамт уусан. Тэр үед сумын байгаль орчны байцаагч Тулга ах орж ирсэн. Тулга ахыг орж ирэхээс өмнө Гантогтох явчихсан байсан. Тэгээд Тулга ах орж ирээд гоожин аваад манайхаас гарахдаа та нар ингэж болохгүй, больцгоо гэж хэлчихээд гарсан. Тэгээд нөгөө авчирсан архиа уучихаад тараад явцгаасан. /хх-ийн 52-53 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.Батбаатарын биед тархины доргилт, 2 нүдний алимны доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 бугалга, цээж, зүүн ташаан цус хуралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 61 хуудас/

            Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хураан авах тогтоол, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №11/56, №11/57 дугаартай үнэлгээний тайлангууд, шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 12-25, 29-32, 85-86, 88, 90-91, 93 хуудас/

Шүүгдэгч Батсүхийн Ганзоригийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06/454 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 95-96, 115 хуудас/

Шүүгдэгч Бадарчийн Ганзоригийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06/478, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06/339 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 98-100, 114 хуудас/

Шүүгдэгч Батсүхийн Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуудас/

Шүүгдэгч Бадарчийн Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Бизнес хөгжлийн төвд хохирогч Д.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хохирогч Д.Батбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Батбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Бадарчийн Ганзориг нь намайг чи муу юу гээд байгаа юм бэ? гээд барьж аваад цохиод авахаар нь зөрүүлж барьж аваад ганц хоёр удаа зөөлхөн цохиж авсан. Тэгтэл хажуугаас Батсүхийн Ганзориг нь боль гээд нөгөө Ганзоригоосоо салгах гээд намайг бас цохиж авсан. Тэгэхээр нь би болиход тэр хоёр миний нүүрэнд хэд цохиод, цээжинд бас хэд цохиж авсан. Тэр хоёр дахиад хэд хэд цохиж зодсон. Тухайн үед бүгд согтуу байсан. Гэрч П.Гантогтохын Бадарчийн Ганзориг нь Батбаатарыг чи муу юу гээд байгаа юм бэ? гээд тэр хоёр нэг нэгнийгээ цохиж аваад байсан. Тэгтэл нөгөө Батсүхийн Ганзориг нь Бадарчийн Ганзоригийг Батбаатараас салгах гээд Батбаатартай өөрөө маргаад байснаа цохиж авсан. Гэрч Д.Мөнхтайваны 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би хоёр Ганзоригтой Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт гэх газар машинаар хамт яваад шөнө ирэх замдаа айлаар орж монгол архи уусан. Найдандоржийн цонхоор нэг согтуу хүн пиздаануудаа чаддаг юм бол ороод ир алаад өгье гээд хашгирсан. Тэгэхээр нь бид гурав ороход Бадарчийн Ганзориг чи муу юу гээд байгаа юм бэ? гэхэд Батбаатар гэх залуу өөдөөс нь маргаад тэр хоёр барилцаж аваад бие биенээ цохиж аваад байсан. Гэтэл Батсүхийг Ганзориг тэр Батбаатар гэх залууд би чамд тус болж байсан, чи ингэж болохгүй гэхэд Батбаатар өөдөөс нь маргахад Батсүхийн Ганзориг Батбаатарын бие рүү хэд хэд цохиж авсан. Гэрч Ж.Тулгын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цагийн орчимд байгаль хамгаалагч Найдандоржоос мод бэлтгэх эрхийн бичиг авахаар гэрт нь ороход Батбаатар, өндөр Ганзориг /Батсүхийн Ганзориг/, бондгор Ганзориг /Бадарчийн Ганзориг/, Найдандорж, Мөнхтайван нар сууж байсан. Гаднаас ороод харахад хоорондоо маргалдаж зодолдсон байх гэмээр сууж байсан ба Батбаатарын нүд хавдаж хөхөрсөн харагдаж байсан. Гэрч Ч.Найдандоржийн Батбаатар согтуугаараа манай байшингийн цонх онгойлгоод гадагшаа харж зогсож байснаа цонхоор хөөе пиздаануудаа чаддаг юм бол ороод ир, үзье гээд хашгиртал удалгүй гаднаас хоёр Ганзориг, Мөнхтайван нар орж ирээд Бадарчийн Ганзориг Батбаатарыг чи муу юу гээд байгаа юм бэ? гэж хэлээд Батбаатар Бадарчийн Ганзориг хоёр барилцаж аваад нэг нэгнийгээ цохиод байсан. Тэгтэл хажуугаас нь Батсүхийн Ганзориг нь салгаад Батбаатартай маргаж байснаа Батбаатарыг цохиод авсан. Хоёр Ганзориг Батбаатартай ноцолдоод зодоод байгаа бололтой байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлт, хураан авах тогтоол, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №11/56, №11/57 дугаартай үнэлгээний тайлангууд, шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, тэдэнд шүүх ял оногдуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, хохирогч Д.Батбаатарын цээжний рентгэн зураг, томографийн зураг тус тус 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож,

Хэрэгт шүүгдэгч Батсүхийн Ганзоригийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, хуучин Frestech хөргөгч, шүүгдэгч Бадарчийн Ганзоригийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, Skyworth нэртэй, хуучин LCD телевизор тус тус битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Батбаатарт хохирол төлбөрт нийт 1.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Ганзориг, Гал овогт Бадарчийн Ганзориг нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нарт тус тус 300 /Гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, хохирогч Д.Батбаатарын  цээжний рентгэн зураг, томографийн зураг тус тус 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

5.Шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Батбаатарт хохирол төлбөрт нийт 1.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Батсүхийн Ганзоригийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, хуучин Frestech хөргөгч, шүүгдэгч Бадарчийн Ганзоригийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, Skyworth нэртэй, хуучин LCD телевизор тус тус битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Батсүхийн Ганзориг, Бадарчийн Ганзориг нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ