| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01322/И |
| Дугаар | 1596 |
| Огноо | 2019-05-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1596
| 2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2019/01596 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0-р хороо, 0-р байрны 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ОO00000000, И овогт С.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 0-р хороо, О-ийн гудамж, өөрийн байр, Баянгол дүүргийн 000 дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1 514 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э /үнэмлэх 0560/, хариуцагч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч О.М /үнэмлэх 2196/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 000 дугаар цэцэрлэгт бэлтгэл бүлэгт бүлгийн багшаар ажилладаг байсан. 2019 оны 03-р сарын 11-ний өдөр гимнастикийн дугуйлантай байж байгаад 13:25 минутын үед ангидаа орж ирсэн. Тэр үед манай туслах багш хүүхдүүдийн орийг нь засаж унтуулж амжаагүй байсан. Тухайн үед туслах багш А энэ Ө гэдэг сурагч намайг дахиад л энэ муу чинь туслах багш, та нар үгэнд нь орж яах гээд байгаа юм бэ гэж хүүхдүүд уриалаад байна гэж хэлсэн. Өмнө нь ч гэсэн ингэж хэлж байсан болохоор яагаад ингэж хэлээд байдаг юм бэ, адилхан багш байхад яагаад хүндлэхгүй байгаа юм бэ, болохгүй гээд ор засаж байхдаа гарыг нь татаж ирээд гар дээр нь 2 алгадсан. Орой ээж нь авах гэж ирэхэд Ө багш намайг зодсон гэж хэлсэн байсан. Ээжид нь болсон явдлыг тайлбарлаад явуулсан. Гэтэл хэд хоногийн дараа эрхлэгч намайг дуудсан, тэгэхэд Ө-ын ээж өргөдөл гаргасан байсан. Намайг халах гэж байгаа талаар сонссон, гаргасан зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэх талаар хуралдаж байгаа гэсэн. Ингээд 2019 оны 3-р сарын 22-ны өдөр ажлаас халсан. Тухайн үед би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэвч хөдөлмөрийн гэрээнд заасан шат дараалсан арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн 000 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 514 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Э.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. С.Э нь 2017 оны 10-р сарын 01-нд Баянгол дүүргийн 000 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажилд орсон. Багш С.Э нь үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа суралцагчид ёс зүйгүй хандаж, сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь халсан. Тус 000 дугаар цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл суралцагч Ө-ын ээжийн гаргасан гомдлыг камерийн бичлэгийг шүүх шалгасан. 2019 оны 03-р сарын 11-ний өдрийн 11:27 минутад ангийн хүүхэд Ө-д гар хүрсэн нь бичлэгээс харагдсан. Үүний дараа эрхлэгчийн хувьд 2019 03-р сарын 24-ний өдөр хүүхдийн тусламжийн утсанд дуудлага өгсөн. Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд хөгжлийн төв дуудлагын дагуу шуурхай ажилласан бөгөөд багшийн гаргасан зөрчил нь Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Сурагч Ө-ын ээж өмнө нь ч манайд удаа дараа гомдол санал гаргаж байсан. С.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 6.3.5-д хүүхдийн эрхийг зөрчсөн, эрүүл мэндээр хохироосон, хүүхэдтэй зүй бус харьцсан, хүүхдийн эрхийн тухай хууль зөрчсөн, чанаргүй ажил явуулсан, 6.3.6-д ёс зүйн зөрчил гаргаж хамт олон, эцэг эхээс удаа дараа гомдол ирсэн бол ажилтны гаргасан зөрчлийг ноцтой гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлнө гэсэн заалтууд, дотоод журам, БСШУСЯ-ын сайдын А/243 дугаартай ёс зүйн дүрэм зэргээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүргээ биелүүлээгүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан хүүхэд өөрөөсөө ахмад болон дүү хүнийг хүндлэх, үеийн найздаа туслах, хамтдаа хөгжих, дэмжих зэрэг хүмүүжлийг олгох үүргийг хүлээсэн боловч харин хүчирхийлэл үйлдсэн. Өөрөөр хэлбэл, Хүүхэд хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүүхдийн эсрэг хүчирхийллийг санаатай болон санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, сэтгэл санаа болон биед хохирол учруулах, үл хайхрах, бэлгийн зүй бус үйлдэл гарган бие мах бодийг нь шийтгэхийг сэтгэл санаагаар хохироохыг ноцтой зөрчил гэж үзнэ гэсний дагуу 2019 оны 03-р сарын 22-ны өдрийн Б/17 тоот тушаалаар ажлаас нь халсан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь Баянгол дүүргийн 000-р цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 1 540 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
С.Э нь Баянгол дүүргийн 000-р цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03-р сарын 22-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ...хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх 7/ цуцалжээ.
Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж тайлбарлажээ.
С.Э нь 2019 оны 3-р сарын 11-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа сурагч Ө.Ө-ыг туслах багш А-ийг ...туслах багш, үгэнд нь орж яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн гэх шалтгаанаар биед нь гар хүрч цохисон зөрчил гаргасан нь талуудаас ирүүлсэн камерийн бичлэг, хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбар, Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2019 оны 5-р сарын 3-ны өдрийн 170 тоот дүгнэлт, хамтарсан багийн илтгэх хуудас, цэцэрлэгийн дотоод хяналтын 2019 оны 3-р сарын 21-ний тэмдэглэл, Ёс зүйн зөвлөлийн ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтуудаар /хх 49-59, 91-93/ тогтоогджээ.
Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6-р зүйлийн 6.3.5 дахь хэсэгт Хүүхдийн эрхийг зөрчсөн, ...хүүхэдтэй зүй бус харьцсан, Хүүхдийн эрхийн тухай хууль зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил-д тооцож ажлаас халах сахилгын шийтгэлийн үндэслэл болохоор заасан /хх 40-44/ байх ба Дотоод журмын 8-р зүйлийн 8.2.6 дахь хэсэг ...өөрийн буруу үйл ажиллагаанаас ...хүүхдийн эрхийг зөрчих, 8.2.7-д ...хүүхэдтэй зүй бус харилцсан бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авах, 11.1.6-д Хүүхэд... удаа дараа зүй бусаар харилцсан нь тогтоогдсон, хүүхдийн эрхийг зориуд санаатай зөрчсөн тохиолдолд ажлаас шууд халах-аар /хх 31-39/ тус тус заасан байх ба багш С.Э-ийн гаргасан зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн С.Э-ийн гаргасан зөрчил нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн А/243 дугаар тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүй дүрмийн 4-р зүйлийн 4.3.2 Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох-оос сэргийлэх, 4.4.2-т Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх /Legalinfo.com/-аас сэргийлэх, Боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1.багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12-р зүйлийн 12.8.1.багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж биелүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар Боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.3.Багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх...г хориглоно гэснийг зөрчсөн ноцтой зөрчил гэж дүгнэлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа боловч шат дараалсан арга хэмжээ аваагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор 1 514 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн С.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА