Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1595

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/01595

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0-р хороо, Х ХХК-г төлөөлж Х.С-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 00-р хороо, 00 байрны 0 тоотод оршин суух, регистр ОО00000000, Б овогт Д-ийн Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 686 149 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж Х.С, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь Х банкны Спортын ордон салбараас 2013 оны 06-р сарын 04-ний өдөр болон 2013 оны 10-р сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нийт 13 сая төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 41 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлээс 10 791 444 төгрөг, хүүгийн төлбөрт 5 074 731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 228 төгрөг нийт 15 872 462 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2015 оны 06-р сараас эхлэн зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн, улмаар 2016 оны 2-р сараас төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 02-р сарын 20-ны өдрийн байдлаар тооцсон. Үндсэн зээлд 3 320 565 төгрөг, хүү 2 222 002 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428 981 төгрөг, нотариатын зардал 6 600 төгрөг нийт 6 681 149 төгрөгийг Д.Н-ээс нэхэмжилж байна.

 

Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П ХХК-д ажиллаж байхдаа Х банкнаас 2013 оны 6-р сарын 4-ний өдөр 8 сая төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн үнээ нэмэх боломжтой гэхээр нь 2013 оны 10-р сарын 23-нд нэмэлт гэрээ хийж 13 сая төгрөг болгосон. Хүү нь 19.2 хувь байх ёстой, гэтэл 21.6 гэж өөрчилсөн байсан. Энэ тухай банкны эдийн засагчид хэлж шаардаж байсан ч салбарын захирал байхгүй байна гээд шийдэж өгөөгүй. Зээлээ төлөх бүрт эдийн засагчид хэлж байсан. Х банк дансыг орлого, зарлага хийх боломжгүй хаасан тул зээлийн дансны хуулга харагдахгүй байгаа. Энэ талаар 2019 оны 05-р сард Х банкны аудитын газарт зээлийн талаар шалгуулахаар өргөдөл өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад миний төлсөн төлбөрөөс 1 200 000 төгрөгөөр зөрөөд байгаа. Цалингийн зээлийг 19.2 хувийн хүүгээр тооцож төлөх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк нь Д.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 686 149 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 679 549 төгрөг гаргуулахаар хангаж, 6 600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

ХААН банк нь Д.Н-тэй 2013 оны 06-р сарын 6-ны өдөр ЗГ/2810 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, цалин барьцаалан зээлүүлэхээр /хх 9-10/ тохирчээ. Талууд зээлийн гэрээний хугацаанд буюу 2013 оны 10-р сарын 23-ны өдөр нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ хийж, өмнөх гэрээгээр төлөх байсан 6 500 000 төгрөг дээр нэмж 6 500 000 төгрөг зээлүүлэх, зээлийн хүүг 21.6 хувь болгох, зээл төлж дуусах хугацааг 41 сар буюу 2016 оны 10-р сарын 16 болгож өөрчлөнг гэрээний бусад заалтыг хэвээр мөрдөхөөр тохирсон /хх 11/ байна.

 

Зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон 6 500 000 төгрөгийг зээлдүүлэгч 2013 оны 10-р сарын 23-ны өдөр зээлдэгчийн дансанд шилжүүлсэн /хх 20/, харин зээлдэгч нь сар бүр 493 800 төгрөг буюу 2016 оны 10-р сарын 16-ныг хүртэл зээл, зээлийн хүүнд 17 677 726 төгрөгийг төлөх байжээ. Харин зээлдэгч сар бүр 493 800 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, 2016 оны 02-р сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй нь Д.Н-гийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...зээлийн хүү 19.2 байх ёстой, гэтэл 21.6 гэж өөрчилсөн, энэ талаар Х банкны аудитын газарт өргөдөл гаргасан, миний төлсөн төлбөрөөс 1 200 000 төгрөгөөр зөрүүтэй байна гэж тайлбарлажээ.

 

Талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн хүүг 21.6 хувь болгохдоо хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, зээлдэгчийн хүсэлтээр нэмж зээл олгохоор харилцан тохирсон, өөрөөр хэлбэл, зээлдэгч зээлийн хүүгийн талаар тохироогүй бол гэрээ байгуулахгүй байх, эсхүл гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах саналыг гаргах эрхтэй байсан, шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан, улмаар зээл, зээлийн хүү төлж байсан нь зээлийн хүүг 21.6 хувиар тогтоосныг мэдээгүй гэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаас, Х банк болон П ХХК-ний хооронд байгуулсан Хамтран ажиллах тухай гэрээ-ний дагуу зээлийн хүү 19.2 хувь байх ёстой гэх боловч зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлно. Хамтран ажиллах гэрээ нь гэрээний талуудад хамааралтайгаас гадна маргаан гарсан тохиолдолд шаардлага гаргах эрх нь талуудад үүсдэг, энэ гэрээнд зээлийн хүү тохирсныг зээлийн гэрээгээр талуудын тохирсон хүү гэж үзэх үндэслэлгүй.

 

Зээлдэгч Д.Н нь зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр нь нэхэмжлэгчийн тооцооноос 1 200 000 төгрөгөөр зөрүүтэй буюу төлсөн төлбөрийг энэ хэмжээгээр дутуу тооцсон гэж маргасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан дансны хуулгаар тооцооны зөрүү гараагүй, нэхэмжлэгчийн хийсэн тооцооноос зөрүүтэй гараагүй /хх 12-19, 45-48/ байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах үүрэгтэй бөгөөд эх баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардалд 6 600 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д-ийн Н-ээс 6 679 549 /зургаан сая зургаан зуун далан ес/ төгрөг гаргуулж Х банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 6 600 /зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 930 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-ээс 121 822 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА