Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/01288

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 0 дугаар хороо, Жуулчин гудамж-25, Бэриш центр 0 давхар хаягт байрлах “И ББСБ” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хүслийн өргөө хотхон 0 байр, 0 тоот хаягт оршин суух Гал овогт Б.О

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их амын хэсэг гудамж, 0 тоот хаягт оршин суух Боржигон овогт П.Р нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 99,915,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, П.У, хариуцагч П.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.О, П.Р нар нь 2018 оны 08-р сарын 03-ны өдрийн №ЗГ- 1/02/180803/313 дугаартай зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг 2019 оны 08-р

сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын 3.1%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зориулалттайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд УБ хот, СБД, 0-р хороо, 7 хороолол, Их тойруу гудамж, 54 барилгын 9009 тоотод байрлах Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, 120.0 мкв талбайтай оффис зориулалттай үл хөдлөх хөрөнгө, УБ хот, БЗД, 0 хороо, их амны хэсэг гудамж, 0 тоотод байрлах гэрийн тавилгыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч Б.О, П.Р нар нь зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.1.10 дахь хэсэгт зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэрээний хугацаа 2019 оны 08 сарын 05-ны өдөр дуусахад манай байгууллагын зүгээс зээлдэгчээс удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа нь манай байгууллагыг хохироож байна. Зээлдэгч Б.О, П.Р нарын төлбөл зохих үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 25,792,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,749,200 төгрөг, нийт 90,541,200 төгрөг төлөхөөр тооцоо байна.

Манай байгууллага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн төлбөрийг шаардах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй юм.

Иймд зээлдэгч Б.О, П.Р нараас нийт 90,541,200 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан УБ хот, СБД, 0-р хороо, 7 хороолол, Их тойруу гудамж, 54 барилгын 0 тоотод байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай, 120.0 мкв талбайтай оффис зориулалттай үл хөдпөх хөрөнгө, УБ хот, БЗД, 0 хороо, их амны хэсэг гудамж, 0 тоотод байрлах гэрийн тавилгаар тус тус хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл хүүгийн төлбөрт 3,596,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 719,200 төгрөг нийт 4,315,200 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Зээлдэгч нар нь 2019 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 60,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 29,388.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,468,400 төгрөг нийт 94,856.400 төгрөгийг “И” ББСБ ХХК-д төлөхөөр тооцоо байна.

Иймд хариуцагч Б., П.Р нараас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 90,541,200 төгрөгийг 4,315,200 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 94,856,400 төгрөг гаргуулж, дээрх төлбөрийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Их тойруу гудамж, 54 барилгын 0 тоотод байрлах Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, 120.0 мкв талбайтай оффис зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх 0 хороо, их амны хэсэг гудамж, 0тоотод байрлах гэрийн тавилгаас гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагч Б.О, П.Р нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй манай байгууллагыг хохироож байх тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хүүгийн төлбөр 4,216,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 843,200 төгрөг, нийт 5,059,200 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Хариуцагч Б.О, П.Р нар 2020 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 60,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 33,604,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,311,600 төгрөг, нийт 99,915,600 төгрөгийг төлөх тооцоо байна.

Иймд хариуцагч Б., П. нараас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 94,856,400 төгрөгийг 5,059,200 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 99,915,600 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Их тойруу гудамж, 54 барилгын 0 тоотод байрлах Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, 120.0 мкв талбайтай оффис зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх 0 хороо, их амны хэсэг гудамж, 0 тоотод байрлах гэрийн тавилгаас гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 8 сарын 03-ны өдөр Р-тэй хамт бизнес эрхэлхээр зээл авсан. Анх Р өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавих гэж байсан. Гэтэл О-ы охин Н-д ББСБ-д танидаг хүнтэй байсан. О-д өртэй Т гэх хүн өрөндөө өөрийн нэр дээрх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Тухайн үед О, Р нар зээл хамт авсан. О нь 2 удаа тархиндаа цус харвасан, чихрийн шижин өвчтэй байсан тул зээлээ төлөх боломжгүй болсон. Рэнзэнг зээлээ төлөхийг хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй.

Рэгзэн анхнаасаа зээлийн маргаанд орсон. 106 тоот гэрийнхээ эд хөрөнгийг барьцаалахыг хүлээн зөвшөөрсөн. Энэ мөнгөний талыг Рэгзэнд өгөөгүй байсан бол цагдаад хандах боломжтой байсан. Зээл авснаас хойш Рэгзэн гомдол гаргаагүй. Рэгзэн хамтран зээлдэгч мөн мөнгө аваагүй гэх баримт байхгүй. Номин-Эрдэнэ өнөөдрийг хүртэл ээжтэйгээ хамт ажиллаж байсан тул үйл явдлуудыг мэддэг байсан. Иймээс 50, 50% төлөх нь зүйтэй гэв.

Хариуцагч П.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Р жинхэнэ хариуцагч биш. ББСБ-тай ямар нэгэн төлбөр тооцооны асуудалд оролцоогүй. Нэхэмжилж байгаа төлбөрөөс нэг ч төгрөг аваагүй учраас жинхэнэ хариуцагч биш. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул мэтгэлцэх боломжгүй байна. Хариуцагч нараас 99,915,600 төгрөгийг шаардаж байгаа. Үүнийг хэн хэрхэн яаж шаардах нь тодорхой бус. Р-ээс хэдэн төгрөг шаардаж байгаагаа мэдэхгүй тул тайлбар хэлж мэтгэлцэх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заахдаа хариуцагч Р-ийн гэрийн хаягийг бичиж гэрт нь байгаа тавилгуудаар үүргийн гүйцэтгэл хангуулна гэж заасан нь тодорхой бус байна. Хариуцагчийн ямар тавилгаар үүргийн гүйцэтгэл хангуулах гэж байгаа юм бэ, хэдэн ширхэг ямар тавилга бэ гэдэг нь тодорхой бус байна. Анхнаасаа барьцааны гэрээндээ тодорхой заагаагүй. Тавилга гэж нэг тоон дээр барьцааны гэрээнд заасан харин нэхэмжлэлийн шаардлагад тавилгуудаар гэж заасан нь ойлгомжгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхнаасаа зээлийн гэрээнд хэнд хэдэн төгрөг өгч байгаагаа яагаад тусгаагүй юм бэ. Бодитоор мөнгө шилжсэнээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болдог. Гэрээнд гарын үсэг зурснаар мөнгө авсан гэх үндэслэл болохгүй. Р нэг ч төгрөг аваагүй тул хэлмэгдэх нөхцөл байдал үүсч болзошгүй байна гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч Б.О, П.Р нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 90,541,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээл 60,000,000 төгрөг, хүү 33,604,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,311,600 төгрөг, нийт 99,915,600 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Б.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.О нь П.Р-тэй хамт бизнес эрхлэхээр зээл авсан, О 2 удаа тархиндаа цус харвасан, чихрийн шижин өвчтэй байсан тул зээлээ төлөх боломжгүй болсон. О нь Рэгзэнг зээлээ төл гэсэн боловч Р зөвшөөрөөгүй гэсэн тайлбар гаргаж,

            Хариуцагч П.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь П.Р зээлээс нэг ч төгрөг аваагүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хамтран үүрэг гүйцэтгэгч биш, нэхэмжлэлд П.Р-ээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, тайлбар гаргаж мэтгэлцэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ-1/02/180803/313 дугаартай “И” ББСБ-аас зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “И” ББСБ ХХК-иас зээлдэгч Б.О, П.Р нарт 60,000,000 төгрөгийг, сарын 3.1 хувийн, жилийн 37.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээл, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заажээ.

            2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн БГ-1/02/180803/313 дугаартай Барьцааны гэрээгээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ-1/02/180803/313 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, ГД:№0 дугаарт гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 барилгын 0 тоот офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их амны хэсэг гудамж 0 тоот хаягт байх, П.Р-ийн хамгаалалтад байгаа гэрийн тавилгыг барьцаалсан ба 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 0 барилгын 0 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасантай нийцэж байна. /хх-14-17 тал/

            Барьцааны зүйл үл хөдлөх хөрөнгийг сольсон талаар зохигч маргаагүй байна.

            Нэхэмжлэгч “И” ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг Б.О-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан кассын зарлагын баримт, банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байна. /хх-19-20 тал/

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлсэн байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

            Зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ хариуцагч нар биелээгүй байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээл 60,000,000 төгрөг, хүү 33,604,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,311,600 төгрөг, нийт 99,915,600 төгрөг нэхэмжилж, зээл, хүүгийн тооцоолол бодсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. /хх-108 тал/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч нар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны хүү төлөх үүрэгтэй тул хүү 33,604,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Харин Зээлийн гэрээний 2.3-т Зээлдэгч энэхүү гэрээний 2.1.4-д заасан хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол зээл төлөгдөх өдрийн дараах өдрөөс эхлэн Иргэний хуулийн 453.1-д заасан үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр заасан, зээлийн гэрээний 2.1.4-т заасан хугацаа гэдгийг зээлийн ерөнхий хугацаа 12 сар гэж заасан тул уг хугацаа өнгөрсөнөөс хойш буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойшх 2,170,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

            Хариуцагч П.Р нь Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээж гарын үсэг зурсан ба Зээлийн гэрээний 3.3.1-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба Гэрээний бүх нөхцөлийг мөрдөхөөр заажээ. Иймээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар зээлдэгч П.Р нь хамтран үүрэг гүйцэтгэгч ба Зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч тус бүрийн үүргийг өөрөөр заагаагүй тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүрэг тэнцүү байна гэж үзнэ.

            Иймд хариуцагч Б.О, П.Р нараас зээл 60,000,000 төгрөг, хүү 33,604,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,170,000 төгрөг, нийт 95,774,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүү 4,141,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, 0 барилгын 0 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна.

Харин Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Их амны хэсэг гудамж 0 тоот хаягт байх, П.Рэ-ийн хамгаалалтад байгаа гэрийн тавилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Учир нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т барьцааны зүйлийн тодорхойлолт, түүний нэг бүрийн, эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох байдлыг барьцааны гэрээнд тусгах шаардлагыг хангаагүй, гэрийн ямар тавилга болох нь тодорхойгүй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.О, П.Р нараас зээл 60,000,000 төгрөг, хүү 33,604,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,170,000 төгрөг, нийт 95,774,000 /ерэн таван сая долоон зуун далан дөрвөн мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүү 4,141,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 барилгын 0 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их амны хэсэг гудамж 106 тоот хаягт байх, П.Р-ийн хамгаалалтад байгаа гэрийн тавилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2020/02427 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 860,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О, П.Р нараас улсын тэмдэгтийн хураамжид 707,020 /долоон зуун долоон мянга хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ц.ЦЭРЭНДУЛАМ