Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/01375

 

 

 

 

 

                         2020        04          22

      101/ШШ2020/01375

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг гудамж, 0 тоот хаягт байрлах, “Х” БГБХ нөхөрлөл-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Маахуур 0 тоот хаягт оршин суух, Тайж овогт М.Г-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 647,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ц.Ц миний ажиллуулдаг “Хг” БГБХ нөхөрлөлийн БЗД-ийн 4-р хороо, 15 хороолол, 0 байр 0 тоотын өргөтгөлийн зүүн хагас талбайг М.Г нэг сарын 300,000 төгрөгөөр түрээсэлж бичиг хэрэг, дотуур хувцас, гоо сайхны бараа зарсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрээн явахдаа эд бараагаа барьцаалж 600,000 төгрөг /зээлийн №1359/ 9 хувийн хүүтэй зээлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны манайхаас эд бараагаа аваад, баталгаа гаргаж кино үйлдвэрийн буудал руу нүүсэн. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөнгөнийхөө хүүг 7 хувь болгож сар бүр 100,000 төгрөг хасахаар тохирсон. Барьцаат зээлийн гэрээ №1470. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөнгөө хасахгүй, хүүгээ төлөхгүй, авсан мөнгөө өгөхгүй гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 19-нд гэрээ байгуулж, зээл аваад гэрээний хугацааг 2019 оны 06 дугаар сарын 18 хүртэл сунгаж, 8 удаа сард 54,000 төгрөгөөр тооцож хүүнд 432,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 600,000 төгрөг үлдсэнийг 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр гэрээ байгуулж, хүүг бууруулж сард 42,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон, уг гэрээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 720,000 төгрөг, 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 58,200 төгрөг нь түрээсийн төлбөр, барааны үнэд төлсөн мөнгө. Бидний хооронд одоо түрээсийн төлбөр, барааны үнийн тооцоогүй. Иймээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 600,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хүүг төлөөгүй 42,000 төгрөг, нотариатын зардал 5700 төгрөг, нийт 647,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаанд 247,800 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч байгаа боловч би зөвшөөрөхгүй нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч М.Г нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол 0-р байр 0 тоот өргөтгөлийн зүүн хагас талбайг нэг сарын 300,000 төгрөгөөр түрээсэлж сар бүхийн 20-нд түрээсийн төлбөр төлж байхаар тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оны 04 сарын 17 өдөр Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 67, 0 тоот хаяг руу нүүсэн. Ц.Ц нь 2019 оны 06 сарын 10 өдөр миний ажил дээр ирж 2 сарын түрээс болох 600,000 төгрөг төлж дуусахаар тохирон “Хөгжилцэцэг” ББН Барьцаат зээлийн гэрээ №1470 гэрээ байгуулж сар бүр 20-нд 42,000 төгрөг төлж дуусгана гэж тохирсон. 2019 оны 05 сарын 19 өдөр 54,000 төгрөг, 2019 оны 06 сарын 18 өдөр 58,200 төгрөг, 2019 оны 07 сарын 20 өдөр 42,000 төгрөг, 2019 оны 08 сарын 20 өдөр 42,000 төгрөг, 2019 оны 09 сарын 20 өдөр 42,000 төгрөг, 2019 оны 10 сарын 20 өдөр 42,000 төгрөг, 2019 оны 11 сарын 20 өдөр 42,000 төгрөг, 2019 оны 12 сарын 21 өдөр 42,000 төгрөг, 2020 оны 01 сарын 20 өдөр 42,000 төгрөг, нийт 406,200 төгрөг төлсөн. Үлдэгдэл 193,800. Мөн Ц.Ц нь надад канон 100,000 зарсан эвдэрхий байсан тул би буцааж өгсөн. 2018 оны 10 сарын 19 өдөр би 500,000 төгрөг зээлсэн би хүүтэй нь цуг 600,000 төгрөг болгож тооцож мөн намайг хуучин бараа зараад өгөөч гэсэн тул би тус барааг зараад үлдэгдэл 120,000 төгрөгийн хамт 2019 оны 06 сарын 12 өдөр 720,000 төгрөг төлсөн. 2020 оны 03 сарын 20 өдөр коронавирусын улмаас ажиллаагүй учир орлогогүй болсон Ц.Ц-т орлогогүй болтол түр хойшлуулж өгөхийг хүсэхэд Ц. нь зөвшөөрөхгүй заавал мөнгөө авна гэж надаас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нийт түрээс 600,000 төгрөгөөс өөрийн төлсөн 406,200 хасаад үлдэгдэл 193,800 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2 зээлийн гэрээ байгаа. Эд бараа гэсэн бичигтэй зээлийн гэрээний хүүг төлж дуусгаад үндсэн 600,000 төгрөг үлдсэн. Үндсэн зээл 600,000 төгрөг, барааны үнэ 120,000 төгрөгтэй хамт 720,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 19-нд төлж дуусгасан. Өмнөх тайлбарт 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 54,000 төгрөгийн хүүг дараагийн гэрээнд оруулж бид буруу тооцсон байна. 1470 дугаартай гэрээ бол зээлийн гэрээ биш, түрээсийн төлбөрийн үлдэгдэл мөнгийг сард 42,000 төгрөгөөр төлөхөөр тохирч байгуулсан гэрээ. Үүнээс 2019 оны 06 сарын 18-нд төлсөн 58,200 төгрөг, 2019 оны 07 сарын 20-ноос 2020 оны 01 сарын 20 хүртэл сар бүр 42,000 төгрөгөөр төлсөн 294,000 төгрөг, нийт 352,200 төгрөгийг төлсөн. 600,000 төгрөгөөс уг 352,200 төгрөгийг хасч 247,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Х” БГБХ нөхөрлөл нь хариуцагч М.Г-т холбогдуулан үндсэн зээл 600,000 төгрөг, хүү 42,000 төгрөг, нотариатын зардал 5700 төгрөг, нийт 647,700 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 247,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх мөнгийг төлөхгүй гэж маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Барьцаат зээлийн гэрээ №1359 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч “Х” БГБХ нөхөрлөл нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 сарын 19-ний өдрийн хооронд, 1 сарын хугацаатай, 600,000 төгрөгийг, сард 54,000 төгрөгийн хүү төлөхөөр хариуцагч М.Г-т зээлдүүлсэн байна. /хх-3 тал/

 

            Зохигчийн тайлбар, дээрх гэрээний сунгалт гэсэн хэсгээс үзэхэд гэрээний талууд гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш сар бүр сунгаж, сунгалт хийх бүрдээ хариуцагч 1 сарын хүүнд 54,000 төгрөгийг төлж, үндсэн гэрээний хугацааг оруулан нийт 8 удаа сар бүр 54,000 төгрөг буюу нийт 432,000 төгрөгийг хүүнд төлсөн байна.

 

            Хэрэгт эх хувиар авагдсан хариуцагч М.Г-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гараар бичиж өгсөн баталгаа баримтаас үзэхэд зохигч талуудын хооронд мөн өдрөөр зээл 600,000 төгрөг, түрээсийн үлдэгдэл 2 сарын 200,000 төгрөг, 3 сарын 300,000 төгрөг, 4 сарын 18 хоногийн үлдэгдэл 180,000 төгрөг, канон 100,000 төгрөг, барааны үнэ 120,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг М.Г нь Ц.Ц-т 2019 ны 06 сарын 01-нд төлнө гэж баталгаа бичиж өгсөн байна. /хх-20 тал/ Үүнээс талуудын тайлбараар канон 100,000 төгрөгийн тооцоо хасагдсан байна.

 

            Ийнхүү баталгаа гаргаснаас хойш 2019 оны 06 сарын 12-ний өдөр 720,000 төгрөг, 2019 оны 06 сарын 18-ны өдөр 58,200 төгрөг, 2019 оны 07 сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 2019 оны 08 сарын 20-ний өдөр 42,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 2019 оны 11 сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 2019 оны 12 сарын 21-ний өдөр 42,000 төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, нийт 1,302,200 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-21-24, 32-41 тал/ 

 

            Эдгээр баримт, зохигчийн тайлбараас үзэхэд зохигч талуудын хооронд зээл болон түрээсийн гэрээний харилцаа, түүнчлэн бараа материал заруулсан зэрэг харилцаа байсан ба талууд 2019 оны 06 сарын 12-ны өдөр төлсөн 720,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 58,200 төгрөг, нийт 778,200 төгрөгийг нэхэмжлэгч тал түрээсийн төлбөрт хариуцагчийг төлсөн гэж, хариуцагч тал зээлийн төлбөрт төлсөн гэж 2 өөрөөр тайлбарлаж, маргаж байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний хугацааг дахин сунгаж, Барьцаат зээлийн гэрээ №1470 байгуулсан, уг гэрээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан, сунгалт хийхдээ хүүг төлж байсан, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 1 сарын хүү 42,000 төгрөгийг төлөөгүй, үндсэн зээлийн хамт нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

 

            Зохигч талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ №1359 дугаартай гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дууссан ба уг хугацаанаас хойш уг гэрээг сунгаагүй байна гэж үзлээ. Учир нь сунгалт хийсэн гэх Барьцаат зээлийн гэрээ №1470 дугаартай гэрээг сунгалт хийсэн хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан нь гэрээний хугацаа дуусаагүй байхад сунгалт хийсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн уг гэрээнд барьцааны эд зүйлийн нэрийг Түрээсийн төлбөр гэж, гэрээнд “…сунгуулахад хүүнд өөрчлөлт оруулахгүй…” гэж тусгасан атлаа хүүг зээлдэгчийн хүсэлтээр бууруулсан гэж байгаас үзэхэд Барьцаат зээлийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т зааснаар Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

 

Уг гэрээний зохицуулалтаар Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй ба зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэж, барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор байна.

 

Гэтэл зээлийн барьцаанд хариуцагчийн дэлгүүрийн барааг барьцаалж, уг бараагаа хариуцагч өөрөө авсан үйл баримтын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ мөнгөөр шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Иймээс хууль хэрэглээний хувьд зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Харин 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдөр 720,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 58,200 төгрөг, нийт 778,200 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлснөөс хойш сар бүр 42,000 төгрөгийн төлбөр төлж байснаас үзэхэд 778,200 төгрөгийг түрээсийн гэрээ, барааны үнэд төлсөн гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

            Иймд үндсэн зээл 600,000 төгрөгөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 42,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 42,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, нийт 252,000 төгрөгийг хасч, үлдэх үндсэн зээл 348,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 299,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Барьцаат зээлийн гэрээ №1470 гэрээгээр өмнөх гэрээ сунгагдаагүй гэж үзэж, хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хүү төлөх үндэслэлгүй тул хүүнд төлсөн гэх 252,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцнэ гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэргийн оролцогчийн хувиар нотлох баримтыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гаргах үүрэгтэй ба гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах, цуцлах асуудал маргааны үндэслэл, шаардлагад байхгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан хохирол буюу нотариатын зардалд зарцуулсан мөнгийг шаардах эрх нэхэмжлэгчид хуулиар үүсээгүй гэж дүгнэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 42,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх боловч дансны хуулга бусад баримтаар уг мөнгө төлсөн нь тогтоогдохгүй, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 42,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөнийг нэхэмжлэгч тооцоонд оруулаагүй байсныг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-т зааснаар хариуцагч М.Г-аас үндсэн зээл 348,000 /гурван зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” БГБХ нөхөрлөлд олгож, нэхэмжлэлээс 299,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,990 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11,090 /арван нэгэн мянга ерэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ