| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0119/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Н.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох 2323000000146 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, нөхөр, 5 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай,
Урьд: Завхан аймгийн сум дундын 1-р шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж тус оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ******* овогт *******ын ******* /РД:*******)
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Н.*******т холбогдсон 2323000000146 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Х.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Х. шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч *******ын ******* нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй цайны газрын ширээн дээр тавьсан Х.ийн “Iphone promax-12” загварын гар утсыг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
“Iphone promax-12” загварын гар утсаа ширээн дээрээс алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Х.ийн "...Би өөрийн эзэмшлийн iphone promax-12 маркийн гар утсаа “" гэх нэртэй цайны газраасаа утсаа хулгайд алдсан. ...ээждээ шөл цай зөөдөг эмэгтэй орж ирж 22,500 төгрөгийн хоол идчихээд карт уншуулан тооцоогоо хийн гараад явахдаа халуун савныхаа бөглөөг мартаад гарсан байхаар нь би араас нь гаргаж өгөх гэсэн холдоод явсан болохоор буцаж орж ирээд нөгөө үүдний ширээн дээр тавьсан гар утсаа авах гэтэл байхгүй болсон байсан. ...тухайн үед өөр хүн орж ирээгүй...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Х.д 2.100.000 төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай “Iphone promax-12” загварын гар утасны үнэлгээг 2.100.000 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байдаг ба гэмт этгээд энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байна.
Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй цайны газрын ширээн дээрээс Х.ийн өмчлөлийн "Iphone promax-12" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч түүнд бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна. Шүүгдэгч Н.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй.
Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.******* нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Прокуророос шүүгдэгч Н.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 6.7 дугаар зйүлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. *******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Н.*******ыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Н.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА