Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/01478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Б******* ХХК-ийн байранд байрлах, Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Д******* гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Билэгт ламынхан овогт Д.Л /,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Д******* гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Дархан овогт Ц.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,023,418.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.                                 

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Л, Ц.Ц нар нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Голомт банктай ЗГ1805036459 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 37,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ1805036459 тоот ипотекийн гэрээгээр Д.Л, Ц.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Д******* гудамж /13351/ 10 дугаар байр, 0 тоот 30 мкв талбайтай 1 өрөө орон сууц барьцаалсан.

Зээлдэгч Д.Л, Ц.Ц нар ЗГ1805036459 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй ЗГ1805036459 тоот зээлийн гэрээний төлбөр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 1361 хоног, үндсэн төлбөр 34,448,722.01 төгрөг, хүүний төлбөр 10,370,472.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204,223.43 төгрөг нийт 45,023,478.36 төгрөг болж байна.

Иймд ЗГ1805036459 тоот зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй, 174 дүгээр зүйлийн 174.1-т “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

ЗГ1805036459 тоот зээлийн гэрээний 45,023,418.36 төгрөгийг Д.Л, Ц.Цнараас гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд Д.Л, Ц.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д******* гудамж /13351/ 10 дугаар байр, 0 тоот 30 мкв талбайтай 1 өрөө орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Д.Л, Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  зээлийн гэрээний үүрэгт 45,023,418.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Л нь өөрийн нэрийн өмнөөс болон хариуцагч Ц.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, өмгөөлөгч авах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцны зээлийн ЗГ1805036459 дугаар гэрээгээр зээлдүүлэгч Г банк ХХК нь зээлдэгч Д.Л, Ц.Ц нарт 37,800,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлж, мөн өдрийн Ипотекийн ЗБ1805036459 дугаар гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0, 0 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Д******* гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байршилтай, 30 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-10-26 тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.

Орон сууцны зээлийн гэрээний 2.6-д ...үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, 4 дүгээр зүйлийн 4.4.1-т зээлдэгч авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудахаар талууд тохиролцжээ.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрт үндсэн зээлд 3,351,277.99 төгрөг, хүүнд 6,914,665.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,035.25 төгрөг, нийт 10,267,979 төгрөг төлсөн ба 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил үүсч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэг удаа 500,000 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байна. /хх-8-9 тал/

Зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчиж байсан тул гэрээ цуцлах мэдэгдлийг Голомт банк 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09/671 тоот мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч Д.Л той уулзалт хийж тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-27,28 тал/

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь зээл 34,448,722.01 төгрөг, зээлийн хүү 10,370,472.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204,223.43 төгрөг, нийт 45,023,418.36 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Д.Л, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 45,023,418.36 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч Д.Л, Ц.Ц нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0, 0 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д******* гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байршилтай, 30 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.Л, Ц.Ц нараас зээл 34,448,722.01 төгрөг, хүү 10,370,472.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 204,223.43 төгрөг, нийт 45,023,418.36 /дөчин таван сая хорин гурван мянга дөрвөн зуун арван найман төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хариуцагч Д.Л, Ц.Цнар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Л, Ц.Ц нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0, 0 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д******* гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байршилтай, 30 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,267.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 453,267.09 /дөрвөн зуун тавин гурван мянга хоёр зуун жаран долоон төгрөг есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ЦЭРЭНДУЛАМ