| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0116/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/117 |
| Огноо | 2023-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч М.Хишигжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2323000870138 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан Баялаг ХХК-д нормочин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум Өлзийт баг Ажилчины хэсэг 5 дугаар гудамж, 4 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Саарлынхан овогт Мөнхийн Хишигжаргал, регистрийн дугаар ИА75010902.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Прокуророос шүүгдэгч М.Хишигжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.Хишигжаргал нь согтуурсан үедээ буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Соёмботой уулын ертөнцийн зүгээр баруун талд Д.Дашхоролтой үл ялих зүйлээс болж маргалдаж, харилцан үстэлцэж, газарт унагааж, дээр нь суух зэргээр зодож, хохирогч Д.Дашхоролын биед нурууны ар талд зулгаралт 11-р хавирганы хугарал үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
- Шүүгдэгч М.Хишигжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Прокурорын надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан хохирогч ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Д.Дашхоролын “...2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед манай ажлын Хишигжаргал нь хүргэн ах Батбаяр нь түүний машины урд суугаад ажлын хүмүүстэй явсан. Тэгэхээр нь Батбаяр ахын эхнэр Ичинноров руу залгаад Батбаяр ах Хишигжаргалын машинд суугаад явсан шүү гэж хэлсэн. Манай ах Батбаяр нь Хишигжаргалтай гэр бүлээс гадуурх харилцаатай юм шиг байхаар нь залгаж хэлсэн. Ичинноров эгч нөхөр рүүгээ утсаар залгаад хаана байгааг нь асуухад ажил дээрээ поошиг зүсэж байна, яах гээд залгаад байдаг юм бэ? гэж уурласан гэсэн. Тэгтэл удалгүй Ичинноров эгч манай ажил дээр ирээд манай нөхөр хаана байна. Хишигжаргал гэх эмэгтэйн гэр хаана байдаг юм бэ? гэрийг нь заагаад өгөөч гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд хамт алхаад явж байхад урдаас 41-00 гэсэн цагаан өнгийн приүс маркийн машинтай Хишигжаргал урдаас ирж байснаа сигналдаад байхаар нь Ичинноров эгч энэ машин мөн үү гэхэд мөн гэж хэлсэн. Тэгээд манай эгч машин дээр очиход Оюун-Эрдэнэ машинаас бууж ирээд түүнтэй уулзаж байтал Хишигжаргал нааш ир гээд дуудаад байхаар нь очиход пизда минь битгий хүнийг доромжил чиний Батбаяраар чинь би яахын дарвайсан гичий жингэр гэж харааж байснаа миний үснээс зулгаагаад газарт унагааж байснаа миний цээжин дээр гарч суугаад үргэжлүүлээд үснээс зулгаагаад байсан. Тухайн үед миний хуйх маш их өвдөж байсан. Би хүмүүсийг салгаад өгөөч гэж зөндөө орилсон. Тэгээд хүмүүс салгасан. Би босоод зугтаагаад шууд гэртээ харьсан. Хишигжаргал нь надаас том махлаг биетэй. Миний толгойн хуйх маш их өвдөлттэй, хөндүүртэй мөн 11-р хавирга хугарсан. Би зодуулсныхаа дараа өөрөө цагдаад дуудлага өгсөн ч сандраад зодуулаагүй гээд гүйгээд явсан. Бид хоёрыг зодолдоход манай ажлынхан болон Ичинноров эгч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 7-8-р хуудас/,
- Гэрч Ч.Оюун-Эрдэнийн “...2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед ажил дуусаад нэг сагс пиво аваад Дэнжийн хөндийд очоод авч явсан пивоноосоо 3-ыг уусан. Тэгтэл Батбаяр ахын эхнэр нь залгаад асуугаад байсан. Энэ үед Дашхорол нь Хишигжаргал руу залгаад доромжлоод байсан. Тэгээд бид хэд Батбаяр ахыг 17 цагийн орчимд гэрт нь хүргэж өгсөн. Гэрээс нь гараад явж байхад Дашхорол эгч Ичинноровтойгоо явж байхад Хишигжаргал машинаа зогсоогоод Батбаяр ахыг гэрт нь хүргэж өгсөн шүү гэх гэтэл Дашхорол түүнийг янхан гэж доромжлоод байхаар нь Хишигжаргал машинаасаа буугаад түүнийг 2 гараараа үсдээд авахаар нь Дашхорол зөрүүлж үсдээд хоёулаа газарт унасан. Тэгээд бид нар салгаж холдуулсан. Тэр 2 бие биенээ зодож цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 13-14 -р хуудас/,
- Гэрч Г.Мөнхзулын “...2023 оны 06 сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад М.Хишигжаргалын машинтай манайд ажлын Батбаяр, Оюун-Эрдэнэ, Бадмаабүрэн бид нар Дэнжийн урд талын хөндийд очоод 2,5 литртэй пиво ууцгаасан. Тухайн пивоноос М.Хишигжаргал машин барьж явсан болохоор уугаагүй. Тэгтэл Хишигжаргал руу Дашхорол залгаад янхан минь хүний нөхөр авчирч өг гэсэн утгатай зүйл яриад хэрэлдээд байсан. Тэгээд бид нар Батбаяр ахыг гэрт нь аваачиж өгтөл Батбаяр ах нэг архи задалсан. Бид нар хувааж уугаад харихаар болоод буцаад явж байхад замд Дашхорол эгч Ичинноровтой хамт гудамжинд явж байсан. Батбаяр ахыг гэрт нь аваачсан гэж хэлэх гээд зогссон. Тэгтэл Дашхорол нь Хишигжаргалыг янхан авгай минь хүн доромжиллоо гээд барьцалдаж аваад үснээсээ зулгаалцаад газарт унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
- Гэрч С.Бадмаабүрэнгийн “...2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орой 16-17 цагийн үед ажлаасаа гараад ажлыхантайгаа 2,5 литртэй пиво хувааж уусан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад аймгийн төв орж ирээд шууд Батбаяр ахыг гэрт нь хүргэж өгсөн. Батбаяр ахыг гэрт нь хүргэж ирэх үед Батбаяр ахын эхнэр, эхнэрийн дүү Дашхорол гэгч Хишигжаргал руу залгаад утсаар яриад байсан. Тэгсэн бид нарт хэлэхдээ над руу залгаад доромжлоод байна гэсэн. Тэгээд бид нар Батбаяр ахын гэрээс гараад Соёмботой толгойн хажуугаар явж байхад Дашхорол эгчтэйгээ явж байсан. Тэгээд бид нар хажууд нь очоод зогсох үед та яагаад хүн авч явдаг юм бэ гээд Хишигжаргалтай үснээсээ зулгаацалдаад хамт газар унасан. Тэгээд бид салгасан. Тэгсэн салгасан байх үед Дашхорол дахиж гүйж ирээд үснээсээ зулгаацалдаад байсан. Тэгээд бид нар салгаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Отгонбаярын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 000000216 дугаартай “...Д.Дашхоролын биед нуруууны ар талд зулгаралт, 11-р хавирганы хугарал гэмтэл илэрсэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх хавирганы хугарал гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байсан байна. Учирсан гэмтэлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дашхоролын биед нурууны ард зулгаралт, 11-р хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч М.Хишигжаргалын холбогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч М.Хишигжаргал нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дашхоролын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч М.Хишигжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Саарлынхан овогт Мөнхийн Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хишигжаргалыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хишигжаргалд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хишигжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.Хишигжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хууль заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хишигжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ