Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч Б.Гэгээнмандах, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан,

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт Батдамдингийн Гэгээнмандахад холбогдох 201624000693 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 23 дугаар гудамж, 10 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гучид овогт Батдамдингийн Гэгээнмандах (РД:ТА97061778),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 05-06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтайванын өргөн чөлөө 40 дүгээр байрны урд замд Хьюндай Верна маркийн 89-04 УНЦ улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, …ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсны улмаас явган зорчигч Б.Эрээндорлигийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үүрээр 04-05 цагийн үед найз Анхбаяртай цуг өөрийн машинтай халтуур хийж явж байсан. Мөнгөн завъяа дэлгүүрээс баруун тийш төв замаар явж байтал гэнэт замын хажуугийн модон дотроос хүн гарч ирээд зам хөндлөн гарч ирээд мөргүүлсэн. Тухайн үед би 50 метрийн зайнаас хохирогчийг хараад тоормос гишгээд, машиныхаа хүрдийг хажуу тийшээ дарсан боловч талийгаач дагаж ирээд мөргүүлсэн. Би талийгаачийг мөргөсны дараа цагдаа, түргэн тусламж дуудсан. Тэгээд ослын газрын хэмжилт хийлгээд эмнэлэг рүү явж хохирогчийг эмнэлэгт сахисан. Хохирогчийн эмчилгээний болон оршуулгын зардал, түүний зээлийн өр төлөх зардалд нийтдээ 9.500.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрмаагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Эрээндорлиг бол миний төрсөн ээжийн ах байгаа юм. Манай ээж нас барсан Талийгаач гэр бүлтэй, хүүхэд Норовсамбуу, эхнэр нь Эрдэнэчимэг гэдэг бичиг үсэг мэдэхгүй, даралт өндөртэй, хөл муутай учраас энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулж байгаа юм. Талийгаач 1949 онд 9 дүгээр сарын 10-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд айлын ууган хүү болж төрсөн. Боловсрол мэргэжил байхгүй, барилга орон сууцны 2 дугаар ангид сантехникийн слесарь хийж байсан. Тэтгэвэрт гараад 10 гаруй жил болсон. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15-ийн 2-39 тоотод эхнэр, хүүхдийнхээ хамт амьдарч байгаад энэ байраа банкинд барьцаанд тавиад зээл аваад төлбөрөө төлж чадахгүйн улмаас 2015 онд гэр оронгүй болоод байхаар нь би гэртээ авчирсан. Эрдэнэчимэгтэй манай ах сүүлд суусан. Эрдэнэчимэг 4 хүүхэдтэй байсан. Гэр оронгүй болчихоор нь Эрдэнэчимэг манай ахыг гэрээсээ хөөгөөд явуулсан байсан. Үүнээс хойш манайд амьдарч байсан. Энэ хугацаанд ажил хийгээгүй гэртээ байсан. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хотын төв орохоор ганцаараа гэрээс гарч явсан. Тэр өдрөө ирэхгүй байхаар нь цагдаад тэмдэглүүлсэн. Хуучин байрныхаа орчимд айлаар явж байна гэж сонссон. 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан талаар хүүгээс нь сонсож мэдсэн. Манай ах архи уучихдаг, архинд их дуртай хүн байсан. Архаг хууч өвчин байгаагүй. Тайван намуухан зөөлөн зантай хүн байсан. Архи тамхи хэрэглэдэг хүн байсан, гэхдээ хэтрүүлээд байдаггүй байсан. Найз нөхөд гэж байхгүй. ...Жолооч болон ар гэрийнхэн уулзсан. Оршуулгын зардлыг жолоочийн талаас гаргасан. 4.500.000 төгрөг зарцуулсан. Талийгаачийн ар гэрийнхнээс 3 сая төгрөг гарсан байсан. Талийгаач тэтгэврийн зээлтэй байсан. Ганц хүүхэд нь гэр оронгүй айл, айлаар амьдарч байна. Тэтгэврийн зээлийг нь төлөөд хүүхдийг нь гэр оронтой болоод өгөөч гэж жолооч болон жолоочийн ар гэрийнхэнд хэлж уулзсан. Талийгаачийн хүү Норовсамбуу намайг хохирогчоор оролцохыг зөвшөөрч бичгээр хүсэлт гаргаж өгч хэрэгт хавсаргасан. Цаашид энэ хэрэгтэй холбогдуулж, Б.Гэгээнмандахад ямар ч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.Н.Анхбаяраас:-Сүхбаатарын талбайгаас 3 дугаар эмнэлэг орохоор найз Гэгээнмандах өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Хьюндай Верна маркийн автомашиныг жолоодоод би жолоочийн хажуу урд талын сандалд суугаад Цэцэг төвийн гэрэл дохиотой уулзвар өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй голын эгнээгээр дунд зэргийн хурдтай явж байхад миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа модон дотроос гэнэт нэг хүн зам хөндлөн машины урдуур ороод ирэхээр нь Гэгээнмандах шууд машин тоормосыг гишгээд зүүн гар тийшээгээ нөгөө хүнийг мөргөхгүйн тулд жолоогоо дарахад нөгөө хүн урагшаагаа явсан чигээрээ машины урд хэсэгт мөргөгдөөд унасан. Гэгээнмандах бид 2 тэр дороо зогсоод цагдаа, түргэн рүү утсаар залгаж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Мөргүүлсэн хүн ганцаараа явсан. Дараа нь түргэн ирээд авч явсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөргүүлсэн хүнээс архи үнэртэж байсан. Замаар машины хөдөлгөөн бага, гэрэлтүүлэггүй харанхуй байсан. Явган хүний гарц гэрэл дохио байгаагүй. Явган хүний түнел харагдаж байсан. Машинд мөргүүлсэний дараа тэр хүн ухаантай байсан. Өргөх гэхэд “яаяа, яаяа” гэж хэлж байсан гэжээ.

2.Э.Норовсамбуугаас:-Аав ээж хоёр маань миний мэдэж байгаагаар 20 орчим жил хамт амьдарсан. Тэгээд 2015 онд хоорондоо салсан. Би тухайн үед хөдөө ажил хийдэг байсан юм. Тэр хоёр маань дундаасаа ганц хүүтэй буюу ганц хүү нь би байгаа юм. Аав ээж хоёр хэзээ гэрлэснийг би сайн мэдэхгүй байна. Би нэгдүгээрт эрх зүйн мэдлэг дутуу, мөн манай эхнэр манай талынхан хоорондоо ярьж байгаад уг хэрэгт аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Дэлгэрмаа эгчийг оролцуулах хүсэлт гаргасан. Цагдаад эгч Дэлгэрмааг хохирогчоор оролцуулах хүсэлт гаргахдаа эхнэрийн хамт хүсэлт гаргасан юм. Нас барахаасаа өмнө Дэлгэрмаа эгчийнд хамт амьдардаг байсан. Амьдраад бараг нэг жил гаран болсон байхаа. Би аавтайгаа нэг их холбоотой байгаагүй. Одоогоороо Дэлгэрмаа эгч бид нар хоорондоо сайн харьцаатай байдаг. Манай ах буюу ээжийн хүүхэд Эрдэнэчимэгийн Ганбаатар манай аав, ээж хоёрын амьдарч байсан байрыг банкинд тавиад алдчихсан юм. Ер нь гэр бүл салалт нь ч үүнээс үүдэлтэй байсан. Манай ээж 16 дугаар хороололд нэг байр хөлсөлж байгаа гэсэн. Ер нь бол холбоотой байдаг. Энэ хэрэг дээр манай ээжийг дуудаад байх шаардлагагүй гэж бодож байна. Энэ хэрэгт эгч А.Дэлгэрмааг хохирогчоор оролцохыг хүлээн зөвшөөрч байна. Манай талаас болон миний бие зөвшөөрч байгаа гэдгээ бичгээр гаргаж өгсөн. Одоо миний зүгээс А.Дэлгэрмаа эгчийг энэ хэрэгт хохирогчоор тооцож оролцуулж өгөхийг хүсэж байна. Яагаад гэвэл бид хоорондоо сайн харьцаатай хүний өмнөөс үг хэлээд явах хүн гэж ойлгож байна. манай ээж Р.Эрдэнэчимэг одоо 16 дугаар хороололд нэг газар түрээслэн амьдарч байгаа. Аав ээж хоёр байрнаас болоод 2015 оны эхнээс тусдаа амьдрах болсон. Би осол хэрэг гарсаны дараа болон цагдаа дээр ирж тайлбар мэдүүлэг өгсөнийхөө дараа энэ тухай хэлэхэд “...би наад хүнтэй чинь одоо огт хамаагүй болсон. Надад тийшээ очоод явж байх сонирхол байхгүй” гэж байсан. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, аавыг тэтгэврийн зээл авсан талаар сайн мэдэхгүй байна. Бодвол аваад өөрөө л хэрэглэсэн байлгүй дээ гэжээ.

Амь хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.8.20-ны ¹1473 тоот дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр авто осол тархи, хэвлийн хавсарсан гэмтэл, зүүн чамархай, зулайн тархины эдийн цус хуралт, элэгний баруун дэлбэн, нойр булчирхайн эдийн задрал, дотор эрхтэний доргилт холбоосны цус хуралт, хэвлийн хагалгааны дараах байдал, тархи, уушигны хаван, дотор эрхтний цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн гялангийн үрэвсэл, цус эргэлтийн хямрал, дух, биеийн мөчдийн зулгаралт, цус хуралт, 2 хөлний шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь дээрх тархи, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаач нь цусны АВО сисемтээр О 1-р бүлгийн цустай байна.

6.Талийгаач нь 2016.8.06-ны 20:45 минутад нас баржээ гэжээ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016.8.18-ны ¹84 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр шалгаж хэмжилт хийж үзэхэд тухайн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэжээ, урд хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормосны хүчний хэмжээ, зүүн гар талын их гэрлийн чадал, дугуйн хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин хойд хоёр дугуйн ажлын тоормос барихгүй, баруун гар талын их гэрлийн тусгалын тохиргоо босоо тэнхлэгтээ доош тусгалтай болж өөрчлөгдсөн, автомашины урд салхины шилийг шинээр сольж, скочоор тойруулж наасан, капотны урд хэсэгт хонхойсон, баруун гар талын урд буферын будаг халцарсан, улсын дугаарын гэрлийн баруун гар талын чийдэн байхгүй, зүүн болон баруун гар талын өндгөн тулгуур сул хөдөлгөөнтэй болсон, зүүн гар талын булны гармошк резин урагдаж даавуугаар ороосон мөн зүүн болон баруун гар талын втулк резин тасарсан, хянах самбар дээр “check engine” гэрэл ассан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Мөн урд тэнхлэгт ижил бус хэмжээстэй дугуй тавьсан нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэлгүй байв. Иймээс уг автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

8.Тухайн зам тээврийн осол хэрэг гарахаас өмнө үүссэн эвдрэл гэмтлүүдийг нягтлан үзэхэд уг автомашин нь техникийн хувьд бүрэн бус гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016.10.06-ны ¹559 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Верна маркийн 89-04 УНЦ дугаартай автомашины жолооч Батдамдингийн Гэгээнмандах нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг: 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Батсүхийн Эрээндорлиг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Явган зорчигчийн үүрэг: 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.

Техникийн шинжээч Ө.Мөнхнаст мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хьюндай Верна маркийн 89-04 УНЦ дугаартай автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг шинжээч Н.Алтанхуяг, М.Цэдэнгомбо нарын хамт гаргасан. Уг автомашины төхөөрөмжин дээр шалгаж үзэхэд ажлын тоормос барихгүй байсан нь өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангахгүй байна гэсэн үг юм. Гэхдээ уг автомашин хөдөлгөөнд оролцохдоо тоормос гишгэхэд тоормос нь барих ба зам дээр мөр үүсэх боломжтой гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.Гэгээнмандах нь 2016 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 05-06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 89-04 УНЦ дугаартай Х.Верна маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “тээврийн хэрэгслийн ажлын тооромзны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсны улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Эрээндорлигийг мөргөснөөс хохирогч тархи, хэвлийн хавсарсан гэмтэл авч, эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2 хоногийн дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Анхбаярын “…Цэцэг төвийн гэрэл дохиотой уулзвар өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй голын эгнээгээр дунд зэргийн хурдтай явж байхад миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа модон дотроос гэнэт нэг хүн зам хөндлөн машины урдуур ороод ирэхээр нь Гэгээнмандах шууд машины тоормосыг гишгээд зүүн гар тийшээгээ нөгөө хүнийг мөргөхгүйн тулд жолоогоо дарахад нөгөө хүн урагшаагаа явсан чигээрээ машины урд хэсэгт мөргөгдөөд унасан” гэх мэдүүлэг, амь хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.8.20-ны ¹1473 тоот дүгнэлт, “уг автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна” гэх Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 2016.8.18-ны ¹84 тоот дүгнэлт, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2016.10.06-ны ¹559 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, техникийн шинжээч Ө.Мөнхнастын мэдүүлэг, хохиролд нийт 9.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрмаагийн гомдол, саналгүй гэх баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Гучид овогт Батдамдингийн Гэгээнмандахыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Түүнчлэн хохирогчийн хэт хайхрамжгүйгээс буюу хохирогч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасныг зөрчиж, явган хүний гарцгүй газраар ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний, оршуулгын болон бусад зардалд нийт 9.500.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.    

Хэрэгт ¹1043064 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдан ирсэн ба шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул уг үнэмлэхийг эрх олгосон газарт нь зохих журмын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Замын цагдаагийн газраас шүүгдэгч Б.Гэгээнмандахын жолоодож явсан тээврийн хэрэгслийн ¹01120029 дугаартай гэрчилгээг хураан авч, хэрэгт хавсарган ирүүлсэн тул уг гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Гучид овогт Батдамдингийн Гэгээнмандахыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Гэгээнмандахыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Гэгээнмандахад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 9.500.000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

5.Хэрэгт хураагдан ирсэн ¹1043064 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан эрх олгосон газарт зохих журмын дагуу шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямсүрэнд даалгасугай.

6.2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Замын цагдаагийн газраас хураан авсан ¹01120029 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Гэгээнмандахад буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Гэгээнмандахад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

8.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гэгээнмандахад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ