Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 292

 

            Ш.У-д  холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ш.У-н өмгөөлөгч Д.Даваа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр  сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.У-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1910 02124 0812 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ш-н У, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн ..............................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................./;

Ш.У нь 2019 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 608 тоот гэрт хууль бусаар нэвтэрч, Д.У-н “Айфон X” загварын гар утас, цэнхэр ногоон туяатай “Булгари” загварын эмэгтэй хүний цүнх, улаан хүрэн өнгийн аква шүртэй орос монетон унждаг 8 ширхэгтэй ээмэг 1 хос, бриллиант шигтгээтэй хас хээтэй солонгос монетон ээмэг 1 хос, хөндийлж сийлсэн луу ороосон хээтэй цагаан хаш ноён сэврээ алтан нуухтай шүрэн толгойтой бага гарын хөөрөг, цэнхэр ногоон өнгөтэй хөөрөгний даалин, эмэгтэй хүний харааны шил зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 16.161.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ш.У-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Ш.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч Ш.У давж заалдах гомдолдоо: “...Миний бие уг хэргээс гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн өөрийн гэм бурууг маш сайн ойлгож, ухамсарлан харамсаж байна. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр, хүүхдийнхээ гол амьдралын баталгаа нь бөгөөд хамгаалагч нь юм. Миний хүүхдүүд 2-12 настай, хоёр хүүхэд маань сургуульд сурдаг, 2 бага хүүхдийг эхнэр маань хардаг. Эхнэр бид хоёрын хувьд банкинд сард 372.000 төгрөг, авто ломбардад сард 275.000 төгрөг тус тус төлөхөөс гадна өдөр тутмын хоол болон бусад хэрэглээ зэрэг санхүүгийн хямрал учраад байна. Бас хүүхэд харах хүн байхгүй учраас эхнэр ажил хийх боломжгүй байдаг. Иймд энэ бүх амьдралын тулгамдсан асуудлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Ш.У-ын өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан ял оногдуулсан. Ш.Унь бага насны 4 хүүхэдтэй, тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн хохирлоо нөхөн төлсөн. Иймд шүүгдэгч Ш.У оногдуулсан хорих ялаас 6 сарын хорих ялыг хасч, 1 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.У-т оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ш.У нь 2019 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 608 тоот гэрт хууль бусаар нэвтэрч, Д.У-н “Айфон X” загварын гар утас, “Булгари” загварын эмэгтэй хүний цүнх, орос монетон унждаг 8 ширхэгтэй ээмэг 1 хос, бриллиант шигтгээтэй хас хээтэй солонгос монетон ээмэг 1 хос, шүрэн толгойтой бага гарын хөөрөг, хөөрөгний даалин, эмэгтэй хүний харааны шил зэрэг эд зүйл хулгайлж, 16.161.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.У “... Амралтын газрын 608 дугаартай гэрт манай найз Б бид хоёр үлдээд унтаж амарсан. Өглөө 08 цаг 30 минутын үед сэрээд цаг хэд болсныг харах гээд цүнхээ хайтал урьд орой тавьсан газартаа байгаагүй. Би цүнхээ өөрийн унтаж амарсан орон дээр тавьсан байсан юм. ... Би бүх эд зүйлээ хүлээн авсан. ...” /хх 18-19/,

 гэрч А.-ын “... Өглөө У эгч ирээд “миний гар цүнх байхгүй байна” гэсэн. Бид нар цүнхийг нь хайгаад олоогүй. ... З-с асуухад “Л бид хоёр өөр гэрт хоносон, бид хоёрыг явах үед У эгчийн жижиг цүнх гэрийн баруун орон дээр байсан” гэж хэлсэн. ...” /хх 25-27/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Ш.У-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг өөрийн зөвшөөрснөөр үргэлжлүүлэн явуулав. Ш.У нь “Чингис хааны хүрээ” амралтын газрын 608 тоот гэр лүү ороод эмэгтэй хүний гар цүнх аваад тухайн амралтын газрын зүүн талд байрлах нийтийн бие засах газрын арын барилгын хашаанд хаясан байсныг өөрөөр нь заалгуулан тэмдэглэл үйлдэн хураан авав. ...” /хх 10-13/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 40/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34-35, 38-39/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ш.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ш.У-ын монгол гэрт нэвтрэн орж, 16.161.300 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.У-с “...ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн, хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.