| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0226/З/Т |
| Дугаар | 221/МА2026/0027 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2026/0027
“А ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүн: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н
Нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэгч нар нь Ү-2204110876, Ү-2204111004, Ү-2204111033, Ү-2204111034, Ү-2204112768, Ү-2204113155, Ү-2204113237, Ү-2204116411, Ү-2204121208 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан Ү-2204097358 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 693 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Л.А, гуравдагч этгээд Д.У-ийн өмгөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0226/3Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэгч нар нь Ү-2204110876, Ү-2204111004, Ү-2204111033, Ү-2204111034, Ү-2204112768, Ү-2204113155, Ү-2204113237, Ү-2204116411, Ү-2204121208 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан Ү-2204097358 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан улсын бүртгэгчид нар нь Ү-2204110876, Ү-2204111004, Ү-2204111033, Ү-2204111034, Ү-2204112768, Ү-2204113155, Ү-2204113237, Ү-2204116411, Ү-2204121208 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн 8-12 давхар дээр давхардуулан Ү-2204097358 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гаргасныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4250 дугаар дүгнэлтээр “иргэн У нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, 87А байр 0 тоот хаягт байршилтай, 4096 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс барьцаалагч “А ББСБ” ХХК-ийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр төлбөр тооцоо дууссан гэх өргөдөл, хүсэлтийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гарган бүртгэл хийлгэж, улсын бүртгэлд зөрчил үүссэн болох нь тогтоогдож, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журмын 11.5-д ... зааснаар хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах нь зүйтэй байна” гэжээ.
3.2. Хяналтын улсын байцаагч Д.Ч-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т үнэн зөв бодитой байх зарчмыг удирдлага болгон, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах; гэж заасныг баримтлан:
-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204110876, Ү-2204111004, Ү-2204111033, Ү-2204111034, Ү-2204112768, Ү-2204113155, Ү-2204113237, Ү-2204116411, Ү-2204121208 дугаартай бүртгэлийг зөрчил арилгах хүртэл хугацаагаар бүхэлд нь түдгэлзүүлэх,
-Албан үүрэгтээ хайнга хандаж, улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн улсын бүртгэгч Г нарт Төрийн албаны хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг Тамгын газарт энэхүү дүгнэлтийн хамт хүргүүлэх.
-Иргэн Д.У-г холбогдох асуудлаар нь харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх” гэж дүгнэсэн, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны Б/453, Б/454, Б/455, Б/456 дугаар тушаалаар улсын бүртгэгч нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан байсан ч шүүхээс энэ мэт буруутай үйлдлийг хаацайлж буй мэт шийдвэр гарч байгаад гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 693 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
3.3. Хэрвээ улсын бүртгэгчид бусдын барьцаа хөрөнгө дээр танил тал болон бусад аргаар барьцаалагчийн зөвшөөрөлгүй дураараа өөр өмчлөгчийг бүртгэж, шинэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаад байвал барьцааны гэрээ хийх хэрэг байна уу. Барьцаалсан барьцаа нь өөр өмчлөгчтэй болсон, зээлдэгчид зээлээ төлөхгүй санаатайгаар зээлийн төлөлтөөс зайлсхийж санхүүгийн байгууллагуудад чирэгдэл учруулдаг тул энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “эрхийн улсын бүртгэлийн Ү-2204111033, Ү-2204112768, Ү-2204113155, Ү-2204116411, Ү-2204111034, Ү-2204110876, Ү-204111004, Ү-2204113237, Ү-2204111208 дугаартай 9 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “иргэн Д.У манай компаниас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 87а байр, 0 тоотод орших 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө бүхэлд нь барьцаалж зээл авсан, улмаар уг орон сууц бүрэн ашиглалтад орж Д.У иргэдэд худалдан борлуулахдаа манай компанийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөхийг зөвшөөрсөн албан бичгийг хавсарган үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байсан, мөн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай” 4250 дугаар дүгнэлтээр Д.У нь төлбөр тооцоо дууссан гэх “А ББСБ” ХХК-ийн хүсэлтийг зөвшөөрөлгүйгээр үйлдэж улсын бүртгэл хийлгэсэн болох нь тогтоогдож гэмт хэргийн шинжтэй байна. Иймд уг эрхийн улсын бүртгэл дэх зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн” гэж, хариуцагчаас “анх 70 хувийн гүйцэтгэлтэй Ү-2204096052 дугаар бүртгэл иргэн Д.У-гийн нэр дээр бүртгэгдэж, “А ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг 2019 оны 04 дүгээр сард бүртгүүлсэн, ингээд барилга ашиглалтад орж 100 хувийн гүйцэтгэлтэй болж иргэн Д.Угийн нэр дээр бүртгэгдсэн, ийнхүү бүртгэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч хариуцна гэж заасан. Бид хуулийн дагуу бүртгэсэн байна” гэж тайлбарлан маргажээ.
2. Улмаар нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “улсын бүртгэгч нар нь “эрхийн улсын бүртгэлийн Ү-2204111033, Ү-2204112768, Ү-2204113155, Ү-2204116411, Ү-2204111034, Ү-2204110876, Ү-204111004, Ү-2204113237, Ү-2204111208 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, мөн барилгын 8-12 давхарт давхардуулан хууль бусаар Ү-2204097358 дугаартай гэрчилгээ хууль бусаар гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн бөгөөд түүний үндэслэлээ “иргэн Д.У иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр гарсан өр төлбөрөө 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлж дуусгасан, дээрх гэрчилгээнүүд барьцаа хөрөнгөнөөс чөлөөлөгдсөн ... гэрчилгээ анхнаасаа гарахдаа хууль бус байсан, энэ хугацаанд манай компани олох ёстой байсан орлогоо олж чадаагүй” гэж тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүхээс “Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны хууль, холбогдох журам зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулах шаардлагууд нь агуулгаараа хууль зүйн ялгаатай ойлголтууд юм. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн, ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн ч нарийвчилсан үндэслэлийг огт хэрэглээгүй тохиолдлыг ойлгодог. Улсын бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд мэдүүлгийг, мөн холбогдох бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс тус тус татгалзахаар заасан. Хуульд заасан дээрх нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж заасны дагуу тухайн бүртгэлтэй холбоотой шийдвэр гаргах эсэх эрхийг улсын бүртгэлийн байгууллага, түүний дотор улсын бүртгэгчид хуулиар олгосон байна. Хуулийн дээрх зохицуулалтаас харвал хариуцагч нарын бүртгэлийн ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “мэдүүлэг” гэж эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хэлбэрээр гаргасан хүсэлтийг ойлгоно гээд, 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна, 7.14-т “Улсын бүртгэгч энэ хуулийн 7.13-т заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад эх хувиар ирүүлсэн баримт бичгийг цахим хэлбэрээр илгээсэн баримт бичигтэй тулган нягталж, энэ хуульд заасан хугацаанд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулна”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:”, 19.4.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох;”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;” гэж тус тус заасан.
5. Маргааны энэ тохиолдолд зээлийн барьцаанаас чөлөөлсөн бичгийг зээлдэгч Д.У хуурамчаар үйлдсэн гэж тайлбарладаг ч улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийн үнэн зөв байдлыг дээрх хуульд зааснаар мэдүүлэг гаргагч Д.У хариуцах бөгөөд улсын бүртгэгч дээрх хуульд заасан баримт бичгийн бүрдлийг нягтлан шалгасны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэх эсэх шийдвэр гаргах эрх нь улсын бүртгэгчид нэгэнт хуулиар олгогдсон байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээргүй.
6. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Энэ нь захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогддог бөгөөд энэ тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар шийдвэр гаргах эрх улсын бүртгэгчид олгогдсон тул маргаан бүхий бүртгэлийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэхээргүй тул давж заалдах гомдолд дурдсан ““зээлдэгч Д.У гэрчилгээ салгаж хууль бусаар бүртгэхээс өмнө зээлээ хэвийн төлдөг байсан, харин гэрчилгээ гарсны дараа зээлээ төлөхөө больж иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрүүдээр явж зээлийн төлбөрөө манай байгууллагад алдагдалтай төлсөн ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4250 дугаар дүгнэлтээр улсын бүртгэгч нарын буруутай үйлдлийг тогтоож, Д.Уг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг анхаарч үзээгүй. Ингэж байж улсын бүртгэгч нарт сануулга өгөх ёстой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий бүртгэлүүдийн хувьд хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг үндэслэсэн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзнэ.
8. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны Б/454 дүгээр тушаалаар улсын бүртгэгч Г нарт сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 107.1-т “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу тохирсон шийтгэл гэж үзэхээргүй байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 384 дүгээр тогтоолоор энэхүү захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх энэ тохиолдолд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны Б/453, Б/454, Б/455, Б/456 дугаар тушаалаар улсын бүртгэгч нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан байсан ч шүүхээс энэ мэт буруутай үйлдлийг хаацайлж буй мэт шийдвэр гарч байгаад гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
9. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-иас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “эрхийн улсын бүртгэлийн Ү-2204111033, Ү-2204112768, Ү-2204113155, Ү-2204116411, Ү-2204111034, Ү-2204110876, Ү-204111004, Ү-2204113237, Ү-2204121208 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн манай байгууллагын хүсэлтээр шилжих хөдөлгөөн хийхгүй байхаар түр түдгэлзүүлснийг цуцалж өгнө үү ... зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж зээлийн гэрээнүүдийн төлбөрөө төлж дуусгасан тул манай байгууллагын барьцаанаас чөлөөлж бүртгэлээс хасч өгнө үү” гэсэн агуулга бүхий 3/23, 3/25 дугаар албан бичгүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байх бөгөөд маргаан бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр түүнд сэргэх эрх, ашиг сонирхол байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ