Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2017/0600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б-ийн Н,

Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч,

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б-ийн Н /РД:*******/ миний бие эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, мэргэжлээрээ 22 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу 2004 онд хуульчдын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд тухайн үед олгосон хуульчийн гэрчилгээг 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлөөс 0000261 дугаартай хуульчийн гэрчилгээгээр сольж шинэчлэн олгосон.

Улсын Их Хурлаас 2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан боловч тухайн үед бүртгэлийн материал хүлээн авч байсан ажилтан нь таны хуульчийн гэрчилгээ Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 10 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна гэж амаар мэдэгдсэн. Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоол нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалаар гишүүний татвар төлөөгүй, өмгөөлөгчийн үүрэг, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үндэслэлээр нэр бүхий өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг үндэслэн гарчээ. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалыг Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байна.

Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 10 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалыг Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаалаар хүчингүй болгосон тул Б.Н миний хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хуульчдын холбооны гишүүний эрх сэргээгдэх нь зүй ёсны асуудал гэж үзэж миний бие Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Г 2017 оны 4 дүгээр сард хандаж Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хүсэлт холбогдох материалыг хүргүүлэхэд Хуульчдын Холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон иргэдийн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх хугацааг 90 хоногоор тогтоон, уг хугацаа нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр www.mglbar.mn вэб сайтад энэ тухай нийтлэгдсэн үеэс эхлэн тооцож, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон тул таныг Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй гэдэг хариуг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/406 тоот бичгээр өгсөн.

www.mglbar.mn цахим хуудаст тавьсан Сайдын тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон иргэдийн өргөдлийг хүлээн авч байна гэсэн гарчигтай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн мэдээлэлд ...Тус хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалын хавсралтад нэр заасан иргэд нь Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалыг мэдсэнээс хойш 3 сарын дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан тохиолдолд зохих журамд заасны дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэж байхаар шийдвэрлэсэн байна гэжээ.

Миний бие дээрх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б-д өргөдөл гаргаж хариуг хүлээн авсаны дараа буюу 2017 оны 4 дүгээр сард Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудас болох www.mglbar.mn сайтаас Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаал гарсныг олж мэдэн, Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргасан боловч гишүүнээр бүртгэн авах хугацаа дууссан байна гэсэн хариуг авсан.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Г-ийн миний биеийг Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэл нь иргэн миний эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хуульчаар ажиллах эрхийг зөрчиж байна. Иймд Б.Н-ыг /*******/ Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Г даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хууль зүй дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалаар гишүүний татвар төлөөгүй, өмгөөлөгчийн үүрэг, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үндэслэлээр нэр бүхий өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

Б.Н-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл 71 дүгээр тушаалаар хүчингүй болсонтой холбогдуулан Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Хуульч сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлд заасан шүүгч огцорсон, прокурор ажлаас халагдсан, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон нь хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлээр түүний хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон байна.

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар, 71 дүгээр тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, болон хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх иргэдийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан.

Зөвлөлийн хурлаас эрх нь хүчингүй болсон хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргах хугацааг 90 хоногоор тогтоон, хүсэлтийг хүлээн авч, судалгаа хийж, холбогдох нотлох баримтыг үндэслэн эцэслэн шийдвэрлэх эрхийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид олгосон.

Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах хугацаа нь тус мэдээлэл 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр www.mglbar.mn, www.legalinfo.mn, www.legalinstitute.mn вэб сайтад нийтлэгдсэнээс эхлэн тооцогдож, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон байна.

Б.Н нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан. Тус холбооноос бүртгэлийн хугацаа дууссан тул хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй болох тухай хариуг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр /бичгээр/ хариу өгсөн байна.

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн албан ёсны вэб хуудсанд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаалыг байршуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасан заалтын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш мэдэгдсэн гэж үзсэн.

Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэхийг ойлгоно гэж тайлбарласан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид холбогдуулан Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэн Б.Н нь 2004 оны хуульчдын сонгон шалгаруулалтад тэнцсэн тул Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлөөс 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрчилгээ олгосон бөгөөд нэхэмжлэгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 137 дугаар тушаалын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх 782 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Зарим хүмүүсийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 71 дүгээр тушаалаар Б.Н-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэн Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Б.Н-ын гэрчилгээг хүчингүй болгожээ.

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг, 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсөн байна.

Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь ...Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны 10 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалыг Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаалаар хүчингүй болгосон тул уг тушаалыг мэдсэнээс хойш 3 сарын дотор Б.Н миний хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хуульчдын холбооны гишүүний эрх сэргээгдэх ёстой... гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107 дугаар тогтоолоор /цаашид зөвлөл гэх/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалын хавсралтад нэр заасан иргэдийг Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалыг мэдсэнээс хойш 3 сарын дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан тохиолдолд хуульчдын нэгдсэн бүртгэлд тухай бүр нь бүртгэж байхыг зөвшөөрч, бүртгэх ажлыг зохион байгуулахыг холбооны Ерөнхийлөгч, Тамгын газарт тус тус даалгасан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө., 48 дугаар зүйлийн 48.1Хуульчдын холбооны зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ нь Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна. гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр www.mglbar.mn веб хуудсанд Сайдын тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон иргэдийн өргөдлийг хүлээн авч байна гарчигтайгаар байршуулсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн тогтоолд заасан 3 сарын хугацаа дууссан... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь зөвлөлийн тогтоолд Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/189 дүгээр тушаалыг мэдсэнээс хойш 3 сарын дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан тохиолдолд хуульчдын нэгдсэн бүртгэлд тухай бүр нь бүртгэх талаар заасан байхад хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргах хугацааг веб хуудсанд мэдээлэл гарснаас хойш 90 хоног гэж тогтоож хязгаарласан нь нэхэмжлэгч Б.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь дээрх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өргөдөл гаргаж хариуг хүлээн авсаны дараа буюу 2017 оны 4 дүгээр сард Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудас болох www.mglbar.mn сайтаас Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаал гарсныг олж мэдэн, Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргасан гэж тайлбарладаг бөгөөд үүнийг үгүйсгэх тайлбар, баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...мэдээлэх үүргийг Монголын Хуульчдын холбоо хүлээж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6, 43.7-д заасныг үндэслэн Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаалын талаар мэдэгдсэн... гэж тайлбарлаж байх боловч Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байна.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр веб хуудсаар мэдээлсэн гэх асуудалд Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд Б-ийн Н /РД:*******/-ыг бүртгэж, хуульчийн гэрчилгээ олгохыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН