Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.*******,

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Ж.*******ад холбогдох  2323000000080  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ******* овогт *******ы *******, регистрийн дугаар *******.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.******* нь Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гандангийн жижүүрийн өрөөнөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө иргэн М.*******ийн эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүний Хаан банкны тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн зарлага гаргаж түүнд дээрх хохирлыг учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч  ******* овогт *******ы ******* нь Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гандангийн жижүүрийн өрөөнөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө иргэн М.*******ийн эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүний Хаан банкны тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн зарлага гаргаж, түүнд дээрх хохирлыг учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч М.*******ийн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ буюу Улиастай сумын д жижүүрт гараад байж байтал 21 цагийн үед урьд 180,000 төгрөг зээлж байсан зүс таних залуу ирээд зээлсэн мөнгөө авна гэхээр нь би 180,000 төгрөгийг баазын Хаан банкны АТМ-ээс авч өгсөн. Тэгээд манай ажил дээр тэр залуутай хамт очоод би картаа аваад дэрэн доороо хийсэн. Тэгээд галаа түлээд орж гараад үнсээ асгаад хоносон бөгөөд тэр залуу надтай хамт хоноод өглөө 07 цагт гараад явсан. Би ажлаасаа 09 цагт буугаад гэртээ очоод цүнхээ гаргаж ирээд үзэхэд миний Хаан банкны виза карт байхгүй болсон байсан. Би өөрийн бэр тэй Улиастай захын хажуугийн Хаан банкнаас иргэний үнэмлэхээ уншуулаад дансны хуулгаа авч үзэхэд миний данснаас 2 удаагийн гүйлгээгээр 460,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. ...Би картаа хаана хийсэн талаараа мэдэж байна. Тэр залууд мөнгө авч өгөөд энгэртээ зүүдэг жижиг цүнхэндээ иргэний үнэмлэхийн хажууд дэвтэр завсраа хийгээд ажлын унтдаг орны дэрэн доогуураа хийсэн байсан. Тэндээс ганцхан виза карт алга болоод иргэний үнэмлэх үлдсэн байсан. Миний картын дугаарыг мэдэх хүн байхгүй, манай эхнэр ч мэддэггүй.” гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуудас/,

 - Мөрдөгчийн овогтой *******ийн ХААН банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн “...Завхан аймгийн Улиастай сумын иргэн М.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас 460,000 төгрөг алдсан гэх хэрэгт хохирогч М.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулганд хэрэгт ач холбогдолтой байдлыг тогтоох зорилгоор дээрх тоот дансны 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хоорондох орлого, зарлагын гүйлгээний хуулганд үзлэг хийхэд 2023 оны 04 дүгээр сарын 02 ны өдрийн 07 цаг 31 минутад TRF=000830531123-949618хххххх9682- ХАС>ULIASTAI гэсэн гүйлгээний утгатай 400,500 /дөрвөн зуун мянга таван зуу/ төгрөгийн, 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 07 цаг 33 минутад TRF=000830531227-949618хххххх9682-ХАС>ULIASTAI гэсэн гүйлгээний утгатай 60,500 /жаран мянга таван зуу/ төгрөгийн зарлагын гүйлгээнүүд тус тус хийгдсэн байв.” гэх тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,

- Шүүгдэгч Ж.*******ын “...Би аймгийн Прокурорын газраас надад холбогдуулан хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би ийм хэрэг хийсэн нь үнэн. Уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримттай тохирсон, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Ж.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эзэмших эрхэд халдаж иргэн М.*******ийн өмчлөлийн Хаан банкны виза картыг хулгайлж түүний түүний эзэмшлийн данснаас 460,000 төгрөгийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Ж.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.*******ид 460,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн болох нь М.*******ийн ХААН банкны дипозит дансны хуулга болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

         Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 41-р хуудас/

Шүүгдэгч Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн хийсэн үйлдлээ буруу гэдгээ ойлгож гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.

Шүүхээс Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ад оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******ад оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ДОРЖБАЛ