Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/01110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 11/3 тоотод  байрлах “Ю” ХХК /РД:5101743/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *******,*******, ******* тоотод оршин суух, Цэрэндоржийн Эрдэнэбаатар /РД:*******/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *******,*******, ******* тоотод оршин суух, Түвшинбаатарын Ганцэцэг /РД:*******/ нарт холбогдох

2,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, хариуцагч Э, Г, нарийн бичгийн дарга ............. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ю” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч О.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Э нь эхнэр Гийн хамт 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр тус компанитай харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 22-р хороо, 15-р хорооллын*******ны ******* тоот 41,9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар эхнэр Гийн нэр дээр гэрээ байгуулж, орон сууцны нийт үнэ 77,515,000 төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөн байранд орсон юм. 2019 оны 01-р сарын 08-нд Хас банкнаас 45,461,500 төгрөгийн орон сууцны зээл Гийн нэр дээр гарахаар болсон бөгөөд Э, Г нар нь тус компанитай 2018 оны 12 сарын 25-ны өдөр тооцоо нийлж 6,885,414 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан болно. Дээрх төлбөрөөс 1,885,414 төгрөгийг тус компани хөнгөлөлт үзүүлэн хасаж тооцох, Э, Г нар нь үлдсэн 5,000,000 төгрөгийг Ю ХХК-тай зээлийн гэрээ байгуулж төлөх, манай компани байрны эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг Гийн нэр дээр гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу 2019 оны 01 сарын 01-нд зээлийн гэрээ байгуулагдаж, тус компани тохиролцсон ёсоор эд хөрөнгө эзэмших гэрчилгээг Гийн нэр дээр гаргаж өгсөн юм. Энэ зээлийн гэрээгээр Э, Г нар нь байрны үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр 2019 оны 07 сарын 11 хүртэл хугацаанд сар бүр графикийн дагуу төлөн барагдуулахаар тохиролцсон болно. Гэтэл Э, Г нар нь 2019 оны 03 сарын 12-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 13-нд 500,000 төгрөг, 2019 оны 04 сарын 15-нд 2,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг боломжгүй байна гэсэн шалтгаанаар төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас хойш 2019 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд төлөх нийт алдангийн хэмжээ 1,297,500 төгрөг болсон байдаг. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болох 1,500,000 төгрөг, Иргэний хуулийн 232,4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алданги 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Манай компани шүүхээр олон хэрэг шийдвэрлүүлэхдээ ихэнхтэй нь эвлэрч шийдвэрлүүлсэн. Хариуцагч нартай учраа олоогүй, нэгэнт шүүхэд хандсан учир эвлэрэхгүй, шүүхээр шийдвэрлүүлье гэж шийдсэн. Хариуцагч нар манайхаас 41.9 м.кв орон сууц худалдан авсан, Гтэй гэрээ байгуулсан, өмчлөгчөөр бүртгүүлсэн, одоо амьдарч байгаа. Орон сууц худалдсан талаар, нийт дүнг 76,893,000 төгрөгөөр тохирсон, урьдчилгаа төлбөрт болон зээлээр, бэлнээр төлбөрүүдийг төлсөнтэй маргаан байхгүй. 2019.01.01-ний өдөр гэрээний тооцоог нийлж, 6,885,414 төгрөгийн үлдэгдэлтэй гарснаас манай компани 1,885,414 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, 5,000,000 төгрөгийг хариуцагч нар 5 хувааж төлөхөөр тохирч, зээлийн гэрээ байгуулсан. Зээлд бэлнээр 5 сая төгрөг өгөөгүй ч зээлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Гийн тооцоо гэх баримтад гараашийн түрээсийн төлбөрийг оруулж тооцсон байгаа. 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргаан байхгүй ...”гэв.

Хариуцагч Э, Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Апартмент 75 байрны гүйцэтгэгч О.Батсүхтэй байрны төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2019 оны 03 сарын 12-ны өдөр, 2019 оны 03 сарын 13-ны өдөр, 2019 оны 04 сарын 15-нд зээлийн гэрээний хуваарийн дагуу нийт 3,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлж барагдуулах болно. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа учир нь манай байрны оршин суугчид болон бид*******ыг гүйцэтгэгч хариуцагч О.Батсүхэд орчин болон тохижилт, эрүүл аюулгүй байдалд сэтгэл ханамжтай бус тус байр ашиглалтад орсноос хойш оршин суугчдын төлөө өнөөг хүртэл юу ч хийгээгүй байгаад гомдолтой байна. Шинэ орон сууц баригдаж, тухайн орон сууцыг барьсан компани нь гурван жилийн хугацаанд ашиглалт, үйлчилгээг нь хариуцах нэрээр өөрсдийнхөө хувийн орон сууцны конторыг байгуулчхаад байна гэж үзэж байна. Хүчээр СӨХ-г байгуулахгүй аваад байна гэсэн санал сэтгэгдэл хардалт нийт оршин суугчдын дунд үүсээд байна. Гэтэл хуулиараа барилгын баталгаат хугацаа дууссаны дараагаар СӨХ байгуулагдах ёстой гэдгийг оршин суугчид хэлээд шаардаад байхад шийдвэрлэсэн зүйл өнөөдрийг хүртэл байхгүй байна. Манай байр ашиглалтад ороод 4 жил гаран болж байна. Баталгаат хугацаанд хийсэн зүйл огт байхгүй айл бүрээс засварын мөнгө гэж өөр өөр дүнтэй мөнгө сар бүр авдаг. Хариуцагч О.Батсүх өнөөдрийг хүртэл тайлан мэдээ гаргаж хурал цуглаан хийж тайлагнасан зүйл байхгүй байна. Байрны дотор, гадна тал болон гадна орчин, аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, засвар үйлчилгээ, жижүүргүй, гадна үүд хаалга нь цоожгүй мөн ус алдсан байранд айл оруулж хүндрэл учруулж дахин дахин нүүлгэн шилжүүлэлт хийлгэсэн, байрны доод давхарт СӨХ-ны хууль зөрчин Кимчины үйлдвэр оруулж түрээслүүлэн оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, энэ байранд хариуцагч эзэн байхгүй байна. Нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг зээлж аваагүй, зээлийн гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Бид нэг гэр бүлийн хүмүүс, байр авсан нь үнэн, байрны үлдэгдэл төлбөрт 2019.01.01-ний байдлаар 5,000,000 төгрөг төлөх байснаас 3,500,000 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш  1,000,000 төгрөг төлсөн. Одоо 500,000 төгрөгийг төлнө, алданги 750,000 төгрөгийг төлөхгүй ...” гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ю” ХХК, хариуцагч Э, Г нарт холбогдуулан “2019.01.01-ний зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,500,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр багасгаж, “2019.01.01-ний зээлийн гэрээний үндсэн төлбөрт 500,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжилж байна.

Хариуцагч тал “2019.01.01-ний зээлийн гэрээ нь хуульд нийцэж байгаа нь тодорхойгүй, 5,000,000 төгрөг бэлнээр аваагүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч “Ю” ХХК 2019 оны 01 сарын 01-ний өдрийн “зээлийн гэрээ”-гээр хариуцагч Э, Г нарт 5,000,000 төгрөгийг 6 сар 11 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр “Ю” ХХК-иас Э, Г нарт 5,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас хариуцагч Э, Г нар Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *******,*******, ******* тоот 41.9 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,850,000 төгрөгөөр худалдан авсан, орон сууцны өмчлөх эрхийг Гийн нэр дээр бүртгүүлсэн, хариуцагч нар одоо уг орон сууцанд амьдарч байгаа, гэрээнд орон сууцны м.кв-ын үнийг 1,850,000 төгрөгөөр бичигдсэн боловч талууд нийт үнийн дүнг 76,893,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ, Гийн тооцоо гэх баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч нар урьдчилгаа төлбөрт бэлнээр 23,067,900 төгрөг төлсөн, Хас банк ХХК-иас зээл авч 45,461,500 төгрөг төлсөн, бэлнээр 1,478,186 төгрөг төлсөн, “Ю” ХХК-ийн зүгээс 1,885,414 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, 2019.01.01-ний байдлаар хариуцагч нар 5,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байсан болох нь зохигчийн тайлбар, Гийн тооцоо гэх баримтаар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

Худалдан авагч тал болох Э, Г нар 2019.4.1-нд 1,000,000 төгрөг, 2019.05.01-нд 1,000,000 төгрөг, 2019.06.01-нд 1,000,000 төгрөг, 2019.07.01-нд 1,000,000 төгрөг, 2019.07.11-нд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг худалдагч тал болох “Ю” ХХК-д төлөхөөр тохиролцсон хэдий ч тохиролцсон хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Худалдан авагч тал 2019.03.12-нд 1,000,000 төгрөг, 2019.03.13-нд 500,000 төгрөг, 2019.04.15-нд 2,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хойш 1,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч нарыг 500,000 төгрөг төлөөгүй гэж үзэхээр байна.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний 5-д заасны дагуу нэхэмжлэгч тал 0.5 хувиар тооцож алданги шаардах эрхгүй байна.

Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч Э, Г нараас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э, Г нараас 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, Г нараас 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ