Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1004

 

2023          10          05                                   2023/ШЦТ/1004

                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Э.Б,

Шүүгдэгч: Г.Ннарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Нд холбогдох эрүүгийн 2309 00000 1921  дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б танхимд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20.... оны 01 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Г Н” констракшнд угсрагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Архангай аймгийн ........................... тоотод оршин суух хасгийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Боржигон овогт Г.Н /РД:............/,

 

Холбогдсон хэргийн товч утга.

Шүүгдэгч Г.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 806 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Ннь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Ттой маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь “дээд уруулын баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, дотор талд баруун цус хуралт, шарх, баруун 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Тын “...Би Г Н компанид 3 хоногийн өмнө мужааны ажилд орсон. Манай компани шинэ парк барих төсөл дээр ажилладаг юм. Би тэнд туслахын ажил хийдэг. Өчигдөр буюу 2023 оны  7 дугаар сарын  20-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд Н гэж хүнтэй хамт бетон авах гээд бетоныхоо хэв хашмалын хажууд зогсож байсан. Тэгтэл намайг манай инженер бетоны өнцгүүдийг өнгөл гэж хэлхээр нь би тэр ажлаа хийх гэж байхад Н гэх залуугаас би энийг би хийх юм уу гэж асуутал Н гэж хүн тэгээд би хийх юм уу гээд уурлаад амандаа намайг элдвээр хараагаад байсан. Тэгэхээр нь та яагаад намайг хараагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр Н гэх хүн чи яагаад өөдөөс хэгжүүрхээд байгаа юм гээд хүрч ирж намайг хоёр гурван удаа цохисон. Тэгээд бид хоёрыг тухайн ажиллаж байсан инженер ирж салгаад тэр үед миний хамраас цус гараад байсан болохоор би бетоны хажуугаас холдоод цусаа арилгаад зогсож байтал тэр Н гэх хүн ирээд хэлэх хүн байвал бүгдэд нь хэлээрэй ажлын дуусгаад хоёулаа дахиад уулзъя гэж хэлээд яваад өгсөн …” гэсэн мэдүүлэг / хх 10-11 /,

-Гэрч М.Аы  “...2023 оны 7 дугаар сарын  20-ны өдөр орой ажил тарах дөхсөн үед бетон авах болоод 4 ажилчин, нэг инженер үлдсэн. Тэгээд нэг бетон миксэр нь ирээд бетон авч байх үед Н бетон өнгөлж байсан. Тэр үед Т хажууд нь зогсож байсан. Цаана нь манай чанарын инженер М бетоноос дээж авах гээд саваа тослоод барьчихсан бэлдэж байсан. Н Тыг чи наадхаа аваад өнгөлж бай гээд байсан. Би чанарын инженертэй юм яриад зогсож байтал манай чанарын инженер М тэр цаана Н, Т хоёр барилцаад авчхаж тоглоод байгаа юм уу яагаад байгаа юм гэхээр нь би хартал тэр хоёр бие биенийгээ заамдалдсан байдалтай байж байхаар нь би салгах гээд очих үед Н Тын уруул хавьцаа мөргөчихсөн. Тэгээд би тэр хоёрыг салгаад Нг ажилд нь оруулж Тыг чи одоо буу явж амар гээд явуулсан. Тухайн үед Т Нгийн хүзүүг боосон юм шиг Нгийн хүзүү улаан болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /хх 17 /,

-Гэрч Мгийн “... 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим манай барилга бетон зуурмаг авах гэж байсан.Тэр үед би бетоноос дээж авах гээд зогсож байтал бетоны нөгөө талд нь Н, Т хоёр тоглоод байгаа юм уу, зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй зууралдсан байсан. Би тэд нарыг болиулаач ээ, ажлаа хийгээч ээ гээд хэлсэн чинь тэр хоёр зууралдахаа больчихсон. Тэгээд манай компаний даамал Амараа ах тэр хоёр дээр очиж салгаад Т гэх залууг нь гэрлүү нь явуулчихсан. Н нь ажлаа хийгээд үлдсэн …” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас /

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9238 дугаартай  “ Т.Тын биед дээд уруулын баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, дотор талд баруун цус хуралт, шарх, баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тооцогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх шинжилгээ /хх 23-24 дүгээр тал/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр нүүрэн тус газарт мөргөсөн үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Ннь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Нгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тод 450.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Нгаас 450.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Тод олгож, 3 сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

7. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч нь дээрх ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

9. Шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Шүүхээс шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчтой маргалдан нэг удаа цохисон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Боржигон овогт Г.Н /РД:............/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ннь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нгаас 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Т.Тод олгосугай.

 

            6. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Нгийн бусдад учруулсан хохирлыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  8. Шүүгдэгч Г.Ннь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧАНЦАЛНЯМ