| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 118/2025/0026/З |
| Дугаар | 221/МА2026/0048 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2026/0048
А.М-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүн: Шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч С.Н
Нэхэмжлэгч: А.М
Хариуцагч: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх тушаалыг үндэслэж албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон тул зөрүү 2.011.867 төгрөгийг олгуулах тухай”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 118/2025/0026/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.М-гаас Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан “Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх тушаалыг үндэслэж албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон тул зөрүү 2.011.867 төгрөгийг олгуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, уг тушаалын улмаас учирсан хохирол 2.011.867 төгрөгийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчаас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх захиргааны байгууллага буюу хариуцагчийг буруутгахдаа зөвхөн процесс ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд үндсэн зөрчлийн талаар хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч А.М-гаас Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан “Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх тушаалыг үндэслэж албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон тул зөрүү 2.011.867 төгрөгийг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх зөрчлийн шинж байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн “... Хариуцагч Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-д заасан нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт гаргах ажиллагаанд оролцуулаагүй, түүнээс тайлбар, аваагүй, сахилгын шийтгэл ногдуулах эсэх дүгнэлтийг бичгээр танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй, журамд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйлдлүүдийг хэрэгжүүлээгүй зөрчсөн нь хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг бүрэн шалгаж тогтоосон гэх үндэслэл болохгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Завхан аймгийн Яруу сумын Эрүүл мэндийн төвийн эмч М.А-аас “хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2024 оны 11-12 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй” гэсэн агуулга бүхий зөрчлийн талаарх гомдол гаргасан. Уг гомдлыг хяналтын байцаагч А.М хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээд тус төвийн нягтлан бодогч Б.Г-аас холбогдогчоор мэдүүлэг авч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0010272 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4-т “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Г-т 250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Ийнхүү шийтгэл ногдуулахдаа хуулийн этгээдэд буюу Яруу сумын Эрүүл мэндийн төвд шийтгэл оногдуулсан атлаа нягтлан бодогч Б.Г-ийн нэрийг бичсэн, Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ” гэж заасныг тайлбарлаагүй, улмаар уг шийтгэлийн хуудсын хэрэгжилтийг хангуулахад хяналт тавиагүй бөгөөд дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг анх гомдол, мэдээлэл гаргасан иргэн Б.А төлсөн үйл баримт тогтоогдож байна.
2.4. Завхан аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шалгалтаар илэрсэн зөрчил арилгуулах тухай” 02 дугаар шаардлагаар дээрх зөрчлийг дурдан Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичнэ” гэж заасныг баримтлан “... зөрчлийн хэрэг, материалд холбогдуулан төлсөн торгох шийтгэлийн 50 хувийг холбогдогч нарт буцаан олгуулах талаар Завхан аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст албан бичиг хүргүүлж, зөрчлийг арилгуулан, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын үүрэг, хариуцлагыг сайжруулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, илэрсэн зөрчлийг давтан гаргуулахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар... Прокурорын шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хариуг 15 хоногийн дотор ирүүлэх ... шаардлагын хугацаанд хариу ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг” дурджээ.
2.5. Дээрх прокурорын албан шаардлагын дагуу хариуцагч Нийгмийн даатгалын газрын дарга нь маргаан бүхий Б/40 дүгээр тушаалаар Зөрчлийн тухай хууль зөрчин, хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, төрийн албан хаагчид торгууль ногдуулсан, мөн торгуулийг гомдол гаргагч буюу даатгуулагч төлж хохирсон гэж тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дага А.М-д албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуульд нийцжээ.
2.6. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид ...сахилгын шийтгэлүүдийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгчийн үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан тушаал хууль зөрчөөгүй, гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байна.
2.7. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 6.6 дугаар зүйлийн 2-т “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 6.6 дугаар зүйлийн 9-д “Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална”, 7.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна” гэж тус тус заажээ.
2.8. Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн улсын байцаагч А.М- нь Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан бол шийтгэл оногдуулсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах бөгөөд тэрээр Завхан аймгийн Яруу сумын Эрүүл мэндийн төвд холбогдох НД-02 дугаартай зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгууль ногдуулахдаа зөрчил гаргасан хуулийн этгээдийн бус тус Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б.Г-ийн нэрийг бичсэн, уг торгуулийг анх гомдол, мэдээлэл гаргасан Б.А төлсөн үйл баримтад хяналт тавиагүй, түүнчлэн хуульд заасан хугацаанд торгууль төлсөн тохиолдолд торгуулийн 50 хувийг хөнгөрүүлэх Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 А/42, А/71 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан аргачлалыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс “сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журам зөрчсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан ч нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах;” гэсэн төрийн албан хаагчийн хориглох үйл ажиллагаа явуулсан байх тул хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийн энэхүү хуульд нийцээгүй шийдвэрт хариуцлага тооцсон нь тус хуулийн 48 дугаар зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж заасантай нийцжээ.
2.10. Иймд төрийн жинхэнэ албан хаагч А.М нь сахилгын зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, уг сахилгын зөрчилд хариуцлага тооцсон Б/40 дүгээр тушаал хэрэгжиж нэгэнт дууссан энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан гэж үзэхгүй тул Б/40 дүгээр тушаалыг үндэслэж нэхэмжлэгчийн албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон зөрүү 2.011.867 төгрөгийг нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Түүнчлэн хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Н өндөр насны тэтгэвэрт гарч, нэхэмжлэгч А.М нь тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон талаар 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааны ирц тодруулах үед мэдэгдсэн.
3.1. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч А.М нь хариуцагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх болсонтой холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс тодруулга хүссэн албан бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн боловч тус газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/114 дүгээр албан бичгээр “...тус хэрэгт Нийгмийн даатгалын ерөнхий газар эрх залгамжлагчаар оролцох боломжгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрыг эрх залгамжлагчаар тогтоож, тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч төлөөлөгч томилон оролцох нь зүйтэй байна” гэсэн хариу ирүүлжээ.
3.2. Дээд шатны захиргааны байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газар Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Н-ын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар нэгэнт хариу ирүүлсэн тул дээрх давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
4. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.М-гаас Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргалд холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/40 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх тушаалыг үндэслэж албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан болон 2025 оны ээлжийн амралтын нөхөн олговрын дүнг тооцохдоо мөн адил бууруулсан дүнгээр тооцсон тул зөрүү 2.011.867 төгрөгийг олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ