Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 8

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Болормаа,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч Д.Төмөрсүх, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуламжавын Төмөрсүхэд холбогдох эрүүгийн 201625031561 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамжны 603 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй,

            -Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 122 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            -Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

            -Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

            -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

            -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Улаалзгай овогт Дуламжавын Төмөрсүх (РД:ЖЭ82072411),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мөнгөн завъяа дэлгүүрийн урдуур явж байсан Солонгос улсын иргэн Жон Кюу Рэгийн халааснаас хэтэвчтэй 365 ам доллар, 285.000 вон, 12.000 төгрөг, 4 картыг хулгайлж бусдад 1.323.515 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөнгөнзавъяа дотор хоёр солонгос явж байсан. Нэг нь зүүн талын халаасандаа түрийвчээ хийхийг нь хараад авсан. Түрийвчинд их мөнгө байсан. Тэгээд түрийвчийг нь өгье гэж бодоод буцаад иртэл нөгөө хүмүүс байхгүй байсан. Тэгээд найман шарга орсон. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирлыг эгчээсээ авч өгсөн. Үүнээс хойш амар хялбар аргаар амьдрахгүй гэв.

            Хохирогч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Жон Кюу Рэ (JEONG GYORAE)-гийн төлөөлөгч Д.Мөнхбаатараас мөрдөн байцааалтад мэдүүлэхдээ:-Би Солонгос улсын иргэн Жон Кюу Рэ-г танина. Бид нар хоорондоо ажил төрлийн хамааралтай юм. Солонгос улсын иргэн Жон Кюу Рэ Монгол улсад 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ирээд надтай хамтарч ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед буцсан. Жон Кюу Рэ нь Солонгос улс руу буцахаасаа өмнө намайг итгэмжлэгдсэн төлөөлөгч болгосон юм. 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Мөнгөн завъяа дэлгүүрийн урдуур зүүнээсээ баруун чиглэлтэй алхаж явж байгаад Солонгос улсын иргэн Жон Кюу Рэ нь куртикнийхээ зүүн халааснаас түрийвч эд зүйлээ хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Луис Куатурз брэндийн саарал өнгийн арьсан түрийвч, дотор нь 365 ам доллар, 285.000 вон, 12.000 төгрөг, олон улсын виз карт 4 ширхэг, нисэх буудлын амралтын өрөөний хөнгөлөлтийн карт, цээж зураг, нэрийн хуудас зэрэг эд зүйл хулгайд алдсан. Солонгос улсын иргэн Жон Кюу Рэ нь Луис Куатурз брэндийн саарал өнгийн арьсан түрийвч, олон улсын виза карт 4 ширхэг, нисэх буудлын амралтын өрөөний хөнгөлөлтийн карт, цээж зураг, нэрийн хуудас зэрэг эд зүйлээ эргүүлэн авсан. Хулгайд алдсан 365 ам доллар, 285.000 вон, 12.000 төгрөг, нийлээд 1.323.515 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр 50.000 төгрөг өгч Солонгос улсын иргэн Жон Кюу Рэ-гийн хохирлыг бүрэн барагдуулсан гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.А.Энх-Амгалангаас:-2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяа автобусны буудал орчим явж байсан гадаад улсын иргэн түрийвчтэй мөнгөө алдсан гэх дуудлагын дагуу очиж ажиллахад халаасны хулгай үйлддэг Д.Төмөрсүх явж байхаар нь уулзахад хулгай хийсэн талаараа өөрөө ярьсан юм. Тэгээд хулгайлсан эд зүйлээ авч ир гэхэд за гээд яваад авч ирсэн. Би Д.Төмөрсүхийн хулгайлсан эд зүйл болох түрийвч, виза карт зэргийг хурааж авч эзэнд нь хүлээлгэн өгсөн. Түрийвч дотор байсан мөнгө нь алга болсон байсан гэжээ.

2.Д.Тайванжаргалаас:-Би Д.Төмөрсүхийг 1 жилийн өмнөөс таньдаг болсон юм. Би Д.Төмөрсүхийг хорих 0461 дүгээр ангид эргэлтээр очсон юм. Тэгэхэд Д.Төмөрсүх нь хохирлын мөнгө 50.000 төгрөг дутуу байгаа юм чи түүнийг аваачаад өгчихөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би хохирлын 50.000 төгрөг авч ирж өгч байгаа юм гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Д.Төмөрсүх нь 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мөнгөн завъяа дэлгүүрийн урд талын гудамжаар явж байсан БН Солонгос улсын иргэн Жон Кюу Рэгийн хүрэмний халааснаас 365 ам доллар, 285.000 вон, 12.000 төгрөг, 4 ширхэн карт бүхий хэтэвч хулгайлан авч бусдад 1.323.515 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгчийн “…Солонгос улсын иргэн Жон Кюу Рэ нь куртикнийхээ зүүн халааснаас түрийвч эд зүйлээ хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Луис Куатурз брэндийн саарал өнгийн арьсан түрийвч, дотор нь 365 ам доллар, 285.000 вон, 12.0000 төгрөг, олон улсын виз карт 4 ширхэг, нисэх буудлын амралтын өрөөний хөнгөлөлтийн карт, цээж зураг, нэрийн хуудас зэрэг эд зүйл хулгайд алдсан” гэх мэдүүлэг, гэрч А.Энх-Амгалангийн “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяа автобусны буудал орчим явж байсан гадаад улсын иргэн түрийвчтэй мөнгөө алдсан гэх дуудлагын дагуу очиж ажиллахад халаасны хулгай үйлддэг Д.Төмөрсүх явж байхаар нь уулзахад хулгай хийсэн талаараа өөрөө ярьсан юм. Тэгээд хулгайлсан эд зүйлээ авч ир гэхэд за гээд яваад авч ирсэн” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Төмөрсүх нь 2016 оны 02 дугаар сараас 5 дугаар сарын 14-ний хооронд 3 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Улаалзгай овогт Дуламжавын Төмөрсүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцлоо.

Шүүгдэгч Д.Төмөрсүхийн 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан ялд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг багтааж шийдвэрлэлээ. Ингэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор биеэр эдэлсэн 3 сар 21 хоногийн ялыг оруулан тоолов.

Шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хор арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж, хорихгүйгээр баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн нэр дээр ямар нэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Шүүгдэгч Д.Төмөрсүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 10 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Улаалзгай овогт Дуламжавын Төмөрсүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Төмөрсүхийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 (тав) сар 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Төмөрсүхэд энэ тогтоолоор оногдуулсан 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоож, уг ялд түүний биеэр эдэлсэн 3 сар 21 хоногийн ялыг оруулан тоолж, үлдэх 1 (нэг) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар баривчлах ялыг биеэр эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Төмөрсүхийн цагдан хоригдсон 10 (арав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Төмөрсүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БУЯННЭМЭХ