Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00963

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

 

           Дугаар 101/ШШ2020/00963

Улаанбаатар хот

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .......... тоотод оршин суух, ....... /РД:….../-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ....... тоотод байрлах “Л” ХХК /РД:......../-д холбогдох

68,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн төлөөлөгч Ч, нарийн бичгийн дарга Ш нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч иргэн Б нь “Л” ХХК-тай 2016 оны 02 сарын 05-ы өдрийн 72 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу “Л” ХХК ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 144 айлын 9 давхар орон сууц, 10а байрны А блокны 1-р орцны 1 давхарт байрлах 04 тоот 62,7м кв талбай бүхий 2 өрөө байрыг захиалж үнийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн нэхэмжлэгч Б нь 2016 оны 9 сарын 1-ний өдөр авто зогсоол захиалгаар бариулах гэрээг 15,000,000 төгрөгөөр байгуулсан. “ Л ” ХХК-тай хийсэн гэрээний дагуу байрны үнэд нийт төлбөрийн 95%, 59,000,000 төгрөгийг, авто зогсоолын үнэ 9,800,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч “Л ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 онд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан боловч орон сууц, авто зогсоолыг өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй явсаар ирсэн бөгөөд орон сууцны өмчлөх эрх иргэн Б.Болормаагийн нэр дээр бүртгэгдсэн нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газрын лавлагаа мэдээллээр нотлогдсон. Иймд хариуцагч “Л" ХХК нь орон сууцын болон зогсоолын өмчлөх эрхийг манай нэр дээр гаргаж өгөхгүй, өөр хүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй болсон нь тодорхой болсон тул орон сууц захиалгаар бариулах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзаж байна. Гэрээнээс татгалзаж байгаа тул орон сууцны үнэд төлсөн 59,000,000 төгрөгийг, авто зогсоолын үнэд төлсөн 9,800,000 төгрөгийг, тус тус нийт 68,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2016 оны 11 сард улсын комисс байрыг хүлээн авсан, үүнээс хойш Б одоог хүртэл орон сууцанд амьдарч эзэмшиж байгаа. Б.Болормаатай хариуцагч компани бартерийн гэрээг Баас өмнө байгуулсан юм байна лээ. Б.Болормаа Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад, шүүх шийдвэрлэсний дагуу Б.Болормаа 2019 оны 2 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10а байрны 4 тоот орон сууцны өмчлөгч болсон байсныг мэдсэн. Б 22 тоот зогсоолыг эзэмшиж байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгөөгүй байгаа. Одоо нэхэмжлэгч Б 4 тоот орон сууцыг Б.Болормаагаас сүүлд гэрээ байгуулсан болохыг мэдээд, хүлээн зөвшөөрч орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзаж байна. Авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй байгаа учраас гэрээний нөгөө талтай харилцан тохиролцож, татгалзаж байна. Иймд орон сууц болон авто зогсоолыг захиалан бариулах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 68,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 4 тоот орон сууцны өмчлөгч Б.Болормаа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаад шийдвэрлэсэн, одоо байрнаасаа гарах гэж байгаа …” гэв.

Хариуцагч “Л” ХХК-ийн төлөөлөгч ........ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Л” ХХК-г 2017 оны 12 сарын 05-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож Батаа гэх хүн худалдаж авсан. Батаа гадаадад байсан учир намайг захирлаар бүртгүүлсэн. Тус компани Дархан-Уул аймагт 134 айлын орон сууц барьсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууц худалдах захиалга давхардуулсан байсныг сүүлд мэдсэн. Компанийг өмнөх хувьцаа эзэмшигчид шилжүүлэхээр гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаахаар шүүхэд хандсан, захирал Лхагвасүрэн 2 жил гаруй хугацаанд олдохгүй байгаа. Дансны хуулга тамга тэмдгээс өөр юу ч байхгүй. Баярсайханы мөнгө төлсөн баримт, гэрээ одоогоор “Л” ХХК-д байхгүй байна. Хавтаст хэрэгт байрны төлбөр 58,000,000 төгрөг гражинд 9,800,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний баримт байна. Баярсайхан 4 тоот орон сууцанд амьдарч байгаа боловч Б.Болормаагийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ нь гарсан байгаа. 22 тоот зогсоолын гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгсөн боловч гэрчилгээ нь гараагүй, буцаагдсан байгаа. Компани хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулаагүй,шүүхийн шийдвэрлэж өгнө үү. Хөрөнгө оруулагч нарын хооронд явагдаж байгаа маргаантай асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Баянгол дүүргийн шүүх, Дархан-Уул аймгийн шүүх дээр Л ХХК-г хариуцагчаар татсан хэргүүд байгаа. Компанийн хөрөнгө битүүмжлэгдсэн байгаа Хөрөнгө оруулагч Батпүрэвийн нэхэмжлэлтэй “Л” ХХК-д холбогдох, Дарханд нэхэмжлэгч нь Болормаа хариуцагч нь Л Батпүрэв нарт холбогдох хэргүүд байгаа...” гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан “гэрээнээс татгалзаж, орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн 59,000,000 төгрөг, авто зогсоол захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн 9,800,000 төгрөг, нийт 68,800,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “тайлбар гарган, хуралдаанаар хэлэлцүүлж, хэргээ шийдвэрлүүлнэ” гэсэн ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болон зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 72 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 22 дугаартай “авто зогсоол захиалгаар бариулах гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч “Л” ХХК Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10а байрны 4 тоот орон сууцыг болон 22 тоот авто зогсоолыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Б орон сууцны үнэд 62,700,000 төгрөг, авто зогсоолын үнэд 15,000,000 төгрөгийг тус тус төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Захиалагч Б орон сууцны урьдчилгаа төлбөрт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 24,000,000 төгрөг, нийт 59,000,000 төгрөгийг, авто зогсоолын урьдчилгаа төлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 4,800,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөгийг тус тус “Л” ХХК-ийн санхүүд бэлнээр төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан “Л” ХХК-ийн санхүүгийн тамга бүхий кассын бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч тал төлөөгүй талаар маргаагүй, уг баримтууд компанид байхгүй гэж тайлбарласан.

“Л” ХХК-ийн барьсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10а байрыг 2016 оны 11 сард улсын комисс хүлээн авсан, 2016 оны 9 сараас маргаан бүхий 4 тоот орон сууц, 22 тоот авто зогсоолыг Б эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

“Л” ХХК Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10а байрны 4 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг Бтай байгуулахаас өмнө Б.Болормаатай байгуулсан байсан, улмаар Б.Болормаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Дархан Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10а байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэл гаргасны дагуу зохигчид эвлэрч, шүүхийн шийдвэрийн дагуу “Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10а байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Болормаа” гэгч 2019 оны 2 сард улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хэн аль нь маргаагүй. 

Нэхэмжлэгч Б, “Л” ХХК-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хороолол 10а байрны 4 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг Б.Болормаатай байгуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Болормаа өмчлөгч болсныг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахгүйгээр гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрөө нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 59,000,000 төгрөгийг хариуцагч “Л” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Бд олгох үндэслэлтэй.

Хариуцагч талын “22 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэл бүртгэхгүй, буцаагдсан байгаа” гэх тайлбартай нэхэмжлэгч тал маргаагүй.

2016 оны 11 сараас хойш хэргийг шийдвэрлэх 2020 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл 22 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг баталгаажуулж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй, энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцсэн гэж дүгнэн, “Л” ХХК-иас 9,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бд олгох үндэслэлтэй.

Хариуцагчийн төлөөлөгч “Л” ХХК-д холбогдох иргэн, захиргааны хэргүүд шийдвэрлэгдэж дуустал Б-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй” гэх тайлбарыг шүүх хуралдааны шатанд гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь: хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж байгаа талаараа тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, 2019.12.13-нд нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хэргийг шийдвэрлэх хүртэл 100 орчим хоногийн хугацаанд энэ талаарх тайлбар, хүсэлт, холбогдох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул “Л” ХХК-д холбогдох иргэн, захиргааны хэргүүдийг шийдвэрлэгдэж дууссаны дараа Б-ны нэхэмжлэлтэй тус иргэний хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл тайлбар болон баримтаар тогтоогдоогүй.

Иймд хариуцагч “Л” ХХК-иас 68,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                         

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Л” ХХК-иас 68,800,000 /жаран найман сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК-иас 501,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ