Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Шүүгдэгч С.Б, Д.У нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Энхзаяа

         Шүүгдэгч С.Б, Д.У, П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б, Д.У, П.Э нарт холбогдох 2316000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Монсуль” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, И овгийн Д.У.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... оршин суух, ... регистрийн дугаартай, О овгийн  П.Э.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .. өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 5 аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Т овгийн С.Б.

 Шүүгдэгч С.Б, Д.У, П.Э  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

            Шүүгдэгч С.Б, Д.У, П.Э нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р баг Рашаант Өндөр дэнжийн ар салаа гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр 4,3 мг алт олборлож байгаль экологид  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

 

  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ 4-9/,

  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ 10-14/,

          Шүүгдэгч П.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1ХХ 15-20/,

 

          Иргэний нэхэмжлэгч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Б, Д.У, П.Э нарын гэмт хэрэг үйлдсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант баг Өндөр дэнжийн ар салаа гэх газарт 2011 оноос эхлэн хууль бусаар алт олборлож, эвдрэлд өртсөн газар байгаа юм. 2015 онд нөхөн сэргээлтийг гар аргаар хийсэн. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй газар нутаг байгаа юм...” гэх мэдүүлэг /1ХХ33/,

 

          Аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 34 дугаартай тогтоол /1ХХ23-24/

 

          Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “...2.Тухайн газраас олборлосон алт нь 4274 мг байх бөгөөд Геологийн төв лабораторийн шинжилгээгээр 849.5 сорьцтой гэж тогтоогдсон байна. Үүнийг 999.9 сорьц руу шилжүүлбэл алтны хэмжээ нь 3631 мг болж байна. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны ханшаар тус алтны үнэлгээг тооцвол 784,494 төгрөг болж байна. 3. Тухайн хууль бусаар алт олборлосон талбайн байгальд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 784,494 төгрөг болж байна...” гэх 1/59 дугаартай шинжээчийн дүгнэлт /1ХХ 89/,

 

            Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “...1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг, өндөр дэнжийн ар салаа гэх газарт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас 23х23 см харьцаатай нүх байх бөгөөд талбайн хэмжээ нь 529см2 буюу 0.05м2 хэмжээтэй болж байна. Нүхний гүн нь 20 см байх бөгөөд нүхний эзлэхүүний хэмжээ нь 10580 см3 буюу 0.01 м3 хэмжээтэй болж байна. 2. Тус үйл ажиллагааны улмаас талбайн байгаль орчинд 74.30 төгрөгийн хохирол учирсан байна. 3. Эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 25.04 төгрөг болж байна...” гэх 1/84 дугаартай шинжээчийн дүгнэлт /2ХХ 6/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

           Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Б, Д.У, П.Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Б, Д.У, П.Э нарын буруутай үйл ажиллагааны улмаас шинжээчийн дүгнэлтээр байгаль экологид 114 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь төлөхөө илэрхийлж байх тул хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Б, П.Э нарын  хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял болон шүүгдэгч Д.Уын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх  ял оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Б, П.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн MINELAB-1000 маркийн мэдрэгч нэг ширхэг, GP-3500 маркийн мэдрэгч нэг ширхэг, 4,3 грамм шар өнгийн металл зүйл зэргийг улсын орлого болгож малтуур нэг ширхэг, зээтүү /илжгэн чих/ нэг ширхгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст хүлээлгэн өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их өөлд овгийн Д.У, Ончуул овгийн П.Э, Туваан овгийн С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

  2. Шүүгдэгч П.Э С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1,2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э С.Б нарт оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Э С.Б нарт танилцуулсугай.

            5. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Ут мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Д.У, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6,636,400 төгрөгийг шүүгдэгч С.Б, Д.У, П.Э нараас хувь тэнцүү хэмжээгээр гаргуулж улсын орлого болгох, 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1,000 мэдрэгч нэг ширхэг, 779,000 төгрөгийн үнэлгээ бүхий 3,500 мэдрэгч нэг ширхэг, 4,3 грамм шар өнгийн металл зүйл зэргийг улсын орлого болгож малтуур нэг ширхэг, зээтүү /илжгэн чих/ нэг ширхгийг тус тус устгасугай.

            8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар шүүгдэгч нараас 114 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

            9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА