Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШТ/1078

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ц.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308011821262 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, , ам бүл 2, эхийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Цогтсайханы С

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 8 дугаар сарын 21ий өдрийн 940 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралт болон хавтас хэргээс нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

Хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), хохирогч Д.Сгийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 14-15, 21-22 дахь тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3648 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),гэрч Я.Пүрэвцэрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 73 дахь тал), гэрч Э.Баяржавхлангийн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал), гэрч С.Ганбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал), гэрч Э.Баяржавхлангийн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 62-71 дэх тал), шинжээч Б.Цолмонгийн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал), дуудлага мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 83-84 дэх тал), Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 97-103 дахь тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 104-106 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 109-113 дахь тал), шүүгдэгч Ц.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), “Nots” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж оролцсон бол түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр хэргийн зүйлчлэлийн хүрээнд маргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах суурьтай оролцсон байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Сд холбогдуулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Д.Сг 2023 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ГССҮТ эмнэлгийн автобусны буудлын ард “Тэргэл төв”-ийн 2 давхарт байрлах зочид буудалд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана мөргүүлсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндэд зүүн 6-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 02 дугаар сарын эхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр хороололд “Андууд” нэртэй караоке дотор хүнтэй хардсаны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гараараа сандал руу түлхэж унагаасан, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт авто машинтай явж байхдаа айл руу орсонгүй гэх шалтгаанаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хурдтай явж байгаад огцом тоормослох үйлдэл хийж юм мөргүүлсэн,  2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1, 2 дугаар байрны голд гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үснээс нь зулгааж, хана мөргүүлэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Ц.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгддэгээрээ онцлогтой. Шүүгдэгч Ц.С, хохирогч Д.С нар нь хэдийгээр гэрлэлтийн бүртгэлгүй, гэрлэгсэд биш боловч хамтын амьдралтай, дундаасаа хүүхэдтэй болох нь хохирогч Д.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 21-22 дахь тал), гэрч Я.Пүрэвцэндийн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.11 дэх заалтад зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн төрлүүдтэй гэж тодорхойлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар бие махбодийн хүчирхийлэл буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд байнга халдсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийн давтамжийн төрөл болох байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж тодорхойлдог.

Шүүгдэгч Ц.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Сгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдлүүд нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар 2022 оны 02 сарын эхээр, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө, 2023 оны 03 дугаар 12-ны өдөр үйлдэгдсэн нь давтамжийн хувьд байнга гэх шинжийг хангаж байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.С нь хохирогч Д.Сг 2023 оны 02 дугаар сарын эхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр хороололд “Андууд” нэртэй караоке дотор хүнтэй хардсаны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гараараа сандал руу түлхэж унагаасан,

2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт авто машинтай явж байхдаа айл руу орсонгүй гэх шалтгаанаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хурдтай явж байгаад огцом тоормослох үйлдэл хийж юм мөргүүлсэн гэх нөхцөл нь хохирогчийг зодсон үйлдэл нь тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардахын зэрэгцээ эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, мөн байнга гэх шинжийг бүрдүүлж буй үйлдлүүдийнхээ аль нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ёстой.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдэл болон обьектив талын шинж буюу заавал зодсон байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хурдтай явж байгаад огцом тоормослож, юм мөргүүлсэн гэх үйлдэл нь хохирогчийг зодсон гэж үзэхгүй. Зодсон гэдэг нь хохирогчийн бие, эд эрхтэн, сэтгэл санаанд тодорхой шаналал, зовиур, гэмтэл учруулахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Сгийн мэдүүлсэн мэдүүлгээр “...албаар хүчтэй тоормоз гишгээд хүүхэд бид хоёрыг сандал мөргүүлсэн...” (хавтаст хэргийн 12-13 дэх тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...Тухайн үед хурдтай яваагүй, 30 км цагийн хурдтай л явж байсан байх, гудамжаар их нүхтэй байсан тул тоормос гишгэсэн...” (шүүх хуралдааны тэмдэглэлээс), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтаас дүгнэвэл хэрэг учрал болсон гэх газар нь сайжруулаагүй, шороон замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүссэн тоормослох үйлдлийн улмаас хохирогч сандал мөргөсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүгдэгч 2023 оны 02 дугаар сарын эхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр хороололд “Андууд” нэртэй караоке дотор хүнтэй хардсаны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гараараа сандал руу түлхэж унагаасан гэх үйлдэл нь тогтоогдохгүй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд сахих үүргийг мөрдөгч, прокурор, шүүхэд үүрэг болгосон.

Хохирогч Д.Сгаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-р зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14, 25.1 дүгээр зүйлийн 6-д тус тус заасныг ноцтой зөрчжээ. Тодруулбал, хохирогчоос мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдлүүлээгүй, энэ талаар асуугаагүй, мөн хохирогчид үнэн зөв мэдүүлэг өгөх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх зэрэг хууль сануулаагүй, гарын үсэг зурж, баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлээгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.С нь хохирогчийг 2023 оны 02 дугаар сарын эхээр “Андууд” нэртэй караокед хоёр гараараа түлхсэн үйл баримтыг дүгнэх боломжгүй тул шүүгдэгч Ц.Сг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу байнга гэх нөхцөл үгүйсгэгдэх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд прокуророос шүүгдэгч Ц.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Сд холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй юм.

2. Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1, 2 дугаар байрны голд гэр бүлийн хамаарал бүхий дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үснээс нь зулгааж, хана мөргүүлэн зодсон, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ГССҮТ эмнэлгийн автобусны буудлын ард “Тэргэл төв”-ийн 2 давхарт байрлах зочид буудалд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Д.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана мөргүүлсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндэд зүүн 6-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

- Хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал дээр буугаад хамтран амьдрагч Стай уулзаад “Кибаб Чон Гүг” нэртэй Солонгос хоолны газар ороод хоол идэж дуусаад гараад “охин дээрээ Нарангийн голд очъё” гэж хэлсэн чинь С болохоор “хоёулаа манайд очиж унтаж амарч байгаад орой цуг явъя” гэж хэлээд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 1258-58 тоот гэр лүүгээ намайг дагуулаад явсан. Бид хоёр очоод унтаж байгаад орой 17 цагийн үед сэрээд “одоо охин дээрээ очъё” гэсэн “зайл пизда минь чи ганцаараа яв” гээд хараагаад байхаар нь миний уур хүрээд тухайн айлаас гараад явж байсан чинь С миний утас руу залгаад “чи хаана явж байгаа юм бэ” гэхээр нь “доошоо уруудаад явж байна” гэсэн чинь “за хоёулаа цуг явъя” гээд байхаар нь “тэгвэл би өөдөөс алхаад очъё” гэсэн “чи ер нь явах мөрөөрөө яв зайл” гэж хэлээд утсаа салгахаар нь миний дургүй хүрээд такси бариад Сгийн гэрт нь очоод “чи намайг басаад байна уу” гэж хэлээд гэрээс нь авч гараад Нарангийн гол орох гээд явж байсан чинь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Мөнгөн гүүр” эмнэлгийн хажууд явж байгаад миний уур хүрээд гомдсондоо болоод газар луу өөрийн гар утсаа шидчихээд 1 дүгээр байрны голын сандал дээр сууж байсан чинь миний араас гүйж ирээд “ээж чинь залгаад байна” гээд миний утсыг буцаагаад өгөхөөр нь би ээжтэй уйлаад “байрны голд байна, та хүрээд ирээч” гэж хэлээд таслаад явах гэсэн чинь С миний куртикнээс зулгаагаад явуулахгүй чирч авч яваад хүүхдийн тоглоомын талбай дээр байрлах жижиг байшингийн ард орж байгаад намайг шууд хоёр гараараа хана руу 2 удаа түлхсэн чинь манай ээж над руу залгахаар нь би байгаа газраа зааж өгөөд “ээж ирж байна, хоёулаа явъя” гэж хэлээд 2 дугаар байрны аркаар гараад явж байсан чинь хоёр цагдаа ирээд бид хоёрыг машинд суулгаад юу болсон талаар асуугаад байсан. Тэгээд сууж ээж, ах 2 намайг авч явсан...Өмнө нь 2019 онд цагдаа дуудаж байсан. Тухайн үед Зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3648 дугаар “Д.Сгийн биед зүүн 6-р шүдний булгарал, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

- Гэрч Я.Пүрэвцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харих гээд явж байсан миний төрсөн дүү Сгийн дугаараас над руу залгахаар нь аваад ярьсан чинь манай охины хамтран амьдрагч С нь надтай юм яриад байж байсан чинь цаана нь манай охин уйлаад ээжээ намайг зодоод байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь би хаа байгаа газрыг нь мэдэж аваад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд өөрийн төрсөн дүүтэйгээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны голд ирсэн чинь цагдаагийн алаг машин ирчихсэн Сг суулгасан, манай охин гадна талд уйлаад зогсож байсан. Тэгээд бид хэд цагдаа дээр очсон ...Охин хар өнгийн куртик нь урагдчихсан, цүнхнийх нь оосор нь тасарчихсан хуцас хунар нь шороо болчихсон, уруул нь хатаад хуурайшсан байсан. Ил харагдах гэмтэл шарх байгаагүй харин үс нь сэгсийсэн их айсан янзтай байсан ...охин Сг, С нь урьд өмнө нь 2 сар гарантай жирэмсэн байхад нь гэртээ зодож байсан. Мөн төрөөд удаагүй байхад манай охиныг зодож цохисон гэж надад хэлж байсан. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зочид буудалд манай охиныг дагуулж ороод үсдэж байгаад хана мөргүүлж зодож цохисон байсан. Тэгээд нүд ам хөхөрч хавдсан, шүдний хоёр араа нь хугарчихсан байсан. Мөн С 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө гэртээ унтаж амарч байсан чинь манай гэрт орж ирээд агсам согтуу тавиад танхайрч байсан. Тухайн үеийн бичлэгийг манай охин утсан дээрээ бичлэг хийгээд хадгалцан байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Гэрч Я.Пүрэвцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...С надтай утсаар ярихдаа “чи хүүхдээ ус ав гэж дарамталдаг юм биш үү” гээд үеийн юм шиг ярихаар нь би гайхаад дахиад лавлаж асуух үед утасны цаанаас манай охин уйлаад “ээж намайг С зодоод байна, та хүрээд ирээч” гэж хэлэх нь сонсогдож байсан. Миний мэдэхээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө гэртээ унтаж амарч байсан чинь манай гэрт орж ирээд агсам согтуу тавиад танхайрч байсан. Мөн манай охиныг жирэмсэн байхад нь гэртээ зодож байсан гэж хэлж байсан. Урьд өмнө нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 62-71 дэх тал),

- Гэрч Э.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад хардалтын улмаас нөхөр С нь эхнэр Стай хэрүүл маргаан хийсний улмаас биед нь халдаж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1, 2 дугаар байрны тоглоомын талбайн голд байрлах цагаан өнгийн жижиг байшинг мөргүүлсэн байсан ба хувцсыг нь урсан байсан. Мөн тухайн үед иргэн С нь их айсан янзтай, уйлсан байсан. Мөн тухайн дуудлага мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул тухайн өдрийн жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Х.Олонбаярт хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),

- Гэрч С.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн автобусны буудлын ар талд “Андууд” нэртэй караоке ажиллуулдаг юм. Тухайн үед манай эхнэрийн эгчийн охин гэх С манайд зөөгчөөр ажилладаг байсан юм. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх гэж санаж байна тухайн орой шөнийн 01 цагийн үед манай Андууд нэртэй караоке дээр С болон түүний нөхөр манайд зөөгч хийгээд байж байтал гаднаас тухайн залуугийн найзууд гээд үл таних гурван залуу орж ирээд Сгийн нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж манай газраар үйлчлүүлж байсан хүмүүстэй муудалцаад хэрүүл маргаан хийж байгаад манай нөгөө заал руу орсон юм. Тэгээд би хяналтын камер хараад байсан чинь Сг нөхөр нь хоёр түлхэж газар унагааж байхыг хараад очоод боль гэж хэлээд салгаад гаргаад явуулсан юм ...би том зааландаа хяналтын камер хараад сууж байсан чинь хоёр гараараа түлхэж унагааж байхыг харсан. С манай караокед 3 жил ажиллаж байсан юм. Тухайн үед манай газраар байнга үйлчлүүлдэг залуутай хардаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),

- Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Сгийн биед үзлэг хийхэд зүүн шүд 6 дугаар болон баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдсон нь ...Гэмтлийн зэрэг тогтоох журмаар шүдний булгарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

- Дуудлага мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

- Шүүгдэгч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын эхээр гэж санаж байна Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын ард байрлах “Андууд” нэртэй караоке дотор зүс таних ахын хамт 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 4 шилийг хувааж ууж дуусаад замын эсрэг талд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй караоке ороод 0.75, 0.5 литрийн Эликс нэртэй архи тухайн ахтай цуг хувааж байсан ба би нээх их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж чаддаггүй учир их согтоод зарим болсон зүйлээ санахгүй байна нэг ухаан орсон чинь Сгийн ажилладаг “Андууд” нэртэй караоке дотор ухаан ороод тухайн газраас гараад такси бариад гэртээ харьсан. Тэгсэн маргааш өдөр С надад хандан “чи урьд шөнө их согтуу байх үедээ Лхавгаа гэх залуутай маргалдаад байхаар нь би очоод салгасан чинь чи намайг түлхэж унагаасан” гэж хэлж байсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу цагаан сарын баярын шинийн 2-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Грекийн 28-р гудамж, 1258 тоотод амарч байсан чинь манай ээж Хөвсгөлдалай болон эмээ Цэцэгмаа нар намайг “Баянхошуунд байх хамаатан Янжин эгчийнд хүргээд өг” гээд байхаар нь С болон манай хүүхэд бид тав Баянхошуунд байрлах хамаатны айл руу явсан. Тэгээд гэрээсээ гараад явж байсан чинь С “манай хүүхдийн нүд өвдөөд байна, хоёулаа эмийн сан оръё” гэж хэлэхээр нь “одоо цагаан сарын баяр учир онгорхой эмийн сан байхгүй, хоёулаа ээж, эмээ хоёрыг тухайн айлд буулгаад онгорхой эмийн сан оръё” гэж хэлсэн чинь “чи хүүхдээ бодохгүй ээж эмээ хоёроо айлд түрүүлж буулгах” гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд би тухайн Янжин гэх эгчийн гадаа очоод ээж эмээ хоёрыг буулгасан ээж бид гуравт хандан “эгчийндээ ороод цай уугаад золгоод гар” гэж хэлээд түрүүлээд орсон. Тэгээд би С болон хүүхдээ дагуулаад орох гэсэн чинь С “би орохгүй, танай ах дүү нартай уулзахгүй” гээд уурлаад байхаар нь миний уур хүрээд машиндаа суугаад уулын уруу хурдтай бууж байсан чинь урд талд том нүх байхаар нь би огцом торомз гишгэсэн. Тэгээд төв замаар хорооллын эцсийн эмийн сан ороод эм нүдний дусаагуур аваад буцаж машиндаа суусан чинь С намайг “буруу эм авлаа” гээд уурлаад байхаар нь би гэр лүүгээ харьж амрахаар гэмтлийн эмнэлгийн эсрэг талын сайжруулсан чулуун замаар дээшээ өгсөж байсан чинь С “чи нэгэнт буруу эм авсан юм чинь дэлгүүр ороод цагаан гаа, болон сүү аваад ир” гэж хэлээд намайг дэлгүүр оруулсан. Би тухайн дэлгүүрээс цагаан гаа болон сүү аваад гарч ирээд машиндаа суусан чинь С намайг “буруу цагаан гаа авсан байна” гэж хэлээд уурлаад байхаар миний уур хүрээд тухайн цагаан гаа болон сүүг машины цонхоор шидсэн чинь С уурлаад машинаас буух гэж байхаар нь би ар талаас нь куртикнээс татаад буцаж суулгаад гэртээ очиж амарцгаасан. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн найзууд болох Энхбаярын хамт Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гэмтэл согог судлалын үндэсний төв” эмнэлгийн урд байрлах “Тэргэл” төвийн дотор үйл ажиллагаа явуулдаг караоке дотор 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэг нэгийг аваад дөнгөж уугаад сууж байтал С над руу залгаад “чи хаана байгаа юм” гээд асуухаар нь би байгаа газрынхаа хаягийг зааж өгсөн. Удалгүй С ирээд бид гурав нийлээд нэг хүний 4 пиво хувааж ууж дуусаад манай найз Энхбаяр гэртээ харих гээд явахаар нь С бид хоёр тухайн үйлчилгээний төв дотор үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд ороод унтаж амрах гээд орсон. Тэгсэн С фейсбүүк чаатаар Сүхбаатар гэх хүнтэй хайраа гэсэн утгатай чаат бичсэн байсан талаар нь лавлаж асуусан. С уурлаад “чамд ямар хамаатай юм, би явлаа” гээд орилж чарлаад байхаар нь би “одоо боль” гэж хэлээд зүүн гараараа цээж хэсэгт нь нэг удаа түлхсэн чинь С газар унахдаа нүүрний зүүн талаараа мөргөж орон дээр унасан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед “чи намайг хүлээлгэдэг хэн бэ” гэж хэлээд уурлаад хэрүүл маргаан хийж байгаад С “амиа хорлоно” гэж хэлээд утсаа газар шидээд байсан ба тухайн үед би Сгийн ээжид юу болсон талаар хэлсэн чинь ээж нь надад “явуулахгүй байж байгаарай” гэж хэлэхээр нь Сг “явуулахгүй” гээд зүүн гараараа баруун гарын бугуй хэсгээс нь бариад зогсож байсан чинь алаг машинтай эргүүлийн 2 цагдаа ирээд юу болсон талаар асууж байсан ба тухайн өдрөөс Стай дахиж уулзаагүй. ...Жижиг асуудал дээр их уурлаж бухимдаж хэрүүл маргаан хийдгээс нь болоод хааяа нэг тэвчээр алдаад дүрс хийж уурладаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал),

- Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 97-103 дахь тал),

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 104-106 дахь тал),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 109-113 дахь тал) зэрэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Санмилрэнчин нь хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай, хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Ц.Сгийн хохирогч Д.Сгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийн шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай саналыг хүлээн авч шүүгдэгч Ц.Санмилрэнчинийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “...400,000 төгрөг шилжүүлж авсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн гар бичвэр (хавтаст хэргийн 124 дэх тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж торгох ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч “500 нэгж торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Ц.Сгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай), бусдад учруулсан хохирлын хэмжээ (эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн саналын хүрээнд шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тогтоож шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон эрүүгийн хэргийн торгуулийн ялын хэмжээг 500 нэгжээр тогтоож өгөх талаар гаргасан саналыг хүлээн авахгүй боломжгүй, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсныг дурдав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Ц.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Боржигон овогт Цогтсайханы Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3.Шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Сд сануулсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БУЛГАНТАМИР