Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2018/0108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.М, Н.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: С.Э, Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ж.М, Н.М нарын газар эзэмших гэрчилгээг хурааж авсан Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтний үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я., хариуцагч Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтэн С.М, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Н.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж., Н.М, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот захирамжийн Г.Бд холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ж.М, Н.М******* нар хамтдаа Ж.М, Н.М нарын газар эзэмших гэрчилгээг хурааж авсан Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтний үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ иргэн Ж.М, Н.М нарт Сүхбаатар дүүргийн 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар тус дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн аманд 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг (014*******)(014*******) 15 жилийн хугацаатай олгосон билээ.

Гэтэл иргэн Г.Б гэгч нь 2013 оны 06 дугаар сард манай эзэмшил бүхий газарт хашаа барьж бид энэ хууль бус үйлдлийн талаар дүүргийн газрын албанд гомдол мэдүүлсэн билээ.

Гэтэл газрын алба Шалгаж байна гэсэн үгээр маргааныг шийдэж өгөлгүй өдий хүрсэн юм. Дүүргийн газрын албаны ажилтан М гэгч 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ж.М, Н.М нарын гэрчилгээг Засвартай гэсэн шалтаг заан хурааж авсан бөгөөд одоо гэрчилгээ олдохгүй байна.

Бид дүүргийн хариуг Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, хариуг нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээж авлаа. Энэ асуудлыг шүүхэд шийдвэрлүүлэх талаар Нийслэлийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Б бидэнд хариу өгсөн юм.

Иймд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн зусланд тус дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар иргэн Ж.М, Н.М нарт 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байхад энэ газарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаар захирамжаар иргэн Г.Б-д 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр (034*******) дугаартай гэрчилгээг давхцуулан олгосон байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Н.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.М, Н.М нарын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын 2011 оны 102 дугаар захирамжийн иргэн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ж.М, Н.М нар нь дүүргийн 15 дугаар хороо Архустайн зусланд газар эзэмших хүсэлтээ 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн Газрын албанд ирүүлж тус хүсэлтийг дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар 400 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Нэхэмжлэгч нарын газар эзэмших хувийн хэрэгт Л ХХК-ийн хийсэн 700 м.кв талбайтай кадастрын зураг байгаа боловч мэдээллийн санд зургийн тус бүртгэлд хийгдээгүй байна.

Дүүргийн Засаг даргын 2011 оны 102 дугаар захирамжаар 15 дугаар хороо Архустайн зусланд иргэн Г.Б-д 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг олгосон байна.

Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн дагуу мэдээллийн санд өөрийн эзэмшлийн газрын Кадастрын зургийг оруулаагүй, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэн С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, 3.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 35.3.4-т газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг хийлгэж зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих гэсний дагуу бичиг баримтад хяналт тавьж шалгахад:

Иргэн Ж.М, Н.М нарын 2004 онд авсан гэх газраа Газрын тухай хуульд заасан эрх үүргээ биелүүлээгүй, газрын гэрээ кадастрын зураг байхгүй, кадастрын зураг, газар эзэмших гэрээний дагуу төлбөр тооцоо төлдөггүй, төлдөг эсэхээ өөрсдөө мэдэхгүй байсан. Гэрчилгээг үндэслээд кадастрын зургийг мэдээллийн санд шалгаж үзсэн боловч дээрх иргэдийн нэрээр мэдээлэл байхгүй байсны дээр газрын гэрчилгээг хүчингүй гэж үзэн хурааж авсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээг эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 16 дугаар зүйлийн 16.2-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлөв байдал чанарыг улсын хянан баталгааны дүгнэлтийг санаатайгаар гэмтээх, засварлах, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн хууль журмыг зөрчсөн байгаа тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжийн Ж.М, Н.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна.

Гуравдагч этгээд С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэн Г.Б-д 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот захирамжийг үндэслэн 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх 034******* дугаартай гэрчилгээг үндэслэн Архустайн зусланд С.Э миний бие иргэн Г.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Гомбодорж гэдэг хүнээс тус газрыг 20136 оны 08 дугаар сард худалдаж авсан болно. Тус газрыг 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 тоот захирамжийг үндэслэн 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай 00047******* дугаартай эзэмших гэрчилгээ миний нэр дээр гарсан болно.

Тус газар дээрээ 2014 оны 03 сард ирэн гэр барин буусан. Тэр буйран дээр одоо манай хүүдүүдийн тоглоомын талбай баригдсан байгаа. 2014 оны 3 сараас эхлэн 9:7 хэмжээтэй байшин барьсаар л байна.

2014 оны намрын сүүлээр 6:3 хэмжээтэй том өрөөндөө хэсэгчлэн амьдарч эхэлсэн. Түүнээс хойш бага багаар барьсаар 2017 оны байдлаар гадна фасаднаас бусад дотор засал, зоорь бойлерийн өрөө, 00-ийн өрөө гал тогоо, хүүхдийн өрөөнүүд бүрэн ашиглалтад орсон. Мөн хугацаанд ажлын зав чөлөө, өөрийн төсөвтөө багтааж гадна 00, машины граш, хүүхдийн тоглоомын талбай, хамар хашаа хооронд гоёлын бетон хашааны суурь, гэрэлтүүлгүүдийг барьж байгуулсан. Өвөлдөө хазгай учир машин хальтарч өөд гарахгүй учир гаражаа нам доор газар барьсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ж.М, Н.М нар хамтдаа Ж.М, Н.М нарын газар эзэмших гэрчилгээг хурааж авсан Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтний үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг гаргуулахыг даалгах[1] тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7520 дугаар захирамжаар иргэн Г.Б-ыг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Гэвч иргэн Г.Б 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3-1/9974 дугаар лавлагаагаар[2] нотлогдож байна.

Иймд гуравдагч этгээд Г.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар[3] нэхэмжлэгч Ж.М, Н.М нарт тус бүрт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайд 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин гуравдагч этгээд Г.Б-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар захирамжаар Санзайд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байтлаа Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайд 700 м.кв газар эзэмших эрхийг Г.Б-аас С.Э******* шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаар захирамжаар тус газрыг 5 жилийн хугацаатай иргэн С.Э-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;, 23.4.4-д газрын мэдээллийн санг эрхлэх гэж, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 9.1-д Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 8.4-д заасан мэдэгдлийн дагуу эзэмшил, ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлэх, солбицол, өндрийг нь тодорхойлох ажлыг кадастрын зураглал үйлдэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Ж.М, Н.М нар 400 м.кв газрын байршлийг тодорхойлсон кадастрын зургаа эрх бүхий байгууллагаар хийлгэж өгөөгүй, газрын хил заагийг нь тодохойлсон зураг мэдээллийн санд бүртгэлгүй байх тул гуравдагч этгээд С.Э-ын эзэмших эрх бүхий газартай давхцалтай эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд мэдээллийн сан эрхлэх нь дүүргийн газрын албаны эрх байна.

Нэхэмжлэгч нарт дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон 400 м.кв газрын байршлыг тодорхойлсон кадастрын зураг газар эзэмших эрхийн хувийн хэрэгт байхгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй бөгөөд Ж.М Н.М нарын газар эзэмших эрхийн хувийн хэрэгт байгаа кадастрын зураг нь[4] 700 м.кв буюу Засаг даргын захирамжид заасан хэмжээнээс зөрүүтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй учир гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн... гэх боловч Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байна.

Харин иргэн Г.Б-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 102 дугаар захирамжаар Санзайд газар эзэмшүүлсэн байх боловч тус захирамжийг үндэслэн 034******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд Г.Булган газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, гуравдагч этгээд С.Э-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй болох нь гэрч Х.Г-ийн мэдүүлэг[5] болон Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3-1/9974 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.

Гэвч тус газрыг гуравдагч этгээд С.Э эзэмшиж, тухайн газар дээр өөрийн орон сууцыг барин амьдардаг болох нь С.Э-ын тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар энэ талаар маргаагүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий газрын газрын хил, зааг тодорхой бус, гуравдагч этгээд Г.Б-д газар эзэмшүүлсэн захирамж болон гэрчилгээний байршил зөрүүтэй, нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй гэх газар гуравдагч этгээд С.Э-ын газартай давхцсан эсэх нь тогтоогдохгүй байх бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарт дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газрын улсын бүртгэлд бүртгэх эсэх, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бүрдсэн эсэх, гуравдагч этгээд Г.Б-ы газрын байршлыг тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот захирамжийн Г.Б-д, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот захирамжийн Г.Б-д, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 тоот захирамжийн Г.Булганд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН