Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүн: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч: В.Ч

Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

“Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжийн хавсралтын Гозгорын өвөлжөө хэсэгт байх Ц.Б, Ц.Ба  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд Ц.Ба, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2025/0024/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.Ч-оос Завхан аймгийн Идэр сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжийн хавсралтын Гозгорын өвөлжөө хэсэгт байх Ц.Б, Ц.Ба нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.  Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/44 дүгээр захирамжийн хавсралтын Гозгорын өвөлжөө хэсэгт байх Ц.Б, Ц.Ба нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч В.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Миний аав 1958 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай бригадын Оргиу гэдэг газар төрсөн. Төрсөн цагаасаа хойш төрсөн нутгаасаа гараагүй, 1974-1977 онд Ховдын хөдөө аж ахуйн техникумд малын эмчээр төгсөж ирээд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт бригадад малын бага эмчээр ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдсан. 1982 онд цэргээс халагдаж ирээд төрсөн нутагтаа буюу Завхан аймгийн Идэр сумын Мануустай, Дархан-Уул бригадад малын эмч, эмчилгээ тэжээлийн цэгийн эмч, мал эмнэлэг үржлийн тасагт Улсын байцаагч, эмч хийж байгаад 2014 онд тэтгэвэрт гарсан. 1990 оноос Гозгорын өвөлжөө нь миний ажиллаж байсан Эмчилгээ тэжээлийн цэгийн өвөлжөө байсан бөгөөд 1992 оны бага хувьчлалын үеэр хувьчилж авснаас хойш 33 жил тасралтгүй өвөлжиж, өвөлжөөний төлбөрөө жил бүр төлж одоог хүртэл мал маллан амьдарч байна.

3.2. Гэтэл 2019 онд Завхан аймгийн Идэр сумын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжаар Газар эзэмших гэрчилгээгүй, гэрээгүй газар эзэмших эрх нь нээгдээгүй, газрын тухай хуульд заасан өөрсдөө газар эзэмших хүсэлт гаргаагүй гэх мэт Ц.Б, Ц. Ба нарт хууль бусаар 2008 оны газар эзэмших гэрчилгээтэй аавын газартай давхардуулан газар эзэмшүүлэх захирамж гаргаж гэрчилгээ олгосон нь хууль бус байсан.

3.3. Энэхүү хууль бус гэрчилгээг үндсэн дээр Ц.Б, Ц.Ба нар тухайн өвөлжөөнд 24 жилийн хугацаанд өвөлждөггүй, ааваас өвөлжөө худалдаж аваагүй байж 25.000.000 төгрөгөөр Б гэх айлд зарсан байсан.

3.4. Тухайн худалдаж авсан хүмүүс өмнө жил өвөлжиж хаваржаад нүүсэн. Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга нь тухайн өвөлжөөнд нэг ч банз эзэмшиж байгаагүй, өмч хувьчлалаар аваагүй хүмүүс болох Ц.Б, Ц.Ба нарт хамтран эзэмшигчээр оруулж захирамж гаргаж, 2008 оны гэрчилгээтэй, дээрээ өмч хувьчлалаар авсан өвөлжөөтэй газар болон өвөлжөө хөрөнгөө эзэмших эрхийг хясан боогдуулсан захирамж гаргасанд гомдолтой байна.

3.5. Иймд Завхан аймгийн Идэр сумын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжийн хавсралтаар Гозгор өвөлжөө хэсэгт байх Ц.Б, Ц.Ба нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.6. Гэтэл Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь уг хэргийг шийдвэрлэхдээ “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээг эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, ...тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дангаар эзэмших эрхийг тодорхойлохгүй ба газар эзэмшигчийн эрх гэрээг үндэслэж улсын бүртгэлд бүртгэхээр байна ... гэж дүгнэсэн атлаа газрын тухай хуульд заасан иргэний газар эзэмших өргөдөл хүсэлт тойм зураг гэх мэт хуульд заасан журмаар хандаагүй иргэдэд өөрсдөө ч мэдээгүй байхад газар эзэмших захирамж гаргасан үйл баримтыг буруу тайлбарласан хэрэглэж шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх шаардлагыг хангаагүй байна.

3.7. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд нь утга агуулгын хувьд зөрүүтэй, тодорхой бус ойлгомжгүй шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”,

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

4.1. Газрын тухай хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй тухайд:

4.1.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч гуравдагч этгээд нарт анх эзэмшүүлсэн гэх Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамж аймаг, сумын архивд байхгүй байх ба нэхэмжлэгч В.Ч- нь 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0128630 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмшдэг гэж тайлбарлаж байх ба уг гэрчилгээ нь Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжийг үндэслэж 11 жилийн дараа нэхэмжлэгчид олгогдсон байна. Гэвч 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0128630 дугаар гэрчилгээнд холбогдох газар эзэмшүүлэх гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алинд байхгүй байна” гэжээ.

4.1.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” хэлнэ гэж заасан.

4.1.3. Нэхэмжлэгч В.Ч-ийн хувьд Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжаар Завхан аймгийн Идэр сумын Мануустай багт Гозгорын өвөлжөөний 10500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх авч улмаар 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0128630 дугаартай гэрчилгээтэй байна.

4.1.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

4.1.5. Гэтэл Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны А/44 дүгээр захирамжаар өмнө нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газартай давхцуулан Идэр сумын Мануустай багт Гозгорын өвөлжөөний 10000 м.кв газрыг Ц.Б-д, мөн Идэр сумын Мануустай багт Гозгорын өвөлжөөний 10000 Ц.Ба-д өвөлжөөний зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

4.1.6. Хэрэгт нэхэмжлэгч В.Ч-д газар эзэмшүүлсэн Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжийг хүчингүй болгосон болон Завхан аймгийн Идэр сумын Мануустай багт Гозгорын өвөлжөөний 10500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх авч улмаар 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0128630 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон ямар ч үйл баримт байхгүй байна.

4.1.7. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамж, В.Ч-ийн 0128630 дугаартай гэрчилгээ өнөөг хүртэл хүчинтэй.

4.1.8. Иймд Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий 10500 газар эзэмших эрхийг гэрчилгээтэй газарт Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар иргэн В.Ч, Ц.Б, Ц.Ба нар тус бүрт нь 10.000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус тусад нь гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг ноцтой зөрчсөн байна.

4.1.9. Мөн шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт иргэн В.Ч-ийг “нэхэмжлэгч В.Ч- нь 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0128630 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Гозгорын өвөлжөөг эзэмшдэг гэж тайлбарлаж байх ба уг гэрчилгээ нь Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжийг үндэслэж 11 жилийн дараа нэхэмжлэгчид олгогдсон байна. Гэвч 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0128630 дугаар гэрчилгээнд холбогдох газар эзэмшүүлэх гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алинд байхгүй байна” гэж бичсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг буруулах зорилгоор урьдчилан хийсэн субьектив дүгнэлт байна.

4.1.10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 4 дүгээр зүйлийн 4.1-д “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д "...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэн, нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дангаар газар эзэмших эрхийг тодорхойлохгүй ба газар эзэмшигчийн эрх гэрээг үндэслэж улсын бүртгэлд бүртгэгдэхээр байна” гэжээ.

4.1.11. Нэхэмжлэгчид Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга 1997 онд 91 дүгээр захирамжаар өвөлжөөний газар эзэмших эрх олгосноос 11 жилийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ гарган өгч улмаар газар эзэмших эрхийн гэрээг байгуулах Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй явсаар ирсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. Мөн тус харилцаа нь маргаан бүхий акт биш.

4.2. Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн талаар:

4.2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д “Хариуцагч ...2017 оноос өмнө албан ёсоор газар эзэмшиж байсан иргэдийг цахим системд оруулж эхэлсэн боловч энэ өвөлжөө нь 2019 онд нөхөн бүрдүүлэлтээр цахим системд бүртгүүлсэн. Нөхөн бүртгэхдээ А/44 дүгээр захирамж гаргаж Гозгорын өвөлжөөг эдгээр иргэд эзэмшдэг гэдгийг газрын төлбөр төлсөн баримт болон бусад баримтаар тодорхойлж бүртгэсэн гэж тайлбарлаж байх ба газар эзэмшигчдийг цахим системд нөхөн бүртгэх зорилгоор өвөлжөөний газрыг бодит байдалд болон хууль ёсоор эзэмшиж байсан иргэдийн эрхийг баталгаажуулж гаргасан А/44 дүгээр захирамжийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд холбогдох хэсэг Газрын тухай хуульд заасан өвөлжөөний доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасантай нийцэж байна” гэсэн дүгнэлт хийсэн байна.

4.2.2. Тухайн тохиолдолд шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д "Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэх заалт нь Газрын тухай хуулийн 31.3-т заасан зөрчилгүй буюу бусдын эзэмших эрхийн гэрчилгээгүй өвөлжөө, хаваржааг хамтран эзэмших эрх хүссэн тохиолдолд хэрэгжиж болох зохицуулалт юм.

4.2.3. Хариуцагчаас 2017 оноос өмнө газар эзэмшиж байсан иргэдийн газрын мэдээллийг цахим системд оруулах зорилгоор шинэ захирамж гаргаж болох боловч тус гэрчилгээг шинэчлэх, мэдээллийн санд оруулах ажиллагаа тухайн газар дээр зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий В.Ч-ийн хувьд л явагдах боломжтой атал түүний эзэмшил газарт Ц.Б, Ц.Ба нарт газар эзэмших эрхийг давхардуулж шинээр олгох эрх олгохгүй юм.

4.3. Шүүх нотлох баримтын үнэлэх талаар зарчмын зөрчил гаргасан тухайд:

4.3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-д “Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт болох 1998 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 274 улсын бүртгэлийн дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ нь Идэр сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр захирамжийг үндэслэж газрын асуудал хариуцсан албан тушаалтан Ж овогтой М, газар эзэмшигчээр В.Ч-, Ц.Б, Б.Ц, Ц.Ба, Б.А, Ц.Б нарын хооронд Гозгорын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр байгуулагдаж байсан ба 2002 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмшиж, ашиглах гэрээг дүгнэсэн протоколд В.Ч-, Ц.Б, Б.Ц, Ц.Ба, Б.А нарын нэр дээрх 274 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж байсан байна. Түүнчлэн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Идэр сумын Мануустай багийн иргэдийн эзэмшлийн газрын бүртгэл, газрын төлбөр төлсөн баримтууд, 274 дүгээр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж дүгнэж байсан гэрч Ж.М-ын нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь Гозгорын өвөлжөөг хамт эзэмшиж байсан. Гозгорын өвөлжөөнд Ц.Б, Ц.Ба нар газрын гэрчилгээтэй байсан гэх мэдүүлэг, гуравдагч этгээд нарт өвөлжөөний мөнгө шилжүүлэв Ч гэх утгатайгаар 10.0 сая төгрөг шилжүүлсэн мөнгөн төлбөрийн баримт зэргээс үзэхэд Идэр сумын Мануустай багийн Гозгорын өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хамтран эзэмшиж ирсэн болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд нарыг Гозгорын өвөлжөөний газрыг эзэмших эрхгүй этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

4.3.2. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж дээрх дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн газрын төлбөр төлж байсан гэх гэрээ дүгнэсэн актыг үндэслэн гуравдагч этгээд нар газар эзэмших эрхтэй гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав. 

2. Нэхэмжлэгч В.Ч-оос Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 дүгээр захирамжийн хавсралтын Гозгорын өвөлжөө хэсэгт байх Ц.Б, Ц.Ба нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх “Идэр сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжийг үндэслэж 11 жилийн дараа нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Гэвч 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0128630 дугаар гэрчилгээнд холбогдох газар эзэмшүүлэх гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алинд байхгүй ... Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт болох 1998 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 274 улсын бүртгэлийн дугаартай Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ нь Идэр сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр захирамжийг үндэслэж газрын асуудал хариуцсан албан тушаалтан Ж овогтой М, газар эзэмшигчээр В.Ч-, Ц.Б, Б.Ц, Ц.Ба, Б.А, Ц.Б нарын хооронд Гозгорын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр байгуулагдаж байсан ба 2002 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмшиж, ашиглах гэрээг дүгнэсэн протоколд В.Ч-, Ц.Б, Б.Ц, Ц.Ба, Б.А нарын нэр дээрх 274 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж байсан байна...  Түүнчлэн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Идэр сумын Мануустай багийн иргэдийн эзэмшлийн газрын бүртгэл, газрын төлбөр төлсөн баримтууд, 274 дүгээр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж дүгнэж байсан гэрч Ж.М-ын нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь Гозгорын өвөлжөөг хамт эзэмшиж байсан. Гозгорын өвөлжөөнд Ц.Ба, Ц.Б нар газрын гэрчилгээтэй байсан гэх мэдүүлэг, гуравдагч этгээд нарт өвөлжөөний мөнгө шилжүүлэв Чойжоо гэх утгатайгаар 10.0 сая төгрөг шилжүүлсэн мөнгөн төлбөрийн баримт зэргээс үзэхэд Идэр сумын Мануустай багийн Гозгорын өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хамтран эзэмшиж ирсэн болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд нарыг Гозгорын өвөлжөөний газрыг эзэмших эрхгүй этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

4. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дангаар эзэмших эрхийг тодорхойлохгүй ба газар эзэмшүүлэх гэрээг үндэслэж уг эрхийг улсын бүртгэлд бүртгэх хуулийн зохицуулалттай байхад газар эзэмших хүсэлт гаргаагүй иргэдэд газар эзэмшүүлсэн захирамж гаргасан үйл баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх давж заалдах үндэслэлийн тухайд:

4.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг; ойлгоно гэж заасан хэдий ч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, Газрын тухай хууль /1994 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гээд мөн хуулийн 32.4-т “Газар эзэмших гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заажээ.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газар эзэмшүүлэх гэрээний хамт хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй байх тул гэрээг дүгнэх үүргийг зөвхөн захиргааны байгууллагад хамааруулах нь учир дутагдалтай буюу энэ нь нөгөө талаар газар эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “хариуцагч үүргээ биелүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд:

5.1. Нэхэмжлэгчээс “уг газрыг би С.Бя-с худалдан авсан, үүний дараа худалдахаар Ц.Б, Ц.Ба нарыг өвөлжөөнд буулгасан боловч төлбөрөө төлөөгүй” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж газрын асуудал хариуцсан ажилтан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М-ын газар эзэмшиж, ашиглах гэрээг дүгнэсэн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн протоколд “тус сумын Мануустай багийн Гозгор гэдэг газарт малын хашааны зориулалтаар 4200 м.кв газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн В.Ч-, Ц.Б, Б.Ц, Ц.Ба, Б.А нарын эзэмшил газрыг 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 274 дүгээр гэрээний явцыг дүгнэхэд одоогийн хэмжилт 5300 м.кв, газрын төлбөр төлж байсан болно. Зөвшөөрсөн иргэн Ц.Бу” гэж, 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээнд “газар эзэмшигч В.Ч-, Ц.Б, Б.Ц, Ц.Ба, Б.А, Ц.Бат” гэж бичигдсэн, шүүхийн үзлэгээр авагдсан Идэр сумын Мануустай багийн иргэдийн эзэмшлийн газрын 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн бүртгэлийн 104-106 дугаарлалтад нэхэмжлэгч болоод гуравдагч этгээд нарын нэр бүртгэгдсэн, 2009 оны газрын төлбөрийн баримтын 38-д нэхэмжлэгч болоод гуравдагч этгээд нарын нэр мөн адил бүртгэгдсэн, түүнчлэн гэрч Ш.М, Ж.М, П.М нарын “...энэ өвөлжөөнд В.Ч-, Ц.Б, Ц.Ба нар хамт өвөлжиж байсан” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч дангаар бус гуравдагч этгээд нарын хамт хамтран эзэмшиж байсан гэж үзэхээр байна.

5.2. Нэгэнт сумын архивт гал гарсны улмаас 2019 оноос өмнөх баримт материалууд устаж үгүй болсон төдийгүй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” “....зарим сумдын газрын даамлууд, Лэнд менежер программ хангамжийг улсын хэмжээнд нэвтрүүлснээс хойш өнөөг хүртэл ашиглаагүй, өөрчлөлт болон шинээр нэмэгдсэн мэдээллийг газрын даргын 2014 оны А/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын зааварт нийцүүлэн нөхөн бүрдүүлэлтийн ажил  хангалтгүй хийгдсэн байна. Иймд ... өөрчлөлт болон шинээр нэмэгдсэн мэдээлэл, нөхөн бүрдүүлэлтийн ажлын яаралтай зохион байгуулж, хэрэгжилтийг эргэн мэдэгдэнэ үү” гэсэн 1/1690 дүгээр зөвлөмжийн дагуу хариуцагчаас газар зохион байгуулалтын бүртгэлд нөхөн бүрдүүлэлт хийх зорилгын хүрээнд хамтран эзэмшиж байсан газрыг нэхэмжлэгч болоод гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр маргаан бүхий акт гаргасныг буруутгахааргүй байна.

5.3. Өөрөөр хэлбэл, айл өрх нэг газар хэд хэдээр хамтран буудаллахыг “хот айл” гэж нэрлэж заншсан уламжлалт ойлголт бөгөөд тэдгээр өрхүүд өвөлжөө, хаваржааны газрыг тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал зэргийг харгалзан доорхи газраа дундаа хамтарч эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д тухайлан нээж өгчээ.

5.4. Хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь анхнаасаа хамтран эзэмшиж байсан дээрх нөхцөл байдлыг харгалзан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/44 дүгээр захирамжаар тус өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хамтран эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь буруу биш бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэж заасныг хэрэглэн давж заалдах гомдолд дурдсан “Иймд өвөлжөө хаваржааны газрыг хамтран эзэмшүүлэх талаар хуульчилсан энэ тохиолдолд хамтран хүсэлт гаргасан бол газрыг хамтран эзэмшүүлж болно, нэгэнт бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг бусдад хамтран эзэмшүүлж болохгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

5.5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9-д “Газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж болно”  гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээнд “газар эзэмшигч В.Ч-, Ц.Ба, Ц.Б” гэж бичигдсэн байгаагаас үзэхэд маргаан бүхий газрыг хамтран эзэмшүүлсэн, ийнхүү хамтран эзэмшүүлсэнтэй холбоотой газар эзэмших нэг гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

6. Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх талаар зарчмын зөрчил гаргасан гэх давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд:

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

6.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхойлолт, баримт ирүүлэх тухай” 161 дүгээр албан бичгээр “...иргэн В.Ч-, Ц.Б, Ц.Ба нараас Гозгорын өвөлжөөг эзэмшихээр тус сумын Засаг дарга, түүний Тамгын газар, газрын даамалд гаргасан хүсэлт, Гозгорын өвөлжөөг иргэн В.Ч-, Ц.Б, Ц.Ба нарт эзэмшүүлсэн газрын хувийн хэрэг, кадастрын зураг, Гозгорын өвөлжөөг эзэмших эрх үүсгэсэн 1992-1993 оны Идэр сумын бага хувьчлалын баримтууд”-ыг ирүүлэхийг Идэр сумын Засаг даргад даалгажээ.

6.3. Уг албан бичгийн дагуу хариуцагчаас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/211 дүгээр албан бичгээр “...нөхөн бүрдүүлэлтийн ажил байсан тул газрын даамал зар хүргэж өвөлжөө эзэмшигчдээс иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийж байсан. Гозгорын өвөлжөө эзэмшигч В.Ч-, Ц.Б, Ц.Ба нарын бага хувьчлалын үеийн бичиг баримт байхгүй” гэж, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/214 дүгээр албан бичгээр “...сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамж сумын архивт байхгүй байна. Сумын Засаг даргын Тамгын газрын архивын баримт 1978 оноос хойш 2 удаа шатсан гэх бөгөөд одоо сумын архивд 2019 оноос хойших баримт байгаа болно” гэсэн хариу ирүүлжээ.

6.4. Архивт 2019 оноос өмнөх жилүүдийн хэргийн оролцогчдын хэн алины баримтууд байхгүй боловч нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон гэрчилгээнээс өөр баримт байхгүй, уг гэрчилгээнд хамтран эзэмшигч С.Бя гэж бүртгэгдсэн, 1998 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 274 газар эзэмших гэрээ болон гэрээг дүгнэсэн протоколд газар эзэмшигчээр В.Ч-, Ц.Б, Ц.Ба нарын нэр бүртгэлтэй, 2002 оны Идэр сумын Мануустай багийн иргэдийн эзэмшлийн газрын бүртгэл, газрын төлбөр төлсөн баримтуудад тус тус нэхэмжлэгч болоод гуравдагч этгээд нарын нэр бүртэлтэй байх энэ тохиолдолд гуравдагч этгээд нарыг газар эзэмших эрхгүй байсан гэж шууд дүгнэхээргүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6.5. Тодруулбал, шүүх нэгэнт устаж үгүй болсон баримтыг дахин сэргээх боломжгүй тул хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцжээ.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             Б.АДЪЯАСҮРЭН

                              ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ