Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00904

 

З.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2018/00046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.О-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Б ТӨХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А, Ч.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 2 дугаар сарын 24-нд тус компанид дотоод хяналтын ажилтнаар томилогдож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Гүйцэтгэх захирал Н.Г 2017 оны 12 дугаар сарын 20 хүртэл хугацаатай, урьдчилан бэлдсэн хөдөлмөрийн гэрээг тараан, ямар ч тайлбар, санал, хүсэлт авалгүйгээр тэнд байсан бүх инженер, техникийн ажилтнуудаар гарын үсэг зуруулсан. Энэ талаар Н.Г захиралд  ажлын байр бол байнгын ажлын байр, хугацаатай гэрээ байгуулах шаардлагагүй гэхэд энэ гэрээ бол жилийн эцэст ажил дүгнэх л зорилготой хийгдэж байгаа гэж хууран мэхэлж, зурахгүй бол одоо халагд гэж шахалт үзүүлж зуруулсан. Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгчийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/218 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Ямар шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон үндэслэл, шалтгааныг тушаалд тусгаагүй.

 

Хөдөлмөрийн дотоод журам-ийн 6.1.5-д Ажилтан өөрийн ажлын байр болон өөртэй нь холбоотой аливаа асуудлыг шийдэхэд биеэр оролцох, санал, бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн заалтыг зөрчиж санал бодлыг авалгүйгээр хугацаатай гэрээ байгуулж, мөн цаашид ажиллах саналыг харгалзан үзээгүй, хариу өгөлгүй шууд ажлаас чөлөөлсөн. Орон тоо хасагдаагүй, өөрчлөлт ороогүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Гын гаргасан Б/218 тоот тушаал нь хууль  зөрчсөн тул  урьд эрхэлж байсан Б ТӨХК-ийн Дотоод хяналтын аудитор ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тус хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 05-ны өдөр дотоод хяналтын аудитороор ажиллаж байсан З.О-тэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь 2 талын харилцан тохиролцсон гэрээ, хууль зөрчөөгүй. З.О нь тухайн үед энэхүү хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. З.О нь хөдөлмөрийн гэрээг сунгаж цааш ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч сунгахгүй тухай мэдэгдлийг 2017 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн. Эрх зүйн зөрчилтэй акт /тушаал/ гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад байнгын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоны дагуу хугацаатай байгуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтаар хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул эрх зүйн зөрчилгүй акт юм. Иймд  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Павай овогт Зоригтын Оийг Б ТӨХК-ийн дотоод хяналтын аудиторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтланБ ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2 573 392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.О-ийн дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Б ТӨХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 56 124 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий болоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талуудын харилцан тохиролцож байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохоор зохицуулсан боловч, энэ нь ажилтан ажил олгогчийн хэн алины санаачилгаар тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд л байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохоор заасан зохицуулалт юм гэж гэрээг үгүйсгэж дүгнэлээ. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажилтантай хугацаагүй байгуулж болох нь үүрэг биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан бөгөөд энэ нь ажилтан, ажил олгогч хоёрын хөдөлмөрийн гэрээгээр хүлээх үүрэг хариуцлагыг тэнцвэржүүлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалт.Нэхэмжлэгч нь тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсанаас бус хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй. Талуудын маргааны хүрээ, хязгаарыг буруу дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн хугацаатай гэрээ байгуулахаар зохицуулсан 23.2.2-т заалт нь талууд тохиролцвол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор диспозитив байдлаар зохицуулсан. Түүнээс тохиролцоо нь тодорхой үндэслэл, шаардлага бий болсон байх явдлыг шаардахгүй. Гэрээний чөлөөт байдалд үндэслэх болохоос гэрээний оролцогч талуудад хуулиар тусгайлан; үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч З.О нь хариуцагч Б ТӨХК-д холбогдуулан тус компанийн дотоод хяналтын аудиторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч Б ТӨХК–ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/218 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 4 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, 2018 оны 01 сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна. /хх-ийн 1-3 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч нь Б ТӨХК-д 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс дотоод хяналтын ажилтнаар томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс тус компанийн дотоод хяналтын аудитороор томилогдож хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилласан. /хх-ийн 5-16 дугаар хуудас/

 

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хугацаагүй гэрээг өөрчилж, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаатай болгосон. Энэ тухай нэхэмжлэгчийн гаргасан “нэг загварын хугацаатай гэрээнд бүх ажилтнуудаар гарын үсэг зуруулсан” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй. Иймд энэхүү хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ. Ажил олгогчийн тусгайлан бэлдсэн загвар гэрээнд гарын үсэг зуруулж байгаа нь / хх-ийн 5-16 дугаар хуудас/ талууд гэрээний заалт нэг бүрээр харилцан тохиролцсон гэхээс илүү стандарт нөхцөлийг агуулсан болохыг нотолж байна. Ямар нөхцөл, шалтгаан, шаардлагын улмаас талууд хугацаатай гэрээг хугацаагүй болгосон нь тодорхойгүйгээс гадна гэрээний нөхцлүүдийг нэг бүрчлэн тохиролцсон гэж үзэх боломжгүй, нэг нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулийн заалтыг тодотгосон гэх, урьдчилан тогтоосон нөхцөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасантай нийцэхгүй.

 

Б ТӨХК-ийн дотоод хяналтын аудиторын ажлын байр нь байнгын ажлын байр болох тухайд талууд маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцож байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохоор зохицуулсан хэдий ч энэ нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачлагаар, харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаа заах зохицуулалт юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч ажилтантай харилцан тохиролцсон, гэрээг хугацаатай байгуулах тодорхой үндэслэл шаардлага бий болсон, эсхүл ажилтан өөрөө хүссэн гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотолж чадаагүй. Мөн ажил олгогч нь тушаалдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийг баримталсан боловч ямар үндэслэл,шаардлага бий болсоноо тусгаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна./ хх 4 дүгээр хуудас/

 

Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу тооцсон, шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2018/0046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД