Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 008

 

   Т.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан этгээд Т.Е-д холбогдох эрүүгийн 1913002170213 дугаартай, 2 хавтаст хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч Ө.А-ын заалдах гомдлын дагуу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, прокурор Т.Батсүх, цагаатгагдсан этгээд Т.Е, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Бахыт,  хохирогч Ө.А, хохирогчийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1974 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн казах хэл, уран зохиолын багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Т-ын Е /РД:БЭ000000/ нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрладаг “Гурвалжин” нэртэй дэлгүүрийн худалдагч Ө.А-т “цалингийн зээл авах гэж байгаа, урьд авсан зээлийн үлдэгдэл гарч ирсэн, түүнийг төлбөл зээл гаргана гэнэ” гэх зэргээр төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж залилан 17.094.000 төгрөгийн хүнсний бараа, 14.647.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/19 дүгээр цагаатгах тогтоолоор:

“1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Т.Е-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Е-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.  

 

Прокурорын эсэргүүцэлд: “Т.Е нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрладаг “Гурвалжин” нэртэй дэлгүүрийн худалдагч Ө.А-т “цалингийн зээл авах гэж байгаа, урьд авсан зээлийн үлдэгдэл гарч ирлээ, түүнийг төлбөл зээл гаргана гэнэ” гэх зэргээр төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж, залилан 17.094.000 төгрөгийн хүнсний бараа, 14.657.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдсон байна.  Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Т.Е-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, 2020/ШЦТ/19 дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч Т.Е-ыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Т.Е-ын үйлдэлд хохирогчийг хуурч эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах буюу зээлээр авсан эд зүйл төгрөгийг нь буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй эсхүл хагасыг хийнэ гэсэн санаа зорилго байхгүй байна гэж шүүх дүгнэсэн нь буруу байна. Учир нь, Т.Е нь анх танилцахдаа “Би 5 дугаар сургуулийн багш хүн танаас хэдэн төгрөгийн зээл аваад дараа нь өгөх үү” хэмээн багшилдаг буюу байнгын орлоготой хүн гэдгээ илэрхийлж итгэл олж авч эхэлсэн байдаг. Үүний дараагийн үйлдлүүдээрээ Ө.А-аас авсан бараа болон дансаар шилжүүлэн авч буй төгрөгийг төлж чадахгүй гэдгээ мэдсээр байж “би 60 сарын цалингийн зээл авах гэж байна. Удахгүй 40 сая төгрөгийн зээл гарна гэнэ, цагдаад хахууль өгөх гэж байна, банкны хүнд хахууль өгөх гэж байна., Монгол банкны Серёжатай уулзлаа, 400,000 төгрөг төлбөл зээл гарна гэнэ, ХААН банкны захиралтай уулзлаа, нөхрийн нэр дээр зээл гарч ирлээ” гэх мэтээр бодит байдлыг нуун удаа дараа худал зүйл хэлж хуурч мэхлэн улам итгэлийг олж, олон удаагийн шилжүүлгээр 14.6 сая төгрөгийг шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл цалингийн зээл гарах ямар ч боломжгүй гэдгээ мэдсээр байж А-ыг төөрөгдөлд оруулж хүнсний барааны үнэ болон дансаар шилжүүлэн авсан мөнгөө төлөх боломжгүйгээ мэдсээр байж хууран мэхэлсэн нь тогтоогдож байна.

2. Т.Е нь Ө.А-аас авсан хүнсний барааны үнэ 17 сая төгрөг, дансаар авсан 14.6 сая төгрөгийг хэзээ ч төлж чадахгүйгээ мэдсэн боловч бодит байдлыг нуун дарагдуулсан бөгөөд улмаар “надад мөнгө байхгүй, надаас мөнгөө авч харагдаач” хэмээн хохирогчийг тохуурхан мессеж бичиж байсан байна. Эндээс үзэхэд тэрээр авсан мөнгө, барааны үнийг буцааж өгөхгүй байх эсхүл хагасыг өгөх бодолтой байсан нь тогтоогдсон болно. Гэрч Х.О, С.С нарын мэдүүлгээс үзэхэд тэрээр худал хэлж “багш хүн байгаа удахгүй цалин бууна” гэх зальт үгээр хуурч бодит байдал дээр зээлсэн барааны үнийг төлөх боломжгүйгээ нуух замаар “зээл” нэртэй залилан хийдэг байна.

3. Хохирогч Ө.А нь түүний удаа дараагийн зальт үгэнд итгээгүй байсан бол дахин дахин олон удаагийн үйлдлээр түүнд мөнгө шилжүүлэх үндэсгүй юм. Төрсөн ах дүүгийн эсхүл эцэг эхийн холбоотой биш хүнд удаа дараа ингэж мөнгө шилжүүлэх, бараа өгөх шаардлага огт байхгүй байсан. Зээлээ аваад миний мөнгийг өгөх байх гэж төөрөгдөлд орсноос болж ийм их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэдгээ хохирогч шүүх хурал дээр маш сайн мэдүүлсэн байдаг. Иймд Т.Е-д холбогдох анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

            Хохирогчийн гомдолд: “Миний бие анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна Үүнд:

1. Т.Е нь албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, багшийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж удаа дараагийн үйлдлээр надаас 31,751,000 төгрөгийг залилж авч, хохироосон. Түүний уг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр цагаатгаж, гэм буруугүйд тооцсон явдалд гомдолтой. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг цагаатгахдаа үндэслэл болгох нэг ч нотлох баримт байхгүй байхад шүүх яллах талын нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэхгүйгээр буруу үнэлэлт, дүгнэлт хийсэн. Улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Е-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг, яллах талын бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолдоо дурдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

2.Т.Е нь албан тушаалын байдлаа ашигласан нь дараах байдлаар нотлогдож байхад улсын яллагч хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуульд нийцээгүй. Т.Е нь өөрийгөө багш гэдгээ хэлж, багшийн ёс зүй, тангаргаараа андгайлан миний итгэлийг олж авсан. Би өөрөө багш хүн байсан учраас түүний үгэнд итгэсэн. Т.Е нь танай хажуу талд өмчлөлийн газартай тэрийгээ зарах гэж байна, ХААН банкны \/IР өрөөнд сууж байна, газрын даамалд архи өгөх гэж байна, зээлийн эдийн засагч, банкны ажилчдад хахууль болгон мөнгө өгөх гэж байгаа гэж дандаа худал хэлж итгүүлдэг байсан. Түүний хэлсэн энэ бүгд худал болох нь тогтоогдсон. Манай хажуу талд өмчлөх газар ч үгүй, банкнаас зээл авах ямар ч боломжгүй байсан атлаа энэхүү бодит байдлыг нуун дарагдуулсан. Мөн би өөрөө Ногооннуур сумын иргэн учраас тус суманд оршин суудаг Хийн бэр гэхээр нь итгэх болсон.

3. Т.Е нь Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг атлаа 10 дугаар багт байрладаг түүний гэр орноос нь 4 км гаруй зайтай манай дэлгүүрт ирж зээлээр бараа болон мөнгө авч байгаа нь тухайн хүний субьектив санаатай гэдгийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл түүний ойр хавийн бүх дэлгүүр, супермаркет, үйлчилгээний газрууд Т.Е-ын хувийн байдлыг сайн мэддэг учраас зээлээр бараа олгодоггүй болох нь тогтоогджээ. Тухайлбал, “Д” супермаркетын эзэн С.С-ээс хэд хэдэн үйлдлээр 110,000 төгрөгийн барааг 30 минутын дараа аваачиж өгнө гэж залилан мэхлэн авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Залилан мэхлэх гэмт хэрэгт материаллаг бүрэлдэхүүн байхгүй бөгөөд түүний С.С-г залилсан үйлдлийг орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан явдал болжээ. Анхан шатны шүүх үүнийг анзаараагүй явдалд гомдолтой.

4. Т.Е-ын зан байдлын талаар нотлох баримтуудыг шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа харгалзаагүйд гомдолтой. Т.Е-ын ажил олгогч Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын тодорхойлолт, гэрч Х.О-н Т.Е-ын зан байдлын талаар өгсөн мэдүүлэг, гэрч С.Сгийн Т.Еы зан байдлын талаарх мэдүүлэг, гэрч Х.Т-ийн Т.Е-ын зан байдлын талаарх өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цагаатгах тогтоолдоо хэрхэн няцааж, үгүйсгэснийг дурдаагүй байна.

5.Шүүгдэгч Т.Е нь намайг залилан мэхлэн 31,751 000 төгрөгөөр хохироосны дараа мессеж бичиж "надаас олж долоогоорой хөгшин нохой минь" гэж доромжилж, тохуурхсан. Үүгээр анхан шатны шүүхийн дүгнэсэн "буцааж төлөхгүй байх, хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа, зорилго, сэдэлт тогтоогдохгүй байна" гэснийг үгүйсгэж байгаа. Шүүх буруу дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд ял завшуулж байгаа болно.

6. Т.Е нь шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаар мэдүүлсээр байсан. Тодруулбал, хэргийн 117-120 хуудаст түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх алдаа гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэм буруугийн шүүх хурал хийж, гэм буруугүйд тооцож, цагаатгасанд гомдолтой байна. Гэм буруутайд нь маргаагүй хүнд гэмт буруугийн шүүх хурал хийх ёсгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт нь шүүх хуралдаанд оролцох байр сууриа танилцуулахдаа, шүүгдэгчийн гэм бурууд маргахгүй гэдгээ хэлж, ял хөнгөрүүлэн оролцохоо илэрхийлсэн. Шүүгч Х.Талгат нь нэг ургийн овогтой, нэг багт оршин суудаг Т.Е-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг баримтлан, хууль бус шийдвэр гаргасан гэж хардаж байна. Иймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. Шүүгдэгч Т.Е нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж, дуудсан цагт ирэхгүйгээр мөрдөн байцаалтад саад учруулдаг учраас түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогч Ө.А-ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Яллагдагч Т.Е нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрладаг “Гурвалжин” нэртэй дэлгүүрийн худалдагч Ө.А-д “цалингийн зээл авах гэж байгаа, урьд авсан зээлийн үлдэгдэл гарч ирсэн, түүнийг төлбөл зээл гаргана гэнэ” гэх зэргээр төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж залилан 17.094.000 төгрөгийн хүнсний бараа, 14.657.000 төгрөгийг дансаар мөнгө залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх нь Т.Е-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн хуулийн заалтын дагуу цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй буюу цагаатгах тогтоолд энэ талаар бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх “бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуун дарагдуулж залилан эд хөрөнгийг авсан” хэмээн яллаж, шинжлэн судлуулсан яллах талын нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Е хохирогч Ө.А-т бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулсан тухай нөхцөл байдал нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө хохирогч Ө.А-аас зээлээр авсан эд зүйл, мөнгө төгрөгийг нь буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлт нь тогтоогдохгүй байна.” гэж дүгнэжээ.

 

1. Хохирогч Ө.А-ын “...Ингээд 2018 оны 02 дугаар сарын эхээр үл таних өөрийгөө Е гэгч, 5 дугаар сургуульд багшилдаг багш хүн байгаа, таниас хэдэн төрлийн хүнсний барааг зээлээр авч, дараа нь мөнгийг нь өгч болох уу гэхээр нь би итгэж эхлээд 20.000 төгрөгийн чихэр печень, ундааны төрлийн бараа өгөөд явуулсан.

Дараагаар нь ирээд миний цалинг зээлд татсан байна. Дараагийн цалин буухад өгье гэж хэлээд нэмж бараа авсан. 2 дахь удаа дэлгүүрт ирэхэд би Т.Е-ын өөрөөс нь өөрийнх нь талаар асуухад “Би Ногооннуур сумын Х гэдэг хүний бэр юмаа. Нөхрийг маань Т гэдэг” гэж хэлсэн. Би өөрөө Ногооннуур сумын “Улаан-чулуу” багийн иргэн учраас тэр хүмүүсийн талаар мэддэг байсан. Тэгээд худлаа хэлэхгүй байх гэж бодоод нэмж эд зүйл өгсөн. Тэгээд 390.000 төгрөг болсон.

Дараа нь хэд хоногийн дараа, нөгөө эмэгтэй маань хүрч ирээд, дахиж хэдэн зүйл нэмж авахаар ирлээ, цалин буухаар найдвартай өгнө гэж хэлэхээр нь би чиний нөхөр болон хамаатан садангууд чинь аймгийн төвд байдаг уу, ямар хүмүүс байдаг юм бэ гэхэд миний нөхрийг Т гэдэг, би Ногооннуур суманд оршин суудаг Х гэх хүний бэр болсон гэж хэлсэн. Би өөрөө Ногооннуур суманд оршин сууж байсан болохоор Х гэх хүнийг таньдаг байсан. Ингээд би уг эмэгтэйд итгэж, хэд хэдэн удаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр өгсөн ба сүүлд 800.000 гаруй төгрөг болсон. Уг мөнгийг байнга шаардаж нэхсэн боловч өгч чадахгүй, газраа зарах гэж байна, 60 сарын зээл авахаар болсон, урьд авсан цалингийн зээлийг хаавал нэмж зээл гарах боломжтой гэж байна, та туслаад мөнгө өгөөч гэхээр нь би хэд хэдэн удаа түүний 2 данс руу мөнгө шилжүүлсэн. Ингээд нийт 31.751.000 төгрөгийг Е-аас авч чадахгүй, залилуулж байна.

2018 оны 02 дугаар сараас эхлэн 2019 оны 5 дугаар сар хүртэл хүнсний бараа болон бэлэн мөнгийг удаа дараа авч байсан. Нийт хэдэн ширхэг ямар, ямар хэдэн төгрөгийн бараа авсан эсэхийг мэдэхгүй байна.

Сүүлд, урьд авсан зээлийг хаавал нэмж зээл гарахаар боллоо, та туслаад мөнгө өгөөч, зээл гарвал таниас авсан хүнсний бараа болон мөнгийг төлж өгнө шүү дээ гэж гуйгаад байхаар нь хэд хэдэн удаа гарт нь бэлнээр болон түүний 5180931048, 5193098509 тоот данс руу хэд хэдэн удаа 15.000-500.000 төгрөгийн хооронд шилжүүлж байсан.

Ингээд Е нь намайг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, худлаа итгүүлэн нийт 31.751.000 төгрөгийг залилсан. Би Е-аас бичүүлж авсан баримтын хуулбар болон түүний дээрх данс руу шилжүүлж байсан депозит дансны хуулгыг авчирсан болно.

            ...Тэгээд олон удаа хүнсний бараа болон бэлэн мөнгө, данс руу нь мөнгөн шилжүүлгээр хийж өгсөн. Тухайн үед би цахим үнэмлэхээ хуулбарлаад авчраад өгчих гэхэд авч ирж өгнө гэж хэлээд авчраагүй. Мөн ямар нэгэн барьцаа асууж байгаагүй. Сүүлд бүр надаас зугтаагаад утсаа авахаа байсан.

... Е-д нийт 17.094.000 төгрөгийн бэлэн мөнгө болон хүнсний бараа өгсөн. Е нь “эгч минь та намайг таньж байгаа шүү дээ, би багш хүн байна, худлаа хэлэхгүй, цалин буухаар өгнө, удахгүй зээл гарна гэж гуйгаад, хүнсний бараа болон бэлэн мөнгө авдаг байсан. Би тухайн үед авсан барааны үнэ болон бэлэн өгсөн мөнгийг тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэж Е-аар гарын үсэг зуруулдаг байсан. Е нь өөрөө өгөх өглөгтэй гэж бичиж өгдөг байсан. Сүүлд бичихгүй зугтаадаг болсон. Е нь 6.453.000 төгрөгийн бэлэн болон хүнсний бараа авсан баримтыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин үлдсэн 10.641.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгийг би тухай бүрд нь өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж, Е-д үзүүлж, харуулдаг байсан боловч Е нь зугтаагаад гарын үсгээ зурж, тооцоо нийлээгүй. Тухай бүрд нь нэмж бичүүлээд авдаг байсан. Гэтэл би гарын үсгээ зурж, тооцоо нийлэх талаар хэлэхэд ирэхгүй, шалтаг шалтгаан хэлж, маргааш зээл гарахаар болсон, орой авчирж өгнө та хүлээж байгаач, би үнэн хэлж байна, гарын үсгээ маргааш очоод зурна гэх мэтээр зугтааж ирдэггүй байсан юм.

Миний бие 6.453.000 төгрөгийн хүнс болон бэлэн мөнгө авсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Одоо үлдсэн 10.641.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Тэгэхэд Е нь бодит байдлыг нууж, хуурч мэхлэн надаас нийт 17.094.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгө, 14.657.000 төгрөгийг дансаар дамжуулан авч залилсан. Уг асуудалд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

            гэрч Х.Т нь Т.Е-ын нөхөр бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж авсан “...Т.Е нь “Гурвалжин” нэртэй дэлгүүрээс хэд хэдэн удаа зээлээр хүнсний зүйл, хэрэгцээт эд зүйл авч байсан. Нэг удаа намайг дагуулж очиж, архи авч өгсөн. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Харин би Е-нд их хэмжээгээр удаа дараа зээлээр хүнсний бараа, эд зүйл авч болохгүй гэдгийг сануулж хэлдэг байсан. Мөн уг дэлгүүрийн эзнээс удаа дараа миний данс руу болон өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авсан эсэхийг надад огт хэлж байгаагүй. Миний данс руу мөнгө орсныг би мэдээгүй. Учир нь миний виза карт маань Е-нд байдаг байсан. А гэх хүнийг би огт танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. А гэх хүнээс Е нь мөнгө төгрөг шилжүүлж авсныг огт мэдээгүй. Энэ талаар надад хэлж байгаагүй.

            ...Е нь Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд казах хэл, уран зохиолын багш ажилтай. Цалингийн зээлтэй, 1 хүүхэд маань Казахстан улсад оюутан. Мөн өвлийн байшингаа Малчин төв буюу “Хундымура” ХЗХ-нд барьцаанд тавьж 2.000.000 төгрөгийн зээл авсан. Төлөх боломжгүй мөртлөө хүнсний зүйлүүдийг зээлээр авдаг байсан. Харин А гэх хүнээс удаа дараа мөнгө авсан гэдгийг мэдээгүй.” Гэх мэдүүлэг,

            гэрч Х.С-ын “...Т.Е нь манай Хаан банкнаас цалингийн зээл авч байсан. ...Т.Е нь байнга цалингийн зээл авдаг. Нэмж зээл аваад байдаг байсан. Одоогийн байдлаар ямар нэгэн зээл гарах боломжгүй байна” гэх мэдүүлэг,

            гэрч     Х.О-ын “...Е нь дэлгүүрээс бараа болон бэлэн мөнгө аваад, хугацаандаа өгөхгүй юм байна гэж гадны хүмүүсээс сонсож байсан. Чухам ямар дэлгүүрээс хэдэн төгрөгийн бараа, бэлэн мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь Е нь ах болох Т-ын үгэнд орохгүй өөрөө мэдэж, өөрийнхөө хүслээр явдаг, худлаа ярьдаг хүн юм. Ах болох Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн, энэ байдлаас нь болж манай ах дүүс, аав, ээж маань дотно харьцахаа болсон. Е нь хэдэн хоногийн өмнө надаас 130.000 төгрөг асууж, гар утсаа барьцаанд тавьсан. Үүнийг барьцаанаас авах гэсэн юм гэж хэлэхээр нь би загнаад явуулсан.

Учир нь дандаа худлаа хэлж, энд тэнд өр тавьдаг сураг сонссон болохоор загнаад, мөнгө өгөөгүй. Мөн Тохтамыс ахаас ямар нэгэн байдлаар тусламж гуйж, ноолуур асууж байгаагүй. Тохтамыс ах Ногооннуур сумын Улаан чулуу багт оршин суудаг. Е-тай дотно харьцахгүй. Т ах 3 хүүхэдтэй бөгөөд том хүү нь Казахстан улсад сурдаг оюутан, дараагийн охин нь 11 дүгээр ангийн сурагч, дараагийн хүү нь 7 дугаар ангийн сурагч юм. Т-д тодорхой эрхэлсэн ажилгүй. Хөдөлмөр алдалтын хувь тогтоолгосон байсан. Одоо группд байна уу, үгуй юу мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Динар” нэртэй дэлгүүртэй юм. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Е нь өөрөө ганцаар манай дэлгүүрт орж ирээд, багш хүн байгаа юм, ажилдаа орсон удахгүй цалин орох болно зээлээр юм өгөөч гэж хэлэхээр нь 23.500 төгрөгийн хүнсний бараа авсан. Дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орж ирээд 24.500 төгрөгийн хүнсний бараа, дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр орж ирээд 42.500 төгрөгийн хүнсний бараа, дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд. нөхөр маань зугаалганд явж ирээд шартсан байна, явж чадахгүй байна, бид хоёр банкнаас зээл авах гэсэн чинь явж чадахгүй байна гэж хэлээд, 19.500 төгрөгийн хүнсний бараа авсан. Нийт 110.000 төгрөгийн бараа авсан ба сүүлд ирэхэд 30 минутын дараа авчирж өгнө гэж өөрийнхөө виза карт, хоосон түрийвч, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлүүдийг барьцаанд тавиад явсан. Түүнээс хойш ирээгүй” гэх мэдүүлэг,

яллагдагч Т.Е-ын “Би сард 730.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд үүнээс 545.000 төгрөгийг зээлэнд татуулаад, гартаа 185.000 төгрөг авдаг юм. Хаан банканд 19.000.000 төгрөгийн зээлтэй бөгөөд сар болгон 545.000 төгрөг төлнө. Сард 300.000 гаруй төгрөгийг зарцуулдаг. Үүнд түлээ нүүрс, идэж уух мах, хүнсний зүйл, саван гэр ахуйн хэрэглэл, хүүхдүүдийн хэрэглэл, цахилгааны төлбөр, зэрэгт зарцуулдаг юм. Нөхөр болох Т нь ажилгүй, 287.000 төгрөгийн халамж авдаг ба үүнийг Хаан банканд барьцаалж зээл авсан. Өөр орлого байхгүй. Ингээд би А эгчээс авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж ирсэн юм. Гэмшиж байна. А-аас эгчээс удаа дараа бэлэн болон бэлэн бусаар мөнгө, хүнсний бараа бэлэн мөнгө авсан. А-аас авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан юм“ гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтын шатанд авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын албан тоот, холбогдох баримт, Эрүүгийн 1913002170213 дугаартай хэргийн хохирлын хүснэгт, хохирогч Ө.А-ийн ХААН банк дахь 5191045990 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Т.Е-ын гарын үсэгтэй зээлээр бараа авсан тухай баримтууд, 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрлалтай, хохирогч Ө.А-ын ажиллуулж байсан “Гурвалжин” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүрээс гарын үсгээ зурж нийт 6.453.000 төгрөгийн эд зүйлийг зээлээр авсан, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 14.569.000 төгрөгийг бэлэн бусаар Хаан банкан дахь 5180931048 /данс эзэмшигчийн нэр Х-ийн Т/, 5193098509 /данс эзэмшигч Т.Е/ дугаартай дансаар дамжуулан авсан зэрэг нотлох баримтуудыг шүүхийн цагаатгах тогтоолд хэрхэн үгүйсгэсэн, дүгнэсэн талаар тусгагдаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй байна. 

 

2. Залилах гэмт хэрэг нь хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг. Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүний эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, мөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудын нэг болгон хуульчилсан заалтыг зөрчсөн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

3. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 170 дугаартай прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчийн үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодорхойлж бичээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд  “Т.Е нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл “Гурвалжин” нэртэй дэлгүүрийн худалдагч Ө.А-д “цалингийн зээл авах гэж байгаа, урьд авсан зээлийн үлдэгдэл гарч ирсэн, түүнийг төлбөл зээл гаргана гэнэ” гэх зэргээр төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж залилан 17.094.000 төгрөгийн хүнсний бараа, 14.657.000 төгрөгийг дансаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж бичжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд хохирогчоос авсан 17.094.000 төгрөгийн хүнсний бараа, 14.657.000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан шүүгдэгчийн үйлдэл тус бүрийг нарийвчлан ангилж, үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”, 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг зааснаар “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Прокурорын “Т.Е нь Ө.А-аас авсан барааны үнэ 17 сая төгрөг, дансаар авсан 14.6 сая төгрөгийг хэзээ ч төлж чадахгүйгээ мэдсэн боловч бодит байдлыг нуун дарагдуулсан бөгөөд улмаар “надад мөнгө байхгүй, надаас мөнгөө авч харагдаач” хэмээн хохирогчийг тохуурхан мессеж бичиж байснаас үзэхэд мөнгө, барааны үнийг буцаан өгөхгүй байх, хагасыг нь өгөх бодолтой байсан нь тогтоогдсон болно” гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг,

Хохирогч Ө.А-ын  “Хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд дурдаагүй” гэх давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдлыг бүрэн хангаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/19 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Е-д холбогдох эрүүгийн 1913002170213 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ө.А-ын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 2, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Е-д хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Е-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг зохих хяналт тавих байгууллагад мэдэгдэхийг прокурорт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ