| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/00155/И |
| Дугаар | 101/ШШ2020/01639 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2020/01639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, Б /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. оршин суух, Бат /РД:........../-д холбогдох,
950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б 2019.01.02-ны өдрөөс 2019.02.03-ны өдрийн хугацаанд хариуцагч Батийн ******* УНҮ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг би холбогдох эвдрэл хохирлыг хариуцан засан өгсөн бөгөөд дээрх хугацаанд 2019.12.13-ны өдрийг хүртэл хариуцагч Батийн хүсэлтээр миний биед холбогдолгүй зам тээврийн ослын эвдрэл хохирол болох урд гупер, баруун урд карло, мөн багажны таг, багажны төмрийн эвдрэл гажааг үнэ тохиролцон засаж хүлээлгэн өгсөн болно. Хариуцагч өнөөг хүртэл засварын хөлс болох урд гупер, карло засвар 200,000 төгрөг, багажны эвдрэл, багажны таг засвар 750,000 төгрөг, нийт 950,000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү.
Бат 2019-01-24 ний өдөр гаргасан ослын дараа надтай ирж уулзсан. Баруун урд гупер, карло мөргөж эвдэрсэн байсныг 200,000 төгрөгөөр засаж өгөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд 2018-12-20-ны өдрийн ослын эвдрэл болох хойд багажны төмрийн гажаа, тагны эвдрэл хаалга хаагдахгүй байсныг засаад өг гэснийг 1,500,000 төгрөг болно тал үнээр нь засаж өгье гэж хэлээд засаж өгсөн. Төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа. 2019-01-24-ний орой машинаа хүргэж ирэхдээ 2018-12-20-ны өдрийн эвдрэлийг цуг засуулъя гэсэн. Эдгээр Монгол даатгалаас ирсэн баримтаар нотлогдож байгаа Хан-Уул дүүрэгт шийдэгдсэн хэрэгтээ хамааралгүй. Монгол даатгалаас ирүүлсэн нотлох баримтад байгаа үнэлгээний үнийн дүнг тооцож нэхэмжилж байна. Нотлох баримтын дагуу шаардах нь зөв болов уу. Баруун урд гупер хагарч бутарсан байсан. Эвлүүлж наагаад замаскдаад будсан 100,000 төгрөг. Урд карло төмөр нь хэлбэрээ алдсан байсан. Хэлбэрт нь оруулаад замаскдаад будсан 100,000 төгрөг. Багажны тагны цоож зөрсөн, таглагддаг хэсэг нь араасаа мөргүүлсэн байсан засварлаж будсан 300,000 төгрөг. Запас дугуйн байдаг хэсгээр цөмөрч орсон байсан. Төмрийг хэлбэрт оруулж битүүмжилсэн 450,000 төгрөг. Би хувиараа засвар хийдэг, түрээс төлж ажилладаг. Батцоожтой гэрээ байгуулаагүй, Батцоож өөрөө хүсэлт гаргаад хийж өгсөн. 2019-01-24-ний өдрөөс өмнө би өөрөө мөргөж эвдэлсэн эвдрэлээ зассан байсан. Бат машинаа өөрөө аваад явсан, 2019-01-20 нд хүлээлгэж өгсөн 2019-01-24-ний өдөр мөргөлдчихөөд хүрээд ирсэн...” гэв.
Хариуцагч Бат шүүхэд гаргасан тайлбартаа: “... Бийн нэхэмжлэлийн шаардлага болох эвдрэл, гэмтэл засаж өгсөн гэх 950000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б багажны таг, багажны эвдрэл зэргийг засварласан 750,000 төгрөг гэж, энэ нь ор үндэслэлгүй юм. Миний тээврийн хэрэгслийн багажны таг нь тухайн ослын үед болон сүүлд нь гэмтээгүй, миний зүгээс засварлуулах талаар Батбэхэд санал, хүсэлт огт тавиагүй. Харин Батбэх нь өөрөө дур мэдэн засварласан гэж хэлсэн...” гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн ярьж байгаа 2018-12 сарын арын гэмтэл хамааралгүй тэр үед нэгнээ таньдаггүй байсан. 2020-01 сарын асуудлыг би мэдээгүй байсан. 2018-12-29 нөөс 30 шилжих шөнө Бтэй мөргөлдсөн. Бат машин барьж явсан. 2019-01-24 ний өдрийн ослыг би мэдэхгүй байна. Манай хүүхэд надаас айгаад хэлээгүй нуусан байх тэрийг үгүйсгэхгүй. 2018 оны 12 сарын гэмтэл нэхэмжлэгчид хамаагүй бид нар өөрсдөө машинаа зассан байсан. 2019-01-24-ний үед миний машиныг хүүхдэд өгч гаргасан нь сонин байна. Надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Би засвар хийдэг та зөвшөөрвөл засаж өгье гэж гуйсан. 2019-01-05-ны өдөр би машинаа өгсөн. Тухайн үедээ дүү нь засварын газар ажилладаг ажил хийгээд сэлбэг авч тавиад таны машиныг засна гээд надаас авч явсан. 2 сард цагаан сар болох гэж байсан. Удаагаад олигтой засаагүй харахад асдаг болгоод л авсан. Тэр хооронд манай хүүхдэд өгч гаргаад тийм зүйл болсон байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын гаднаас миний машиныг авч явсан. Би өрх толгойлсон эмэгтэй. Бат машин засах үед 2019 оны 1 сарын 24-нд машиныг засвараас авч яваад мөргөлдсөн бол намайг өрөвдөөд айгаад надад хэлээгүй байх. Хүний эд хөрөнгийг хүлээж авчхаад тийм хариуцлагагүй байж болохгүй. Надад мэдэгдэх ёстой байсан. 2019 оны 01 сарын асуудлыг одоо ярьж, нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, 2019-08-14 ний өдөр тухайн үед энэ хэргийг Хан-Уул дүүрэгт хамт шийдүүлж болох байсан гэв.
2019-01-24-нд осол гарсан гээд Монгол даатгалаас нөхөн олговор авсан талаар мэдээгүй хэргийн материалтай танилцахдаа харсан. Машиныг хүлээлгэж өгөөгүй байж дундуур нь яагаад гаргав, баримтаар нь бол манай хүүхэд жолоодож яваад осол гаргасан байна. миний машин зүүн талаас нь мөргөөд лонжром эвдрээд явах эд ангийг гэмтээсэн. Тэр хооронд засаж байна гээд би очдог байсан. Залгаад утсаа авахгүй болохоор нь би очдог. Утсаа аваад ярихад нь очдоггүй утсаар мэдээлэл авдаг байсан. Тэр засварын газарт энэ ажилладаггүй таньдаг хүнээ гуйж тэнд очсон гэв. Батбэх өөрөө “та надад итгэвэл би засаад өгье” гэж гуйгаад байсан учир би машинаа засуулж авахын тулд өгсөн. Шүүх шийдвэрлэхэд зөвхөн явах эд анги лонжромын үнийг гаргуулсан. Бусад гупер карло яг хэвээрээ би тухайн үед уурлаж байсан хүний машиныг усны тэрэг гагнасан юм шиг ийм юм хийнэ ч гэж юу байхав гэж хэлсэн. Урд буфер, урд гуперийн сээтэг, нэмэлт гэрэл эвдрэлүүдийг зассан гэж үзсэн...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б хариуцагч Бат-д холбогдуулан “авто машин зассан хөлсөнд 950,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал “засвар хийлгээгүй, өөрийн буруутай үйлдлийн улмаас эвдсэн зүйлийг засаж өгсөн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Бат-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бэд холбогдох гэм хорын хохиролд 3,784,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1726 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, хариуцагч Бээс 1,085,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Батид олгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасныг дагуу 2018 оны 12 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Батийн унаж явсан ******* УНҮ улсын дугаартай автомашиныг ******* ТӨВ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Б мөргөж хохирол учруулсан талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2018 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө ******* УНҮ улсын дугаартай Батийн унаж явсан авто машинд би өөрийн учруулсан эвдрэл гэмтлийг зассантай холбоогүй буюу засаж өгсний дараа 2019.01.24-ний өдөр Бат дахин осол гаргасны улмаас ******* УНҮ улсын дугаартай авто машинд учирсан гэмтэл болох урд буфер, баруун урд карло, багажны таг, багажны төмрийн эвдрэлийг надаар засуулсан ажлын хөлс 950,000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулна.... гэж тайлбарлаж байна.
2018 оны 12 сарын 30-ны өдрийн ослын улмаас ******* УНҮ улсын дугаартай авто машинд учирсан гэмтлүүдийг авто машиныг эзэмших эрхтэй Г.О*******, Бат нар зөвшөөрсөөр Б 2019 оны 1 сард Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хашаанаас Цайзад байрлах авто засварын газарт хүргэн, өөрөө засварлаж 2019 оны 1 сарын 20-ны үед Батид хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, 2019.01.24-ний өдөр Бат замын хөдөлгөөнд оролцох явцад Л.Баясгалангийн өмчлөлийн С.Мөнхзулын жолоодож явсан 62-02 УНИ улсын дугаартай авто машиныг мөргөсөн осол гарсан үйл баримт, “М******* ХК-иас ирсэн баримтуудаар тогтоогдож байна.
2019 оны 8 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр дурдсан засварыг хийсэн талаар дүгнэж, лонджромын үнэ болох 1,085,000 төгрөг гаргуулсан талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, энэ талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Гэвч зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар Б Бат нарын хооронд урд буферийг 100,000 төгрөгөөр, баруун урд карлог 100,000 төгрөгөөр, багажны тагийг 300,000 төгрөгөөр, багажны төмрийн эвдрэлийг 350,000 төгрөгөөр, нийт 950,000 төгрөгөөр засварлахаар тохиролцсон хэлцэл 2019 оны 1 сарын 24-ний өдөр хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэрч Отгонбаатар ******* УНҮ улсын дугаартай авто машиныг Б засварлаж байсан талаар мэдүүлсэн боловч 950,000 төгрөгийн үнэ бүхий засварын ажлыг хийхээр Б, Бат нар тохиролцсон талаар мэдүүлээгүй тул гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлэх боломжгүй.
Батийн нэхэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдсан Б... нэхэмжлэгчийн хүсэлтээр тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг өөрийн биеэр бүрэн засварлаж, хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нэг удаа 160,000 төгрөг, нэг удаа 100,000 төгрөг төлсөн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ослоос өмнө тохиолдсон зам тээврийн осолд өртсөн нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн засварлагдаагүй явсан эвдрэл мөн миний бие нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг засварлан хүлээлгэн өгснөөс хэд хоногийн дараа өртсөн зам тээврийн ослын эвдрэл зэргийг үнэ төлбөргүй өөрийн биеэр засварлан өгсөн бөгөөд нэхэмжлэгч дээрх ослуудын эвдрэлийг даатгалын нөхөн төлбөрүүдийг хүлээн авсан ба миний бие үнэ төлбөргүй засварлаж өгсөн байгаа... гэх тайлбарыг өгсөн атлаа одоо тус шүүхэд .......2019.01.24-ний өдөр Бат дахин осол гаргасны улмаас ******* УНҮ улсын дугаартай авто машинд учирсан гэмтэл болох урд буфер, баруун урд карло, багажны таг, багажны төмрийн эвдрэлийг надаар засуулахаар тохирсон хөлс 950,000 төгрөгийг өгөөгүй...... гэх үндэслэл зааж 950,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль болон гэрээнд үндэслээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хэрэв 2019.01.24-ний өдөр 950,000 төгрөгөөр засвар хийхээр тохиролцсон нь үнэн бол 2019 оны 8 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүх авто машинтай холбоотой хохирол гаргуулах хэргийг шийдвэрлэх үед хамтад нь шийдвэрлүүлэх боломжтой байсан... гэх тайлбар үндэслэлтэй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байхад гаргаагүй, Бийн Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн дээр дурдсан.... үнэ төлбөргүй зассан ... талаарх тайлбараар няцаагдаж байна.
Зохигч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба Бийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тайлбараа баримтаар нотлоогүй ба “Монгол даатгал- ХК-иас ирсэн А******* ХХК-ийн 1205 дугаартай үнэлгээний баримтаар нотлогдоно гэх боловч уг баримт нэхэмжлэгчийн 950,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт учраас үнэлэх боломжгүй.
Дээр дурдсанаас иргэн Б, Бат нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэн, хариуцагч Батид холбогдуулан гаргасан “950,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
******* УНҮ улсын дугаартай авто машин “Г*******” ЗГБХ Нөхөрлөлийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байх боловч зээлийн барьцаанд байгаа, эзэмших, өмчлөх эрхтэй этгээд нь Г.О*******, Бат нар мөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хариуцагч талын тайлбар, Бат “Г*******” ЗГБХ Нөхөрлөлөөс итгэмжлэл аван Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтаар тогтоогдсон, зохигч маргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бат-д холбогдуулан гаргасан “950,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ