Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1063

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

Улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208001290824 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэгдсэн,

            Халиун овогт Олзвойн Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3-216 тоот Э.Тийн эзэмшлийн 515,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөөт-9 загварын гар утас, А.ын эзэмшлийн нийт 830,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн цүнхтэй хувцас, эд зүйлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 1,345,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 699 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

            - Шүүгдэгч О.Бн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирлыг төлнө. Гэм буруугийн асуудалд маргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Хохирогч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, амины орон сууцны 3-216 тоот гэртээ той цуг 0,75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан.  18 цагийн орчим гэрээс гараад явсан. 22 цагийн орчим  “манай найз” гээд Б гэх залуутай цуг манай гэрт нэг шил архитай орж ирээд бид гурав тухайн архийг хувааж уугаад манай гэрт унтаад өгсөн. Намайг өглөө сэрэхэд , манай хүү Мөнх-Эрдэнэ бид гурав байсан. Б байхгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн орчим Б гэх залуу манай гэрт орж ирээд сууж байсан чинь манай эхнэр болох Гантуяа гаднаас орж ирээд од мөнгө өгөөд дэлгүүр лүү архинд гаргасан. Б, , Гантуяа бид дөрөв нэг шил Хараа нэртэй архийг хувааж уугаад би эхнэр хүүхдийн хамт жижиг өрөөнд орон дээрээ унтаад Б,  хоёр том өрөөнд унтсан байсан. Удалгүй  намайг дуудаад “Б таны гар утсыг миний цүнхтэй хувцастай цуг аваад явсан байна” гэхээр нь шууд цагдаад дуудлага өгсөн...

...Би тухайн гар утсаа 2021 оны 11 дүгээр сард Тэди төвөөс 570,000 төгрөгөөр, гар утасныхаа кейсийг... 15,000 төгрөгөөр тус бүр авч байсан. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би гар утсаа аваад хэдхэн хонож байсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас, элэгдэл хорогдол байхгүй шинэ утас байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22/025 дугаартай хөрөнгийн үнэлгээний “гар утас, кэйс, нийт дүн 515,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

- Хохирогч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны 3-216 тоотод байрлах Баяраа буюу /Т/, Гантуяа нарын гэрт би, Т болон Тийн хүү Мөнх-Эрдэнэ нартай хамт сууж байгаад би архи авахаар дэлгүүр орох замдаа 170-175 см орчим өндөртэй, 70 кг орчим жинтэй, жижиг нүдтэй Б гэх залуутай танилцаад дэлгүүрээс 0,75 литр хэмжээтэй Хараа нэртэй архинаас нэг шилийг аваад Т ахын гэрт очиж би Т, Б, бид гурав тухайн архийг хувааж уугаад сууж байсан чинь Тийн эхнэр болох Гантуяа хоёр шил архитай орж ирсэн. Тэгээд Гантуяа эгч “би унтлаа” гээд шууд унтаад өгсөн. Харин Т, Б бид гурав тухайн нэг шил Соёрхол нэртэй архийг нь хувааж уугаад би 16 цагийн орчим нөгөө өрөө рүү ороод унтаад өгсөн. Тухайн өдрийн 19 цагийн орчим би сэрсэн чинь Т ахын хүү болох Мөнх-Эрдэнэ надад хэлэхдээ “таны цүнхтэй хувцас, мөн аавын гар утсыг аваад явчихлаа” гэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн. Би Б гэх залуутай 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр анх уулзаад цуг архи авч уусан. Тухайн залуу надад хэлэхдээ өөрийг нь Б гэдэг 1996 онд Хэнтий аймагт төрсөн гэж хэлсэн. ...Миний цүнх Fila гэсэн бичигтэй, саарал өнгийн, том, барьдаг цүнх байсан. Нортфейсийн улбар шар өнгийн өвлийн куртик, Adidas фирмийн биеийн тамирын хар өнгийн цахилгаантай хослол 1 ширхэг, хар өнгийн 1 хос пүүз, хар улаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг, оймс 2 ширхэг, дотоож 3 ширхэг, ноосон өмд 2 ширхэг, гар нүүрийн алчуур 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан. Мөн 1 ширхэг adidas фирмийн хар өнгийн цамц байсан. Би Бг сэжиглэж байна. Учир нь намайг сэрэхэд Т ахын гэрт Бгаас бусад нь бүгд байсан. Т ахын эхнэрийн гар утас бас алга болсон байсан. Мөн Т ахын 4 настай хүүхэд болох Мөнх-Эрдэнэ надад хэлэхдээ “таны цүнхтэй хувцас, аавын гар утсыг тантай цуг ирсэн Далай гэх эрэгтэй аваад явчихлаа” гэсэн...

...Fila гэсэн бичигтэй үүргэвчтэй цүнх, Нортфейс брендийн куртик, Adidas фирмийн биеийн тамирын хослол, саравчтай малгай, ор хөнжлийн даавуу, оймс, дотуур хувцас, ноосон өмд, гар нүүрийн алчуур, Аdidas фирмийн цамц зэрэг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 141-142 дахь тал),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/033 дугаар хөрөнгийн үнэлгээний “үүрдэг цүнх, өвлийн куртка, биеийн тамирын хувцас, саравчтай малгай, ор хөнжлийн даавуу, оймс дотуур хувцас, ноосон өмд гар нүүрийн алчуур, цамц, нийт дүн 830,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Т нь 3 дугаартай байсан Олзвойгийн Бг таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-40 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 76-81, 82-83, 84-85, 87-88, 89-93 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 145 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-216 тоотод Э.Тийн эзэмшлийн 515,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөөт-9 загварын гар утас, А.ын эзэмшлийн нийт 830,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн цүнхтэй хувцас, эд зүйлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 1,345,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогч Э.Т, А. нарын мэдүүлэг, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 22/025, 22/033 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Шүүгдэгч О.Бн хохирогч Э.Тийн 515,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, хохирогч А.ын 830,000 төгрөгийн үнэ бүхий хувцас, эд зүйлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч О.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Тд 515,000 төгрөгийн, А.од 830,000 төгрөгийн тус тус эд хөрөнгийн хохирол учирсныг шүүгдэгч О.Бгаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 жилийн хорих ял оногдуулах, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 529 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хорих ялыг хэмжээг 6 жил 9 сар 10 хоногоор тогтоох” санал гаргасан.

Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (урьд өмчийн эсрэг гэмт хэрэгт 3 удаа ял шийтгэгдэж байсан), бусдад учруулсан хохирлын хэмжээ (бусдад 1,345,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөөгүй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Улсын яллагчийн шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй. Учир нь аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэргийг үйлдсэн арга, хохирогчид учруулсан хохирол зэргийг онцгой анхаарч ял, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан зарчимд тулгуурлан оновчтой, тохирсон байх хуулийн шалгууртай бөгөөд дээрх гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ял шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийн хорих ялыг сонгохдоо хорих ялыг 3 жилийн хугацаатай санал гаргасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, гэмт хэргийн улмаас бусдад 1.345.000 төгрөг учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй санал гаргасан гэж үзлээ.

            Түүнчлэн О.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/529 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 3 сар 1 хоногийн хорих ял шийтгэгдэж, 1 жил 9 сар 10 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй болох нь  шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-81 дэх тал), ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 172 дахь тал) зэргээр тогтоогдсон.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч О.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр урьд шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сар 10 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаар захирамжаар шүүгдэгч О.Бд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 156-157 дахь тал)

Гэтэл шүүгдэгч О.Бн ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 172 дахь тал)-ыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгож гаргасан байх тул  түүнийг цагдан хоригдсон хоногийг мөн өдрөөс тоолж, 66 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцох нь зүйтэй.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Бн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Халиун овогт Олзвойн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/529 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сар 1 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 3 (гурав) сар 10 (арав) хоногоор тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Бн эдлэх 2 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бн цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Бн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Бгаас 1,345,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Тд  515,000 төгрөг, хохирогч А.од 830,000 төгрөг тус тус олгосугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бн эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР