Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

Улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт Б.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308006551094 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

Орхон овогт Байгалмаагийн М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 7-112 тоотод Бямбаагийн куртикийг “өмсөөд гараад ирье” гэж итгэл төрүүлэн хуурч, Бгийн хар өнгийн эргэтэй куртикийг эгүүлж өгөлгүй залилан авч явж, 96,000 төгрөгийн хохирол, 10,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн АТМ-аас иргэн Н.Аийн Хаан банкны төлбөрийн картаас нууцаар хууль бусаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,600,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Агора” зочид буудлын 3 давхарт байрлах 304 тоотод өрөөнд, 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 2021 оны 6 дугаар сарын 01-нийг шилжих шөнө, хохирогч Х.Дэлгэрмааг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болж буй үйл явдлыг хянах чадваргүй байдлыг далимдуулан, нууцаар, хууль бусаар Рэдми ноте-8, Эл жи Кю-7 загварын гар утаснуудыг хулгайлж, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж цохилттой дрил, кен тасдагч, гар дрил, хэмжигч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.877.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 778а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

            - Шүүгдэгч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 7-112 тоотод А.Бгийн куртикийг “өмсөөд гараад ирье” гэж итгэл төрүүлэн хуурч, залилан авч, түүнд 96,000 төгрөгийн хохирол, 10,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн АТМ-аас иргэн Н.Аийн Хаан банкны төлбөрийн картаас нууцаар хууль бусаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,600,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан тус тус гэмт хэргийн тухайд:

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал),

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 194-199 дэх тал),

            - Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цагийн үед хадам ээж Хандсүрэнгийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 7-112 тоотод оршин суух хаяг дээр нь нөхөр Б, хадам ээж Хандсүрэн, Б.М бид хэд юм яриад сууж байхад Б.М нь Бямбаагийн “куртикийг өмсөөд гараад ирье” гэж хэлэхэд нь юу ч бодоогүй, бид гурав унтаад өгсөн. М угаасаа миний хадам ээжийн хажуу айл болох хүү нь болох Бумбаярын гэрт орж унтдаг болохоор бид юм бодоогүй. Хажуу айл руу орсон байх гэж бодсон. Тэгээд нам унтаад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06:30 цагийн үед миний 80044412 дугаартай утсанд Хаан банкны 131917 дугаараас 700,000, 800,000, 800,000 төгрөгөөр тус тус уншуулан 3 гүйлгээний мессеж ирсэн. Уг гүйлгээнүүд нь 23:19 – 05:06 цагийн хооронд хийгдсэн байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Учир нь Б.М нь манай хажуу айл болох Бумбаярын гэрт хоноогүй байсан. Миний Хаан банкны данс 5091146185 дугаар байсан. Би уг дансыг 2010-2021 оны хооронд ашиглаж байна. Миний Хаан банкны картын кодыг миний нөхөр Б мэддэг. Б.М 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тус тоотод хамт амьдарч байсан. Өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би, нөхөр Б, Б.М, Отгонбаяр, Нямбаяр нарын хамт Хархорин дэлгүүр орж юм авахдаа хүмүүсийн хажууд би картын нууц үгийг тод хэлэхэд дэлгүүрийн худалдагч кодыг хийж мөнгө авсан. Тэр үед М нь миний дансны кодыг тогтоож авсан байх. Миний найз Отгонбаярын найз гэдэг утгаар нь таньдаг бөгөөд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд самранд явж Мтэй хамт байж танилууд болсон. Самраас ирээд бид нар манай хадам ээж Хандсүрэнгийн тус тоотод өнөөдрийг хүртэл хамт байсан. Миний Хаан банкны картнаас 2,100,000 төгрөг алдагдсанаас гадна манай нөхрийн 2020 оны 11 сард Хархорин захаас 180,000 төгрөгөөр худалдан авсан хар өнгөтэй өвдөг хүрсэн куртик байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Хаан банкны картыг 20,000 төгрөгөөр, куртикээ 180,000 төгрөгөөр үнэлж байна. Б.М нь өндөр, бор арьстай, туранхай, 33 настай, 1987 оных гэсэн. Холбоо барих утас байхгүй. Улаанбаатар хотод оршин суух хаяг байхгүй. Байгалмаагийн М гэх нэртэй Өвөрхангайн залуу гэсэн...

            2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар (одоо сайн санахгүй байна. Битүүний өдөр/ ирсэн юм. Шинийн нэгний орой 23 цагийн алдад зүс таних М гэгч нь манай нөхөр Бгийн өвлийн куртик болон миний Хаан банкны вика картыг аваад явсан байсан. Тэгээд хонхрын АТМ-ээс 700,000 төгрөг эхэлж бэлнээр аваад дараа нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сансар худалдааны төвийн АТМ-ээс 800.000 төгрөгөөр 2 удаа бэлэн мөнгө авсан байсан. Бид нар нийтдээ нэг отогдоо 8-уулаа байсан. Хийсэн ажлынхаа хөлсийг хувааж авахаар болсон. Тэгээд хүний 1.100.000 орчим төгрөг болж байсан. Харин Мийн авах ёстой мөнгөнөөс 700.000 төгрөг үлдсэн байсан. Иймд тухайн өдөр алдагдсан мөнгөнөөс миний хохирол нь 1.600.000 төгрөг байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 203-206, 209, 211-212 дахь тал),

- Хохирогч Н.Аийн “Хаан банк”-ны дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал),

- Хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М гэх залуутай 2020 оны 12 дугаар сард танилцаж байсан. Бид хоёр 2021 оны 1 дүгээр сард самранд яваад 2 сард самарнаас бууж байхад улс орон даяар “корона” гэх нэртэй вирус гараад хөл хорио тогтоогоод Улаанбаатар орж амжаагүй юм. Бид хэд самраа борлуулаад хамт явсан хүмүүс налайх болон бусад газар луу явсан. М гэх нэртэй залууд тухайн үед гүйлгээ хийх данс болон карт байхгүй байсан тул манай эхнэр буюу Аийн 5091146185 дугаар Хаан банкны карт руу өөрийн самарны мөнгө болох 700,000 төгрөг хийсэн байсан. Нэг ёсондоо самраа зараад олсон мөнгө нь гэсэн үг. Бид 3 манай эмээгийн гэр болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 7 дугаар гудамж, 112 тоотод орж хоноод өглөө сэрсэн чинь тухайн гэрт А, би мөн манай эмээ байсан. М гэх залуу байхгүй байсан. Бид 2 гар утсаа аваад дансаа шалгасан чинь 700,000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийсэн. Түүний дараа 800,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн байсан. Яаж байгаан бол яаж авсан байх уу гээд бодсон чинь миний куртик байхгүй, эхнэр тэгсэн чинь чиний куртик дотор миний карт байгаа гэсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. М бид 2 бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2020 оны 12 дугаар сарын эхээр Хархорин худалдааны захаас 90,000 төгрөгөөр авсан хар өнгийн урт загвартай куртик байсан. Содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. М, А бид 3 хамт эмээгийнд орохоосоо өмнө дэлгүүр орсон юм. Тухайн үед гүйлгээ хийж байхад намайг гүйлгээ хийсэн картаа аваад халаасанд хийж байхыг харсан юм шиг байна лээ. Хэд хэдэн дэлгүүр орсон. М дандаа хамт орж байсан. Дэлгүүр ороод гүйлгээ хийж байхад хажууд зогсоод байсан. Тэр үед мэдэж цээжлээд авсан юм шиг байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...”   гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн БЗДЗ-21-66 дугаар: “Куртик – 96,000, карт – 10,000, нийт дүн 106,000 төгрөг” гэсэн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь тал),

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найз Аийн хамт самранд явж ирээд Аийн гэрт нөхрийх нь хамтаар архи ууцгаасан. Бид хэд ууж байгаад би Аийн нөхрийх нь куртикийг өмсөөд гэрээс гараад явсан. Би зүс таних найзындаа очиж бас архи ууж байтал миний өмсөж байсан куртикны халаасанд нь Хаан банкны карт байхаар нь би хонхорт байх АТМ-аас 700,000 төгрөг аваад үргэлжлүүлж архи ууж байгаад 1,600,000 төгрөгийг аваад архи уугаад тасарсан. Маргааш нь би ямар ч мөнгөгүй байсан. Мөнгөөрөө архи авч уугаад шоудаад дуусгасан байсан. Би иргэн Атэй найз нөхдийн харилцаатай. Би найзлаад 5 жил болж байна. Би өмнө нь Аийн Хаан банкны картаар нь өмнө нь олон удаа дэлгүүр орж байсан болохоор цээжилчихсэн байсан юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол мөнгийг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар хуудас),

3. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Агора” зочид буудлын 3 давхарт байрлах 304 тоотод өрөөнд, 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 2021 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө, хохирогч Х.Дэлгэрмааг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болж буй үйл явдлыг хянах чадваргүй байдлыг далимдуулан, нууцаар, хууль бусаар Рэдми ноте-8, Эл жи Кю-7 загварын гар утаснуудыг хулгайлж, 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал),

- Хохирогч Х.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 5 дунаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчимд хамтран амьдрагч болох Эрдэнэбулган, мөн түүний найз болох М нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Агора” гэх нэртэй зочид буудлын 3 давхарт 304 дугаар өрөөнд орж Хараа нэртэй 0,75 литртэй цагаан архи нэг шилийг хувааж уусан. Үүнээс гадна 1 шил архи авч ууна гэж ярьж байсан. Би тэр архийг авсан үгүйг мэдэхгүй байна. Бид хамт архиа хувааж ууж байгаад хэдэн цагт буудлаас гарснаа санахгүй байна. Учир нь нилээн муудсан байсан. Бас миний утсыг авсан байж болзошгүй хүн нь М гэж би таамаглаж байгаа. Учир нь М миний гар утсаар интернет орж байсан. Мөн миний гар утсаар маш их ярьсан. Үүнээс гадна утсанд нэвтрэх нууц үг дугаарыг мэднэ. Мөн нэмж хэлэхэд тухайн өдөр би 2 гар утастай явж байсан. Редми нөүт 8 болон Эл жи киу 7 гэх гар утастай байсан. Би буудлын ресепшинд 2 утсаа нэг нэгээр нь ээлжлүүлэн цэнэглүүлж байсан. Үүрээр миний Рэдми нөүт 8 гар утас байхгүй байсан болохоор би үүдний ресепшин дээр очоод “Киү-7 гар утсаа авъя” гэхэд “байхгүй ээ, танай найз чинь аваад явсан” гэж хэлсэн. Зөөгч хүний хэлээд байгаа хүн нь надтай хамт явж байсан М гэх хүнийг хэлээд байгаа. Би Рэдми нөүт 8 гар утсаа 2020 оны 10 дугаар сарын 14 ны өдөр хорооллоос 520,000 төгрөгөөр худалдан авсан. Харин одоо 420,000 мянган төгрөгөөр үнэлэж байна. Мөн киү 7 гэх гар утсаа 2021 оны 5 дугаар сарын 16 ны өдөр хорооллоос 173,000 төгрөгөөр худалдан авсан. Харин одоо 200,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 29-30, 35 дахь тал),

- Гэрч З.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би зочид буудалд ажлаа хийж байхад оройн 21 цаг өнгөрч байхад танихгүй 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн манай буудалд хонохоор 3 давхарын 304 тоот өрөөнд хонохоор орсон. Буудалд орж ирэхдээ тухайн хүмүүс эрүүл орж ирсэн. Өрөөндөө орсны дараа тухайн 3 хүний арай залуухан өндөр туранхай бор царайтай залуу “эгчээ энэ гар утсыг цэнэглээд өгөөч” гэж гуйгаад хавтастай Redmi note 8 загварын гар утсыг цэнэглүүлэхээр өгсөн. Хавтсан дотор нь олон банкны карт, үнэмлэх байхаар нь тухайн эд зүйлийг өгөөд дан гар утсыг нь авч цэнэглэсэн. Гар утас нь 2 цаг цэнэглэж байхад тухайн өндөр залуу бууж ирж гар утсаа аваад, “би дахиад нэг утсаа цэнэглүүлье” гэхээр нь зөвшөөрөөд тухайн залуу гар утсаа авч ирэхээр нь дээшээ өрөө рүүгээ ороод удаагүй 1 цаг гаран болоод тухайн гар утас цэнэглүүлсэн өндөр туранхай залуу “явлаа” гэж хэлээд буудлаас гарч явсан. Шөнө нь 02 цагт тухайн эмэгтэй хүн “миний машины түлхүүр алга болчихлоо, 2 гар утас алга болчихлоо” гэж өглөөний 05 цаг 30 минут хүртэл агсам тавьж унтуулаагүй. 04 цаг өнгөрч байхад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал),

- Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн БЗ1-21-425 дугаар “Гар утас /Redmi note 8/, гар утас /Lg Q7/, нийт 550,000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчимд Налайхад байх гэр лүүгээ харих гээд явж байтал зүс таних Эрдэнэбулган “ганц хоёр архи уух уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Агора гэх нэртэй буудалд Дэлгэрмаа гэх эмэгтэйтэй хамт ороод архи уусан. Бид гурав архи ууж байтал шөнийн 03 цагийн үед Эрдэнэбулган нь Дэлгэрмаа гэх эмэгтэйтэй маргалдаад байхаар нь би гэр лүүгээ явах гээд тухайн буудлаас гараад явсан. Би тухайн үед нилээн согтолттой байсан болохоор Дэлгэрмаагийн гар утсыг яаснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан би Дэлгэрмаагийн гар утсаар ярьж байснаа санаж байна. Би Эрдэнэбулган, Дэлгэрмаа гэх хүмүүстэй тухайн өдөр айлд танилцаж байсан. Би ямар нэгэн харилцаагүй. Би Дэлгэрмаагийн гар утсыг авсан эсэхээ санахгүй байна. Би тухайн үед маш их согтолттой байсан. Тухайн шөнөө буудлаас гарч яваад замын хажууд газарт унтаж байгаад сэрсэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 50, 55 дахь тал),

4. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж цохилттой дрил, кен тасдагч, гар дрил, хэмжигч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, Г.Одбаатарт 1,877,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал),

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 12-17 дахь тал),

- Хохирогч Г.Одбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар цэцэрлэгт сантехник угсралт ажлыг хариуцан одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 22-24-ны өдрийн хооронд манай байгууллага тус цэцэрлэгт үйл ажиллагаа явуулахгүйгээр түр амарч байсан. Миний хариуцаж ажиллуулж байгаа ажлын багаж хэрэгсэл маань тус цэцэрлэг дотор өргөтгөлийн подвол хэсэгт багажаа байрлуулсан байсан. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 09 цагт бид нар ажил дээрээ ирээд ажилаа хийх гэтэл тус цэцэрлэгийн манаач нь “манай цэцэрлэгт хулгай орсон юм шиг байна, өргөтгөлийн жижиг цонх нь хагархай байсан” гэж хэлсэн. Бид нар өөрсдийн багажаа шалгаж үзтэл миний эзэмшлийн багажнаас Ken брендийн цохилттой дрилл 2 ширхэг, Кen брендийн дундын тасдагч 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, Кеn брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, тэгш бус үзэгч лазер нь хэмжигч 1 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Харин өмнө гэрчийн мэдүүлэгт өгч байсан ррг наадаг тень хошууны хамт, гаазуу 12 ширхэг, пранцосс 2 ширхэг, 15, 13 хэмжээтэй бөмбөлөг нь хаалт, хайч зэрэг эд зүйлүүд нь сүүлд нь гараад ирсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Би дээрх багажуудыг 107-р цэцэрлэгт ажил хийхээр болсон өдрөөс хойш Віg барилгын материалын их дэлгүүрээс бэлнээр худалдаж авч ажлаа эхлүүлэж байсан. Ken брендийн цохилттой дрилл 2 ширхэг /1 нэг ширхэгийг нь 350.000 төгрөгөөр авч байсан тул нэхэмжилэх дүн 700.000 төгрөг, содон шинж нь улаан хүрэн өнгөтэй/, Kеn брендийн дундын тасдагч 1 ширхэг /250.000 төгрөгөөр худалдаж авч байсан шиг санагдаж байна содон шинж нь улаан хүрэн өнгөтэй/, жижиг тасдагч 1 ширхэг /80.000 төгрөг улаан хүрэн өнгөтэй ар тал хэсэгтээ товчлууртай байсан/, Кеn брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг /180.000 төгрөгөөр содон шинж нь хамгийн сүүлийн загварын шоотиггүй загварын гар дрилл байсан/, бренд нэрийг нь санахгүй байна тэгш бус үзэгч лазер нь хэмжигч 1 ширхэг /750.000 төгрөгөөр авч байсан содон шинж нь шар өнгөтэй, гурван хөлтэй, улаан өнгийн туяа тусдаг байсан/ гэх зэрэг эд зүйлүүд байсан. Дээрх хулгайд алдсан гэх багаж хэрэгсэл нь миний ажиллуулаж байгаа компанийн эзэмшлийн багаж бөгөөд би уг багажуудыг худалдан авч байсан юм. Би нийт 1.960.000 төгрөг нэхэмжиллэж байна. Би учирсан хохиролоо төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дах  тал),

- Гэрч М.Ганзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр 23-ны өглөө 10 цагийн орчим ажил дээрээ байж байхад үл таних согтуу байрын эрэгтэй манай дэлгүүрт барилгын материалын багаж хэрэгсэл барьсан “мөнгөний хэрэг гараад багажаа хямдхан зарах гэж байна, авах хүн байна уу” гэчихсэн зогсож байсан. Би “наадах чинь хулгайн зүйл биш биз” гэж асуухад “үгүй ээ, би өөрийнхөө багажаа зарах гэж байгаа юм” гэж хэлсэн Тэгэхээр нь би итгээд түүнээс Кен брендийн баттерэйтэй гар дриллийг “наадахыгаа хэдэн төгрөгөөр зарах юм” гэж асуухад хариуд “40.000, 50.000 төгрөгөөр өгчихнөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “үгүй ээ, би ийм хуучин багаж тийм үнээр авахгүй, 30.000 төгрөгөөр авбал авъя” гэж хэлсэн чинь “за тэг, ав ав” гэсэн. Тэгээд би дансны дугаараа өгчих шилжүүлье гэж хэлтэл “үгүй ээ, би мөнгөө бэлнээр авна” гэхээр нь би түүнд бэлнээр 30.000 төгрөг өгөөд баттэрэйтэй гар дриллыг нь худалдаж авсан. Тухайн эрэгтэй ажлын хувцастай, давхраатай том нүдтэй, өргөн шанаатай, долгионтой үстэй, 30-35 орчим насны 175 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Тухайн хүн согтуу, архи үнэртүүлчихсэн орж ирж байсан. Би уг эрэгтэйг харвал таньж чадна. Надад одоо хүнээс авсан гэх Кен брэндийн баттерэйтэй гар дрилл байгаа. Би цагдаагийн байгууллагад өөрийн сайн дураар гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал),

- “Тэнцвэр Эсимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 515 дугаар “Кен брэндийн цохилттой дрилл, Кен тасдагч, Кен жижиг тасдагч, Кен баттерейт гар дрилл, тэгш бус лазер хэмжигч, нийт 1,877,000 төгрөг” гэсэн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 39-42 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн “Кен брендийн гар дриллийг гэрч М.Ганзулаас авч, хохирогч Г.Одбаатарт хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал),

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Яг хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна. 2023 оны 01 дүгээр сар байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг баригдаж байсан цэцэрлэгийн гадаа архи согтууруулах ундааны зүйл ганцаараа ууж сууж байгаад цэцэрлэг дотор луу орсон цэцэрлэгийн цонх нь онхорхой байсан. Цэцэрлэг дотроос 1 ширхэг цохилттой дрилл, 1 ширхэг тасдагч, 1 ширхэг гар дрилл буюу жижиг дрилл, 1 ширхэг лазер гэсэн зүйлийг аваад цэцэрлэгээс гараад шууд алхаад Гурвалжин гэх нэртэй барилгын материалын зах дээр очоод танихгүй хүмүүст зарсан. Би багажнуудаа бүгдийг нь 80.000 төгрөгт зараад буцаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг дээрээ буцаад очсон байсан чинь цэцэрлэг дээр ажиллаж байсан хүмүүс намайг бариад цагдаад хүлээлгэн өгсөн. Би цэнхэр өнгийн өмдтэй, улаан хүрэн өнгийн малгайтай цамцтай байсан. Би Хараа 0.5 литрийн 2 шил архийг ганцаараа уусан байсан. Би архи уух мөнгөгүй байсан болохоор багажнуудын авч зараад мөнгөтэй болоод архи согтууруулах ундааны зүйл уух гэж байсан юм. Архи согтууруулах ундааны зүйл авч уусан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 120-152 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд:

шүүгдэгч Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсвсгэрүүдэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, мөн хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас хохирогч Н.Ат 1,600,000 төгрөгийн, Х.Дэлгэрмаад 550,000 төгрөгийн, Г.Одбаатарт 1.877.000 төгрөгийн хохирол,

мөн 2021 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 7-112 тоотод А.Бгийн куртикийг “өмсөөд гараад ирье” гэж итгэл төрүүлэн хуурч, залилан авч, түүнд 96,000 төгрөгийн хохирол, 10,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дээрх шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зураг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хулгайлах, залилах гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчлагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдэхийн зэрэгцээ, гагцхүү гэмт хэргийн обьектив шинж буюу үйлдлийн аргаараа өөр хоорондоо ялгагддаг онцлогтой.

Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг, залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг тус тус шаардана.

Мөн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж буюу үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэх, өөрт ашигтай нөхцөл байдал бий болох үр дүнг урьдчилан тооцоолсноор бусдын эд хөрөнгийг хулгайлахад чиглэсэн үйлдэл хийх буюу орон байранд нэвтэрч орохоос өмнө гэмт хэргийн сэдэлт, зорилго бий болсон байхыг хуульчилсан.

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...ууж сууж байгаад цэцэрлэг дотор луу орсон цэцэрлэгийн цонх нь онхорхой байсан. Цэцэрлэг дотроос 1 ширхэг цохилттой дрилл, 1 ширхэг тасдагч, 1 ширхэг гар дрилл буюу жижиг дрилл, 1 ширхэг лазер гэсэн зүйлийг аваад цэцэрлэгээс гараад шууд алхаад...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дахь тал), хохирогч Г.Одбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар цэцэрлэгт сантехник угсралт ажлыг хариуцан одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 22-24-ны өдрийн хооронд манай байгууллага тус цэцэрлэгт үйл ажиллагаа явуулахгүйгээр түр амарч байсан. Миний хариуцаж ажиллуулж байгаа ажлын багаж хэрэгсэл маань тус цэцэрлэг дотор өргөтгөлийн подвол хэсэгт багажаа байрлуулсан байсан. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 09 цагт бид нар ажил дээрээ ирээд ажилаа хийх гэтэл тус цэцэрлэгийн манаач нь “манай цэцэрлэгт хулгай орсон юм шиг байна, өргөтгөлийн жижиг цонх нь хагархай байсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Мийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Мийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч А.Бд 96,000 төгрөгийн, Н.Ат 1,600,000 төгрөгийн, Х.Дэлгэрмаад 550,000 төгрөгийн, Г.Одбаатарт 1,877,000 төгрөгийн тус тус хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б, Н.А нар нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 219, 2 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал) байх тул шүүгдэг Б.Мийг тэдэнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Мэс 2,247,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Дэлгэрмаад 550,000 төгрөгийг, хохирогч Г.Одбаатарт 1,697,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Хохирогч Г.Одбаатарын хохирлыг тооцохдоо эд зүйл хүлээлгэн өгсөн “Кен брендийн гар дриллийг гэрч М.Ганзулаас авч, хохирогч Г.Одбаатарт хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал)-ийг үндэслэн Кен брендийн гар дриллийн үнэ болох 180,000 төгрөгийг хасаж тооцсон болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж торгох, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулах” санал гаргасан.

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (урьд 4 удаагийн ял шийтгэлтэй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (бусдад 2,247,000 төгрөгийн төлөх төлбөртэй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” этгээдэд хуулийн үйлчлэлийг хамраалуулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Мийн 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд дээрх оногдуулсан ялуудыг тусад нь эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул шүүгдэгч Б.Мд оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, 2 жил 1 сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Мийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Орхон овогт Байгалмаагийн Мийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, 2 жил 1 сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Мийн эдлэх 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Шүүгдэгч Б.Мийг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийн цагдан хоригдсон 111 (нэг зуун арван нэг) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Мэс 2,247,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Дэлгэрмаад 550,000 төгрөгийг, хохирогч Г.Одбаатарт 1,697,000 төгрөгийг тус тус олгосугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мийн эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР