Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/00564

 

 

 

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/00564

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.П-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 785 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Н.П, түүний өмгөөлөгч Б.Ч, иргэдийн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Хариуцагч Н.П нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн орой 21 цаг 20 минутад, С ХХК-ийн хойд замд ..... ... улсын дугаартай Тоёота приус 10 маркын автомашин жолоодон явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, Т  ХХК-ийн .......  улсын дугаартай ....... маркын автомашиныг мөргөн хохирол учруулсан. Уг хохирлын улмаас Т ХХК-ийн дээрх автомашины баруун ба зүүн урд лонжром, урд жааз, баруун урд шанаа гүн чихэгдэн гулзайн хэлбэрээ алдаж тайлангийн солих сэлбэг, хэрэгслийн жагсаалтад байгаа эд ангиуд дахин ашиглах боломжгүй болсон ба 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирлыг нийт 2 910 000 төгрөгөөр үнэлсэн. Ийнхүү Т ХХК нь өөрийн өмчлөлийн автомашиныг А.ХХК-иар засуулж засварын зардал нийт 2 785 000 төгрөг болсныг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр А ХХК-ийн Голомт банкан дах ....... дугаар дансанд шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зуйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Пээс нийт 2 785 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож өгнө үү. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагчийн  жолоодож явсан автомашины өмчлөгч нь Т.ХХК байж болох ч тухайн машиныг хариуцагч нь барьцаанд тавиад эзэмшиж байсан буюу Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасны дагуу эзэмшигч нь байсан. Т ХХК нь ломбард, ломбарданд машинаа тавиад, тэр машиныг эзэмшиж байгаад осол гаргаад, хохирлоо өмчлөгөөр төлүүлнэ гэдэг хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар манайх хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч тус машины өмчлөгч биш эзэмшигч гэдэг нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

   Хариуцагч Н.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгруу шулуун явж байхад нэхэмжлэгчийн машин ирж мөргөсөн байдаг. Энэ нь замын цагдаагийн ослын бүдүүвч зурагнаас харагдана. Замын цагдаагийн газрын үзлэгээр тогтоосон актанд урд гупер, копуд, урд гэрэл гэсэн, өөр эвдэрсэн, гэмтсэн зүйл бичигдээгүй. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нэхэмжлэлд өөр төрлийн доторх эд ангиуд бичигдсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтыг харахад нэхэмжлэгчийн шаардаад байгаа машины копудыг засварлах боломжтой атал шинээр авсан гэдэг. Будаг хийлгэсэн гэдэг боловч хаана хийлгэсэн нь тодорхойгүй. Орж байгаа сэлбэг, эд ангиуд нь дурдаагүй зүйлээс илүү бичигдсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үнийн дүнг хариуцагч хэд хэдэн газар үнэлгээ хийлгэхэд 675 000 -975 000 төгрөгийн хэмжээний үнэлгээнд хэлбэлзлэдэг. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт давсан байна. Хялбаршуулсан журмаар асуудлыг хурдан шийдвэрлэчих, чамд ашигтай гэх байдлаар байцаагч нь хэлж байгаад бичүүлсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн тэмдэглэл, шийтгэх хуудсанд хариуцагч мөргөсөн гэж байдаг ч бүдүүвч зурган дээр мөргүүлсэн харагддаг. Уг осол болсон 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус автомашин нь Т ХХК-ийн өмчлөлд байсан. Н.П нь тус автомашиныг осол болсон өдөр зөвхөн ашиглаж байсан. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаанд тавьсан барьцаалагч гэсэн нэр томъёо байхгүй, автомашин хоёр өдөр л хариуцагчийн нэр дээр байсан. Учир нь машиныг худалдаж авах гэсэн боловч мөнгөний бололцоогүйгээс болж худалдан авч чадаагүй тул Тайгын булаг ХХК худалдан авсан” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.П-т холбогдуулан гэм хорын хохиролд 2 785 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Н.П нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр С ХХК-ийн хойд замд .... маркын .........  улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтыг зөрчсөнөөс Т.Х-Н жолоодож явсан, Т ХХК-ийн эзэмшлийн ... маркын .... улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан болох нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.   

 

Уг зөрчлийн улмаас Т ХХК-ийн эзэмшлийн .... маркын ....... улсын дугаартай автомашинд 2 910 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Б.ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлангаар, тухайн эвдрэл гэмтлийг засварлуулахад нэхэмжлэгч байгууллагаас 2 785 000 төгрөгийн зардал гарсан болох нь А ХХК-ийн нэхэмжлэх, уг төлбөрийг шилжүүлсэн Хас банкны цахим гүйлгээний баримтаар мөн тогтоогдож байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...уг осол болсон 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус автомашин нь Т ХХК-ийн өмчлөлд байсан, хариуцагч Н.П тухайн машиныг зөвхөн ашиглаж байсан, эзэмшигч биш тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хариуцах үндэслэлгүй” гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар осол болох үед хариуцагчийн жолоодож явсан автомашин Т ХХК-ийн эзэмшилд байсан болох нь тогтоогдох боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж зааснаар тээврийн хэрэгслийг байнга буюу эзэмшилдээ байлгаж, хөдөлгөөнд оруулж, ашиглаж байгаа этгээдийг буюу жолоочийг эзэмшигч гэж үзэх юм.  

 

Иймд хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй, хариуцагч нь эд хөрөнгөд учирсан хохиролын үнэлгээний талаар маргаагүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахдаа гэм хор учруулагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг мөнгөөр нөхөн төлөх замаар арилгах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Пээс 59 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Пээс 2 785 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Пээс 59 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНГӨНТУУЛ

 

                                              ШҮҮГЧ                                      Б.МӨНХЖАРГАЛ

 

                                              ШҮҮГЧ                                      Д.МӨНХЦЭЦЭГ