| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0021/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-01-13 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Б.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,
Нийслэлийн, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт Батсүхийн Алтанхуягт холбогдох 201625031633 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, Жаргалант гэх газар оршин суух бүртгэлтэй,
-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2913 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 199 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Суваргачин овогт Батсүхийн Алтанхуяг (РД:ЖБ78021375),
нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 7 дугаар сарын 17-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ангарагийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу нүүрэн тус газарт нь цохин унагаж түүний 2 ширхэг гар утас, бэлэн 60.000 төгрөг зэргийг дээрэмдэж нийт 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Тухайн үед харанхуй байсан. Баруун халааснаас нь нокио маркийн 1 утас авсан. Бэлэн мөнгө аваагүй. Хэргийн талаар маргах зүйлгүй гэв.
Б.Алтанхуягаас мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр харуй бүрий болж байсан. Би хүчит шонхор захын эсрэг талд байрлах Чулуут нэртэй хүнсний дэлгүүрийн гаднас засмал замын баруун талд нэг согтуу хүн явж байхаар нь очоод мөрлөхөд яах гээд байна гээд түлхэхээр нь би зөрүүлээд заамдаж аваад өмдний халааснаас нь нэг ширхэг Нокиа маркийн гар утсыг аваад явуулсан. Тэгээд би гар утсыг аваад урагшаа зугтааж яваад гудамжинд нэгэн үл таних эмэгтэй хүнд гар утсыг авчихаач гэж гуйсаар байгаад 5.000 төгрөгөөр зарсан гэжээ.
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ангарагаас мэдүүлэхдээ:-…тэгээд бүгдээрээ гэр гэр рүүгээ харихаар болж намайг найз Ганбаатар машинаараа намайг манай гэрийн ойролцоо хашааны үүдэнд хүргэж өгсөн. Би буугаад гэр рүүгээ орох гээд явж байтал үл таних хүн ирээд үгийн зөрөөгүй нүүр рүү цохиод унагаасан. Тэгээд халаасанд байсан 2 гар утас, бэлэн 60.000 төгрөг авсан. Тэгээд эргэж хараад намайг цохьж унагаасан залуу тааралдахаар нь барьж аваад зууралдад зогсож байтал цагдаа нар ирээд миний барьсан залууг эрүүлжүүлэхээр аваад явсан гэжээ.
Гэрч Б.Ганбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Ангараг гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд намайг гэрт хүргээд өг гээд байхаар нь машинаараа гэрийнх нь ойролцоо зам дээр буулгаж өгчихөөд зам дээр буцаад эргэтэл Ангараг хүнтэй барилцаад зогсож байсан. Би машинаа байрлуулчихаад яваад очиход барилцсан байсан хүн нь зугтаачихсан байсан. Тэгээд юу болов гэж асуухад миний гар утсыг авчихлаа гэж байсан. Гэтэл тэр залуу хэсэг хугацааны дараа буцаад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр мөн байна гээд барьж авсан гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ангарагийн нүүрэн тус газарт нь цохьж унагаж түүний 2 ширхэг гар утас, бэлэн 60.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч, 230.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ангарагийн “Би буугаад гэр рүүгээ орох гээд явж байтал үл таних хүн ирээд үгийн зөрөөгүй нүүр рүү цохиод унагаасан. Тэгээд халаасанд байсан 2 гар утас, бэлэн 60.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганбаатарын “... машинаараа гэрийнх нь ойролцоо зам дээр буулгаж өгчихөөд зам дээр буцаад эргэтэл Ангараг хүнтэй барилцаад зогсож байсан. Би машинаа байрлуулчихаад яваад очиход барилцсан байсан хүн нь зугтаачихсан байсан. Тэгээд юу болов гэж асуухад миний гар утсыг авчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг, цагдаагийн илтгэх хуудас, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Суваргачин овогт Батсүхийн Алтанхуягийг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба тэрээр уг хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т заасныг баримтлан шүүгдэгчид ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулах боломжтой гэж үзэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгчийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөж хэрэгсэхгүй болгохдоо Өршөөл үзүүлэх тухай дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй болно.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.
Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 230.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Суваргачин овогт Батсүхийн Алтанхуягийг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтанхуягийн цагдан хоригдсон 55 (тавин тав) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Алтанхуягаас 230.000 (хоёр зуун гучин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Их монгол овогт Баяраагийн Ангараг (РД:ХЙ78030771)-т олгосугай.
6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Алтанхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ