Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 009

 

   Т.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А-д холбогдох эрүүгийн 1913003840269 дугаартай, 1 хавтаст хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, прокурор Т.Батсүх, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1958 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 45, 197в, 75а дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт Т-ийн А нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн 89-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож А сумын төвд хөдөлгөөнд оролцож байхдаа гол замаар явж байсан 06-37 БӨЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, иргэн К.А-ын эрүүл мэндэд хүнд, иргэн Т.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Т.А-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Т.А-д тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Т.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн бол 1 шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч К.Ержан би анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдэн, эрүүгийн хариуцлага хүлээсэн Т.Ан өмгөөлөгчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/25 дугаар бүхий шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Т.А-ийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэг үйлдсэн, хохирогч К.А, Т.Х нарт учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг зайлуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа талаар зөв дүгнэлт хийсэн боловч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэх зарчмуудад нийцэхгүй энэхүү эрүүгийн хариуцлага Т.А-ийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж,” 2.4 дэх хэсэгт “учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба энэхүү заалтаас үзэхэд жолоодох эрхийг зөвхөн зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хасахаар зүйлчилсэн байна. Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхэд шаардлага бүхий Т.А-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бусад байдлын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг болон хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад тодорхой байх тул энэхүү гомдолд давхардуулан дурдах шаардлагагүй гэж үзлээ. Иймд шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, Т.А-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүний жолоодох эрхийг хассан хэсгийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 89-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд хөдөлгөөнд оролцож байхдаа гол замаар явж байсан 06-37 БӨЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, иргэн К.А-ын эрүүл мэндэд хүнд, иргэн Т.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Тухайн зам тээврийн ослын талаар хохирогч К.А-ын “...мотоциклоор эхнэр Т.Х-ийг суулгаж авч, сумын төвд байрлалтай Төрийн банк болон сургуульд очих ажил гараад төв замаар “Инжу” нэртэй дэлгүүр өнгөрч явж байхад миний зүүн гар талд байрлалтай хоёр давхар саарал тоосгон байшингийн булангаас миний жолоодож явсан мотоциклын зүүн гар талаас саарал өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд миний бие уг тээврийн хэрэгсэл надад зам тавьж өгөх байх гэж бодсон ба хурдаа тохируулан явж байхад гэнэт эхнэр бид хоёрын зүүн талын хэвлий тус газраас хүчтэй мөргөсөн ба эхнэр бид хоёр хоёр тийшээ шидэгдэж газар унасан байна лээ. Тэгэхэд ухаан алдаж босоод ирсэн ба зүүн талын хавирга хэвлий орчим маань өвдөж, баруун талын толгойн орой хэсгээс цус гарчихсан байсан. Эхнэр бид хоёрыг мөргөсөн гэх машины жолооч манай сумын А гэдэг хүн байсан. Тэр хүн хүрч ирээд намайг болон эхнэр бид хоёрыг босгож авч, хажуу талд ойрхон байсан сумын эмнэлэг рүү оруулсан.” гэх мэдүүлэг,

хохирогч Т.Х-ийн  “... нөхөр К.А-ын мотоциклын ар талын суудалд сууж, бид хоёр сумын төвд байрлалтай Төрийн банк болон сургуульд очих ажил гараад төв замаар замын хөдөлгөөнд ороод явж байсан ба “Инжу" нэртэй дэлгүүр өнгөрч байхад манай нөхрийн жолоодож явсан мотоциклын зүүн гар талд байрлалтай 2 давхар саарал тоосгон байшингийн булангаас саарал өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирснийг харсан. Тэгээд нөхөр маань мотоциклын хурдыг хасаж аяархан явж байхад нөгөө туслах замаар гарч ирсэн тээврийн хэрэгсэл хүчтэй мотоциклын зүүн талаас бид хоёрын зүүн талын хэвлий тус газарт мөргөсөн ба нөхөр бид хоёр хоёр тийшээ шидэгдэж газар унасан байна лээ. Тэгээд ухаан алдаж босоод ирсэн чинь нөхөр бид хоёрыг мөргөсөн гэх машины жолооч суудалд доошоо харсан байдалтай сууж байсан ба намайг харангуут машинаас нь буугаад над руу хүрч ирсэн. Тухайн үед хүчтэй мөргөснөөс болж миний зүүн талын хавирга хэвлий орчим маань өвдөж, мөн зүүн талын хөл гишгэж чадахгүй байсан” гэх мэдүүлгээр тухайн болсон үйл баримтыг гэрчилжээ.

 

Шүүгдэгч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийн “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсгийн ”гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бауыржаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 450 дугаартай “1. Иргэн К.А-ын биед хэвлийн битүү гэмтэл дэлүүний няцрал, урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, тархи доргилт, толгойн оройн хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд зам тээврийн ослын үед учрах боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэж, мөн өдрийн 451 дугаартай “1. Иргэн Т.Хийн биед зүүн талын хөх, зүүн талын өвдөг шилбэ тавхайн хэсгүүдийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын өвдөгний хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд зам тээврийн ослын үед учрах боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлтээр хөнгөн, хүнд зэргийн хохирол учирчээ.

Шүүгдэгч Т.А-ын гэм буруутай үйлдэл нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Т.А, хохирогч К.А нарын зам тээврийн осол гарах үед жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх химийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаартай “...Иргэн Т.А-ийн биеэс авсан гэх Т.А гэж хаягласан 2 ш хуруу шилтэй цус нь шинжилгээнд бүрэн тэнцэнэ. Иргэн Т.А нь эрүүл байсан байна” гэх дүгнэлт, Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай ослын “...Зам тээврийн осолд орсны улмаас тээврийн хэрэгслүүдэд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байна” гэх дүгнэлт, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мырзабекийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай “УАЗ 21512 маркийн 89-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан ”гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх дүгнэлт, хохирогч К.А, Т.Х нарын эмнэлэгт хэвтсэн гэх өвчний түүх болон мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.А 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 89-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 15.9 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч К.А-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Т.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Т.А-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.   

Эрүүгийн мөрдөгч /сум хариуцсан/, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасан, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлж, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийн яллах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон бөгөөд шүүх хэргийн нотлох байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр зөв явуулж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Т.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.А-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т заасан хүнд зэргийн гэмтэлд, хохирогч Т.Хийн эрүүл мэндэд учирсан хохирол дээрх журмын 2.4.1-д заасан хөнгөн гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, эрүүл мэндэд нь хохирол учирсан байна.

Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч К.А, Т.Х-ийн мэдүүлснээр нийт 3.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.А нь учруулсан хохирлын мөнгийг төлж барагдуулжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгэмд учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч К.А, Т.Х нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержан нь давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т ... заалтаас үзэхэд жолоодох эрхийг зөвхөн зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд хасахаар” зүйлчилсэн байна. Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулан Т.А-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүний жолоодох эрхийг хассан хэсгийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэжээ. Мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар” байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж” гэж тодорхой заасан бөгөөд нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жилийн хугацаагаар хассан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирчээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн ба давж заалдах шатны шүүхээс ял шийтгэлийн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ