Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүн: Шүүгч Л.Одбаатар

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

“2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Булган аймгийн Сайхан сумын засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад даалгах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 158/2025/0033/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Булган аймгийн Сайхан сумын засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2.  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн И энд би начурал ресурс ХХК-ийн Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “И” ХХК-ийн 2025 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан боловч анхан шатны шүүх энэхүү үүргээ биелүүлээгүй болно.

3.3. Шүүхийн шийдвэрийн 15 дугаар хэсэгт “Шүүхээс Сайхан сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны ирсэн бичгийн эх хувь баримтад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25/03 дугаартай албан бичиг хариуцагчид хүргэгдсэн болох нь нотлогдох боловч уг албан бичигт төлөвлөгөөг хавсарган хүргүүлсэн гэх агуулга тусгагдаагүй байх ба нэхэмжлэгчээс албан бичгийн хамт төлөвлөгөөгөө хүргүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж дүгнэсэн.

3.4. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөг санаатай, санамсаргүй байдлаар алга болно гэж бодоогүй учраас “3 хувь, хавсралтаар хүргүүлэв” гэж бичээгүй. Заавал бичих ёстой гэсэн хууль эрх зүйн акт ч байхгүй. Төлөвлөгөө батлуулах гэж албан бичиг боловсруулна гэдэг бол батлуулах төлөвлөгөөгөө хамт явуулж байж батлуулах нь энгийн ухамсрын түвшинд ойлгомжтой асуудал. Иймд төлөвлөгөөг батлахгүй гэж хариу өгсөн учир санаатай алга болгосон үйлдэл гэж үзэж байна. Хариу албан бичигт “төлөвлөгөө нь алга” гэж бичээгүй. Харин “батлахгүй” гэж хариу өгснөөр нотлогдоно гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас бид баталгаат шуудангаар албан бичгээ хавсралтын хамт явуулсан бөгөөд үүнээс өөрөөр нотлох арга байхгүй. Баталгаат шуудангаар ирсэн албан тоот хавсралтыг хэрхэн хүлээн авч устгасныг бид нотолж чадахгүй. Иймд шүүхээс “албан бичгийн хамт төлөвлөгөөгөө ирүүлснийг нэхэмжлэгч нотлоогүй” гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нотлох боломжгүй зүйлийг шүүх шаардсан юм.

3.5. Шүүхийн шийдвэрийн 16 дахь хэсэгт “Мөн гэрч Сайхан сумын байгаль орчны байцаагчаас “нэхэмжлэгч байгууллагаас төлөвлөгөө батлуулах агуулгатай 1 хуудас албан бичгээс өөр материал ирүүлээгүй” гэж мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийхэд хариуцагч нэхэмжлэгчийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний материаллаг буюу бичгээр үйлдсэн төлөвлөгөөг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдсонгүй” гэжээ.

3.6. Хэдэн хуудас албан бичиг ирэхийг байгаль орчны байцаагч биш бичиг хэргийн ажилтан хүлээн авах ёстой гэж бодож байна. Улмаар ирсэн бичигтээ Засаг дарга танилцаж холбогдох албан тушаалтан болох байгаль орчны байцаагчид өгсөн болно. Тэгэхээр анх хүлээж авсан бус дамжуулан хүлээн авсан хүний мэдүүлгийг эх сурвалж болгосон нь шүүх үндэслэлгүй буруу дүгнэлт хийснийг нотолж байна.

3.7. Тодруулбал Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийг гэрчээр асуусан ба гэрчээс мэдүүлэг авахдаа “... “И” ХХК нь 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирүүлж байсан уу? Хэдэн хуудас материалыг хэзээ ирүүлсэн бэ?...” гэж төлөвлөгөөг ирүүлсэн эсэхийг бичиг хэргийн ажилтнаас бус даргаас дамжуулан авсан байцаагчаас асуусан байх ба энэхүү гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгон нэхэмжлэгчийг төлөвлөгөөг ирүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3.8. Өөрөөр хэлбэл, ирсэн бичгийн тэмдэглэл болон бүртгэлийг тус Тамгын газрын бичиг хэрэг хариуцаж хийдэг, төлөвлөгөө ирүүлсэн эсэх, хэдэн хуудас материал ирснийг бичиг хэргийн ажилтан мэдэхээр байхад Байгаль орчны байцаагчаас хэдэн хуудас материал ирүүлснийг асууж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 -д заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

3.9. Сайхан сумын Засаг дарга нь байнга энэ компанийн үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж, жил бүр менежментийн төлөвлөгөөг баталдаггүй байсан бөгөөд энэ компани нэхэмжлэл гаргаж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээр 2023, 2024 оны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдсэн. Тийм учраас 2025 оны менежментийн төлөвлөгөөг мөн батлахгүй гэж хариу өгсөн. Биднийг шүүхдэхээр хавсралт нь ирээгүй учраас гэдэг тайлбарыг өгсөн гэж бодож байна. Хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулахыг биеэрээ хориглож, таслан зогсоодог албан тушаалтнууд хавсралтыг аваагүй гэж нуух бол асуудал биш гэж нэхэмжлэгч тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэж байна. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 онд ирсэн бичиг, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, түүний эх баримтад үзлэг хийсэн шүүхийн тэмдэглэлээс харахад 25/03 дугаартай албан бичгийн болон төлөвлөгөөний бүртгэл байхгүй, харин явсан бичигт нь нэхэмжлэгчид хаягласан хариуцагчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/37 дугаартай албан бичиг байдаг. Үзлэгээр төлөвлөгөө батлуулах агуулгатай ирсэн, төлөвлөгөөг батлахгүй гэсэн агуулгатай явсан бичгийг нотолсон бөгөөд хавсралтыг хэрвээ нуусан тохиолдолд үзүүлэхгүй нь тодорхой асуудал гэж үзэж байна.

3.10. Түүнчлэн Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга хариу тайлбартаа болон шүүх хуралдааны үед “төлөвлөгөө ирүүлээгүй” гэх тайлбар өгдөг боловч “төлөвлөгөө шалгаж үзсэний үндсэн дээр ...2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй болно” гэх хариу албан бичгийг ирүүлсэн. Тодруулбал нэхэмжлэгчээс төлөвлөгөөг хүргүүлээгүй бол хариуцагч хариу албан бичигтээ төлөвлөгөөгөө ирүүлэхийг эсхүл ирүүлээгүй учир батлах боломжгүй тухайгаа бичиж хариу мэдэгдэх байсан.

3.11. Мөн хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...хайгуулын ажлын төлөвлөгөө болон менежментийн төлөвлөгөө ирүүлээгүй болно. Иймд хайгуулын ажлын төлөвлөгөө батлах боломжгүй...” гэх хариу тайлбарыг өгдөг боловч нэхэмжлэлийн шаардлага нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах гэж байгаа болохоос хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг даалгах биш бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулчихсан. Энэ нь ашигт малтмалын сайтад орсон байгаа. Тиймээс хариуцагчид менежментийн төлөвлөгөө батлуулах санал тавихаар өмнө баталсан хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлээгүй гэж тайлбарлаад байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав. 

1.2. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад холбогдуулан “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг Булган аймгийн Сайхан сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Булган аймгийн Сайхан сумын засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

1.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...XV-012738 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын менежментийн төлөвлөгөөг батлуулахын тулд 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө 3 хувь үйлдэж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25/03 дугаартай албан бичигтэй хамт Булган аймгийн Сайхан сумын засаг даргад хүргүүлсэн. Байгаль орчны байцаагч утсаар төлөвлөгөөг батлахгүй, бичгээр хариу очно гэж хэлсэн боловч бидэнд бичгээр хариу ирээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т “Сумын Засаг дарга энэ хуулийн энэхүү төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ ямар ч үндэслэлгүйгээр биелүүлэхгүй байгаа” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч хуулийн этгээдээс хайгуулын ажлын төлөвлөгөө болон менежментийн төлөвлөгөө батлуулахаар ирүүлээгүй. Ирээгүй төлөвлөгөөг батлах боломжгүй. Нэхэмжлэгчээс ямар төлөвлөгөөг хэзээ, хаана хүргүүлсэн нь тодорхойгүй” гэж тайлбарлан маргажээ.

1.4. Анхан шатны шүүх “...Шүүхээс Сайхан сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны ирсэн бичгийн эх хувь баримтад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25/03 дугаартай албан бичиг /хэргийн 46 дугаар тал/ хариуцагчид хүргэгдсэн болох нь нотлогдох боловч уг албан бичигт төлөвлөгөөг хавсарган хүргүүлсэн гэх агуулга тусгагдаагүй байх ба нэхэмжлэгчээс албан бичгийн хамт төлөвлөгөөгөө хүргүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.  Гэрч Сайхан сумын байгаль орчны байцаагчаас “нэхэмжлэгч байгууллагаас төлөвлөгөө батлуулах агуулгатай 1 хуудас албан бичгээс өөр материал ирүүлээгүй” гэж мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийхэд хариуцагч нэхэмжлэгчийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө-ний материаллаг буюу бичгээр үйлдсэн төлөвлөгөөг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдсонгүй. Иймд “И” ХХК-аас 12738X дугаарын тусгай зөвшөөрөл бүхий 5403 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хуульд заасан журмын дагуу боловсруулж, хүргүүлээгүй байхад хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх, төлөвлөгөө батлахыг даалгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцжээ.

2. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөг санаатай, санамсаргүй алга болно гэж бодоогүй учраас “3 хувь хавсралтаар хүргүүлэв” гэж албан бичигтээ бичээгүй. Заавал бичих ёстой гэсэн хууль зүйн акт ч байхгүй. Төлөвлөгөө батлуулах гэж байж боловсруулсан төлөвлөгөөгөө хамт илгээх нь энгийн ойлголт” гэх гомдлын тухайд:

2.1. Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/37 дугаар албан бичгээр “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй болно” гэсэн хариуг нэхэмжлэгч “И” ХХК-д өгчээ.

2.2. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах;”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах;”, 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;” гэж тус тус заажээ.

2.3. Анхан шатны шүүхийн үзлэг хийсэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн 1-т “Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны Өргөдөл, гомдлын бүртгэлд “И” ХХК-иас ирүүлсэн албан бичиг бүртгэгдээгүй байна”, 2-т “Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын “Явсан бичиг 2025 он” гэх бүртгэлд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 01/37 дугаар албан бичиг байх ба тус албан бичгийн танай хэсэгт “2025.02.12-ны 25/03” гэж, тэргүү хэсэгт “И” ХХК” гэж тэмдэглэгдсэн байна” гэжээ.

2.4. Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан дүгнэвэл нэхэмжлэгч “И” ХХК-иас хуульд заасан үүргээ биелүүлж, хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Номгон нэртэй XV-012738 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшдэг ба 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталгаажуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий 25/03 дугаар албан бичгийг Булган аймгийн Сайхан сумын Тамгын газарт хүргүүлсэн ч 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө уг хүсэлтдээ хамт буюу хавсарган хүргүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Баталгаат шуудангаар ирсэн албан тоот хавсралтыг хэрхэн хүлээн авч устгасныг бид нотолж чадахгүй. Ийм байхад шүүхээс албан бичгийн хамт төлөвлөгөөгөө ирүүлснийг нэхэмжлэгч нотлоогүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нотлох боломжгүй зүйлийг шүүх шаардсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчээс албан бичгийн хамт төлөвлөгөөгөө хүргүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ... нэхэмжлэгчийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө-ний материаллаг буюу бичгээр үйлдсэн төлөвлөгөөг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

3. Сайхан сумын Засаг даргын хариу албан бичигт “...төлөвлөгөөг шалгаж үзсэний үндсэн дээр 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй болно” гэсэн хариу өгсөн байдаг. Тодруулбал, нэхэмжлэгчээс төлөвлөгөөг хүргүүлээгүй бол хариуцагч албан бичигтээ төлөвлөгөө ирүүлэхийг эсхүл ирүүлээгүй учир батлах боломжгүй талаар хариу мэдэгдэх байсан гэх гомдлын үндэслэлийн тухайд:

3.1. Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/37 дугаар албан бичгээр “2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй болно” гэсэн хариу өгснөөс “...төлөвлөгөөг шалгаж үзсэний үндсэн дээр 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй болно” гэж  2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч хянаж үзсэн агуулгаар хариу өгөөгүй байна.

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...хайгуулын ажлын төлөвлөгөө болон менежментийн төлөвлөгөө ирүүлээгүй” гэж тайлбарладаг боловч маргааны энэ тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйтэй маргаж байгаа. Гэтэл хариуцагчаас хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлээгүй гэж тайлбарлаад байдаг” гэх гомдлын тухайд:

4.1. Нэхэмжлэгчээс хариуцагчийн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэсэн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага болох Булган аймгийн Засаг даргад хандсан боловч Булган аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/1306 дугаар албан бичгээр “... “И” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтад заасан ... эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул Сайхан сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/37 дугаар албан бичиг үндэслэлтэй ... сумын Засаг даргад холбогдох газраар батлуулсан 2025 оны хайгуулын ажлын төлөвлөгөөний хамт байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө хүргүүлж батлуулна уу” гэжээ.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол; ирүүлээгүй болно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч сумын Засаг даргын 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны захиргааны байгууллага болох аймгийн Засаг даргад гомдол гаргасан, уг гомдлын хариуд аймгийн Засаг даргаас дээрх байдлаар хариу өгчээ.

4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар уг захиргааны хэргийн хариуцагч нь сумын Засаг дарга байх тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын дээрх байдлаар нэхэмжлэгчид өгсөн хариу үйл баримтыг хариуцагч сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар гэж үзэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             З.ГАНЗОРИГ

                              ШҮҮГЧ                                              Л.ОДБААТАР

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ