Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/01490

 


   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Г, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х 00 байрлах, Гэрээ ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа 0 дугаар гудамж, 0тоот хаягт оршин суух,  Ж /РД:00000 /,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа 00 дугаар гудамж, 000 тоотод байрлах, Э БСБ /РД:0000000000 / нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68 813 470.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Э -аас батлан даалтын гэрээний дагуу өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Б нар оролцов.                                     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж нь Г 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/0000000 тоот зээлийн гэрээгээр 63 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр авсан. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож ЗБ\ тоот, ЗБ000000000000000-А ипотекийн гэрээгээр доорх хөрөнгийг барьцаалсан. Үүнд Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн    Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дугаар гудамж, 0а тоот хаягт байршилтай 212 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,               Г-00000 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 0дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дугаар гудамж, 0тоот хаягт байршилтай 1701203515 нэгж талбарын дугаартай 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗГ00000 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ00000 тоот батлан даалтын гэрээгээр Э /РД:00000 / нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно.

Б.Ж нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 371 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна. Голомт банк ХХК нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөр 56 876 490.92 төгрөг, хүүний төлбөр 11 352 822.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584 691.63 төгрөг, нийт 68 813 470.82 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болон батлан даалтын гэрээний дагуу Э-ын эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус зээлийг Э үйл ажиллагаанд зориулж авсан бөгөөд цэцэрлэг зуны гурван сард үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч орлогогүй байдаг тул зээлийг хувиарын дагуу төлөх боломжгүй болж хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг банкинд удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Мөн Голомт банк зээлийн төлөлтөөс хүүгийн хүү, алдангийн алданги тооцож авснаар зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаагүй тул гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх боловч миний бие цэцэрлэгийн байраа өргөжүүлсэн байгаа гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Голомт банк хариуцагч Б.Ж, боловсрол, сургалтын байгууллагад холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 68 831 470,82 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Э -аас батлан даалтын гэрээний дагуу өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч Б.Ж нь хамтран хариуцагч Э боловсрол сургалтын байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх ба банк зээлийн хүү болон алдангийг илүү тооцож авснаар зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаагүй, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах саналыг хүлээж аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. 

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Голомт банк, Б.Ж нарын хооронд 2017 оны 12 сарын 27-ны өдөр ЗГ1305107996 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 63 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 27,6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, Б.Жгийн өмчлөлийн Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буян ухаа 00 дугаар гудамж,000 хаягт байршилтай 212 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 00 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-000000 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0дугаар гудамж, 0 тоот хаягт байршилтай 1701203515 нэгж талбарын дугаартай 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээ, ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-14-23/

 

Зээлийн болон ипотекийн гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон ипотекийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Голомт банк 2017 оны 12 сарын 28-ны хариуцагчийн 1305107995 тоот  дансанд зээлийн мөнгө хөрөнгө 36 000 000 төгрөгийн шилжүүлсэн болох нь хариуцагчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь үндсэн зээлээс 6 123 509 төгрөг, зээлийн хүү 10 586 651, нэмэгдүүлсэн хүүд 25 639 төгрөг нийт 16 735 799 төгрөг төлсөн болох нь хариуцагчийн дансны хуулга болон хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байх бөгөөд “...банк хүү алданги илүү тооцсон” гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна гэж үзлээ. Тэрээр 22 000 000 төгрөгийн төлөлт хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 27-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч  хариуцагч нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчиж, 2018 оны 11 сарын 29-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй ба гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 4.2.1-т зааснаар банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2-т “…Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлөөгүй хугацааны хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн үндсэн зээл 56 876 490 төгрөг, зээлийн хүү 11 352 288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584 691 төгрөг, нийт 68 813 470 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Жгаас гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Б.Ж нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Харин хамтран хариуцагч боловсрол, сургалтын байгууллагад холбогдох нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ХХК болон хариуцагч БСБ нарын хооронд 2017 оны 12 сарын 27-ны өдөр БДГ1305107996 дугаар батлан даалтын гэрээ байгуулжээ. /хх-24-25/

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр, 460 дугаар зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

 

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч нь үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд батлан даагч өөрөө хариуцах үүрэгтэй ба зээлдэгч Б.Ж нь үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нөхөх хариуцлагыг Эрдэнэсийн авдар цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллагаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч боловсрол, сургалтын байгууллагад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн                 7.1.1-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 642 417 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Жгаас 572 217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Г, Б.Ж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ1305107996 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Жгаас 68 813 470 /жаран найман сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буян ухаа 00 дугаар гудамж, 553а хаягт байршилтай 212 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт ухаа 00 дугаар гудамж 0тоот хаягт байршилтай, 91 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-00000 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 000тоот хаягт байршилтай 1701203515 нэгж талбарын дугаартай 404 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 68 813 470 төгрөг гаргуулж, ГХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч боловсрол, сургалтын байгууллагад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн                 7.1.1-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 642 417 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Жгаас 572 217 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ