| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0676/3 |
| Дугаар | 221/МА2025/0755 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0755
“О у” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Гомдол гаргагч: “О у” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ж.О
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 754 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Хариуцагч Ж.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0****
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “О у” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ж.От холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 754 дүгээр шийдвэрээр: “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 19 дүгээр зүйлийн 19.1, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “О у” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ж.От холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын зайны хяналтаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын 3.22.4-д заасан “Дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх” заалтыг зөрчсөн гэж үзэн улсын байцаагч 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн арга хэмжээ авсан байдаг. Манай байгууллагын зүгээс тус зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн холбогдох баримт материалыг бүрдүүлэн мэдүүлэг өгсөн. Мөн тухайн журам батлагдан мөрдөгдөж эхлэхээс өмнөх үйл баримт, зээлийн харилцаанд үндэслэж уг зөрчлийн арга хэмжээг авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн шийтгэл оногдуулах тухай хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцын дагуу арга хэмжээ авсан байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журмын нэмэлтээр батлагдсан хэм хэмжээ буюу тухайн журмын 3.22.4-д заасан “Дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх” нөхцөлийг зөрчсөн гэж үзсэнийг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн үйл баримтыг буруу ойлгосон, хууль хэрэглээний хувьд бодит байдалд нийцээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.4-д заасныг зөрчсөн байна гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллага нь банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээл авсан бөгөөд хяналт шалгалтын явцад бүрдүүлсэн нотлох баримтад зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, “О у” ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэргийг үзүүлж мэдүүлэг өгсөн байдаг.
3.2. Мэдүүлэг өгөхдөө тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд журмын нэмэлтээр хориглосон заалт батлагдан гарахаас өмнө буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар тогтоол гарах хугацаанаас өмнө Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1 дэх заалтыг үндэслэл болгон банкнаас зээл авсан баримтыг Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тулгуурлан улсын байцаагчид гарган үзүүлсэн байхад журмын үйлчлэл гарахаас өмнөх үйл баримтыг үндэслэн арга хэмжээ авсан нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журам, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолууд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар талууд маргаагүй болно гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх бодит процесст нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нар энэ талаар тайлбар хэлсэн байдаг. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын байцаагч Ж.Оын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0754 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ
4. Хариуцагч талаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
2.1. Гомдол гаргагч “О у” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ж.От холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
2.2. Маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дүгээр шийтгэлийн хуудсаар “О у” ХХК-ийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр 20,000,000 төгрөгөөр торгожээ.
2.3. Анхан шатны шүүхээс “... Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлэх үүргийг гомдол гаргагч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэх хүрээнд хуулиар хүлээсэн, энэ үүргийг биелүүлээгүй болохыг эрх бүхий албан тушаалтан илрүүлж зөрчилд тооцон арга хэмжээ авч, шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна ...” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралтаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг баталж, мөн хорооны 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолоор тус журамд нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. Ингэхдээ журмын Гурав. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцох гээд 3.22.4-д “дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх” гэсэн заалтыг нэмсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/10** дугаар албан бичгээр “... ББСБ нь дотоодын арилжааны банк, мөнгөн зээлийг үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс зээл болон бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлэхгүй байх ... банк бус санхүүгийн байгууллагууд дээрх журмын өөрчлөлттэй www.frc.mn холбоосоор танилцаж, хэрэгжилтийг хангаж ажиллах ...” гэх мэдээллийг бусдаас эх үүсвэр татан төвлөрүүлсэн банк бус санхүүгийн байгууллагуудад хүргүүлж байжээ.
Харин гомдол гаргагч “О у” ХХК нь “Капитрон банк ХК”-иас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №3096-2024/*** дугаартай 12 сарын хугацаатай, зээлийн хүү 22.8 хувь, 3.000.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /зээлийн шугам/ байгуулсан бөгөөд хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус зээлийн гэрээг ашиглан зээл авч байсан болох нь тогтоогдож байна.
2.5. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Хорооны хянан шалгагч энэ хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1, 19.2, 19.3 ... хуульд заасан хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ”, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлд “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага” гээд 13.4-д “Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ”, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ” гэж тус тус зохицуулсан.
2.6. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар тогтоолын 5-д “Энэ тогтоол батлагдсан өдрөөс өмнө бусдаас хөрөнгө татан төвлөрүүлсэн харилцаанд энэхүү зохистой харилцааг буцаан хэрэглэхгүй” гэж журамласан байх бөгөөд үүнээс үзвэл банк бус санхүүгийн байгууллагууд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө зээлийн гэрээний дагуу хөрөнгө татан төвлөрүүлсэн харилцаанд уг журам үйлчлэхээргүй байна.
2.7. Харин гомдол гаргагч хуулийн этгээдийн зүгээс тус тогтоол батлагдсанаас хойш 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл “К” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ /зээлийн шугам/-г ашиглан зээл авч удаа дараа мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлсэн үйлдэл нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаар гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... бид журам батлагдахаас өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээл авч, зээлийн гэрээ байгуулсан ...” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
2.8. Тодруулбал, гомдол гаргагч нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болохыг эрх бүхий албан тушаалтан зайны хяналт шалгалт хийж гүйцэтгэн илрүүлж, улмаар зөрчилд тооцон Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй төдийгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
2.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуульд заасан эрхийн хүрээнд Банк бус санхүүгийн байгууллагуудыг дотоодын арилжааны банкнуудаас зээл авч сан бүрдүүлэхийг хориглосон нь санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой бодлогын шийдвэр бөгөөд банкны эх үүсвэр нь иргэдийн хадгаламж байдаг ба үүнийг Банк бус санхүүгийн байгууллагууд руу дамжуулж өндөр хүүтэй зээлийн эрсдэлд оруулж банкнаас их хэмжээний зээл авч сан бүрдүүлбэл зээлээ эргэн төлж чадахгүй байх эрсдэл үүсэх, ингэснээр банкнуудад шууд нөлөөлөл үүсэж санхүүгийн систем тогтворгүй болохоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ гэж үзнэ.
2.10. Энэ тохиолдолд Банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгө, гадаад эх үүсвэрээс сангаа бүрдүүлэх нь зүйтэй ба банкны зээлийн хүүгийн өндөр ялгааг ашиглан зах зээлд хүрээгээ хэт тэлэх, тухайн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн зах зээлд гүйцэтгэх үүрэг ойлгомжтой тогтвортой байх ач холбогдолтой.
2.11. Иймд “О у” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 094***** дүгээр шийтгэлийн хуудас зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА