Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Шүүгдэгч Д.Түмэн, түүний өмгөөлөгч Х.Ургаа, Л.Доржпүрэв,

            Хохирогч С.Эрдэнэбүдээ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүгэржавын Түмэнд холбогдох 201625031912 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамж, 88 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Данзан овогт Дүгэржавын Түмэн (РД:ЕН64041712),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Эрдэнэбүдээг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би хохирогчийг өмнө нь танина, түүнтэй хамт архи ууж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө Эрдэнэбүдээ, Отгоо, Батаа бид нар нэг шил архи хувааж уусан байсан. Тэр орой би Уртцагааны баруун үзүүрт Нараатай уулзаж байхад Эрдэнэбүдээ орж ирээд гарсан. Би ч бас гараад явж байтал араас хүмүүс ирээд бид хоёрыг нэг нэг цохьсон. Нэг хүн түлхэх шиг болохоор нь эргэж хараад цохиход хохирогч байсан. Би түүнтэй ноцолдож байхдаа цохьсон. Би хүн андуурч цохьсон байсан. Би буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Охины бие муу байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаан дээр хохирогчоос мэдүүлэхдээ:-Тухайн орой би ажлаа тараад 16-17 цагт Уртцагааны зүүн урд талын 2 дугаар корпусаар явж байхад шүүгдэгч намайг эргэж хараад шууд цохьсон. Би цагдаа дуудсан. Дараа нь гэмтлийн эмнэлэгт очиж уруулаа оёулсан. Түмэнг танихгүй. Өглөө нь Түмэн, Отгоо нартай жоохон архи уусан. Ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй. Эвдэрхий гар утас өглөө гэж маргалдаагүй. Түмэн нилээн согтуу байсан. Наранбатаас Түмэн гэдэг хүний нэрийг нь мэдсэн. Эргэж харангуут цохьсон. Тэгээд зууралдсан. Эмчилгээний зардалд 600.000 төгрөг гарсны шүүгдэгч төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хааж өгнө үү гэв.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.О.Наранбатаас:-…Би тухайн өдөр өөрийнхөө ажилладаг газар болох Уртцагааны баруун урд талд байрлах Хоршоолол нийгэмлэгийн байранд дарханы газар ажлаа хийгээд сууж байтал орой 17 цагийн үед Хар сувд эртний эдлэлийн зүйлс зардаг дэлгүүрт эд зүйл зардаг Түмэн орж ирсэн ба удалгүй араас нь хажуу талын корпуст дархан хийдэг Эрдэнэбүдээ мэнд мэдээд одоо харьдаг юм билүү гээд орж ирчихээд 5-10 минут ойр зуурын юм ярьж байгаад харилаа гээд гараад явсан. Тэгтэл удалгүй Түмэн бас араас нь гараад явсан. Тэгээд удалгүй байж байтал Эрдэнэбүдээгийн амнаас нь цус гарчихсан, Түмэнг зуурчихсан энэ намайг цохьчихлоо гээд ороод ирэхээр нь яасан юу болсон гээд асуухад, Эрдэнэбүдээ нь энэ намайг араас дуудахаар нь эргээд хартал шууд цохьчихлоо гэсэн. Тэгээд би Түмэнгээс асуутал зүгээр мэдэхгүй, би ямар цохьсон юмуу гээд ганц хоёр үгээр хариулаад байсан. Эрдэнэбүдээ нь чи намайг цохио биздээ гээд байсан. Тухайн үед Түмэн нь цохьчихсон шинжтэй байсан. Манай өрөөнд тэр 2 бол маргаж муудсан зүйл болоогүй гэжээ.

            2.Б.Амартүвшингээс:-2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хоршоолол дотор байрлах дарханы газарт ажлаа хийгээд байж байтал Түмэн ах орж ирээд Нараа ахтай юм ярьж байтал удалгүй Эрдэнэбүдээ орж ирээд мэнд мэдсэн. Тэгээд одоо харилаа гээд цүнх үүрчихсэн явж байсан. Ажлаас гарлаа гэж яваад удалгүй 1 минут ч бараг бололгүй эргээд энэ намайг зодчихлоо гээд Эрдэнэбүдээ Түмэн ахыг дагуулаад ороод ирсэн. Тэр үед Эрдэнэбүдээгийн уруул нь сэтрээд цус гарсан байсан. Эрдэнэбүдээ нь Түмэн рүү хандан чи яахаараа намайг зоддог юм бэ гээд уурлахад Түмэн ах чи намайг түрүүн цохио биз дээ гээд байсан. Түмэн ах нилээн согтуу явж байсан гэжээ.

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.9.23-ны ¹13264 тоот актын дүгнэлтэд:

            1.Эрдэнэбүдээгийн биед дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Бусдад зодуулсан гэж цаг хугацаанд үүсэх боломжтой.

            2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

            Шинжээч эмч М.Ойгонбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр бусад гараар цохигдох, хатуу зүйл шидэгдэх аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хязгаарлагдмал гадаргуу гэдэгт төмөр, мод, чулуу, хүний гар гэх мэт олон хүчин зүйлийг ойлгож болно гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Түмэн нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Уртцагаан худалдааны төвийн баруун талын үүдэнд явж байсан С.Эрдэнэбүдээг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохьж зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь   шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Эрдэнэбүдээгийн “…Уртцагааны зүүн урд талын 2 дугаар корпусаар явж байхад шүүгдэгч намайг эргэж хараад шууд цохьсон… Түмэн нилээн согтуу байсан. Наранбатаас Түмэн гэдэг хүний нэрийг нь мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч О.Наранбатын “Тэгээд удалгүй байж байтал Эрдэнэбүдээгийн амнаас нь цус гарчихсан, Түмэнг зуурчихсан энэ намайг цохьчихлоо гээд ороод ирэхээр нь яасан юу болсон гээд асуухад Эрдэнэбүдээ нь энэ намайг араас дуудахаар нь эргээд хартал шууд цохьчихлоо гэсэн” гэх мэдүүлэг, Б.Амартүвшингийн “Ажлаас гарлаа гэж яваад удалгүй 1 минут ч бараг бололгүй эргээд энэ намайг зодчихлоо гээд Эрдэнэбүдээ Түмэн ахыг дагуулаад ороод ирсэн. Тэр үед Эрдэнэбүдээгийн уруул нь сэтрээд цус гарсан байсан. Түмэн ах нилээн согтуу явж байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.9.23-ны ¹13264 тоот акт, шинжээч эмч М.Отгонбаатарыг асуусан тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарын хоорондох эвлэрлийн гэрээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Данзан овогт Дүгэржавын Түмэнг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч Д.Түмэнд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид 600.000 төгрөгийн төлбөрийг сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэмээн маргаж байгаа боловч шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөн гэрч, шинжээчийн мэдүүлгээс үзвэл гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаанаас болж тэдгээрийн хооронд ямар нэг маргалдсан, зодолдсон нөхцөл байдал үүсээгүй буюу тодорхой шалтаг, шалтгаан байгаагүй ажээ. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Данзан овогт Дүгэржавын Түмэнг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Д.Түмэнг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Түмэнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Түмэнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Түмэнд урьд асван бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ