Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 1258/ШШ2018/0162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.О нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Ц******* зочид буудлын баруун талд байрлалтай 1000 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар баталгаажсан эзэмших эрхтэй байсан бөгөөд энэхүү газрын эрх анх 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар олгогдсоныг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шилжүүлж олгогдсон юм.

Нийслэлийн Засаг дарга уг газрыг орон сууцны зориулалтаар баталгаажуулж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчдын орон сууц барих зөвшөөрлийг 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар олгосны дагуу 83 айлын байрны захиалга явагдаж, барилга баригдахад шаардлагатай бүх ажиллагаа хийгдсэн.

Мөн дээрх захирамжуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий захиргааны хэргүүд тус тус шүүхээр хянагдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Улсын дээд шүүхээр хянагдаж хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.

Дурьдвал: Х ХХК-иас болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байрны оршин суугч Б.Б, М.Ц, Ц.Б, Д. нарын нэхэмжлэл, Л.Н, Б.Х нарын нэхэмжлэл Б.Ц-ын нэхэмжлэл, Д.О, Т.Д нараас дэс дараалан шүүхэд хандаж байсан ба дээрх нэхэмжлэл тус бүрт холбогдох захирамжуудыг хууль бус гэж маргаж байсан, харин Нийслэлийн Засаг даргаас дээрх захирамж шийдвэрүүд нь холбогдох хууль, журмын дагуу гарсан тухай үндэслэлээ тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан юм.

Тухайлбал маргаан бүхий газрын баруун талд байрлах 16 дугаар байрны оршин суугчдийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 580 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 228 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Харин зүүн талд нь байрлах Ц******* зочид буудал буюу Х ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 461 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар тогтоолоор тус тус маргаан бүхий газарт байгаа шугам сүлжээний талаар ...ашиглалтын уялдаа холбоо сайжрах талаар шинжээчийн дүгнэлтэд тусгасан байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй гэж маргааны үйл баримтад Улсын дээд шүүхээс дүгнэлт хийсэн байдаг.

Мөн захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл, захиргааны үйл ажиллагаа, үйл баримт нь яг ижил адил шаардлагатай байсан төдийгүй шүүхээс дээрх маргаан бүхий актууд нь хууль бус эсэхэд нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийн шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр эцэслэн шийдвэрлэж байсан.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц******* зочид буудлын баруун талын 16 дугаар байрны оршин суугч иргэн Л.Н, Б.Х нарын нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6219 дүгээр захирамжаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0546 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үндэслэлээ Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн гээд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ...өөрөө хууль бус шийдвэрийг хүчингүй

болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээр дүгнэгдсэн үйл баримтанд дахин дүгнэлт өгч шийдвэрлэсэн, мөн холбогдох хууль журмыг зөрчсөн төдийгүй дээр дурьдагдсан захиргааны байгууллагын олон шат дараалсан үйл ажиллагаа, эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн маш их хэмжээний мөнгө хөрөнгө иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд иргэний эрх зүйн гүйлгээнд орсон байдлыг үл ойшоож хууль бус шийдвэр гаргалаа.

Дээрх А/625 дугаар захирамж гарах хүртэлх хугацаанд гарсан хөрөнгө мөнгийг ерөнхийлөн авч үзвэл газрын эрх, барилгын зөвшөөрөл, шүүхийн ажиллагаатай холбогдуулж 207.991.871 төгрөг, гүйцэтгэгч Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Хаан банкны 50******* тоот данс руу захиалагч албан хаагчдаас шилжүүлсэн урьдчилгаа 663.775.100 төгрөг, нийт 871.766.971 төгрөг төлөгдсөн байна. Захиалагч төрийн албан хаагч нар нь дээрх мөнгийг банкнаас зээлж байсан ба зөвхөн нэг албан хаагчийн төлөгдөж байгаа зээлийн хүүг бодож, хамгийн бага төлсөн тохиолдлыг үзвэл 3,5 сая төгрөг төлжээ. Эдгээр захиалагч нарын зүгээс маш их гомдол гаргаж байгаа бөгөөд тэдний орон сууцыг хүлээн банкинд төлөгдсөн нийт хүү нь 127 сая гаруй төгрөг болжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ц******* зочид буудлын зүүн талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар иргэн Ч.О-т 2011 оны 952 дугаар захирамжийн хавсралтаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн.

Иргэн Ч.О-ын эзэмшил газарт Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дүгээр захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан хаагчдын орон сууцны барилгад зориулан 600 м.кв газарт барилга барих захирамжийг гаргасан.

Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны А/625 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ц******* зочид буудлын зүүн талд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 1000 м.кв газрыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Хүчингүй болгосон шийдвэр гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ хамгаалалтын зурвастай байна гэж заасан бөгөөд хамгаалалтын зурвасын дотор гэр орон сууц барига байгууламж өмчлөгч эзэмшигчдийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.

Мөн Нийслэлийн Газрын албанаас авсан кадастрын зурагнаас харахад тус газрын доогуур дулааны шугам сүлжээний трассын зураг байна.

Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийг тус тус зөрчсөн мөн энэхүү тогтоол нь дулааны шугам сүлжээнд адилхан хамааруулдаг тул Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/625 дугаар захирамжийг батлан гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Ч.О-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамжаар иргэн Ч.П-т Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Ц******* зочид буудлын баруун талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаар захирамжаар баталгаажуулж, улмаар Ч.П, Ч.О нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 952 дугаар захирамжаар

Ч.О-т шилжүүлжээ.

Маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ц******* зочид буудлын зүүн талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газрын Ч.О-т эзэмшүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь хэсгийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шүүхээр дүгнэгдсэн үйл баримтанд дахин дүгнэлт өгч шийдвэрлэсэн, мөн холбогдох хууль журмыг зөрчсөн төдийгүй дээр дурьдагдсан захиргааны байгууллагын олон шат дараалсан үйл ажиллагаа, эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн маш их хэмжээний мөнгө хөрөнгө иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд иргэний эрх зүйн гүйлгээнд орсон байдлыг үл ойшоож хууль бус шийдвэр гаргасан гэж тайлбарлан маргаж байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ ...Уг газар нь эрчим хүчний шугам, сүлжээний хамгаалалтын зурвастай давхцаж байгаа, мөн оршин суугчдын гомдлыг үндэслэн нэхэмжлэгч Ч.О-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарлан маргаж байгаа.

Тус шүүхэд иргэн Д.Г, Б.Б, М.Ц, Ц.Б нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч. О-т 1000 м.кв газар эзэмших зөвшөөрөл олгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн дээрх газар дээр Барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 580 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 228 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож;

Х ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн Ч.О-т 1000 м.кв газар эзэмших зөвшөөрөл олгосон хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжийн дээрх газар дээр Барилга барих зөвшөөрөл олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 461 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлэх асуудлыг зохицуулжээ.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь хэсгээр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Ц******* зочид буудлын зүүн талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газрыг иргэн Ч.О-т эзэмшүүлсэн хууль зөрчөөгүй, түүнчлэн дээрх газарт 12 дугаар хорооллын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг төв магистрал болох 300 мм-ын диаметртэй хос шугам байрлах бөгөөд дээрх инженерийн шугам сүлжээг нэгтгэн хонгилын системд байрлуулснаар ашиглалтын байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, авто зам талбай, ногоон байгууламж эвдэгдэхгүй байх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж шуурхай засварлах үйлчилгээ хийх боломжтой зэрэг зэрэг давуу байдалтай байдаг. ...технологийн дагуу угсарч монтажлан хонгилын системд засвар үйлчилгээ хийх боломжтойгоор ашиглах нь зүйтэй ... гэж дүгнэсэн байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Ч.О-ын газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасан байх бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох боломжтой юм.

Харин энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь хэсгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ц******* зочид буудлын зүүн талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1000 м.кв газрыг иргэн Ч.О-т эзэмшүүлсэн хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

Иймд иргэн Ч.О-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснээс хуулийн дагуу газар эзэмших эрх үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжаар хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН