Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 010

 

Х.Б, Б.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Б, Б.Е нарт холбогдох эрүүгийн 1913003170193 дугаартай, 2 хавтаст хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ө.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын  давж заалдах гомдлын дагуу 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, прокурор М.Фарида, шүүгдэгч Х.Б, Б.Е, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Ержан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө, түүний өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1999 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 6 хүн, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-ны Е /РД:БЗ00000000/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 7 хүн, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Х-ны Б /РД:БЗ00000000/ нар нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зайсан толгой”-н доод талд байгаа уулын бэлд насанд хүрээгүй Ө.А-ыг мотоциклоор аваад очиж, согтуугаар бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж,  хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолоор:

“1.Б.Е, өсвөр насны шүүгдэгч Х.Б нарыг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Е-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Х.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Б.Е нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ. 

 

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Хохирогч Ө.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө бид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б, Б.Е нарт надад холбогдох эрүүгийн 1913003170198 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүгдэгч нарт маш хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна.

1. Шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь санаатайгаар согтуугаар бүлэглэн насанд хүрээгүй охин Ө.А-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн буюу бэлгийн харьцаанд орсон нийгэмд маш аюултай гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт илт хөнгөн буюу 1 жилийн хорих ял оногдуулж байгаа явдалд бид гомдолтой. Өнөө үед шүүхийн практикт нэг ишиг хулгайлсан гэмт этгээдэд 6 сараас 1 жилийн хорих ял өгч байгаа. Гэтэл насанд хүрээгүй охины амьдралыг бүтэн орвонгоор эргүүлэн амьдралд нь арилшгүй маш их хар толбо үүсгэсэн гэмт этгээдүүдэд маш хөнгөн ял оногдуулж байгаа нь шүүх шударга ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээс өөр аргагүй юм. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бид гэмт этгээдүүдэд төрийн хатуу цээрлэл хүлээлгэх тухай саналыг удаа дараа тавьж байсан боловч шүүх зөвхөн хэт нэг талыг барьж, шүүгдэгч нарт хуульд зааснаас маш хөнгөн ял оногдуулсан асуудлыг сонсоод бид шоконд орж, одоо хүртэл бүтэн нойргүй байна. Өнөөдөр шүүгдэгч нарт 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэр гарч байгаа боловч бодит байдалд тэд ялын 50 хувийг эдэлсний дараа улсын баярын өмнөхөн гарч ирэх магадлалтай. Шүүгдэгч Х.Б, Б.Е нар нь А.А-т хандаж “Чиний 14 нас бол том нас байна, бид 12 настай охидуудтай унтаж байсан, чамтай бид яаж ч унтаж болно” гэж хэлж байсан нь тэд нийгэмд ямар их аюултай этгээд болохыг харуулж байна.

2. Анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, Б.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулахаар санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй явдалд харамсаж байна.

3. Өнөөдөр цэцэг шиг 18 насанд хүрээгүй байгаа охины амьдралаар бүрэн тоглож байгаа гэмт этгээдүүдэд маш хөнгөн ял оногдуулж байгаа нь насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх, Эрүүгийн хуулиар насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар шүүх хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Ирээдүйд охин Ө.А нь хүүхэд төрүүлэх боломжгүй болсон нь бидэнд бүр аймшигтай сонсогдож байна.

4. Шүүгдэгч Х.Б, Б.Е нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зөвхөн нэг талыг барьсан, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч М, Х нарын өгсөн мэдүүлгийг дутуу бичсэн, ядуу, томоотой хүний яриаг авч хэлэлцэхгүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч Ө.А нь гэрээс зугтаан гарч үхнэ гэж хэлээд эцэг Ө-ийн мотоциклын 2 толийг хагалсан зэрэг одоо сэтгэл санааны асар их дарамтад оруулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч Х.Б, Б.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан буюу хуульд заасан ялыг оногдуулахаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Б.Е, Х.Б нар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зайсан толгой”-н доод талд байгаа уулын бэлд насанд хүрээгүй Ө.А-ыг мотоциклоор авч очиж согтуугаар бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйл баримт анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Е, Х.Б нарыг согтуурсан үедээ насанд хүрээгүй Ө.А-ыг бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүхээс шүүгдэгч Б.Е, Х.Б нарт дээрх байдлаар ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг заавал тодорхойлохоор заасныг анхан шатны шүүх зөрчсөнөөс гадна шүүх эрүүгийн хариуцлага нь тухайн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны үнэлэмж, зарчимд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл, шүүхээс шүүгдэгч Б.Е, Х.Б нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага         хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаагүй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээс зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, ингэснээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэсэн мөн зүйлд заасныг хэрхэн ойлгож, хэрэглэж байгаа үндэслэл шийтгэх тогтоолд тусгагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгийн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида би, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал: Ялтан Б.Е, Х.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зайсан толгой”-н доод талд байгаа уулын бэлд насанд хүрээгүй Ө.А-ыг мотоциклоор авч очиж, согтуугаар бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдсон байна. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Б.Е, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, 2020/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Е, Х.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус бүрийг нь нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт маш хөнгөн ял оногдуулсан гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр зааж өгсөн байхад шүүгч шийдвэр гаргахдаа уг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Шүүгчийн оногдуулсан ял нь ялтан Б.Е, Х.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан байдаг. Ялтан Б.Е, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилсэн ба уг зүйл заалт нь хоёр жилээс найман жилийн хорих ял оногдуулах санкцтай байдаг. Гэвч шүүгч шийдвэр гаргахдаа ялтан Б.Е, Х.Б нарт хэдэн жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгасан болохыг шийтгэх тогтоолдоо тодорхой дурдаагүй. Иймд ялтан Б.Е, Х.Б нарт холбогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч Ө.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө, өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Б.Е, Х.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зайсан толгой”-н доод талд байгаа уулын бэлд насанд хүрээгүй Ө.А-ыг мотоциклоор авч очиж, согтуугаар бүлэглэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 214 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Е, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хуульчилсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8 дахь заалтад “хүүхдийн эсрэг хүчирхийлэл” гэж санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдлийг ойлгохоор заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, тус зүйлийн тайлбарт насанд хүрээгүй хүүхдийн бие махбодид нь халдсан аливаа хэлбэрийн бэлгийн шинжтэй үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн шинж байхаар хуульчлан тогтоосны зэрэгцээ Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж заасан байна.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Е, өсвөр насны шүүгдэгч Х.Б нарыг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Е-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Х.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг алдагдуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заалт нь “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байхад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,“шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх “шүүгдэгч нарын бие бялдар, оюун санааны хөгжил” зэргийг харгалзаж ял оногдуулахдаа энэ талаар үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлахгүйгээр дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дугаартай “1.Иргэн Ө.А нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна. Иргэн Ө.А-ын биед онгон хальсны шинэ урагдалтай, онгон хальс 6.9 цагийн орчим урагдаж, энэхүү хэсэгт цус шүүрч гарч байгаа ба тойроод цусан бүлэн үүссэн, бэлэг эрхтний гадна талд улайлттай, цустай, бэлэг эрхтний хоолойд байсан 10 гр шингэнтэй, бүсэлхийн баруун тал орчим шархтай, хоёр талын өгзгөнд бүхэлд нь хамарсан олон тооны жижиг янз бүрийн хэмжээтэй зулгаралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Х.Бийн “...би Ө.А-ыг дагуулж Б.Е-аас зайтай газар аваачиж “хоёулаа унтах уу” гэж хэлэхэд тэр надад “би чамтай унтахгүй, би хүнтэй унтаж үзээгүй, маргааш болъё” гэж хэлэхээр нь би түүнийг дээш нь харуулж хэвтүүлээд өөрөө дээр нь гараад оролдсон боловч өөрөө надтай сайн дураараа унтахыг зөвшөөрөхгүй байхаар нь би түүний гутлыг, дараа нь өмдийг, дараа нь дотоожийг нь хүчээр тайлж авсан. Дараа нь өөрийнхөө өмдийг доошоо буулгаад дээр нь хэвтэж байгаад өөрийн бэлэг эрхтнийг Ө.А-ын бэлэг эрхтэн рүү нь ганц хоёр удаа оруулахад тэр намайг гараараа цохиж, орилж миний хувцсыг зулгаагаад байхаар нь тавихгүйгээр хурдан боссон. Тэр үед Ө.А уйлаад хувцсаа өмсөх гэж байхад миний араас Б.Е очиж оролдож байсан бөгөөд би тэр үед тамхи татах гэж холдоод яваад өгсөн. Би буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Ө.А-ын “...Тэгээд Х.Б нь миний өмд, гутал, дотоожийг хүчээр тайлж өөрийнхөө өмдийг доошоо шувталж миний дээр гарч хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед би эсэргүүцэл үзүүлсэн боловч хүч хүрээгүй. Бэлгийн харьцаанд орж дуусаад босоод явсны дараа би босох гэхэд хөл хөдлөхгүй сонин болж босож чадаагүй.” гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.Х-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байсан байх манай гэрт хөрш болох С.Ө-ийн охин А ирээд уйлаад байхаар нь би юу болсон талаар асуухад танихгүй хоёр залуу өчигдөр орой ирээд намайг хүчээр дагуулж яваад ууланд очоод хүч хэрэглэн хүчиндсэн гэж хэлсэн юм... Би яг юу болсон талаар тодруулан асуухад эхлээд үл таних залуу хүчиндсэн тэр үед зүс таних Е нь хараад зогсоод байсан. Би Е-д хандаж та болиоч гэж хэлээд өгөөч гэсэн боловч тэд нар болиогүй, нөгөө залуу хүч хэрэглэж хүчиндэж дуусахад нь шууд Е нь мөн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийж ял шийтгэлийг хуульд заасан үндэслэл, журмаар оногдуулах нь зүйтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж, давж заалдах гомдол болон эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Б, Б.Е нарт холбогдох эрүүгийн 1913003170193 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ө.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ө, тэдгээрийн өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Б, Б.Е нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ