Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

                                  2023/ШЦТ/212

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Хохирогч: О.Ц

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт Дын Бид холбогдох 2312000000208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн И сумын Э багийн .. арын задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дын Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Баян-Улаан хорооллын задгайд оршин суух эхнэр О.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгой, нүүр, нүд рүү цохиж, 2 хөл рүү нь өшиглөж О.Цийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, нүдний алим, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000208 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Шүүх хуралдаанд хохирогч О.Ц мэдүүлэхдээ: Надад гомдол, санал байхгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Цийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой 21 цагийн үед гэрээсээ гараад Сгэдэг айлд ирчихээд буцаад гэр рүүгээ явах гэсэн чинь бороо ороод байсан. Тэгээд бороо намдахаар нь гэртээ очсон чинь манай нөхөр хаалгаа дотроос нь цоожилчихоод онгойлгож өгөхгүй байсан бөгөөд зөндөө удаан нүдсэн. Тэгээд онгойлгож өгөхгүй болохоор нь Сахын эхнэр Э эгч рүү утсаар яриад манай нөхөр хаалгаа онгойлгож өгдөггүй гэсэн чинь Э эгч манайд хүрээд ир гэхээр нь би буцаад Сахынд ирээд нилээн байж байгаад Сахын охин дүү нь намайг машинтай манай гэрт хүргэж өгсөн. Сахын охин дүү, бид 2 манай гэрийн гадаа очоод гэрийнхээ хаалгыг нүдсэн чинь манай нөхөр нилээн удаж байгаад онгойлгож өгөхөөр нь Сахын дүү охин нь намайг гэрт оруулж өгчихөөд яваад өгсөн. Намайг гэртээ орсон чинь манай нөхөр Б намайг хоол унд хийхгүй хаагуур дэмий тэнээд байдаг юм бэ гэхээр нь би Сахынд очоод юм хийж байгаад ирлээ гэсэн чинь ажил хийхгүй байж дэмий тэнээд байх юм пизда чинь гэртээ хоол хийгээд байж байхгүй дэмий тэнээд байх юм гэхээр нь би юм яриагүй. Би хоол хийх гээд шөлөн дээр жаахан мах хийх гэсэн чинь манай нөхөр пизда минь наад хоолыг чинь идэхгүй бууз, хуушуур идмээр байна гээд намайг заамдаж аваад хоолой боогоод газар унагаад миний толгой, нүүр, нүд рүү цохиж зодоод миний 2 хөл рүү өшиглөсөн. Тэгснээ миний гар утсыг булааж аваад энийг чинь хагална пизда минь гээд байхаар нь би зугтаагаад буцаад Сахынд ирээд хаалгыг нь нүдсэн чинь Э эгч хэн бэ гэхээр нь би Ц байна гэсэн чинь гэрийнхээ хаалгыг онгойлгохоор нь манай нөхөр намайг зодоод байхаар нь би зугтаагаад ирлээ гэж хэлээд тэнд хоноод өглөө Сахын дүүгээр Хүрээлэнгийн урд зусаж байгаа аавындаа хүргүүлж ирээд аав, ээждээ нөхөртөө зодуулсан тухайгаа хэлсэн. Би нөхөртэйгээ хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Айлд юм хийж байгаад ирсэн чинь манай нөхөр хоол унд хийсэнгүй, дэмий тэнэлээ гэхээр нь айлд юм хийж байгаад ирлээ гэсэн чинь ажил хийхгүй дэмий тэнээд байх юм пизда чинь гэхээр нь би хоол хийх гээд мах хөшиглөх гэсэн чинь пизда минь бууз, хуушуур идмээр байна гээд намайг барьж аваад зодсон. Манай нөхөр намайг заамдаж аваад хоолой боогоод газар унагаад толгой болон нүүр рүү 2-3 удаа цохисон, мөн хоёр хөл рүү нилээн олон удаа өшиглөсөн бөгөөд яг хэдэн удаа хөл рүү өшиглөснийг нь санахгүй байна. Арай гэж зугтааж Сахынд ирж хоносон. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, хүзүүний ард хумсаараа маажсан юм шиг улайсан, цээжний дээд хэсгээр маажсан юм шиг улайсан, баруун гарын тохойны доод хэсэгт хөхөрсөн, зүүн гарын мөрний доод хэсэгт улайж хөхөрсөн, булчингийн ар хэсэгт нь жижиг газар улайсан, зүүн талын суганы доод хэсэгт 2 хэсэг газар улайсан, баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт 2 хэсэг газар улайж хүрэнтсэн, баруун хөлийн өвдөгний доор гадна талдаа улайсан, зүүн хөлийн өвдөгний доод хэсэг гадна талдаа дугуйрч улайж, хүрэнтсэн байсан. Би Сахынд хоноод өглөө нь дүүгээр нь аавынх руугаа хүргүүлээд ээжтэй хамт сумын эмнэлэгт үзүүлж бичиг авсан. Хааяа ганц нэг удаа хэрэлдэж маргалдаж байсан. Өмнө нь манай нөхөр намайг ганц нэг удаа зодож байсан. Тэр үед нь би өөрийн аав, ээж болон цагдаад хэлж мэдэгдэж байгаагүй юм. Сая намайг хоол хийсэнгүй, наад хоолыг чинь идэхгүй, бууз, хуушуур идмээр байна, баяр болж байхад гээд намайг зодохоор нь би Сахынд хоноод өглөө нь аавынх руугаа очиж аав, ээждээ хэлсэн. Намайг зодох үедээ нилээн согтуу байсан. Архинд бол дуртай, архи байвал буцахгүй уух гээд байдаг юм. Би гомдолтой байна. Хоол хийж өгөх гэж байхад баяр болж байна бууз, хуушуур иднэ гээд намайг зодсонд нь гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Цийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг эм, тариа хэрэглэж эмчлээгүй. Харин уламжлалт аргаар гэрээр эмчилгээ хийж зүгээр болгосон. Тийм учир ямар нэгэн мөнгө, төгрөг ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн мэдүүлсэн: ...Манай охин Д.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө манайд ирсэн чинь манай охины баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь би охиноосоо наад нүдээ яасан юм бэ гэсэн чинь өчигдөр орой манай нөхөр намайг зодсон гэж ярьсан. Тэгэхээр нь би танай нөхөр яагаад, юунаас болоод чамайг зодож байгаа юм бэ гэсэн чинь намайг хоол хийсэнгүй, баярын өдөр болж байхад бууз, хуушуур хийсэнгүй гэж зодлоо гэж ярьсан. Тэгээд би охин Цийг дагуулаад цагдаа дээр ирээд байхгүй болохоор нь сумын эмнэлэгт үзүүлж бичиг хийлгэж авсан. Би охиноосоо яагаад зодуулсан талаар нь асуусан чинь хоол хийсэнгүй гэхээр нь би мах хөшиглөөд хоол хийх гэсэн чинь баяр болж байхад бууз, хуушуур хийсэнгүй гээд намайг зодсон гэж надад ярьсан. Би охиноосоо юугаар зодсон талаар нь асуусан чинь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн гэж ярьсан. Манай охины баруун талын нүд хөхөрч хавдсан, хүзүүний ард хумсаараа маажсан юм шиг урт нарийхан улайсан, цээжний дээд хэсгээр маажсан юм шиг улайсан, баруун гарын тохойны доод хэсэгт хөхөрсөн, зүүн гарын мөрний доод хэсэгт улайж хөхөрсөн, булчингийн ар хэсэгт нь жижиг газар улайсан, зүүн талын суганы доод хэсэгт 2 хэсэг газар улайсан, баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт 2 хэсэг газар улайж хүрэнтсэн, баруун хөлийн өвдөгний доор гадна талдаа улайсан, зүүн хөлийн өвдөгний доод хэсэг гадна талдаа дугуйрч улайж, хүрэнтсэн байсан. Тэгээд би охиноо дагуулаад цагдаа дээр ирсэн чинь байхгүй болохоор нь сумын эмнэлэгт үзүүлж бичиг авсан юм. Манай хүргэн эхнэрээ хааяа зоддог байсан юм байна лээ. Охин маань заримдаа бид нарт хэлнэ, заримдаа хэлдэггүй байсан юм байна лээ. Бид нар хүргэнээ өнчин өрөөсөн юм болохоор нь нэг их юм яриад байдаггүй юм. Тэгсэн чинь одоо даварч байгаа юм байна л даа. Би жаахан хол байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Заримдаа сумын төв рүү орж ирээд гэрт нь очихоор энэ 2 гэртээ байхгүй л байдаг юм. Ганц нэг удаа зодож байсан. Манай охины гар, хөл нь хөхөрчихсөн байхаар нь яасан юм бэ гэхээр нөхөр зодоод гэж ярьдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Цийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө халуураад гэртээ хэвтэж байсан чинь манай эгч О.Ц манайд орж ирэхэд нь харсан чинь баруун талынх нь нүд хөхөрсөн байхаар нь наад нүдээ яасан юм бэ гэсэн чинь манай нөхөр өчигдөр орой намайг зодсон гэж хэлсэн. Яагаад, юунаас болж зодсон юм бэ гэсэн чинь хоол хийсэнгүй, дэмий тэнэлээ гэхээр нь айлд юм хийж байгаад ирлээ гээд мах хөшиглөөд хоол хийх гэсэн чинь баярын өдөр юм чинь бууз, хуушуур иднэ гээд манай эгчийн хоолойг нь боогоод нүүр, толгой руу нь 2-3 удаа цохиод шалан дээр унагаж байгаад хөл рүү нь нилээн хэдэн удаа өшиглөсөн гэсэн. Би асуугаагүй. Надад өөрөө ярихдаа хоол хийсэнгүй, дэмий тэнэлээ гээд загнахаар нь хоол хийх гэхэд нь бууз, хуушуур идмээр байна гээд эгчийг минь зодсон байсан. Би эгчээс юугаар зодсон талаар нь асуусан чинь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн гэж ярьсан. Ямар ч байсан ил харагдаж байгаа нь баруун талын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Өөр далд хувцасны цаана ямар бэртэл гэмтэлтэйг нь би мэдэхгүй. Зоддог юм байна лээ. Саяхан бараг 7 хоногийн өмнө эхнэрээ зодож гарыг нь хөхрүүлсэн байсан. Манайхан нэг их орж гараад байдаггүй болохоор нэг их сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 247 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. О.Цийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, нүдний алим, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуу/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Баян-Улаан хорооллын задгайд О.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Бдоо зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Баян-Улаан хорооллын задгайд оршин суух эхнэр О.Цийг хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч О.Цийн мэдүүлсэн “Намайг гэртээ орсон чинь манай нөхөр Б намайг хоол унд хийхгүй хаагуур дэмий тэнээд байдаг юм бэ гэхээр нь би Сахынд очоод юм хийж байгаад ирлээ гэсэн чинь ажил хийхгүй байж дэмий тэнээд байх юм пизда чинь гэртээ хоол хийгээд байж байхгүй дэмий тэнээд байх юм гэхээр нь би юм яриагүй. Би хоол хийх гээд шөлөн дээр жаахан мах хийх гэсэн чинь манай нөхөр пизда минь наад хоолыг чинь идэхгүй бууз, хуушуур идмээр байна гээд намайг заамдаж аваад хоолой боогоод газар унагаад миний толгой, нүүр, нүд рүү цохиж зодоод миний 2 хөл рүү өшиглөсөн. Тэгснээ миний гар утсыг булааж аваад энийг чинь хагална пизда минь гээд байхаар нь би зугтаагаад буцаад Сахынд ирээд хаалгыг нь нүдсэн чинь Э эгч хэн бэ гэхээр нь би Ц байна гэсэн чинь гэрийнхээ хаалгыг онгойлгохоор нь манай нөхөр намайг зодоод байхаар нь би зугтаагаад ирлээ гэж хэлээд тэнд хоноод өглөө Сахын дүүгээр Хүрээлэнгийн урд зусаж байгаа аавындаа хүргүүлж ирээд аав, ээждээ нөхөртөө зодуулсан тухайгаа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08, 41-42/,

 

гэрч Д.Дгийн мэдүүлсэн “Манай охин Д.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө манайд ирсэн чинь манай охины баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь би охиноосоо наад нүдээ яасан юм бэ гэсэн чинь өчигдөр орой манай нөхөр намайг зодсон гэж ярьсан. Тэгэхээр нь би танай нөхөр яагаад, юунаас болоод чамайг зодож байгаа юм бэ гэсэн чинь намайг хоол хийсэнгүй, баярын өдөр болж байхад бууз, хуушуур хийсэнгүй гэж зодлоо гэж ярьсан. Тэгээд би охин Цийг дагуулаад цагдаа дээр ирээд байхгүй болохоор нь сумын эмнэлэгт үзүүлж бичиг хийлгэж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,   

гэрч О.Цийн мэдүүлсэн “Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө халуураад гэртээ хэвтэж байсан чинь манай эгч О.Ц манайд орж ирэхэд нь харсан чинь баруун талынх нь нүд хөхөрсөн байхаар нь наад нүдээ яасан юм бэ гэсэн чинь манай нөхөр өчигдөр орой намайг зодсон гэж хэлсэн. Яагаад, юунаас болж зодсон юм бэ гэсэн чинь хоол хийсэнгүй, дэмий тэнэлээ гэхээр нь айлд юм хийж байгаад ирлээ гээд мах хөшиглөөд хоол хийх гэсэн чинь баярын өдөр юм чинь бууз, хуушуур иднэ гээд манай эгчийн хоолойг нь боогоод нүүр, толгой руу нь 2-3 удаа цохиод шалан дээр унагаж байгаад хөл рүү нь нилээн хэдэн удаа өшиглөсөн гэсэнгэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

хохирогч О.Цийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 247 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Баян-Улаан хорооллын задгайд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Цийгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч О.Ц нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, саналгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Дын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ