| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0198/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/215 |
| Огноо | 2023-09-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/215
2023/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Хохирогч: Б.М
Шүүгдэгч: С.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Сын Жт холбогдох 2312000000186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн ... хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Сын Ж /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг 36 дугаар байрны Б1 давхарт байдаг биллъярдны газарт иргэн Б.Мыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн гараараа түүний баруун шанаа, нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисны улмаас биед нь баруун хоншоор ясны зөрүүтэй хугарал, гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, алим, зүүн нүдэнд цус хуралт, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Б.М мэдүүлэхдээ: Би хамрын хохирлын мөнгө болох 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000186 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын мэдүүлсэн: ...Би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутаг 36 дугаар байрны Б1 давхарт байдаг биллъярдны газарт найз Э, Э хоёртой тоглож байтал орой 23 цагийн үед гаднаас миний танил ах Ж зүс таних ахтай хамт согтуу орж ирэхээр нь би мэндлээд байж байтал Ж ах учраатай хүмүүстэй таарлаа гээд байхаар нь таны яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна, юу яриад байгаа юм бэ гэсэн чинь над руу чи яагаад ойлгодоггүй юм пизда минь гэж хэлээд зүүн гараараа миний баруун шанаа нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад 00 ороод цусаа угааж байтал хамар сонин дуугараад байсан. Удалгүй хамар болон нүд хөхрөөд хавдсан. Би цусаа угааж тогтоогоод хоёр найзтайгаа хамт аймгийн Нэгдсэн эмнэлэг орж үзүүлж зураг авахуулсан чинь хамар хугарсан, нүдний ухархайн яс цөмөрсөн байна гэж хэлсэн. Тухайн биллъярдны газар Ж ах хамт орж ирсэн залуутайгаа үлдсэн. Намайг Улаанбаатар хот руу хагалгаанд яв гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэж байж нэхэмжлэх зүйлээ хэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр урд Тамирын гол дээр найзуудтайгаа Нямбаяр гэх найзынхаа төрсөн өдөр тэмдэглээд архи ууцгаасан юм. Би нэг их архи уугаагүй, эрүүл байсан. Орой 23 цагийн үед найз Жийн хамт аймгийн төвд орж ирээд 36 дугаар байрны Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг биллъярдны газар орсон чинь 3 залуу тоглож байсан. Нэг залууг нь Ж таньдаг юм шиг байна лээ. Мэндлээд юм ярьж байгаад хоорондоо маргах шиг болоод Ж М гэх залууг нь нэг удаа нүүр хэсэг рүү нь цохих шиг харагдсан. Тэгээд би боль гэж хэлсэн чинь өөрсдөө салцгаасан. Нөгөө цохиулсан залуу хамт явсан залуу 2 найзтайгаа гараад явсан. Бид хоёр нэг тоглож дуусгаад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Тын мэдүүлсэн: ...Тухайн орой М 2 найзтайгаа 23 цагийн үед орж ирээд тоглож байсан чинь удаагүй Ж нэг найзтайгаа халамцуу бололтой орж ирсэн. Ж нь Мыг таньдаг бололтой, мэндлээд байсан. Тэгснээ чанга, чанга дуугараад уулзаатай хүмүүс энд байсан юм байна гээд байсан. Би тухайн үед бусад ширээнүүдийг арчиж байсан чинь Ж Мын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Жтой хамт орж ирсэн залуу нь боль гэж хэлээд больсон чинь М бие засах өрөө рүү орсон. Араас нь нөгөө хоёр найз нь орсон. Би бие засах өрөөнд цэвэрлэгээ хийж байсан саваа тавих гээд орсон чинь М угаалтуур дээр хамраас нь гарсан цусаа угааж байсан. Би өрөөнөөс гараад заал руу орсон. Удаагүй араас нөгөө гурав бие засах өрөөнөөс гарч ирээд шууд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Жийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулах болно. Одоогоор барагдуулсан зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 188 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Мын биед баруун хоншоор ясны зөрүүтэй хугарал, гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, алим, зүүн нүдэнд цус хуралт, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 324 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. М.Мын биед хоншоор ясны хугарлын улмаас шүдний мэдрэл дарагдсан байх бөгөөд эдгэрэлтийн үр дүнд сэргэх тул гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно....гэх дүгнэлт
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуу/
Шүүхэд шинээр өгсөн хохирол төлсөн баримт 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг 36 дугаар байрны Б1 давхарт байдаг биллъярдны газарт Б.М нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг 36 дугаар байрны Б1 давхарт байдаг биллъярдны газарт иргэн Б.Мыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн гараараа түүний баруун шанаа, нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисны улмаас биед нь баруун хоншоор ясны зөрүүтэй хугарал, гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, алим, зүүн нүдэнд цус хуралт, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Б.Мын мэдүүлсэн “Би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутаг 36 дугаар байрны Б1 давхарт байдаг биллъярдны газарт найз Э, Э хоёртой тоглож байтал орой 23 цагийн үед гаднаас миний танил ах Ж зүс таних ахтай хамт согтуу орж ирэхээр нь би мэндлээд байж байтал Ж ах учраатай хүмүүстэй таарлаа гээд байхаар нь таны яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна, юу яриад байгаа юм бэ гэсэн чинь над руу чи яагаад ойлгодоггүй юм пизда минь гэж хэлээд зүүн гараараа миний баруун шанаа нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Миний хамраас цус гараад 00 ороод цусаа угааж байтал хамар сонин дуугараад байсан. Удалгүй хамар болон нүд хөхрөөд хавдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,
гэрч Э.Мийн мэдүүлсэн “Нэг залууг нь Ж таньдаг юм шиг байна лээ. Мэндлээд юм ярьж байгаад хоорондоо маргах шиг болоод Ж М гэх залууг нь нэг удаа нүүр хэсэг рүү нь цохих шиг харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
насанд хүрээгүй гэрч Б.Тын мэдүүлсэн “Би тухайн үед бусад ширээнүүдийг арчиж байсан чинь Ж Мын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Жтой хамт орж ирсэн залуу нь боль гэж хэлээд больсон чинь М бие засах өрөө рүү орсон. Араас нь нөгөө хоёр найз нь орсон. Би бие засах өрөөнд цэвэрлэгээ хийж байсан саваа тавих гээд орсон чинь М угаалтуур дээр хамраас нь гарсан цусаа угааж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд С.Жийн яллагдагчаар мэдүүлсэн “Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирлыг барагдуулах болно. Одоогоор барагдуулсан зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
хохирогч Б.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 188 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 324 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Ж нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч С.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Ж нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч С.Ж нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг 36 дугаар байрны Б1 давхарт байдаг биллъярдны газарт иргэн Б.Мыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зүүн гараараа түүний баруун шанаа, нүүр хэсэг рүү нэг удаа цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Ж нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч С.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ж нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Б.М нь хохиролд 5.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байх бөгөөд хохирогч Б.Мын хэрэгт өгсөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон 376.950 төгрөгийг 6.800+90.150+3.500-116.100+13.800 /эм тарианы мөнгө/ +46.600 /хот хооронд зорчих тасалбарын үнэ/ шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Мт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч С.Ж нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байна.
Хохирогч Б.Мын нэхэмжлэлээс 4.623.050 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Жийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Сын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Жт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Мын нэхэмжлэлээс 4.623.050 төгрөгийн нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ