Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 011

 

   Х.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Е-д холбогдох эрүүгийн 1813002060214 дугаартай, 1 хавтаст хэргийг шүүгдэгч Х.Е, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Т.Костёр, хохирогч Б.А  нарын  давж заалдах гомдлын дагуу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, прокурор М.Фарида, шүүгдэгч Х.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, Т.Костёр, хохирогч Б.А, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Х-ийн Е /РД:БК00000000/ нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанхус сумын “Согог” гэх газарт зусаж байсан Бы гэрт мотоциклоор очиж, тэнд ганцаараа байсан 16 настай Б.А-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Х.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Е-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.Е нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.   

            Шүүгдэгч Х.Е, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын давж заалдах гомдолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн ялаар шийтгүүлсэн Х.Е болон түүний өмгөөлөгч Т.Бахыт бид “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.Е нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанхус сумын “Согог” гэх газарт зусаж байсан Б-ны гэрт мотоциклээр очиж, тэнд ганцаараа байсан 16 нас 6 сартай Б.А-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэж, жирэмсэн болгосон хэрэгт холбогдсоноо, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг ба дээрх гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байгаагаа илэрхийлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул гэм буруугийн талаар маргаагүй. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Е-д ял оногдуулан шийдвэрлэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа болон түүний ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр, зөвхөн яллах талыг баримтлан ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой, хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалттай ба энэ зүйлийн 1.3-т “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж энэ заалтыг шүүх хэрэглэж болох боломжтой байхаар хуульчилсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Х.Е-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн хөнгөрүүлж эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёрын давж заалдах гомдолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн Х.Е-ийн өмгөөлөгч Т.Костёр би шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.Е нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр ууж согтуурсан үедээ өөрийн гэнэн томоогүй, хөнгөн хийсвэр зангаасаа болоод өөрийн эхнэр Б.Ж-гийн төрсөн эмэгтэй дүү болох Б.А-г хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хурлын шинэчилсэн байцаалтаар ярьсан. Шүүх хурлын шинэчилсэн байцаалтын үеэр хохирогч болох Б.А шүүгдэгч Х.Е-ийн ар гэр ахуй амьдралыг нь харгалзан оногдуулах ял хариуцлагыг нь хөнгөрүүлэх өгөх тухай хүсэлтээ ч хэлсэн. Шүүгдэгч Х.Е нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэгтээ гэмшин буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нь түүнд ял оноохдоо Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа. Ахуй амьдралын хувьд ам бүл тавуулаа. Эхнэр Б.Ж нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй зүүн түнхний архаг өвчтэй, 5 настай хүү А нь тархины гажигтай эцэг, эхийн асрамжид байдаг. Эднийх мал хөрөнгөгүй, нэн ядуу амьдралтай, харж хандах төрөл садангүй айл байгаа. Түүний хохирогч нь болох Б.А хүртэл тэдний ар гэр, ахуй амьдралыг харгалзан үзэж түүнд хөнгөн ял оноохыг хүсэж байсан. Дээрх байдлууд дээр дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.Е-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн яллах талыг баримтлан ял оногдуулж шүүгдэгч Х.Е-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүгдэгч Х.Е-ийн хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

                Хохирогчийн давж заалдах гомдолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн X.Е-ийн хэргийн хохирогч Б.А би шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.Е нь миний төрсөн хүргэн ах бөгөөд согтуугаасаа болоод намайг хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хурлын шинэчилсэн байцаалтаар ярьсан. Шүүх хурлын шинэчилсэн байцаалтад хохирогч миний бие бас шүүгдэгч Х.Е-ийн ял хариуцлагыг нь хөнгөрүүлэн өгч туслах талаар ярьсан. Шүүгдэгч Х.Е нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэгтээ гэмшин буруугаа ойлгож байгаа ба хохирогч нь болох би хүртэл түүнд хөнгөн ял оноохыг хүсэж байхад шүүх түүнд яагаад 3 жилийн хугацаагаар хорих ял оноосныг мунхаг би ойлгохгүй байна. Иймд шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Х.Е, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Т.Костёр, хохирогч Б.А нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

           

Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Х.Е-ийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанхус сумын “Согог” гэх газарт зусаж байсан Б-ын гэрт мотоциклоор очиж, тэнд ганцаараа байсан 16 настай Б.А-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгээр зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор Х.Е-г Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Е-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Х.Е нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаанхус сумын “Согог” гэх газарт зусаж байсан Б-ын гэрт мотоциклоор очиж, тэнд ганцаараа байсан 16 настай Б.А-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.А-гийн “...2017 оны 7 дугаар сарын 20-ны үеэр байх, манайх тухайн үед Улаанхус сумын “Согог” гэх газарт зусаж байсан. Миний хүргэн ах Е өөрийн мотоциклоор согтуу байдалтай ганцаараа ирсэн. ...Би түүнд аяганд хүйтэн ус хийгээд өгөх үед Е миний гараас барьж авсан. Тэр үед би түүнд “гарыг минь тавиач” гэж хэлэх үед миний гарыг тавилгүй, гарыг минь татаж ирээд миний хүзүүнээс татаж газарт унагааж авсан. Тэгэхэд би та болиочээ гэж хэлээд уйлсан. 

...Дараа нь Е миний өмдийг хүчээр тайлах үед би “болиоч ээ” гэж хэлээд түүний гарыг нь хазсан. Надтай 10 гаруй минут зууралдсан. Дараа нь миний дээр гарч цээжээрээ дараад хэвтэж аваад миний дээр, гэдсэнд минь сууж байгаад миний өмдийг дотоожтой цуг өвдөг хэсэг хүртэл шувтлаад дараа нь миний футболкыг дээшээ сөхөж, дараа нь намайг нэг гараараа дарж байгаад нэг гараараа өөрийнхөө дотуур өмдийг доошлуулж байгаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед Ег түлхэж, уйлсан. Надтай 10 гаруй минут хүчээр бэлгийн харьцаанд орсон. Энэ хугацаанд би түүнийг хоёр мөрнөөс түлхээд, нэг мөрнөөс нь хазаж авсан. Яг аль талаас нь хазсанаа санахгүй байна.

... Шөнө унтаж байтал Е миний хөнжил рүү ороод ирсэн. Тэгээд миний хацар луу үнсэж аваад миний дээр гарч аваад өмдийг минь дахин тайлсан, тэр үед би түүнд “та болиоч” гэж хэлэхэд надад хурдан дуусна гэж хэлээд бэлгийн харьцаанд орсон.

...Сүүлд нь угаасаа болох юм болсон, тэгээд ч би урд нь эсэргүүцэл үзүүлээд их ядарсан болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй.

...Е-д хүчиндүүлсний дараа А-той бэлгийн харьцаанд орсон болохоор түүний хүүхэд байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг,

- гэрч М.С-ын “...Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17 настай охин эцэггүй хүүхэд төрүүлсэн гэх мэдээллийн дагуу миний бие төрөх тасагт очиж хүүхэд төрүүлсэн Б-ын А гэгч охинтой уулзахад урьд нь хүүхэд төрүүлсэн Б-ын Л-тай овог нь нэг болохоор сонирхож: “...чи Л-ийн дүү нь юм уу. Хэнээс хүүхэдтэй болсон бэ гэж асуухад, “...би Л-ийн төрсөн охин дүү нь болно. Худ болох залуугаас хүүхэдтэй болсон, надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, намайг хүчиндээгүй, би сайн дураараа бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн. Энэ охин хүүхдээ асрах хүсэлгүй болохоор хүүхдийг нь үрчлүүлэх асуудлыг судалж байгаа болно. А нь насанд хүрээгүй хүүхэд байсан болохоор нь энэ асуудалд хүчирхийллийн шинж байж болзошгүй гэж хүүхэд хамгаалах төвийн 108 дугаартай утсанд мэдэгдсэн” гэх мэдүүлэг,

- гэрч Ш.Г-ын “...Б.А нь миний хариуцдаг 11 а ангийн сурагч болно. А нь 2017 оны 10 дугаар сарын эхнээс эхэлж бөөр өвдөж байна гэж чөлөө аваад байсан юм. Би 2017 оны 11 дүгээр сарын дунд үеэр Улаанбаатар хот руу хувийн ажлаар явж 2018 оны 2 дугаар сард ирэхэд А бас чөлөө авсан байсан ба түүнийг яагаад байнга чөлөө аваад байгаа шалтгааныг тогтоохоор сургуульд дуудаж уулзахад түүний гэдэс нь том болсон, жирэмсэн болсон шинж тэмдэгтэй байсан. Би түүнээс чиний биед ямар өөрчлөлт орсон болохыг мэдэх үү гэж асуухад мэднэ гэж хэлсэн. Тэгээд нийгмийн ажилтан М.А-т хэлж эмэгтэйчүүдийн эмч Өмиргүлд үзүүлсэн. Өмиргүл эмч 6 сартай жирэмсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдуламын 2018 оны 7 сарын 23-ны өдрийн “...Б овогтой Л нь А овогтой К-ийн биологийн эх байна. Б овогтой А нь Л овогтой М-ийн биологийн эх байна. Х овогтой Е нь Л овогтой М-ийн биологийн эцэг байх боломжтой байна. Эцэг байх магадлал 99,99%, Х овогтой Е, С овогтой Ар, А овогтой А нар нь А овогтой К нарын биологийн эцэг байх боломжтой байна.” гэх 7063 дугаартай дүгнэлт, хүснэгт,

-А овогтой М-ийн 8301000526 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,

-насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн насыг тоолсон мөрдөгчийн “Хохирогч Б овогтой А 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 нас хүрсэн.” гэх тэмдэглэл,

- гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жирэмсэн эмэгтэй болох Б-ын А-тай уулзсан. Тэр хүүхдээ үрчлүүлнэ гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр амаржсан. Би эх амаржсан өдөр эмнэлэгт ирж хажууд нь хонож сахиж, асарч 2 хоног хоносон. Тэгээд С эмч та хүүхдийг хуулийн дагуу материал бүрдүүлж байгаад үрчлэн авах боломжтой гэж хэлснээр би материалаа бүрдүүлж өгсөн. Охинд М гэж нэр өгч төрүүлсэн эх нь А-ийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байгаа” гэх мэдүүлэг,

- Б овогтой А-ийн 1173 дугаартай төрөлтийн түүх,

-шүүгдэгч Х.Е-ийн “...би 2017 оны 7 дугаар сарын сүүл үе байсан байх. Би А-ийн гэрт очих үед нар жаргасан, гадаа бүрэнхий болчихсон байсан юм, яг хэдэн цагийн үе байсныг санахгүй байна. Би Агийн гэрт нилээн согтуу байдалтай очсон. Ямар ч байсан А ганцаараа байсан ба би тэднийд орсны дараа улам согтуурч бараг юу болсныг санахгүй байсан. Нэг мэдэхэд үүр болж байсан ба би А-ийн хэвтэж байсан ор дээр, түүнтэй хамт хэвтэж байсан. Тэгээд би А-аас юу болсон талаар асуухад надад юм дуугараагүй бөгөөд хэсэг байж байгаад юу ч болоогүй гэж хэлсэн. Тэгээд би тэр өглөө нь 07 цаг болж байхад боссон бөгөөд бид хоёр хамт цай уусан. Дараа нь би гараад малын хашаа янзалсан. Тэгж байтал А-гийн ах эгч нар нь хүрээд ирсэн. 2018 оны өвөл байх сар, өдрийг нь санахгүй байна. А-гийн багш нь манай эхнэр лүү залгаад А жирэмсэн болсон талаар хэлж байсан. Тэр үед мэдсэн.

Миний бие согтуурсан үедээ А-тай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон үйл явдалд гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 20-ны үед хохирогч Б.А-г хүчиндсэний улмаас хохирогч Б.А жирэмсэн болж, амаржсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч М.С, М.Б нарын мэдүүлэг, А овогтой М-ийн 8301000526 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б овогтой А-ийн 1173 дугаартай төрөлтийн түүхээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Х.Е-г 2017 оны 7 дугаар сарын үед насанд хүрээгүй хохирогч Б.А-г 16 нас 5 сартай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орж хүчиндсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан заалтын дагуу зүйлчилсэн нь хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Т.Костёр, хохирогч Б.А нар нь “шүүгдэгч Х.Е гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг үндэслэн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь” харгалзан үзэх ёстой.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Е-г нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй хохирогчийн тайлбар, гомдол зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Е, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Т.Костёр, хохирогч Б.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, Т.Костёр, хохирогч Б.А нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-н цагдан хоригдсон 68 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ