Б.Э-ий нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн
Даргалагч: Шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүн оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С;
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 865 дугаар шийдвэр;
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С, Б.Б-О нар;
Шүүх хуралдааны нарийн бичиг: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0644/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э-ээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн A/232 дугаар захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 865 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын A/232 дугаар захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо:
3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь:
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/232 дугаар захирамжийг иргэн Б.Эд холбогдох хуульд заасны дагуу сонсох ажиллагааны журмыг баримтлан мэдэгдсэн эсэх, захиргааны хэргийн оролцогчдын эрхийн талаарх ойлголт, хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоох захиргааны шүүхээс нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн үйл ажиллагаанд заавал мөрдөгдөх нотлох ажиллагааны зарчим буюу захиргааны байгууллагаас хууль ёсны зарчмыг хангаж буй эсэхэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
3.2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас маргаан бүхий газрыг ойн сан бүхий газарт хамаарах эсэх асуудлаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр “2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллыг тогтоосон, мөн Ойн тухай хууль 2012 онд батлагдсан бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагааr тусгасан байдаг талаар маргаан бүхий газруудад мэргэжлийн байгууллагын холбогдох баримтыг хэрэгт ирүүлсэн байдаг. Ойн сан бүхий газартай холбогдох нарийвчилсан харилцааг Ойн тухай хууль болон бусад захиргааны хэм хэмжээний акт, захиргааны актаар зохицуулж байна. Нийслэл хотын ойн сан харьцангуй хомс хүний үйл ажиллагааны улмаас нөхөн сэргээх чадвар муу байдлаас шалтгаалж ойн сан бүхий газарт газрын нэгдсэн мэдээллийн системд эрх сунгах сунгалт хийгдэхгүй үр дагавартай байна.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуултыг асуугаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны актын хууль зүйн үндэслэлийг няцаасан хариуцагч тайлбарлаагүй үндэслэлээр хийсвэр нотолгоонд тулгуурласан, илтэд нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/232 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хүрээнд Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуульд үндэслэсэн захирамж гаргасан.
3.3. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэх хэсэгт:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “... өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;”,
Газрын тухай хуулийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх;” зарчмыг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” хэмээн заасан хуульд заасныг үндэслэн захирамж гаргасан.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээв.
- Тогтоогдсон үйл баримтын тухайд;
-
- Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 204 дүгээр захирамж /хавсралтын 359 дугаар/-аар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “МТ” гэх нэртэй зуслангийн бүсэд 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч Б.Э-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02209ХХ дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулжээ.
-
- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар олгогдсон 165 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/232 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн хавсралтад нэхэмжлэгч Б.Э-д олгосон дээрх газар багтжээ.
- Хууль хэрэглээний хувьд;
-
- Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Э-ий зуслангийн зориулалтаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримталжээ.
-
- Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн төрөлтэй байхыг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь заалтаар зохицуулсан.
-
- Тодруулбал, газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэдэг нь газрын зориулалт, ашигтай байдлаас хамааран, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг зохицуулах бөгөөд газар эзэмших нөхцөл, болзлыг Газрын тухай хуульд заасан газрын зориулалтаас хамаарч ялгаатай хэрэглэхээр байна.
- Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардах боломжгүй.
- Тодруулбал, аж ахуйн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар олгож буй зорилго нь бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн. Харин иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай.
- Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Э “...дэд бүтцээр хангагдаагүй учир зундаа очиж гэр, майхан барьж зусдаг” гэж тайлбарлан, тухайн газрыг зуслангийн зориулалтаар гэр бүлийн хэрэгцээндээ өөрийн мэдэлд байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байсныг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
- Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга уг хуулийн дээрх зорилго, зохицуулалтыг үл харгалзан нэхэмжлэгч иргэнийг гэр бүлийн хэрэгцээний газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцэхгүй байна.
- Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.”, 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй Захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулахаар хуульчилсан бөгөөд бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заажээ.
-
- Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, захиргааны байгууллага нь аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа уг этгээдийг зайлшгүй оролцуулж, тайлбар гаргах боломжоор хангаж, тухайн бодит нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй бөгөөд уг гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг.
-
- Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10-17/1218 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөнийг нотлох фото зураг, тус албаны архивд хадгалагдаагүй байна...” гэсэн хариу /хх-ийн 53/ болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр хариуцагчаас нэхэмжлэгч Б.Э-ий дээрх маргаан бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон үйл баримт нотлогдохгүй байна.
-
- Түүнчлэн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.
-
- Үүний дагуу нэхэмжлэгч Б.Э 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “...газрын гэрчилгээний хугацаа дууссан тул гэрчилгээг сунгаж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 70/-д хариу өгсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ талаар шүүхээс тодруулахад тус газраас 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10-14/1269 дугаар албан бичгээр “Иргэн Б.Э нь тус албанд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргасныг ...газрыг эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй байна гэх хариу гарсан байна” гэх /хх-ийн 69/ лавлагааг ирүүлсэн боловч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар нотлогддоггүй.
-
- Дээрхээс үзэхэд, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар Б.Э тухайн газрыг анх 2008 онд гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрх нь үүссэн бөгөөд 2022 онд газар эзэмших гэрээ байгуулсан, мөн 2023 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасан зэрэг үйл баримтаас үзэхэд тус газар эзэмшигч иргэн газраа олгосон зориулалтаар эзэмшиж, ашиглах хүсэл эрмэлзэлтэй байсан нь илэрхий байх тул нэхэмжлэгчийг дэд бүтцийн хөгжил, өөрийн амьдралын боломжит нөхцөлөөс хамааран газраа зориулалтаар нь эзэмшиж байгаа гэж үзнэ.
-
- Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэж заасантай нийцэхгүй байна.
-
- Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий газар нь Ойн сан бүхий газартай давхцалтай гэж тайлбарлан маргах боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дээрх үндэслэлийг баримтлаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй болно.
-
- Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хуулийн зорилго, агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Э-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА