Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Н.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Нарангэрэлийн Отгонцэцэгт холбогдох 201625032207 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, охин нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамж, 444 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Нарангэрэлийн Отгонцэцэг (РД:УП94052641),

            нь (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар) 2016 оны 8 дугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаа А.Амарзул нь 250.00 төгрөгийн үнэ бүхий гар утсаа алдсаныг Н.Отгонцэцэг нь хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Би хохирогч Амарзултай багаасаа найзууд байсан. Би 8 дугаар сард ажилгүй байсан болохоор найзаасаа ажил асуухад манайд ажилла гэсэн. Надаар хийлгэх ажил нь жимс ялгадаг ажил байсан. Амарзулын утас лангуун дээр байхаар нь авсан. Утсыг ломбарданд тавьсан гэж Амарзулд хэлсэн. Яг үнэндээ гэрийнхээ хажууд байдаг ахад 200.000 төгрөгөөр зарсан. Манай эгч надад мөнгө өгөөгүй. Эгчийн маань ажил цалингаа өгөөгүй гэсэн. Би бас ажилд орсон боловч ажлынхаа хөлсийг өгөөгүй. Тэгээд хохирлоо өгч чадаагүй. Жоохон хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Хохирогч А.Амарзулаас хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:-Миний бие 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” төвийн гадаа жимс зарж байхад миний барьж байсан “Самсунг Нөт 3” маркийн гар утас алга болчихсон бөгөөд хайгаад олоогүй юм. Тэгээд Бөмбөгөрийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай найз Отгонцэцэг нь тухайн үед над дээр ирж надтай хамт байж байх үедээ миний гар утсыг авчихсан байсан. Би тэр үедээ Отгонцэцэгээс утсаа асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгээд би камераа шүүсний дараа Отгонцэцэг рүү яриад утсаа авъя гэхэд би өөрөө аваагүй гэж байснаа сүүлдээ авснаа хүлээн зөвшөөрч 21-р хороололд ломбарданд 150.000 төгрөгөөр тавьчихсан байгаа, 7 хоногийн дотор аваад өгье гэж гуйсан бөгөөд түүнээс хойш утсаар ярихад янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өдийг хүрсэн юм гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Н.Отгонцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших  “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд А.Амарзулын лангуун дээрээс түүний гар утсыг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Амарзулын “…Бөмбөгөрийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай найз Отгонцэцэг нь тухайн үед над дээр ирж надтай хамт байж байх үедээ миний гар утсыг авчихсан байсан. ... сүүлдээ авснаа хүлээн зөвшөөрч, 7 хоногийн дотор аваад өгье гэж гуйсан” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Боржигин овогт Нарангэрэлийн Отгонцэцэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.  

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бага насны буюу 2 настай хүүхэдтэй зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан хөнгөн ял буюу торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцлоо.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөөгүй тул 250.000 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигин овогт Нарангэрэлийн Отгонцэцэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Н.Отгонцэцэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Н.Отгонцэцэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Отгонцэцэгээс 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулж, Дандгай овогт Ариунаагийн Амарзул (РД:ЙС94103007)-д олгосугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Отгонцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ