Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээд:Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.М, Д.М нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.С нь анх шүүхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар /хх-1-р хуудас/ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 

Хэргийн нөхцөл байдлын талаар:

1. Монголын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Ерөнхий захирлын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хашаа худалдах тухай” 141 дүгээр тушаалаар /хх-1, 11-р хуудас/ Монголын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа морин тойруулга дахь аж ахуйн хашааг, барилгын хамт Д.Б ахлагчтай Жимс жимсгэнэ-2000 хөтөлбөрийн хамтлагт худалджээ.

2. Үүний дараа иргэн Д.Б болон нэхэмжлэгч А.С нарын хооронд “Өөрийн эзэмшилд байсан хашаа байшин болон үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөлийг шилжүүлсэн тухай иргэд хоорондын хэлцэл”-ийг 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр /хх-1, 15-16-р хуудас/ тус тус байгуулж, уг хэлцлээр иргэн Д.Б нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны дэвсгэр нутагт орших хуучин морин тойруулгын 1,3 га талбай бүхий хашааг доторх барилга байгууламж, гүний худаг, гаднах өндөр хүчдэлийн трансформатор, шугамын хамт бүрнээр нь А.С  өмчлөлд шилжүүлэхээр, уг газар, өмчийн эзэмшил, бүртгэлтэй холбоотой асуудлыг А.С хариуцахаар харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгчээс хэлцлийн төлбөр болгож 25,000,000 сая төгрөгийг иргэн Д.Б-д 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр /хх-1, 17-р хуудас/  хүлээлгэн өгсөн байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн А/397 дугаар захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 9600000 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4.Үүний дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын хүсэлт гаргасаны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн 9,732,945 м.кв газрыг мөн 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгчээс “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлагын үндэслэлээ.

5.1. А.С миний бие иргэн Д.Б хуучнаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр хуучин морин тойруулгын 1.3 га газрыг хашаа, барилга байгууламжийн хамт иж бүрнээр нь 2006 онд 25,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчилж, эзэмшиж ирсэн. Д.Б тухайн үед уг газрыг гэрчилгээ гараагүй, хувьчилсан шийдвэртэй учраас гаргуулаад авахад асуудал үүсэхгүй гэж байсан.

5.2.“...Д.Б газрын эрхийг надад шилжүүлэх хүсэлтийг 2006 онд Нийслэлийн газрын харилцааны албанд хандсан, Нийслэлийн газрын албаны харьяа Баянзүрх дүүргийн газрын албанд 2005.08.11-нд уг газраа гэрээ, гэрчилгээжүүлэхээр хандахад Баянзүрх дүүргийн газрын албанаас 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 256 дугаар тоотоор Нийслэлийн газрын албанд гэрээ, гэрчилгээ олгож шийдвэрлэх шаардлагатай байна гэх хүсэлтийг уламжилж байсан.

5.3. Мөн миний бие 2006.03.06-ны өдөр, 2006.06.11-ний өдрүүдэд тус тус Нийслэлийн Засаг дарга дарга, Нийсэлэлийн газрын харилцааны албанд, Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторт тус тус хүсэлтүүдийг гаргасан. Хүсэлтийг Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй эс үйлдэхүй гаргасан.

5.4. 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргад мөн хүсэлтийг гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна” гэх агуулгаар тус тус тайлбарладаг.

6. “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” 2 дугаар шаардлагын үндэслэлээ “...Захиргааны хэргийн шүүхэд хандахаас өмнө Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гардуулан өгсөн ба Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчин 2006 онд миний худалдан авсан 1,3 га газрыг хамруулан давхцуулан олгосон нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааИргэн А.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь иргэн Д.Б А.С нь хуучин хаягаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хорооны нутаг дэвсгэр хуучин морин тойруулгын газар 1.3 га газар түүн дээрх хашаа байгууламжийг иж бүрнээр нь 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 25 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж, өнөөдрийг хүртэл уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаа.

Тухайн үед уг газрын гэрчилгээ гараагүй хүсэлтээ өгсөн байгаа боловч шийдвэрлээгүй байгаа, шийдвэрлүүлээд аваарай гэсэн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Дээрх газрыг хэрэглэгдэхүүний хамт худалдсан Д.Бавуудоржид газрын эрхийг А.С шилүүлэхийг 2006 онд Нийслэлийн газрын харилцааны алба, Нийслэлийн газрын харилцааны харьяа Баянзүрх дүүргийн газрын албанд, 2005 оны 8 дугаар сарын 11-нд уг газрыг гэрээг гэрчилгээжүүлэхээр хандахад Баянзүрх дүүргийн газрын албанаас 2015 оны 09 сарын 30-ны өдөр 256 дугаар тоотоор Нийслэлийн газрын албанд гэрээ гэрчилгээ олгох шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг уламжилж, Нийслэлийн газрын алба руу явуулсан.

Үүнээс хойш А.С 2006 оны 3 сарын 6-ны өдөр, 2006 оны 6 сарын 11-ний өдрүүдэд тус тус Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын харилцааны алба, Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектур нарт хүсэлтүүдийг уламжилж гаргасан боловч өнөөдрийг хүртэл эдгээр асуудлыг шийдвэрлээгүй байна.

2006 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Ц.Б гэх хүнд хандаж хүсэлт гаргаж улмаар Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар миний газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж баталсан хэдий ч өнөөдрийг хүртэл миний газар эзэмших эрхийг олгож гэрээ байгуулж, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэж өгөөгүй.

 Ийм эс үйлдэхүйг Нийслэлийн засаг дарга гаргасан. Нэхэмжлэгч удаа дараа хүсэлт шийдвэрлэхгүй байгаа үйл явцад хүлээцтэй хандаж өдий хүртэл явж ирсэн боловч шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Улмаар 2020 оны 8 сарын 14 өдөр  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүсэлт гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасан буюу хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасныг үндэслэл болгон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хорооны нутаг дэвсгэр хуучин морин тойруулгын газарт 1.3 га газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид 1.3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олгосон 9.732.945 м.кв газрыг олгож шийдвэрлэсэн байна. Энэ том газрын нэг хэсгээс олон аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших хүсэлтийг өөрийн эзэмшил газраас салган хувааж барилга байгууламж, наран шарлагын газруудыг барьж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгчийн газрыг өнөөдрийг хүртэл эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй байгаа учраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжийн 1.3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүхэд хуралдаанд урьд гаргасан тайлбартаа“Нэхэмжлэгч А.С нь иргэн н.Б-с морин тойруулгын газрыг 2006 онд 25 сая төгрөгөөр худалдан авсан гэж ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар нэхэмжлэгч А.С нь 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болон 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн ерөнхий архитекторт тус тус хандаж байсан гэдэг.

 Гэвч эдгээр нотлох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Дүнжингарав худалдааны төвийн урд талын газрыг худалдаад байна. Тэгчхээд манайд яагаад газар олгохгүй байгаа юм бэ гэж байна. Дүнжингарав худалдааны төвийн урд талын газрыг худалдсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгогдсоны үндсэн дээр энэ газрыг хүн эзэмшиж, ашиглаад байгаа юм байна гэдэг зүйл гарч ирдэг. Гэтэл газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэрээ, гэрчилгээгүй газар дээр газар олгож болох юм байна гээд газрыг олгосон байгаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд газар олгож, гэрээ, гэрчилгээ олгосон газар дээр давхцуулан А.Сүхбатад гэрээ, гэрчилгээ олгох ямар ч боломж байхгүй. Тухайн газар нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар байгаа. Иймд хувь хүнд эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй. Нийслэлийн Засаг даргаас энэ газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглуул гэж эрхийн гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч А.С өөр газар олгоё гэж ярьсан гэж байгааг би мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1 дүгээр шаардлагын тухайд хэлье. Нийслэлийн Засаг даргад өнөөдөр маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлэх эрх байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасны дагуу маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газар гэсэн ангилалд багтаж байгаа. Нийтийн эдэлбэр газар гэдэг нь нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ. Үйл баримт хэзээ вэ гэхээр 2006 онд болсон. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгч энэ асуудлаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дуусгавар болсон гэж үзэж байгаа.

Бидний хувьд шүүхэд нотлох баримт болгож Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 11 дүгээр тогтоолыг архиваас гаргуулж хавтаст хэрэгт өгсөн. 2009 оны 9 сарын 23-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн гаргасан 114 дүгээр тогтоолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олгосон газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй болон түүн дээр барилга байгууламж барихыг хориглох газруудын жагсаалтад оруулж баталсан. Иймээс 2009 оны 9 сарын 23-ны өдрөөс хойш нэхэмжлэгч этгээдэд 30 хоногийн дотор шүүхэд хандах эрх нь байсан. Энэ эрхээ эдлээгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Яагаад 30 хоног гэж үзэж байгаа вэ гэхээр үйл баримт болсон буюу энэ акт гарсан хугацаа нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж байсан хугацаанд хамаарч байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.2-д  зааснаар иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой гэж заасан. Тэгэхээр 2009 оны 9 сарын 23 гэж үзэхээр 10 сарын 23-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн энэ асуудлаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хоёрдугаарт мөн 2009 оны 9 сарын 23 өдрөөс хойш Нийслэлийн засаг дарга өөрийн эрх хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй боловч яг нийтийн эдэлбэрт орсон манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт байгаа энэ газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгохыг хязгаарласан, хориглосон. Ийм учраас Засаг даргын эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Наран шарлагын талбай бол энэ хэрэгт хамааралгүй. Хэрэгт ач холбогдолтой зүйл яриасай гэж хүсэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд манай газрыг олгосон байна гэж хэлж байна. 2009 оны 9 сарын 23-ны өдрийн тогтоолоор бол маргаан бүхий газрыг оролцуулан 930 га газрыг Үндэсний цэцэрлэгийн зориулалтаар бусдын эзэмшил ашиглалтад олгож болохгүй гэж олгогдсон. 2010 оны 2 сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 30 тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хэлж байгаа Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 сарын 16-ны  А/397 дугаар захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 960 га газрыг эзэмшүүлсэн. 30 га газар нэмэгдээд 30 жилийн хугацаатай манай газар олгогдсон.

Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 сарын 4-ны өдрийн А/234 дүгээр захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд анх тусгагдсан байсан наран шарлагын газрын 963 га талбайг нэмээд нийт 973 га талбайтай болсон юм. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр маргаан бүхий газрыг хамруулсан үйл баримт 2013 онд биш 2009 онд болсон. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн өмнөх шүүх хурлуудад орж байхдаа цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд манай газар орсон гэдгийг бид хэзээ мэдсэн бэ гэхээр 2020 онд Нийслэлийн засаг даргад хандахад н.Сайнхүү гэдэг мэргэжилтний өгсөн хариунаас мэдсэн гэж хэлдэг. Мэдэх боломж нь нэхэмжлэгч талд байсан, яагаад гэвэл тухайн үед одоогийн Захиргааны ерөнхий хууль үйлчилж байгаагүй учраас сонсох ажиллагаа хийх ёстой гэсэн хууль зүйн ойлголт байгаагүй. Нэхэмжлэгчийн манай эзэмшлийн газар гэж яриад байгаа. Газрын тухай хуульд зааснаар тухайн маргаан бүхий газрыг манай эзэмшлийн гэж ярихын тулд гэрээ гэрчилгээ заавал батлагдсан байх ёстой. Гэрээ гэрчилгээ бол тухайн үед огт байгаагүй гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Баянзүрх дүүргийн газрын албанаас Нийслэлийн газрын албанд хүсэлт уламжлагдсан гэж хэлж байна. Хүсэлт уламжилна гэдэг бол тухайн асуудлыг шийдвэрлээд иргэд газар эзэмших эрхтэй болж байна гэсэн ойлголт бол огтоос биш. Хууль зүйн хувьд заавал гэрчилгээтэй байхыг шаарддаг. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх хариуцач Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлэн маргаж байна.

Шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс “хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” 91.5-д “...хэргийн оролцогчоос...урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

“Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид 1.3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” нэгдүгээр шаардлагын хүрээнд дараахь үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Монголын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Ерөнхий захирлын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хашаа худалдах тухай” 141 дүгээр тушаалаар /хх-1, 11-р хуудас/ Монголын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа морин тойруулга дахь аж ахуйн хашааг, барилгын хамт Д.Б ахлагчтай Жимс жимсгэнэ-2000 хөтөлбөрийн хамтлагт худалдаж, аж ахуйн хашаа, барилгыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн.

 2. Иргэн Д.Б болон нэхэмжлэгч А.С нарын хооронд “Өөрийн эзэмшилд байсан хашаа байшин болон үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөлийг шилжүүлсэн тухай иргэд хоорондын хэлцэл”-ийг 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр /хх-1, 15-16-р хуудас/ тус тус байгуулж, уг хэлцлээр иргэн Д.Б нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны дэвсгэр нутагт орших хуучин морин тойруулгын 1,3 га талбай бүхий хашааг доторхи барилга байгууламж, гүний худаг, гаднах өндөр хүчдэлийн трансформатор, шугамын хамт бүрнээр нь А.С  өмчлөлд шилжүүлэхээр, уг газар, өмчийн эзэмшил, бүртгэлтэй холбоотой асуудлыг А.С хариуцахаар харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгчээс хэлцлийн төлбөр болгож 25,000,000 сая төгрөгийг иргэн Д.Бавуудоржид хүлээлгэн өгсөн нь 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн /хх-1, 17-р хуудас/ тодорхойлолтоор тус тус тогтоогддог.

3. Нэхэмжлэгчийн “...Д.Б газрын эрхийг надад шилжүүлэх хүсэлтийг 2006 онд Нийслэлийн газрын харилцааны албанд хандсан” гэх тайлбартай холбогдох дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

Нийслэлийн газрын албаны харьяа Баянзүрх дүүргийн газрын албанаас “...Д.Б 1968 онд баригдсан хуучнаар морин тойруулгын обьектыг худалдан авсан, тухайн иргэнд газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгох асуудлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шийдвэрлэж өгнө үү” гэж дурдсан 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 256 дугаар бичгийг /хх-1, 111-р хуудас/ Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн нь тогтоогддог.

Түүнчлэн нэхэмжлэгчээс анх нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн “Техникийн зөвлөл, мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэхэд татгалзах зүйлгүй” бичвэртэй “2001 оны 06 сар” гэсэн тэмдэглээ бүхий “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын протокол 4” /хх-1, 32-р хуудас/ гэх хуулбар баримтаар иргэн Д.Б нь “жимс жимсгэнэ” тариалах зориулалтаар 13111 м.кв газрыг 4 жилийн хугацаагаар эзэмших хүсэлтийг 2001 онд гаргаж байсан гэж дүгнэж болох хэдий ч, Баянзүрх дүүргийн газрын албаны дээр дурдсан 2005 оны 256 дугаар бичгийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Д.Б “Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дэх хуучин морин тойруулгын 1,3 га талбай газрыг эзэмшүүлэх” асуудлыг шийдвэрлэсэн талаарх баримт холбогдох газрын албадад болон архивын газарт хадгалагдаж үлдээгүй, тухайн цаг хугацаанд хамаарах баримтууд хадгалах хугацаа дуусч устгагдсан, иргэн Д.Б нэр дээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшил өмчлөхтэй холбоотой ямар нэгэн эрхийн улсын бүртгэл бүртгэгдээгүй болох нь

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны “...Д.Б А.С болон “Даяар Монгол Интернейшнл” ХХК-д шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан эсэх, мөн Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэр гарч байсан тухай архивын бүртгэл байхгүй” гэж дурдсан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/499 дугаар албан бичиг /хх-1, 108-р хуудас/,

Шүүхээс “...иргэн Д.Б газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх, хүсэлтийг шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ хийсэн эсэх, Баянзүрх дүүргийн газрын албаны 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 256 дугаар албан бичгийн дагуу газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн газрын албанаас хэрхэн шийдвэрлэсэн талаарх” нотлох баримт ирүүлэхийг шаардсан албан бичигт /хх-1, 224-р хуудас/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 1869 дугаар хариу албан бичигт  “...тухайн баримтын хадгалах хугацаа дууссан тул устгалд орсон” гэж дурдсан /хх-1, 228-р хуудас/,

Нийслэлийн архивын газрын “..Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн 2001 оны хурлын материал, Баянзүрх дүүргийн газрын албаны 2005 оны явсан бичгийн бүртгэл тус тус хадгалагдаагүй” гэх 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/307 дугаар албан бичиг /хх-1, 230-р хуудас/,

мөн архивын газрын “...Хот байгуулалт хөгжлийн газрын 2000-2007 оны баримтыг шүүх үзэхэд  Баянзүрх дүүргийн 14-р хорооны дэвсгэр дэх хуучин морин тойруулга 1,3 га газартай холбоотой өргөдөл, хүсэлт болон Хот байгуулалт, газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн баримт байхгүй” гэж дурдсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/533 дугаар албан бичиг /хх-2, 116-р хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын “...иргэн Д.Б өмчлөлд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт газар өмчлөх эрх улсын эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэж дурдсан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 7/3187 дугаар албан бичиг хх-1, 215-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх ба дээрхийг дүгнэвэл 2001 онд гаргасан Д.Б газар эзэмших хүсэлтийг 2005 онд Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлээгүй буюу түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлээгүй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй, иймээс газар эзэмших эрхгүй этгээдээс “газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт” гаргах боломжгүй гэж үзнэ.  

4. Нэхэмжлэгчийн “...миний бие 2006.03.06-ны өдөр, 2006.06.11-ний өдрүүдэд тус тус Нийслэлийн Засаг дарга дарга, Нийслэлийн газрын харилцааны албанд, Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторт тус тус хүсэлтүүдийг гаргасан, хүсэлтийг Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй эс үйлдэхүй гаргасан” гэх үндэслэлийн тухайд

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07/7100 албан бичигт “...иргэн А.С нь 2006 онд Д.Б Баянзүрх дүүргийн 14-р хорооны дэвсгэр нутагт байдаг хуучин морин тойруулга 1,3 га газрыг авсан талаарх баримт... манай байгууллагын архивд бүртгэлгүй болно” /хх-1, 83-р хуудас/ гэж дурдсан,

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 03-06/56 дугаар албан бичигт “...шаардсан баримтууд тус албаны архивт байхгүй” /хх-1, 93-р хуудас/ гэж дурдсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.09.10-ны өдрийн 01/670 албан бичигт “...Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын өргөдөл, гомдлын цахим санд А.Сүхбатаас тус дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт хуучин морин тойруулгын газарт 1,3 га газар эзэмшихээр ирүүлсэн хүсэлт бүртгэгдээгүй” /хх-2, 114-р хуудас/ гэж дурдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчээс “2006.03.06-ны өдөр, 2006.06.11-нд тус тус газар эзэмшихээр хүсэлтийг гаргасан, хүсэлтийг Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн” гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэвч 2006 онд хамаарах баримтууд хадгалах хугацаа дуусч утсгагдсан нь өмнө нэгэнт тогдоогдсон, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргахдаа нэхмжлэлд хавсаргасан өгсөн, түүний 2006 онд газрын албанд хандаж байсныг нотлох цорын ганц баримт болох “Захидлын хяналтын карт” гэсэн “хуулбар” баримтад үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн болно.

“Захидлын хяналтын карт”-д /хх-1, 26-р хуудас/ “Бүртгэлд авсан огноог 2006.03.06 гэж, хаяг: Улаанбаатар хот Иргэн БЗД 14-р хороо /Нэр шилжих/ хэнээс: А.Сүхбат, хэнд: Төмөрхуяг,  утга: нэр шилжих, хэзээ шилжүүлсэн: 2006.03.06, хариу өгөх огноо: 2006.04.06 гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших, өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар хүсэлт гаргасан, захиргааны байгууллагаас түүний хүсэлтийг “Захидлын хяналтын карт”-д 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэж заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй гэж дүгнэлээ.

 Тухайн цаг хугацаанд буюу 2006 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эс үйлдэхүй" гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг” ойлгохоор заасан ба, нэхэмжлэгч нь “газар эзэмшихээр гаргасан” түүний хүсэлтийг захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй дээрх тохиолдолд мөн хуулийн 6, 12 дугаар зүйлд заасан хугацаанд хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гарган шийдвэрлүүлэхээр байжээ.

Тодруулбал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 30 хоногоор тогтоосон ба 12 дугаар зүйлийн 12.1.4-т “шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа захиргааны байгууллагаас түүний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхөөр тогтоосон 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 30 хоногоор тооцоход 2006 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Иймээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн “2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргад газар эзэмших хүсэлтийг гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргасан нь үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч нь 2006 оны газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой үйл баримтын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “маргаан бүхий 1.3 га газрыг түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй захиргааны байгууллага албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэгэнт алдсан” дээрх тохиолдолд 14 жилийн дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тухайн асуудлаар дахин хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргыг түүний хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж маргах боломжгүй юм.

5. Өмнөх 3, 4 дэх хэсгүүдэд тогтоогдсон үйл баримтыг нэгтгэвэл Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий 1.3 га газрыг Д.Б эзэмшүүлж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...тухайн үед уг газрыг гэрчилгээ гэрээ гараагүй, хувьчилсан шийдвэртэй учраас гаргуулаад авахад асуудал үүсэхгүй гэж байсан” /хх-1, 2-р хуудас/ хэмээн дурдсанаас үзвэл маргаан бүхий 1,3 га газрын эзэмших эрх нь баталгаажаагүй болохыг нэхэмжлэгч нь анхнаасаа мэдсэн бөгөөд “эзэмших эрхийн зөрчилтэй” гэж үзэхүйц газрыг иргэн Д.Б худалдан авсан.

Нэхэмжлэгч нь Д.Б байгуулсан 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хэлцлүүдэд  “...уг газар, өмчийн эзэмшил, бүртгэлтэй холбоотой асуудлаа өөрөө хариуцахаа нотлов” гэж зааснаар худалдан авсан газрынхаа эзэмшихтэй холбоотой асуудлыг хариуцан шийдвэрлүүлэх үүрэг хүлээсний дагуу барилга байгууламж бүхий 1,3 га газрыг эзэмших хүсэлтийг гаргасан, түүний хүсэлтийг хуульд заасан хугацанд шийдвэрлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.

6. “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд дараахь үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн А/397 дугаар захирамжаар /хх-1, 187-188-р хуудас/ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 9600000 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын хүсэлт гаргасаны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар /хх-1, 104-105-р хуудас/ эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн 9,732,945 м.кв газрыг мөн 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан маргаан бүхий 1.3 га газрыг эзэмших хүсэлтийг гаргасан, түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс захиргааны хэрэг үүсгэсний дараа дээрх гомдлыг шийдвэрлэсэн хариуг /хх-1, 42-р хуудас/ өгсөнөөр Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг олгохдоо түүний барилга байгууламж бүхий 1.3 газрыг хамруулан, давхцуулж олгосныг мэдсэн, “...миний 2006 онд худалдаж авсан газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөг хүрсэн атлаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг эзэмшүүлэхдээ 1996 онд өмч хувьчлалаар авсан эд хөрөнгө бүхий, миний худалдаж авсан 1.3 га газрыг хамруулан давхцуулан олгосон”, иргэний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлан маргадаг.

Өмнөх хэсэгт маргаан бүхий 1.3 га газрыг Д.Б эзэмшиж байгаагүй, нэхэмжлэгч нь эзэмших эрхийн зөрчилтэй гэж үзэхүйц газрыг иргэн Д.Б худалдан авсан нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах...” гэж зааснаар маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан ч, түүний хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу алдсан гэж дүгнэсэн.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий 1.3 га газрыг эзэмшиж байсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “...Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг эзэмшүүлэхдээ миний худалдаж авсан 1.3 га газрыг хамруулан давхцуулан олгосон” гэж маргасан нь үндэслэлгүй.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн А/397 дугаар захирамжаар 9600000 м.кв газрыг, 2014 оны А/234 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 9,732,945 м.кв газрыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэх цаг хугацаанд нэхэмжлэгчийн худалдан авсан барилга байгууламж бүхий 1.3 га газар нь иргэн Д.Б, нэхэмжлэгч А.С  эзэмшил, ашиглалтад байгаагүй, тэдгээрийн нэр дээр тухайн газар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан болох нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хаяглан хүргүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/2277 дугаар албан бичигт “танай хүсэлтэд дурдсан барилга, хашааны талаарх мэдээлэл 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар газрын улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэж дурдсан байгаагаар тогтоогдож байна.

Иймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамж нь  Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцсэн бөгөөд, хариуцагчийн гаргасан 2014 оны А/234 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч иргэн А.С  газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс 2014 онд гарсан захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргахдаа тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6, 12 дугаар зүйлүүдэд заасан 30 хоногийн хугацаанд тодруулбал 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн өдөр гарсан захиргааны актын талаар 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар байжээ.

Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байгаа ч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 34.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 34.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгч, нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаана”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийн 6.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана” гэж,

 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж тус тус гэж зааснаар шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн дээрх тохиолдолд, хүлээн авахад саад болж буй зөрчлийг нэхэмжлэгч нь засч, нэхэмжлэлийг дахин гаргах боломжгүй болсон, шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээх дээрх хуулиудад заасан 6 сар болон 3 жилийн хугацаа хэдийн өнгөрсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд, шүүхээр мөн хугацааг сэргээлгэх боломжгүй болсон байх тул шүүх маргааныг эцэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч А.С  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А.С  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОТГОНТУЯА